Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар    2023/ШЦТ/126

 

2023.05.31                                       2023/ШЦТ/126

      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0109/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар, 

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-д холбогдох эрүүгийн 2239003450171 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг сумын төвөөс 30 орчим км зайд байрлах Дожирын уурхай гэх газарт шороон зам дээр өөрийн эзэмшлийн 53-25 ХЭА улсын дугаартай “Toyota Probox” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, мөн дүрмийн 3.4 дүгээр зүйлийн А хэсэгт заасан “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх дүрмийн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Г.О-гийн эрүүл мэндэд хүзүүний 1-р нугалмын (хөндлөн сэртэн) далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрнө. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн...” гэх мэдүүлэг,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 12-15-р хуудас),

Хохирогч Г.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баян-Овоо сумаас Хэнтий аймгийн төв рүү явахаар Ц.Г ахын 53-25 ХЭА улсын дугаартай пробокс авто машинтай хөдөлсөн. Тухайн үед Г ах машин жолоодож явж байсан ба хажуу талынх нь суудал дээр Золзодмаа хүүхэдтэйгээ, харин хойд талын зорчих хэсгийн суудал дээр Амин-Эрдэнэ, Ганзориг ах болон бид гурав зорчиж явсан. Хэнтий аймгийн Баян- Овоо сумаас баруун хойд зүгт гараад 20 орчим км зайд Дожирын уурхайн хойд зам дээр явж байхад машин нь гэнэт шарваад бүтэн эргээд осолдсон. Тэгээд би машинаас гараад ирсэн чинь хүзүү хөшиж өвдөөд манараад байсан...Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагт төрсөн бөгөөд миний хүүхэд эрүүл, саруул, эсэн мэнд төрж, өсөж байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),

Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г ах машинаа бариад би ард суудал дээр, О, Амин-Эрдэнэ бид хэд цуг зорчиж явсан бөгөөд сумаас баруун хойд зүгт явж байхдаа 20 орчим км зайд явж байхад машин баруун тал руугаа шарваад баруун гар тал руугаа өнхөрч осолдсон. Тэгээд машинаас бид хэд бууцгаахадГ ах цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Харин би Хэнтий аймгийн төвд яаралтай ажил байсан, мөн ямар нэгэн бэртэл, гэмтэл аваагүй учраас замын машинд суугаад яваад өгчихсөн...тухайн өдөр зам шавар, шавхайтай, цас хайлсан байдалтай байсан...тухайн үед би ямар нэгэн байдлаар бэртэж гэмтээгүй. Би шинжээч эмчид үзүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),

Гэрч Ө.Золдолмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...53-25 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд өөрийн хүү 4 настай Тэргэлийг аваад жолоочийн хажууд буюу тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн бүхээгийн урд суудал дээр зорчин явсан. Харин хойд талын суудал дээр О, Амин-Эрдэнэ, нэг танихгүй ахтай нийлээд 3 том хүн 2 хүүхэд зорчин явахаар болсон. ...сумаас ертөнцийн зүгээр баруун хойшоо яваад 20 орчим км зайд явж байхдаа Дожирын гэх жоншны уурхайн хойд талд гэнэт шарваад машинтайгаа замаас гараад 1 бүтэн бөмбөрөөд дугуйн дээрээ тогтсон. Тухайн үедГ ах машинаа жолоодож явж байсан...тухайн өдрийн өглөөгүүр нойтон цас орсон байсан учраас газрын хөрс, чийг, шавар, шавхай ихтэй байсан...Миний биед одоо ямар нэгэн гэмтэл, шарх, сорви байхгүй...надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),

            Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын  2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 583 дугаартай:

1. Г.О-гийн биед хүзүүний 1-р нугалмын /хөндлөн сэртэн/ далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 65-66-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Г.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч Г.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “гомдолгүй, шүүх хуралд оролцож чадахгүй, хялбаршуулсан аргаар шийдвэрлэж өгнө үү” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 127-р хуудас) байх тул шүүгдэгч Ц.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.Г-ийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шүүгдэгчид оногдуулах торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2239003450171 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 даь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хамба овогт Цэндийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Цэндийн Гийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Г-д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга)  төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2239003450171 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР