Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/02

 

   Б.О холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Э.Н, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Э нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/98 дугаар шүүхийн цагаатгах тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.О холбогдох 1917001550085 дугаартай 1 хавтас 129 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч хяналтын прокурор Э.Н гаргасан эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд Сүмбэр 2 дугаар баг, Аймгийн Онцгой байдлын газрын нийтийн байрны 05 тоотод хамтран амьдрагч О.Н нүүрэн тус газар гараараа цохиж, мөн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө 02 цагийн орчим Сүмбэр сумын 2 дугаар баг, Уулзварын 2-205 тоот гэртээ О.Н зүүн шанаа хэсэгт гараараа цохиж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б О холбогдох эрүүгийн 1917001550085 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.О цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О холбогдох 1917001550085 дугаартай хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Э.Н шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Б.О Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б.О холбогдох үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.О цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О холбогдох 1917001550085 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж эсэргүүцэл бичиж байна.

Анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба энэхүү гурван үйлдэлдээ Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгоно. Урьд нь гаргасан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих гэсэн заалтаар шийтгэл хүлээсэн хүнд дахин тухайн үйлдлийг нь Эрүүгийн хуульд заасан өөр зүйл, хэсгээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй тул давхар хариуцлага хүлээлгэх боломжгүй ба Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтанд заасны дагуу хариуцлага хүлээгээгүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 23, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд Сүмбэр сум 2 дугаар баг, Аймгийн Онцгой байдлын газрын нийтийн байрны 05 тоотод хамтран амьдрагч О.Н нүүрэн тус газар гараараа цохиж, мөн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө 02 цагийн орчим Сүмбэр сумын 2 дугаар баг, Уулзварын 2-205 тоот гэртээ О.Н зүүн шанаа хэсэгт гараараа цохиж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Н, гэрч З.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 272 дугаартай дүгнэлт, Б.О шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэвэр зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. “Байнга гэдэг ойлголт” нь хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учруулахгүйгээр гурав ба түүнээс дээш удаа халдаж зодсон обьектив үйлдлээр илэрхийлэгддэг онцлогтой гэмт хэрэг юм. Хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх зэрэг хэлбэртэй байдаг. Б.О шүүхээс өмнө нь 2 удаа баривчлах шийтгэл оногдуулсан нь түүнийг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг нотолж байгаа болохоос биш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-т “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш яллагдагч Б.О  хамтран амьдрагч О.Н зодсон үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 удаа шийтгэл хүлээж байсан нь түүнийг өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээсэн гэж үзэх үндэслэл болохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимтай нийцүүлэн тайлбарлах боломжгүй юм. Нөгөөтэйгүүр шүүх зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтанд заасны дагуу хариуцлага хүлээгээгүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана гэж үзсэн нь хохирогчийн эрхийг зөрчсөн төдийгүй хүчирхийлэл үйлдэгч этгээдийг ял завшуулах, дахин хүчирхийлэл үйлдэх нөхцөл боломжийг үүсгэсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон тохиолдолд урьд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулснаас үл хамаарч, тухайн байнга гэдэг шинжээр нь хүндрүүлэн үзэж гэмт хэрэгт тооцохоор хуульд салаа утгагүй, агуулга эргэлзээгүй заасан байхад шүүх хууль тогтоогчийн санааг сөргүүлэн тайлбар хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.О цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан хэрэгсэхгүй болгосон хэргийг дахин хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт шүүгдэгч Б.О өөр хэн нэгнийг холбогдуулан шалгах үндэслэл тогтоогдоогүй, хэрэг бүртгэлтээр ямар нэмэлт ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй байхад шүүх хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Б.О холбогдох Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/98 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. 

            Хохирогч О.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний нөхөр Б.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэж 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цагаатгаж шийдвэрлэснийг үнэн зөв шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Бид хоёрын хувьд нэгнийгээ үл хүндэтгэсэн байдлаас болж маргалдсан муудалцсан асуудал бий бөгөөд арай ч хорих ялтай зүйл ангиар зүйлчлэгдэх хэмжээнд хүрээгүй гэж бодож байна. Би хууль хяналтын байгууллагад хандсанаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсэх болсонд би маш их харамсаж байна. Бид нэг ой таван сартай охинтой. Би ажилгүй охиноо харж гэртээ суудаг бөгөөд О тодорхой ажилгүй, хар бор ажил хийж амьжиргаагаа залгуулдаг, банкны өндөр зээлтэй, амьдралын төлөө хөлөө олохгүй, алдаж онож, маргалдаж муудалцаж яваа бусдын адил залуу гэр бүл. Миний бодлоор Зөрчлийн тухай хуулиар 2 удаа хариуцлага хүлээлгэсэн, баривчлах шийтгэлийг биелүүлсэн байхад 2019 оны  09 дүгээр сарын 05-ны өдрийн асуудлыг хамтатган 3 удаа гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр прокурор эсэргүүцэл бичсэнийг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2 аль аль нь буруугаа ойлгож ухааран, цаашид хүүхдээ бодож сайн сайхан амьдрахад Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр маш их эерэгээр нөлөөлсөнд, талархаж байна. Иймээс үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө дахин алдахгүйг хичээж алдаагаа давтахгүй, хэн хэнийгээ буруутгахгүй амьдрах болно. Миний хувьд ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймээс цагаатгаж шийдвэрлэсэн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав  

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хамтран амьдрагч О.Н хэл амаар доромжилж, зодсон үйлдэлдээ зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 40 цаг албадан сургалтанд хамрагдаж, 7 хоног баривчлагдсан, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөн хамтран амьдрагч О.Н зодсон үйлдэлдээ 30 цаг албадан сургалтанд  хамрагдаж, 20 хоног баривчлагдсан, мөн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны шөнө хамтран амьдрагч О.Н зүүн шанаа хэсэгт гараараа цохиж зодон гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай  хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхээс “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба энэхүү гурван үйлдэлдээ эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуульд заасан хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгоно“ гэж дүгнэн өөрөөр хэлбэл зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн хүнд дахин тухайн үйлдлийг нь  эрүүгийн хуульд заасан өөр зүйл хэсгээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн байнга гэсэн шинжийг тодорхойлоход зөрчил ямар тохиолдолд гэмт хэрэгт шилжиж байгааг анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл 3 дахь зөрчлөөс эхлэн байнгын шинжтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шийдвэрлэх тохиолдолд урьд нь гаргасан зөрчилд зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн эсэх нь гол биш гаргасан зөрчлийн хэлбэр, сэдэлт, шалтгаан, аюулын зэргийн үнэлгээгээр тогтоогдсон эрсдэлийн түвшин зэргээс хамаарч гэр бүлийн хүчирхийлэл мөн эсэх, зөрчлийн  давтамж хоорондын цаг хугацаа, нэг объектод халдсан эсэх, зөрчлийн тухай болон эрүүгийн хуульд заасан адил шинжүүд давтагдсан эсэхээс хамаарч байнга гэсэн шинжийг агуулж байгаа  эсэхэд голлон анхаарах нь зүйтэй юм.

Өмнө нь гаргасан зөрчилд шийтгэл хүлээсэн байх нь тухайн этгээдийн гаргасан дараагийн үйлдэлтэй нэгтгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд саад болохгүй бөгөөд энэ тохиолдолд эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  заасан “ нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна “ гэсэн шударга ёсны зарчмыг зөрчиж байна гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин шүүгдэгч Б.О хувьд хохирогчийн зүгээс үүсгэсэн маргааны улмаас түүнийг алгадсан, түлхсэн үйлдлүүд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ утгаараа  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас халдсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Б.О үйлдэл нь хэлбэрийн хувьд гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг чиглэсэн, байнгын шинжтэй хэдий ч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн шинжээрээ энэ нь гэр бүлийн хүчирхийлэл биш гэсэн үндэслэлээрээ тухайн зүйлчлэгдсэн хэргийн шинжийг агуулаагүй байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэн үзлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/98 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

          

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            О.ОДНЯМАА

                                           ШҮҮГЧИД                            Х.БАЙГАЛМАА

                                                                                        Г.ТЭГШСУУРЬ