Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 665

 

МАГАДЛАЛ

 

2018.03.12                                                     Дугаар 665                             Улаанбаатар хот

 

 

 

 

Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00048 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч З.Г-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 438 373 258 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай иргэний хэргийг,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ЗГ2205027395 тоот зээлийн гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж, энэ хугацаанд үндсэн зээлд 69 000 000 төгрөг, хүү 85 110 475 төгрөг, нэмэгдүүлсэн хүү      59 906 төгрөг нийт 154 170 382 төгрөг төлсөн. 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ЗГ2205033571 тоот зээлийн гэрээ байгуулж, 110 000 000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлснээс үндсэн зээлд 26 906 088 төгрөг, хүү 65 732 855 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105 899 төгрөг нийт 92 744 832 төгрөг төлсөн. 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ЗГ2205038901 тоот зээлийн гэрээ байгуулан 200 000 000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, үндсэн зээлд 91 300 000 төгрөг, хүү 70 938 708 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80 745 төгрөг нийт 162 319 454 төгрөг тус тус төлсөн. Мөн 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/КР10/129 тоот 10 000 000 төгрөгний эрх бүхий картын зээлийн гэрээг 24 сараар байгуулсан. Уг гэрээний дагуу тэрээр 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр                4 500 000 төгрөг нийт 9 500 000 төгрөгийг бэлэн бусаар авсан ч эргүүлэн төлөөгүй байдаг. Дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн             Ү-2203009900 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 50 мянгат Хар чонот 11 дүгээр байрны 19 тоот хаягт байршилтай 131 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203012471 дугаар бүхий, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 44.25 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203013705 дугаар бүхий, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай 57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203012656 дугаар бүхий, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо Бага тойруу 45 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон 2008 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 7979 УБЕ улсын дугаартай, АЯ00698724 гэрчилгээний дугаар бүхий хар өнгийн ниссан икс трайл автомашиныг тус тус барьцаалж, гэрээг зохих журмын дагуу бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч нь 2016 оноос дээрх гэрээнүүдийн дагуу зээл, хүүг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 9 дүгээр сарын 29-ний байдлаар тооцон дараах төлбөрийг гаргуулахаар шаардаж байна. Үүнд, ЗГ/2205027395 тоот гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 81 000 000 төгрөг, хүү 29 618 854 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 530 167 төгрөг нийт энэ зээлд 115 149 777 төгрөг, ЗГ/2205033571 тоот гэрээний дагуу үндсэн зээл 83 093 911 төгрөг, хүү 40 792 514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү       3 569 503 төгрөг нийт энэ зээлд 127 455 929 төгрөг, ЗГ/2205038901 тоот гэрээний дагуу үндсэн зээл 108 700 000 төгрөг, хүү 57 639 747 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 878 381 төгрөг нийт энэ зээлд 175 218 129 төгрөг, ЗГ/КР/10/129 картын үндсэн зээл 9 500 000 төгрөг, хүү сарын 3 хувиар тооцон 6 649 168 төгрөг, хугацаа хэтрүүлсний торгууль 1 849 268 төгрөг, лимит хэтрүүлсний торгууль 2 250 767 төгрөг, бэлэн бусаар гүйлгээ хийсний шимтгэл 200 төгрөг, нийт энэ гэрээний дагуу 20 549 422 төгрөгийг тус тус төлөөгүй байна. Иймд дээрх дөрвөн гэрээний дагуу нийт 438 373 258 төгрөгийг хариуцагч З.Г-аас гаргуулж өгнө үү.

Мөн үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009900, Ү-2203012471, Ү-2203013705, Ү-2203012656 дугаарт бүртгэлтэй барьцааны дөрвөн орон сууц болон автомашинаас тус тус хангуулж өгнө үү.

2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний хувьд гэрээний хугацаа дуусгаагүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээнээс татгалзсан гэж үзэж байгаа. Гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг төлбөр төлөх хүртэл тооцохоор заасан тул 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн. Картын зээлийн тухайд гэрээгээр зээлийг бэлэн бусаар гаргасан тохиолдолд шимтгэл 200 төгрөг төлөхөөр, хугацаандаа эргүүлж төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсний торгууль 2 хувь байхаар, зээлийн лимит эрхийг хэтрүүлсэн тохиолдолд 1 хувийн хүүг торгуульд төлөхөөр тохиролцсны дагуу нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г Б-тай  дээрх дөрвөн зээлийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авсан гэдэгт маргахгүй. Мөн энэ хугацаанд эргүүлэн төлсөн үнийн дүнд маргахгүй. Эдийн засаг муудсаны улмаас төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нь үнэн. Гэхдээ бүх зээлд        400 000 000 гаруй төгрөг төлсөн байгааг харгалзан үзэж төлбөрийг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Г-аас              428 613 680 төгрөг гаргуулж, Г Б-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх      9 759 578 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009900 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 50 мянгат Хар чонот 11 дүгээр байрны 19 тоотод байрлах 131 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012656 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо Бага тойруу 45 дугаар байрны 1 тоотод байрлах 54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012471 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байрны 3 тоотод байрлах 44.25 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013705 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байрны 2 тоотод байрлах 57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас, түүнчлэн Л.М-н эзэмшлийн Ниссан икс трэйл маркийн 7979 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээс тус тус хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн          2 349 815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 301 018 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол гэрээний үүргээ биелүүлж дуусах хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тус тус хуульчилсан бөгөөд дээрх заалтуудын дагуу зээлдэгчээс хууль болон гэрээнд заасан шаардвал зохих төлбөрийг нэхэмжилсэн. Гэвч дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр бууруулсан байна. Мөн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ2205033571 тоот зээлийн гэрээний 2.2, 2.5-д тус тус заасны дагуу сар бүр төлөх төлбөрөө төлөөгүй тохиолдолд 2.1.1-т заасан хүү, түүний 20 хувьтай тэнцүү хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр заасан бөгөөд гэрээний 4.3-т заасан журмаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлүүлэхээр буцаан дуудаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ2205033571 тоот зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль болон гэрээнд зааснаар зээлдэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилэх эрхгүй болох үндэслэл болохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж дурдсаны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч энэ талаар шүүгч шийдвэртээ дурдсан боловч хуулийн дагуу нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хариуцагчаас гаргуулбал зохих мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээг буруу тооцсон нь нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Г Б ХХК нь хариуцагч З.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 288 095 340 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 849 722 082 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий хэргийг шүүгчийн захирамжаар тусгаарлажээ.

                                                                                                        / хэргийн 202 дугаар хуудас /

 

Нэхэмжлэгч нь 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт   115 149 777 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт       127 455 929 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт      175 218 129 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт         20 549 422 төгрөг, бүгд 438 373 258 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан болон эргэн төлөгдсөн мөнгөн хөрөнгийн хэмжээний талаар маргаагүй, харин зээлийн гэрээний үүрэгт 400 сая гаруй төгрөг төлсөн, эдийн засгийн байдал муудсан зэрэг байдлыг харгалзан үзэж, төлбөрийн хэмжээг багасгуулахаар хүсэлт, тайлбар шүүхэд гаргасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нийтдээ зээлийн 5 гэрээ байгуулагдсан, зээлийн барьцаанд хариуцагчийн өмчлөлийн 4 үл хөдлөх эд хөрөнгө, Л.М-ын Ниссан икс трэйл маркийн, 79-79 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалагдсан зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Гэвч шүүх зохигчдын хооронд 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргээс хүү, нэмэгдүүлсэн хүү болох 5 522 755 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль, гэрээний заалтад нийцээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. Хариуцагч нь уг зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 110 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд, хүүгийн хамт төлөөгүй байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, гэрээний 3.1.3-т зааснаар зээлийн үлдэгдэл 83 093 911 төгрөг, хүү 40 792 514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 569 503 төгрөг, бүгд 127 455 929 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Г-аас 434 136 435 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Б-долгож, үлдэх 4 236 823 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...2 301 018...” гэснийг “...2 328 633...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс        төлсөн улсын тэмдэгтийн хураамж 103 315 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

       

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                          Т.ТУЯА

 

                                                      М.НАРАНЦЭЦЭГ