| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0133/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/127 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/127
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
хохирогч М.Т
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Б,
шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дгаас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.От холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ховогт Цийн О, 1995 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б аймгийн Буянт суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн А сумын 02 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо тус аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:0000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ц.О нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Toyota Honda Fit-GD” загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэгдүгээр зүйлийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, Арван хоёрдугаар зүйлийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус зөрчиж, урд замын хөдөлгөөнд оролцож зүүн гар тал руу эргэх гэж байсан иргэн М.Тн эзэмшлийн “Shineray XY150” загварын 00000000 улсын дугаартай мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1.1.Шүүгдэгч Ц.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хөдөөнөөс эгч ирээд, эгчийг аваад зах руу явж байгаад анхаарал болгоомжгүй байдлаас болж санамсаргүйгээр ийм осол гаргасан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Хүүхэд маань сандлаас буух гээд байхад хойшоо сандалд суу гэж хэлээд хойшоо харах үед ийм осол гаргачихсан. Эмчилгээний зардлыг тухай бүрд нь төлж өгөх бодолтой ба одоо шууд хохирогчид өгөх 5 сая төгрөгийн боломж байхгүй байна” гэв.
1.2. Хохирогч М.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би энэ осол гарахаас 3 сарын өмнө зүрхний хагалгаанд орсон байсан. 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрээсээ гараад эмийн сангаас эм авахаар явж байхад ийм зүйл болсон.
Миний зүгээс Ц.От ямар нэгэн гомдол санал байхгүй, ямар нэгэн өс хонзон байхгүй. Би өөрөө ч гэсэн Ц.О шиг охинтой. Шүүгдэгч нь надад хор уршигт гарсан зардлыг төлж байгаа. Энэ хэргийн улмаас би эрүүл мэндээрээ хохирсон. Улаанбаатар хот руу орж, 23 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд ирсэн. Хөлөндөө хадаас хийлгэсэн. Хөдөлмөр эрхлэх чадвараа алдсан. Одоо 1 сар гаруй хугацаа болж байна, хэзээ эдгэрэхийг мэдэхгүй. Одоо ч эмнэлэгт хэвтэж байна. Улаанбаатар хотын эмч нар 3 сарын дахиж ирээрэй, хадаасыг хэзээ авахыг тухайн үед хэлнэ гэсэн. Би өөрөө хар бор ажил хийдэг байсан. Хүүхэд маань намайг 23 хоног сахиж хоносон байгаа.
...би энэ хүүхдээс нийтдээ 3.110.000 төгрөгийг авсан байгаа. Энэ мөнгөөр эмчилгээ хийлгэсэн маань үнэн. Сая эмчилгээ хийлгэсэн нотлох баримтуудаа гаргаж өгсөн.
...надад одоо эмчилгээний зардалд 5 сая төгрөг өгвөл болно гэж үзэж байна” гэв.
2. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-08 дахь тал/,
2.2. Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, замын байдал /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
2.3 Зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн биеийн байцаалт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
2.4. Иргэн Ц.Оийн эзэмшлийн “Toyota Honda Fit-GD” загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд, мөн иргэн М.Тн эзэмшлийн “Shineray XY150” загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний, жолоочийн үнэмлэхийн хуулбарууд /хавтаст хэргийн 13-21, 37 дахь тал/,
2.5. Хохирогч М.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 27 дахь тал/,
2.6. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 367 дугаартай “иргэн М.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
2.7. Шинжээч Б аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер ажилтай Е.Жы 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай “иргэн М.Тн эзэмшлийн “Shineray XY150” загварын 00000000 улсын дугаартай мотоциклд эвдрэл гэмтэл үүсээгүй тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
2.8. Шинжээч Б аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер ажилтай Е.Жы 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай “иргэн Ц.Оийн эзэмшлийн “Toyota Honda Fit-GD” загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл үүссэн болохыг тогтоосон тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 81-82 дахь тал/
2.9. Мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн магадалгаа /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
2.10. Яллагдагч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 120-121 дэх тал/,
2.11. Шүүгдэгч Ц.Оийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Оийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Ц.О нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Toyota Honda Fit-GD” загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэгдүгээр зүйлийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, Арван хоёрдугаар зүйлийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус зөрчиж, урд замын хөдөлгөөнд оролцож зүүн гар тал руу эргэх гэж байсан иргэн М.Тн эзэмшлийн “Shineray XY150” загварын 00000000 улсын дугаартай мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-08 дахь тал/,
3.1.2. Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, замын байдал /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
3.1.3. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн биеийн байцаалт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
3.1.4. Иргэн Ц.Оийн эзэмшлийн “Toyota Honda Fit-GD” загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд, мөн иргэн М.Тн эзэмшлийн “Shineray XY150” загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний, жолоочийн үнэмлэхийн хуулбарууд /хавтаст хэргийн 13-21, 37 дахь тал/,
3.1.5. Хохирогч М.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тус өдөр би гэрээсээ өөрийн 00000000 улсын дугаартай мотоциклоор эмийн сангаас эм авах гэж 14 цаг өнгөрч байх үеэр гарсан бөгөөд Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Т” шатахуун түгээх станцын харалдаа ирээд зам хөндлөн гарч бензин авах гэж эргэх гээд мотоциклийн толинд харахад араас машин ирж байсан ба нэлээн хол ирж байхаар нь би зүүн гар тал руу дохиогоо өгөөд эргэх үйлдэл хийхэд араас ирж байсан машин намайг мөргөж, би газарт мотоциклтойгоо унасан юм. Тэгээд би босох гэхэд зүүн хөл хугарсан байсан. Тэгээд намайг мөргөсөн машины жолооч бууж ирээд миний хажууд “юу болсон, зүгээр үү” гээд асууж байсан.
...би мотоциклоор зүүн гар тал руу эргэх үед тухайн машин миний зүүн талаас мөргөж, зүүн хөлийн шилбэ хэсгээр мотоциклтой биед хавсарч мөргөсөн. Миний зүүн хөлийн шилбэний яс 2 хугарсан байсан, мөн зүүн хөлийн шагайн урд хэсгээр ямар нэгэн зүйл сүлбэж гарсан шархтай байсанд оёдол тавьсан. Өөр ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй, тухайн үед хамгаалах малгайтай явсан болохоор толгой минь зүгээр байсан.
...эргэх үйлдэл хийхийн өмнө би зүүн талдаа зай гарган, дохио өгөөд 20 метр орчим яваад эргэх үйлдэл хийсэн.
...би эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд одоо болтол орноос босож чадахгүй эмчлүүлж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 27 дахь тал/,
3.1.6. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 367 дугаартай “1. Иргэн М.Тн биед зүүн шаант /хавчаар яс/ болон тахилзуур ясны дунд хэсгийн 1/3 хөндлөн ил хугаралтай, хавдартай, зүүн шилбэний хөдөлгөөн хязгаарлагдсан, зүүн шилбэний хэсэгт шархтай гэмтлүүд /хохирол/ тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. 3. Иргэн М.Тн биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.5-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
3.1.7. Шинжээч Б аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер ажилтай Е.Жы 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай “...уг тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргаж мотоциклтой мөргөлдсөнөөс болж тээврийн хэрэгслийн баруун урд хэсэгт эвдрэл гэмтэл үүссэн байна. Тээврийн хэрэгслийн баруун урд оврын гэрэл хагарсан, баруун урд далавч /крыло/ дотогш хонхойсон, урд купер хонхойж урагдсан, капот баруун хэсгээр хэв гажсан зэрэг эвдрэл гэмтэл үүссэн байна. “Toyota Honda Fit-GD” загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл нь тухайн ослын үед үүссэн байна. “Toyota Honda Fit-GD” загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орохоос өмнө бүрэн бүтэн байсан ба ямар нэгэн механик эвдрэл байхгүй байна. ... Тоуоtа Ноnda Fit-GD загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг багажаар шалгаж үзэхэд тормозны систем ажиллаж тормозны удаашрал стандартын шаардлага хангаж байна. Тээврийн хэрэгслийн гэрэл дохио хэвийн ажиллагаатай байна. “Toyota Honda Fit-GD” загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормос, жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгслүүд баруун талаас бусад нь ажиллагаатай байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 81-82 дахь тал/
3.1.8. Яллагдагч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-121 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Оийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, хохирогч М.Тгаас “хохирлыг төлүүлэх хүсэлтэй” гэх тайлбарыг, шүүгдэгч Ц.Оээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргасан болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.
Эрх зүйн дүгнэлт.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.
7. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2. “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Ц.О нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.
9. Шүүгдэгч Ц.О нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Toyota Honda Fit-GD” загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэгдүгээр зүйлийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, Арван хоёрдугаар зүйлийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус зөрчиж, урд замын хөдөлгөөнд оролцож зүүн гар тал руу эргэх гэж байсан иргэн М.Тн эзэмшлийн “Shineray XY150” загварын 00000000 улсын дугаартай мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогджээ.
10. Шүүгдэгч Ц.О нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь хохирогч М.Тгийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
11. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн агуулж байх тул прокуророос шүүгдэгч Ц.От холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.
12. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
13. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ц.Оийн хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
15. Мөн Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж заасан байна.
16. Шүүгдэгч Ц.О нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн М.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж, гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлтээр тогтоогджээ.
17. Шүүгдэгч Ц.О нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч М.Тд гэмт хэргийн хор уршигт нийт 3.110.000 төгрөгийг бэлнээр шилжүүлж өгсөн нь нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хохирогч М.Т нь уг мөнгийг эрүүл мэндээ эмчлүүлэхэд зарцуулсан, зарцуулж байгаа болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтууд болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
18. Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч М.Тгаас эрүүл мэндээ эмчлүүлэхэд шаардлагатай 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Оээс нэхэмжилсэн боловч энэхүү иргэний нэхэмжлэл нь нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.
19. Иймд шүүгдэгч Ц.Оийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч М.Т нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой шүүгдэгч Ц.Оээс гэмт хэргийн хор уршиг болох цаашид гарах эмчилгээний зардал, сахиулын хөлс, олох байсан орлого, замын зардалд 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
20. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
21. Хохирогч М.Тгаас “эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй” гэх тайлбарыг,
22. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Ц.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Шүүгдэгчээс цаашид хохирогчид гарах хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байна. Одоо урьдчилаад өгөх мөнгө төгрөгийн бололцоо байхгүй. Өчигдөр 1.500.000 төгрөг өгсөн. Цаашид гарах хохирлыг эмчилгээ хийлгэх үед төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бодит хохирлыг төлсөн тул 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
23.Шүүхээс шүүгдэгч Ц.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
24. Шүүхээс шүүгдэгч Ц.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
25. Шүүгдэгч Ц.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба хувийн байдлын хувьд 1995 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт оршин суудаг, төлөв даруу зантай байна.
26. Шүүхээс шүүгдэгч Ц.Оийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
27. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Б аймгийн Ө сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хязгаарлах ялыг гүйцэтгэх, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
29. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ховогт Цийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Б аймгийн Ө сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.От оногдуулсан 7 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Т нь шүүгдэгч Ц.Оээс гэмт хэргийн хор уршиг болох цаашид гарах эмчилгээний зардал, сахиулын хөлс, олох байсан орлого, замын зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ