| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2019/03305/И |
| Дугаар | 184/ШШ2020/00059 |
| Огноо | 2020-01-02 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2020/00059
| 2020 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 184/ШШ2020/00059 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... тоот хаягт оршин суух, Б- овогт У-гийн Д- /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт оршин суух, Х- овогт Р-гийн Х- /РД:-/-д холбогдох,
4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З-, хариуцагч Р.Х-, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ш-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Р.Х-эс 2017 оны 09 сарын 30-ны өдөр 7,500,000 төгрөгөөр чирэгч автомашин худалдаж авсан. О.Б- нь Р.Х-ийн компанид ажилладаг байсан бөгөөд манай захирал ийм машин зарах гэж байна, чи мөнгө олоод авчих, энэ машиныг худалдаад авчихвал их ашигтай гэж надад анх санал болгосон. Яг машиныг худалдаж авах үед би өөрөө бичиг баримтгүй явж байсан учраас тухайн үед хамт явж байсан О.Б-ын нэр дээр мөнгө өгч, авсан талаар баримтжуулах үүднээс Р.Х-тэй зээлийн гэрээг 2017 оны 09 сарын 30-ны өдөр байгуулсан. Автомашиныг худалдан авах үед Солонгос хүний нэр дээр байгаа удахгүй нэр дээр чинь шилжүүлээд өгнө гэсэн учраас нэр шилжих боломжгүй гэдэг шалтгаанаар мөнгө өгсөн авснаа баримтжуулах гэж л зээлийн гэрээ байгуулсан байдаг. Түүнээс мөнгө зээлж, зээлдүүлсэн зүйл болоогүй. Ингээд байж байтал Р.Х- нь 2017 оны 12 сарын эхээр 03, 04-ний өдрийн хавьцаа “хүний нэр дээр байдаг автомашин учраас хүн нь нэхээд байна, буцааж авахгүй бол болохгүй нь” гээд манай ээжийн хашаанаас намайг байхад мөнгийг чинь яаралтай гаргаад өгчихнө гэж хэлээд автомашиныг аваад явсан. 2017 оны 12 сарын 05-ны өдөр миний мөнгийг бага багаар буцааж өгнө гэж хэлээд надтай зээлийн гэрээ байгуулсан. Автомашинаа буцааж өгсний дараа мөнгөө өгөхийг Р.Х-эс шаардахад 1,000,000 төгрөгөөр, 2,000,000 төгрөгөөр, 500,000 төгрөгөөр тус тус нийт 3,500,000 төгрөгийг буцаан өгөөд үлдэгдэл 4,000,000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байна. 4,000,000 төгрөгтөө намайг суудлын машин авчих гэсэн боловч тухайн машиныг нь очиж үзэхэд 4,000,000 төгрөг хүрэх боломжгүй машин байсан учраас би машиныг нь аваагүй. Би анх автомашин худалдаж авсан 7,500,000 төгрөгийг ээжийнхээ данснаас авсан учраас одоо мөнгийг буцааж өгөх шаардлагатай байгаа. Тиймээс худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашинаа буцаан өгсөн тул хариуцагч Р.Х-эс үлдэгдэл 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Р.Х- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2017 оны 09 сарын 30-ны өдөр анх О.Б- гэдэг хүнтэй зээлийн гэрээ байгуулж 7,500,000 төгрөгийг аваад тэр оройдоо 500,000 төгрөгийг нь буцаан өгсөн. Би “З-” ХХК-иас 5 ачигч автомашин түрээслэн ажиллуулж байсан учраас О.Б-тай гэрээ хийхдээ би “энэ автомашин нь компанийн нэр дээр байдаг учраас зарах боломжгүй” гэхэд О.Б- нь “тэгвэл зээлийн гэрээ байгуулаад” энэ автомашиныг давхар аваад 7,500,000 төгрөгийг өгөөд, сарын ачилтын мөнгө болон манай компани дээр үйл ажиллагаа явуулж байгаа төлбөр, НӨАТ-ын төлбөр болон журмын хашааны мөнгийг сар бүр өгч байхаар тохиролцсон. 2017 оны 12 сарын 05-ны өдөр О.Б- нь “манай найз бүсгүй болох З- гээд хүн уурлаад байна. Тиймээс хоёулаа зээлийн гэрээгээ У.Д-гийн нэр дээр шилжүүлчихье” гэхээр нь би “надад дургүйцэх зүйл байхгүй” гээд гэрээгээ шилжүүлсэн. Гэрээг шилжүүлсний дараа О.Б- нь автомашинаа журмын хашаанд үлдээгээд тэр чигтээ зугтаагаад алга болсон. Энэ хооронд надад ямар ч мөнгө, төгрөг өгч байгаагүй, мөн машиныг эвдсэн байсан. О.Б-тай уулзаж, утсаар ярихад “надад хамааралгүй, У.Д-тай хамааралтай учраас тэр хүнтэй ярь” гэж хэлсэн. Тэр хооронд У.Д- гэдэг хүн надаас “автомашины мөнгөө авна” гээд нэхээд байсан учраас 3,000,000 төгрөгийг нь буцааж өгсөн. Би компанийн үйл ажиллагаагаа явуулахаа болиод компаниа зарахаар шийдсэн байсан учраас үлдэгдэл 4,000,000 төгрөгийг компаниа зарахаараа өгье гээд хэлж байсан. У.Д- мөнгөө нэхээд нэг хүнтэй хамт ирэхэд нь надад бэлэн мөнгө байхгүй учраас компаниа зарахаар тохирохдоо төлбөрт нь бодож авсан байсан Тоёота Ист маркийн суудлын автомашиныг 4,000,000 төгрөгт тооцож өгөх талаар санал болгоход У.Д- нь аваагүй. Тоёота Ист маркийн суудлын автомашиныг миний компанийг худалдаж авсан хүн надад мөнгөндөө тооцож өгсөн байсныг би эргүүлээд эзэнд нь өгсөн боловч тэр хүн надад миний компанийн мөнгийг одоо хүртэл өгөөгүй байгаа. Би давхар хохироод үлдсэн. О.Б- нь надаас авсан миний автомашиныг эвдсэн байсан. Мөн манай компанийн нэр дээр машин ачилтын үйл ажиллагаа явуулж байхдаа 4,000,000-5,000,0000 төгрөгийн ашиг олсон учраас би нэхэмжилж байгаа 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Эхнэр, нөхөр гээд ярьж байсан О.Б-, У.Д- нарын дунд нь би хохирч үлдэж байгаа нь харамсалтай байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Д- нь хариуцагч Р.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөгийг гаргуулна хэмээн шаардав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2017 оны 09 сарын 30-ны өдөр - улсын дугаартай, Актион вайер маркийн ачигч автомашиныг Р.Х-эс худалдан авсан боловч нэр шилжих боломжгүй байсан учир 2017 оны 12 сарын 05-ны өдөр машиныг буцаан өгч төлбөрт өгсөн 7,500,000 төгрөгийн 3,500,000 төгрөгийг буцаан авсан тул үлдэх 4,000,000 төгрөгийг гаргуулна” хэмээн тайлбарлав.
Хариуцагч Р.Х- нь “...У.Д-гаас мөнгө аваагүй, О.Б-тай амаар тохиролцож түрээсийн гэрээ байгуулан автомашиныг сарын 1,500,000 төгрөгөөр түрээсэлсэн, О.Б- машиныг эвдсэн байсан. Мөн түрээсийн хугацаанд 4,000,000-5,000,000 төгрөгийн орлогыг олсон. 4,000,000 төгрөгийг У.Д- шаардах эрхгүй, О.Б-тай тооцоотой байж болно...” хэмээн маргав.
У.Д- нь 2017 оны 09 сарын 30-ны өдөр 7,500,000 төгрөгийг Р.Х-д автомашин худалдан авах зорилгоор бэлнээр өгч, - улсын дугаартай, Актион вайер маркийн ачигч автомашиныг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан байх ба мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт үйлдэх зорилгоор О.Б--Р.Х-, У.Д--Р.Х- нар тус тус зээлийн гэрээ нэртэйгээр гэрээ байгуулж, хариуцагч нь хүлээн авсан мөнгөний үнийн дүнгийн талаар маргаагүй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч Р.Х- нь “...өөрийн “Х-” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд 5 автомашиныг нэр бүхий 2 Солонгос иргэнээс түрээслэн авч ажиллуулж байсан. Давхар түрээслэхийг түрээслүүлэгч зөвшөөрсөн учир О.Б-т түрээсэлсэн” гэж тайлбарлах боловч түүний тайлбар хэрэгт авагдсан хариуцагчийн гарган өгсөн бичмэл нотлох баримт болох 2017 оны 12 сарын 20-ны өдрийн “Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагааны түрээсийн гэрээ”, мөн улсын бүртгэлд 2017 оны 10 сарын 25-ны өдөр бүртгэгдсэн 6241166 регистрийн дугаартай “Х-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр үгүйсгэгдэж байна. Учир нь Р.Х- нь 2017 оны 09 сарын 30-ны өдөр автомашиныг О.Б-т түрээсэлсэн гэх боловч мөн хугацаанаас хойш буюу 2017 оны 12 сарын 20-ны өдөр БНСУ-ын иргэдтэй түрээсийн гэрээ байгуулсан байх бөгөөд тус гэрээнд түрээслэгч тал болох “Х-” ХХК нь түрээсийн автомашиныг бусдад дамжуулан түрээслэх эрхийг түрээслүүлэгчээс олгоогүй байжээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн худалдан авсан гэх - улсын дугаартай, Актион вайер маркийн ачигч автомашин нь 2016 оны 04 сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд “З-” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 353 дугаартай лавлагаагаар тогтоогдов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй байх ба “...автомашиныг сарын 1,500,000 төгрөгөөр О.Б-т түрээсэлсэн, У.Д- 4,000,000 төгрөгийг шаардах эрхгүй” гэх хариуцагч Р.Х-ийн татгалзал баримтаар нотлогдоогүй бөгөөд Р.Х- нь - улсын дугаартай, Актион вайер маркийн ачигч автомашиныг бусдад худалдах, түрээслэх эрх бүхий этгээд биш болох нь нотлогдов.
Нэхэмжлэгч У.Д- нь автомашины төлбөрт төлсөн 7,500,000 төгрөгийг өөрийн ээж болох Ж.У-гаас авсан тухай тайлбарлаж, Ж.У-гийн “Хаан банк” ХХК дахь - дугаарын дансны хуулгыг баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг мөнгийг У.Д- ээж Ж.У-гаас авсан болохыг хууль сануулан мэдүүлэг авсан гэрч О.Б-, Ж.У- нар мэдүүлэв.
Автомашины төлбөрт төлсөн 7,500,000 төгрөгийн 3,500,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй ба Р.Х- нь автомашиныг захиран зарцуулах эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдсон, Р.Х-, У.Д- нарын хооронд үүрэг хүлээсэн хэлцэл байгуулагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар заасан тул хариуцагчаас нэхэмжлэгч нь 4,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Р.Х-эс 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Х-эс 4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Р.Х-эс 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Д-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Х-эс 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Д-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ