Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/152

 

 

                                2023/ШЦТ/152

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: П.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Пгийн Гт холбогдох 2312000000083 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт А аймгийн Ө сумын Х багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сарын хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж байсан А овогт Пгийн Г /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн төв Төмөр гэх газраас хохирогч О.Өын улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч О.Өод 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Шар давааны баруун эх гэх газарт байх хохирогч Ч.Бын гэрийн гаднаас цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай автомашиныг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, хохирогч Ч.Бад 7.373.520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2312000000083 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Өын мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн төв Төмөрт гэх газарт байдаг. 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу шинийн нэгний өдрийн 13 цагийн үед эхнэр, бид хоёр айлд цай уухаар яваад 18 цагийн үед гэртээ ирэхэд хашаан дотор гэрийн хаяанд байсан мотоцикль алга болсон байсан. Би мотоциклио таньдаг хүн унаад явсан юм болов уу, аваад ирэх байх гээд харсан. 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр айлд цай ууж байгаад Гын ах Штой /Ш/ таараад мотоциклио асуусан чинь Ш 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орой 18 цагийн үед Г гэртээ улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой ирсэн бөгөөд хэний мотоцикль юм гэсэн чинь багийн төвөөс хүний мотоцикль гуйж ирсэн, маргааш аваачиж өгнө гээд хэний мотоциклийг нь хэлэхгүй байсан гэхээр нь би миний мотоцикль улаан өнгийн Мустанг-5 мотоцикль, өрөөсөн талдаа дөрвөлжин цагаан тольтой, цэнхэр өнгийн суудлын бүрээстэй байгаа гэхэд Ш чиний мотоциклийг Г унаад яваад байгаа юм байна даа, би өөрөө Гыг олоод мотоциклийг чинь аваачаад өгье, өнөөдөр цаадах чинь харих байлгүй гэсэн. Тэрнээс хойш Штой утсаар яриад Ш Г гэртээ ирэхгүй байна, бид нар сураг тавиад сураг гарахгүй байна гээд нилээн хэд хоносон. Тэгээд би сумын цагдаад мэдэгдсэн. Сумын цагдаа 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр над руу утсаар яриад таны мотоциклийг олчихлоо, ирээд мотоциклио ав гэсэн. Би 2018 онд 2.000.000 сая төгрөгөөр 6 сар унасан мотоцикль авч байсан. Одоогийн үнэлгээг 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Миний мотоцикль, мотор хороп сайн, зүгээр явдаг. Миний мотоциклийн тоормосны гишгэдэг пидал, хоёр талын хөл тавьдаг гишгүүр, нэг хөлийг нь данхраад зэрэг байхгүй, ачааны зүүн талын хөлийн гишгүүртэй боогддог хэсэг нь хугарсан. Шатахуун хийдэг савны түгждэг түгжээ хэсэг нь эвдэрсэн, шатахууны савны зүүн тал нь хонхойсон байна, эдгээр зүйлүүд бүрэн бүтэн байсан. Би мотоциклийнхоо эвдэрсэн эвдрэл болон нааш, цааш явдал болсон бензин, маслоны зардал зэргийг гаргуулж авмаар байна. Мөн явсан зардлаа тооцоолж гаргаж өгнө. Өөр ямар нэгэн гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Өын дахин мэдүүлсэн: ...Санал, хүсэлт байхгүй. Би гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Пгийн мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Шар даваа гэх газарт байдаг. Манай хүү Г замын унаагаар аймгийн төв рүү яваад 5-6 хоноод 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу шинийн нэгний орой цагийг нь санахгүй байна, улаан хүрэн өнгийн мотоцикльтой гэртээ ирсэн бөгөөд би хэний мотоциклийг унаж яваа юм гэсэн чинь багийн төвөөс Оогоо /Ө/ ахын мотоциклийг унаж явна гэхээр нь хүний мотоцикль хурдан аваачиж өг гэсэн. Г мотоциклийг нь өгөхөөр яваад мотоциклийг нь өгөөгүй байсан. Бид нар Гын сургийг гаргах гээд сураглаад сураг гарахгүй байж байгаад Өндөр-Улаан сумын төвд цагдаад баригдсан байсан. Надад яриагүй, би лавлаж асуугаагүй. Өын /Оогоо/ мотоцикль гэдгийг л мэдсэн. Сүүлийн үед миний хүүгийн зан байдал нь эвдрээд байгаа. Өмнө нь ийм хүүхэд байгаагүй. Эхнэр, хүүхдээсээ салснаасаа хойш л зан байдал нь эвдэрч эхэлсэн. Миний хүү төлөв даруу зантай, хүнд тусархуу ажилсаг хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цийн мэдүүлсэн: ...Манай гэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвд байдаг юм. 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн үед Г манайд улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн хуучивтар мотоцикльтой согтуу ирсэн. Г бид хоёр манайд 2, 3 өдөр архи уусан. Г мотоциклио зарчихаад аймаг ормоор байна, мотоцикль авах хүн байна уу гээд байхаар нь би хэний мотоцикль юм гэсэн чинь миний өөрийн мотоцикль гээд байсан. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Гыг манайд байхад нь сумын хэсгийн төлөөлөгч ирээд унаж явсан мотоцикльтой нь хамт аваад явсан. Хэд хоногийн дараа нь Гын аав П ирээд Г хүний мотоцикль авч эвдээд цагдаад баригдаад би мотоциклийг нь янзлах гээд явж байна гээд манайд 2 хоноод явсан. Улаан хүрэн өнгийн хуучивтар Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Өрөөсөн талдаа тольтой, цэнхэр өнгийн суудлын бүрээстэй, 2 талын дөрөө байхгүй, зүүн талынх нь ачаа хугарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Шгийн мэдүүлсэн: ...Манайх аав Пгийн хамт Архангай аймгийн Хануй багийн Шар даваа гэх газарт хөдөө байдаг юм. Манай дүү Г цагаан сараас өмнө аймгийн төв рүү яваад 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу битүүний өдөр утсаар яриад аймгийн төвд байна, унаа олдохгүй байна гэж байсан. Г 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу шинийн нэгний орой улаан хүрэн өнгийн, цэнхэр өнгийн суудлын бүрээстэй Мустанг-5 маркийн мотоцикльтой гэртээ ирсэн. Би хэний мотоциклийг унаж яваа юм гэж асуухад багаас мотоцикль унаад ирлээ гээд хэний мотоциклийг нь хэлэхгүй байсан. Маргааш нь мотоциклийг нь аваачиж өгнө гээд явсан. Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу шинийн 3-ны өдөр багийн төвөөр айлд золголт хийгээд явж байгаад Өтой тааралдсан. Ө мотоциклио шинийн нэгний өдөр алдчихлаа, танай тэрүүгээр улаан өнгийн, цэнхэр суудлын бүрээстэй, өрөөсөн талдаа тольтой мотоцикль харагдаагүй биз гээд надаас асуугаад байхаар нь би Г нэг тиймэрхүү мотоцикль унасан явж байсан, чиний мотоцикль мөн байх, би Гыг олоод чамд хэлье, цаадах чинь гэртээ ирэх байлгүй гэсэн. Тэгээд хэд хоног Гыг хайгаад олоогүй. 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ө над руу утсаар яриад Г мотоцикльтой Өндөр-Улаан сумын төвд баригдсан байна, би оччихоод ирлээ гэж байсан. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай аав сумын төв рүү яваад Гын унаж явсан мотоциклийн эвдэрсэн эд зүйлийг янзлаад Өод хүлээлгэн өгсөн. Надад яриагүй. Г төлөв даруу зантай, хүн тусархуу ажилсаг хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч П.Гын мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 07-08 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-12 хуу/

2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуу/ зэрэг нотлох баримтуудыг,

 

мөрдөн байцаалтын шатанд 2312000000163 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Бын мэдүүлсэн: ...Би 2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Шар давааны баруун эх гэх газарт өөрийн гэрийн гадаа цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож түлхүүрийг нь аваагүй орхисон байж байгаад өглөө сэрээд босоод гэрээсээ гартал миний тээврийн хэрэгслийг уруу газар өнхрүүлээд хулгайлаад аваад явсан байсан. Миний цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн эвдрэлгүй, хэвийн ажиллагаатай тэвш нь шар өнгийн цацруулагчийг доогуур нь наасан байгаа юм. Миний тээврийн хэрэгслийн 02709599 дугаартай гэрчилгээ надад байна. Миний цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Япон улсад 1999 онд үйлдвэрлээд Монгол улсад 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ирсэн юм. Манай хүү Б.Мийн нэр дээр байдаг юм. Би өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гомдолтой байна. Алдсан тээврийн хэрэгслээ олж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Бын дахин мэдүүлсэн: ...Миний хувьд хэргийн материалтай танилцах болон шүүх хуралдаанд суух шаардлага байхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн хохирол болох алдсан тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мгийн мэдүүлсэн: ...Манай нөхөр Ч.Б бид хоёр нь 2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Шар давааны баруун эх гэх газарт өөрийн монгол гэрийн гадаа цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож, түлхүүрийг нь аваагүй, орхисон байж байгаад өглөө сэрээд босоод гэрээсээ гартал манай нөхрийн тээврийн хэрэгслийг уруу газар өнхрүүлээд хулгайлаад аваад явсан байсан. Өөр зүйл би мэдэхгүй байна. Би нөхөр Ч.Бын хамт хоёулаа амьдардаг. Өөр хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн: ...Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Шар давааны Баруун эх гэх газарт оршин суудаг иргэн Ч.Б нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед над руу утсаар залгаад би 2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө өөрийн монгол гэрийн гадаа байсан цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож түлхүүрийг нь аваагүй орхисон байж байгаад хулгайд алдчихлаа, чи миний тээврийн хэрэгслийн дугаарыг мэдэж байгаа юм чинь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвөөр харж байгаарай гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн “Очир” нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэн дээр 16 цагийн үед байж байтал цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай “Очир” хүнсний дэлгүүрийн үүдэн дээр ирээд зогсохоор нь би яваад очтол Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн иргэн П.Г жолоодон явж байхаар нь түлхүүрийг аваад Ч.Б гэх хүн рүү утсаар залгаад таны хулгайд алдсан тээврийн хэрэгсэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвд явж байна, би түлхүүрийг нь авчихлаа, та ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ч.Б Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багаас ирж надаас тээврийн хэрэгслийн түлхүүрээ аваад өөрийн цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авсан юм. П.Г нь ганцаараа жолоодон ирсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч П.Гын мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй. Би хохирогч Ч.Бын тээврийн хэрэгслийг өөрт нь хэлэлгүйгээр авч явсан нь миний буруу. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Өөр надад мэдүүлэх зүйл байхгүй. Би хохирогч Ч.Бын тээврийн хэрэгслийг буцаан өгсөн. Намайг Архангай аймгийн Өндөр-Улаан суманд байхад хохирогч Ч.Б нь өөрөө ирээд аваад явсан. Надад ямар нэгэн буруу санаа оноо байгаагүй. Харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унаад явчихсан байна. Түүнээс өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 хуу

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-05 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07, 29-30 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-28 хуу/

2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн АЦ23-83 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-43 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 хуу/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн төв Төмөр гэх газраас хохирогч О.Өын улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдагдаж, хохирогч О.Өод 400.000 төгрөгийн хохирол, 2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Шар давааны баруун эх газарт байх хохирогч Ч.Бын гэрийн гаднаас цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай автомашин хулгайд алдагдаж, хохирогч Ч.Бад 7.373.520 төгрөгийн хохирол тус тус учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.Г нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн төв Төмөр гэх газраас хохирогч О.Өын улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, хохирогч О.Өод 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч О.Өын мэдүүлсэн “2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу шинийн нэгний өдрийн 13 цагийн үед эхнэр, бид хоёр айлд цай уухаар яваад 18 цагийн үед гэртээ ирэхэд хашаан дотор гэрийн хаяанд байсан мотоцикль алга болсон байсан. Би мотоциклио таньдаг хүн унаад явсан юм болов уу, аваад ирэх байх гээд харсан. 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр айлд цай ууж байгаад Гын ах Штой /Ш/ таараад мотоциклио асуусан чинь Ш 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орой 18 цагийн үед Г гэртээ улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой ирсэн бөгөөд хэний мотоцикль юм гэсэн чинь багийн төвөөс хүний мотоцикль гуйж ирсэн, маргааш аваачиж өгнө гээд хэний мотоциклийг нь хэлэхгүй байсан гэхээр нь би миний мотоцикль улаан өнгийн Мустанг-5 мотоцикль, өрөөсөн талдаа дөрвөлжин цагаан тольтой, цэнхэр өнгийн суудлын бүрээстэй байгаа гэхэд Ш чиний мотоциклийг Г унаад яваад байгаа юм байна даа, би өөрөө Гыг олоод мотоциклийг чинь аваачаад өгье, өнөөдөр цаадах чинь харих байлгүй гэсэн. Тэрнээс хойш Штой утсаар яриад Ш Г гэртээ ирэхгүй байна, бид нар сураг тавиад сураг гарахгүй байна гээд нилээн хэд хоносон. Тэгээд би сумын цагдаад мэдэгдсэн. Сумын цагдаа 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр над руу утсаар яриад таны мотоциклийг олчихлоо, ирээд мотоциклио ав гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,

гэрч Б.Пгийн мэдүүлсэн “Манай хүү Г замын унаагаар аймгийн төв рүү яваад 5-6 хоноод 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу шинийн нэгний орой цагийг нь санахгүй байна, улаан хүрэн өнгийн мотоцикльтой гэртээ ирсэн бөгөөд би хэний мотоциклийг унаж яваа юм гэсэн чинь багийн төвөөс Оогоо /Ө/ ахын мотоциклийг унаж явна гэхээр нь хүний мотоцикль хурдан аваачиж өг гэсэн. Г мотоциклийг нь өгөхөөр яваад мотоциклийг нь өгөөгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,  

гэрч Б.Цийн мэдүүлсэн “2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн үед Г манайд улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн хуучивтар мотоцикльтой согтуу ирсэн. Г мотоциклио зарчихаад аймаг ормоор байна, мотоцикль авах хүн байна уу гээд байхаар нь би хэний мотоцикль юм гэсэн чинь миний өөрийн мотоцикль гээд байсан. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Гыг манайд байхад нь сумын хэсгийн төлөөлөгч ирээд унаж явсан мотоцикльтой нь хамт аваад явсан. Хэд хоногийн дараа нь Гын аав П ирээд Г хүний мотоцикль авч эвдээд цагдаад баригдаад би мотоциклийг нь янзлах гээд явж байна гээд манайд 2 хоноод явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,  

гэрч П.Шгийн мэдүүлсэн “Манай дүү Г цагаан сараас өмнө аймгийн төв рүү яваад 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу битүүний өдөр утсаар яриад аймгийн төвд байна, унаа олдохгүй байна гэж байсан. Г 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу шинийн нэгний орой улаан хүрэн өнгийн, цэнхэр өнгийн суудлын бүрээстэй Мустанг-5 маркийн мотоцикльтой гэртээ ирсэн. Би хэний мотоциклийг унаж яваа юм гэж асуухад багаас мотоцикль унаад ирлээ гээд хэний мотоциклийг нь хэлэхгүй байсан. Маргааш нь мотоциклийг нь аваачиж өгнө гээд явсан. Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу шинийн 3-ны өдөр багийн төвөөр айлд золголт хийгээд явж байгаад Өтой тааралдсан. Ө мотоциклио шинийн нэгний өдөр алдчихлаа, танай тэрүүгээр улаан өнгийн, цэнхэр суудлын бүрээстэй, өрөөсөн талдаа тольтой мотоцикль харагдаагүй биз гээд надаас асуугаад байхаар нь би Г нэг тиймэрхүү мотоцикль унасан явж байсан, чиний мотоцикль мөн байх, би Гыг олоод чамд хэлье, цаадах чинь гэртээ ирэх байлгүй гэсэн. Тэгээд хэд хоног Гыг хайгаад олоогүй. 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ө над руу утсаар яриад Г мотоцикльтой Өндөр-Улаан сумын төвд баригдсан байна, би оччихоод ирлээ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд П.Гын яллагдагчаар мэдүүлсэн “Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүйгэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 07-08/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-12/,  

2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч П.Г нь 2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Шар давааны баруун эх газарт байх хохирогч Ч.Бын гэрийн гаднаас цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай автомашиныг хулгайлж, хохирогч Ч.Бад 7.373.520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Ч.Бын мэдүүлсэн “Би 2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Шар давааны баруун эх гэх газарт өөрийн гэрийн гадаа цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож түлхүүрийг нь аваагүй орхисон байж байгаад өглөө сэрээд босоод гэрээсээ гартал миний тээврийн хэрэгслийг уруу газар өнхрүүлээд хулгайлаад аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

гэрч Б.Мгийн мэдүүлсэн “Манай нөхөр Ч.Б бид хоёр нь 2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Шар давааны баруун эх гэх газарт өөрийн монгол гэрийн гадаа цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож, түлхүүрийг нь аваагүй, орхисон байж байгаад өглөө сэрээд босоод гэрээсээ гартал манай нөхрийн тээврийн хэрэгслийг уруу газар өнхрүүлээд хулгайлаад аваад явсан байсангэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,  

гэрч Д.Гын мэдүүлсэн “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Шар давааны Барууны эх гэх газарт оршин суудаг иргэн Ч.Б нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед над руу утсаар залгаад би 2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө өөрийн монгол гэрийн гадаа байсан цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож түлхүүрийг нь аваагүй орхисон байж байгаад хулгайд алдчихлаа, чи миний тээврийн хэрэгслийн дугаарыг мэдэж байгаа юм чинь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвөөр харж байгаарай гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн “Очир” нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэн дээр 16 цагийн үед байж байтал цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай “Очир” хүнсний дэлгүүрийн үүдэн дээр ирээд зогсохоор нь би яваад очтол Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн иргэн П.Г жолоодон явж байхаар нь түлхүүрийг аваад Ч.Б гэх хүн рүү утсаар залгаад таны хулгайд алдсан тээврийн хэрэгсэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвд явж байна, би түлхүүрийг нь авчихлаа, та ирж аваарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,  

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд П.Гын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би хохирогч Ч.Бын тээврийн хэрэгслийг өөрт нь хэлэлгүйгээр авч явсан нь миний буруу. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-05/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07, 29-30/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-28/,

2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн АЦ23-83 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-43/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч П.Г нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч А овогт Пгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.Г болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч П.Г нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн төв Төмөр гэх газраас хохирогч О.Өын улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг, 2023 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Шар давааны баруун эх газарт байх хохирогч Ч.Бын гэрийн гаднаас цэнхэр өнгийн “Портер” маркийн 25-51 ОРБ улсын дугаартай автомашиныг тус тус хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсныг журамлан шүүгдэгч П.Гын үйлдэл тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

             Шүүгдэгч П.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээний хорих ялыг оногдуулж, шүүгдэгч П.Гын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч П.Гт хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч О.Өод 400.000 төгрөгийн, хохирогч Ч.Бад 7.373.520 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч П.Г нь хулгайлсан мотоциклио хохирогч О.Өод, хулгайлсан автомашиныг хохирогч Ч.Бад тус тус буцаан өгсөн, хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд мотоциклио болон автомашинаа буцаан авсан, гомдол, саналгүй талаар тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Гыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд хохирогч О.Ө нь хулгайд алдагдсан мотоциклийн эвдэрсэн эвдрэл болон нааш цааш эрж хайхад гарсан бензиний зардлыг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт 29 /хорин ес/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Г нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А овогт Пгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гын цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Шүүгдэгч П.Г нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч О.Ө нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ