| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2025/0136/З |
| Дугаар | 221/МА2025/0556 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0556
| Дугаар 221/МА2025/0556 | Улаанбаатар хот |
“У” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “У” ТӨҮГ,
Хариуцагч Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/16 тоот албан шаардлагыг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0454 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х***, Х.Б*** нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д***.
Хэргийн индекс: 128/2025/0136/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У” ТӨҮГ-аас Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргад холбогдуулан “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/16 тоот албан шаардлагыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0454 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1.4, 18 дугаар зүйлийн 18.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38, 4.1.53, 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У” ТӨҮГ-аас Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргад холбогдуулан гаргасан “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/16 тоот албан шаардлагыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 ... Хариуцагчийн хяналтын хүрээг тогтоосон Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар байгууллага, албан тушаалтны хүний нөөц, томилгооны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх эрх олгогдоогүй байх тул өөрт олгогдоогүй эрхээр хяналт шалгалт явуулсан. Тус шаардлагын дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор холбогдох нотлох баримтын хамт ирүүлэхийг мэдэгдсэн боловч ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, илэрсэн зөрчилд хууль тогтоомжид заасан үндэслэлээр шийтгэлийг үе шаттай ногдуулах замаар байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр захиргааны хэм хэмжээний шинжтэй актыг гаргах арга хэмжээг дээрх хугацаанд хэрэгжүүлж, хариуцагчид мэдэгдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Нэгдсэн Үндэстний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний тайлан-илтгэл боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй буюу мөнгөн хөрөнгийг дээрх шаардлагыг хэрэгжүүлэхэд зориулалтын бусаар зарцуулснаар үндсэн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэхэд төсөв дутагдахад хүрнэ.
3.2. Нэгдсэн Үндэстний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах төслийн “Буцалтгүй тусламжийн S1-32GFL-000633 төслийн гэрээ” нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.53-д заасан гадаадын тусламжид хамаарах бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д заасан гадаад зээлд хамаарахгүй тул “Буцалтгүй тусламжийн S1-32GFL-000633 төслийн гэрээ”-ний хөрөнгийг зарцуулахтай холбогдсон харилцаанд “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ыг хэрэглэхгүй.
3.3. Хариуцагчийн албан шаардлага нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд “хууль дээдлэх зарчим”-ыг зөрчихөд хүргэх бөгөөд Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.53-д заасан гадаадын тусламжаар хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаанд Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д заасан зээлийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэхийг шаардсанаар нэхэмжлэгч нь өөрийн үйл ажиллагааг явуулбал өөрт олгогдоогүй эрх, хэмжээг эдэлсэнд тооцогдох тул Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд хүргэнэ.
3.4. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Х.Ундармаа, Ш.Г, Б.Б, О.Д нараас “У” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийн гол үйл баримт болох хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцааг хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа хэмээн шүүхээс урьдчилан дүгнэж тус иргэний хэрэгт “У” ТӨҮГ-ын маргах боломжийг хязгаарласнаараа бидний шүүхээр эрхээ хамгаалуулж, шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байна. Гэтэл “У” ТӨҮГ-ын бүтэц, орон тоог Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №147 дугаар тогтоолоор баталсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангана уу” гэжээ.
4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан тайлбарыг гаргасан болно.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Ерөнхий хянан шалгагчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/16 дугаар албан шаардлагаар “У” ТӨҮГ-ын хууль тогтоомж, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, төслийн санхүүжилт, хүний нөөцийн томилгоотой холбоотой асуудалд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулахаар шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчээс дээрх албан шаардлагыг эс зөвшөөрч “...Засгийн газар дахь хяналтын тухай хуулиар тогтоосон хязгаараас хэтрүүлэн тус төвийн хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн буюу өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн” гэх агуулгаар, хариуцагчаас “...нэр бүхий 4 иргэнээс Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасны дагуу ирүүлсэн гомдлын дагуу ахлах хянан шалгагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/07 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалтыг явуулсан...” хэмээн тус тус тайлбарлан маргасан.
5. Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийн хэрэгжилтийг хянах, Засгийн газраас харьяа байгууллага, албан тушаалтанд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхэд оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулиар яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан /цаашид "байгууллага, албан тушаалтан" гэх/, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулна” хэмээн тодорхойлсноор Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар нь улсын төсөвт үйлдвэрийн газрын тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.9-д заасан үйл ажиллагаанд хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-10.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр нь хяналт шалгалтыг хийх бүрэн эрхтэй.
6. Тухайн тохиолдолд, иргэн Х.У, Ш.Г, Б.Б, Ө.Д нараас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан гомдлын дагуу Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт шалгалтын багийн ахлах хянан шалгагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/07 дугаар удирдамжийн үндсэн дээр шалгалтын ажлын хэсэг “У” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, маргаан бүхий албан шаардлагыг гаргасныг хариуцагч өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн хэмээн үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн “...хариуцагч нь хуулиар хүлээсэн төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд маргаан бүхий албан шаардлагыг гаргасан байх тул хууль зөрчигдсөн гэж үзэхгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
7. Маргаан бүхий Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын албан шаардлагын улмаас нэхэмжлэгч байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй, “У” ТӨҮГ-ын үйл ажиллагааг зогсоогоогүй. Харин алдаа зөрчлийг арилгах талаар үүрэг даалгавар өгсөн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“Буцалтгүй тусламжийн S1-32GFL-000633 төслийн гэрээ” нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.53-д заасан гадаадын тусламжид хамаарах бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д заасан гадаад зээлд хамаарахгүй... иргэний хэрэгт “У” ТӨҮГ-ын маргах боломжийг хязгаарласнаараа бидний шүүхээр эрхээ хамгаалуулж, шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байна...” гэх зэрэг гомдол үндэслэлгүй.
8. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дах хэсгийг удирдлага болгосон нь буруу болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА