| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0126/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/123 |
| Огноо | 2023-06-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/123
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,
шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Мы Дт холбогдох эрүүгийн 2313000000144 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Мы Д, 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Б сумын 04 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:0000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч М.Д нь 2023 оны 03 дугаар сарын 01-нээс 21-ний өдрүүдийн хооронд Б аймгийн Б сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн Т.Бийн өмчлөлийн байрны дээвэрээс нийт 187 ширхэг балк, банз модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.203.500 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч М.Дээс мэдүүлэхдээ: “Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надад “хулгайд алдсан модыг авахгүй, мөнгийг нь авна” гэж хэлсэн” гэв.
2. Эрүүгийн 2313000000144 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Н.Таас 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-15 дахь тал/,
2.3. Мөрдөгчөөс иргэн М.Дээс хураан авсан нийт 187 ширхэг балк, банзыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 20 дахь тал/,
2.4. Хохирогч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 26 дахь тал/,
2.5. Гэрч Н.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
2.6. Гэрч Е.Кигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
2.7. Шинжээч “А” ХХК-ны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0000000000дугаартай “...нийт 187 ширхэг балк, банз модонд үнэлгээ хийсэн тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 46-50 дахь тал/
2.8. Яллагдагч М.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,
2.9. Шүүгдэгч М.Дийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд /хавтаст хэргийн 53-72, 74 дэх тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Дийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч М.Д нь 2023 оны 03 дугаар сарын 01-ээс 21-ний өдрүүдийн хооронд Б аймгийн Б сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн Т.Бийн өмчлөлийн байрны дээврээс нийт 187 ширхэг балк, банз модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.203.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Иргэн Н.Таас 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
3.1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-15 дахь тал/,
3.1.3. Мөрдөгчөөс иргэн М.Дээс хураан авсан нийт 187 ширхэг балк, банзыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 20 дахь тал/,
3.1.4. Хохирогч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд аав маань утсаар холбогдож “байрны каридорын өрөөний дээврийн банз, нуруу мод, 4x5 хэмжээний том өрөөний дээврийн нуруу модыг авахгүй үлдээж, банз моднуудыг хулгайлж авч явсан байна” гэж утсаар хэлсэн.
...орой 22 цагийн үед аавтай утсаар холбогдож “банз, нуруу моднуудыг хэн авсан байна” гэж асуухад “Х.Д гэх залуу 03 дугаар сарын дундуур өөрөө ганцаараа шөнийн цагаар хулгайлж, хөрш нь болох Е.Ки гэх залуугийн хоосон амбаарт нь оруулсан байна. Нийт 187 ширхэг гарлаа, цагдаа нар нэг бүрчлэн хэмжилт хийж тухайн банз, нуруу, моднуудыг машинаар ачиж Цагдаагийн машин оруулдаг гаражид оруулчихлаа” гэж хэлсэн.
...тоолж үзэхэд нийт 187 ширхэг балк, банз мод алга болсон байсан. Хуучин Засаг даргын тамгын газрын байр байсан ба хаалганд ямар нэгэн цоож, цонхонд шил зэрэг нь байгаагүй, ер нь ил, дотор нь хүн амьдардаггүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй объект байсан юм.
...хохиролд нийт 1.203.500 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 26 дахь тал/,
3.1.5. Гэрч Н.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин Засаг даргын тамгын газрын байрыг зарсан болохоор би хувьцаагаар 1996 онд худалдаж авсан, төрсөн хүү Т.Бийн нэр дээр байгаа. Одоо тухайн байрыг хүү маань эзэмшиж байгаа. Байрны зарим цонх, хаалганууд нь бүрэн бүтэн биш, хүмүүст өгсөн. Мөн зарим нэг өрөөнүүдийн дээврийн банз, нуруу мод болон цаад талын 4x5 хэмжээтэй том өрөөний дээврийн банз бүрэн бүтэн байсан ба хэн нэгэнд өгөөгүй.
2023 оны 03 дугаар сарын эхэнд очиж үзэхэд дээр миний хэлсэн өрөөнүүдийн банз, нуруу моднууд бүрэн бүтэн хэвийн байсан ба сүүлд очиж үзэхэд хулгайлж авч явсан байсан.
...орой надад утсаар цагдаа нар холбогдож таны байрны банз, нуруу моднууд олдчихлоо гэж дуудсанаар очсон. ...нийт 187 ширхэг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
3.1.6. Гэрч Е.Кигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдийн нэгэнд хөрш болох М.Д манай хашаанд ирж уулзаж “танай хашаанд байдаг амбаарын нэгэнд өөрийнхөө материалын банзнуудыг оруулж тавьж болох уу” гэж асуусан. ...хоосон байгаа амбаарт оруулахыг зөвшөөрсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
3.1.7. Шинжээч “А” ХХК-ны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0000000000дугаартай “...нийт 187 ширхэг балк, банз модны үнэлгээ 1.203.500 төгрөг болохыг тогтоосон тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 46-50 дахь тал/,
3.1.8. Яллагдагч М.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна.
...уг балк, банз моднуудыг 2023 оны 03 дугаар сарын 01-нээс 21-ний өдрүүдийн хооронд өөрөө ганцаараа, машин техник ашиглахгүйгээр, гараараа өргө зөөвөрлөсөн юм.
...Т.Бийн өмчлөлийн байр манай хашаатай залгаа байдаг ба дандаа оройн цагаар зөөвөрлөсөн.
...уг моднуудыг ашиглан хөдөө байшин барих санаатай байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Дийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Д “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч М.Дийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.
Эрх зүйн дүгнэлт.
6. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт аливаа этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
7. Шүүгдэгч М.Дийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна.
8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан.
9. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.Д нь 2023 оны 03 дугаар сарын 01-ээс 21-ний өдрүүдийн хооронд Б аймгийн Б сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Бийн өмчлөлийн хуучин сумын Засаг даргын тамгын газрын байрны дээврийн нийт 187 ширхэг балк, банз модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар тус гэмт хэрэг төгссөн байна.
10. Улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
11. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Дийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах зорилго нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
13. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бт нийт 1.203.500 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
15. Хохирогч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “хохирлыг мөнгөн дүнгээр төлүүлж авна” гэж мэдүүлсэн бөгөөд мөрдөгчөөс шүүгдэгч М.Дээс хураан авсан нийт 187 ширхэг балк, банз модыг эд мөрийн баримтаар тооцож, тус аймгийн Б сум дахь цагдаагийн тасагт хадгалсан байна.
16. Иймд шүүгдэгч М.Дээс гэмт хэргийн хохирол болох 1.203.500 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Бт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасныг үндэслэн энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, Б аймгийн Б сумын Цагдаагийн хэсэгт хадгалж байгаа, шүүгдэгч М.Дийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох нийт 187 ширхэг балк, банз модыг худалдан борлуулж, мөнгийг нь хохирогч Т.Бийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
17. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
18. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
19. Шүүхээс шүүгдэгч М.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
20. Шүүгдэгч М.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
21. Шүүгдэгч М.Д хувийн байдлын хувьд урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
22. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
24. Шүүгдэгч М.Дт оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
25. Энэ хэрэгт шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.
26. Шүүгдэгч М.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Мы Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дийг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Дт оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Дээс гэмт хэргийн хохиролд 1.203.500 төгрөг гаргуулан хохирогч Т.Бт олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, Б аймгийн Б сумын Цагдаагийн хэсэгт хадгалж байгаа, шүүгдэгч М.Дийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох нийт 187 ширхэг балк, банз модыг худалдан борлуулж, мөнгийг нь хохирогч Т.Бийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ17.