Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 55

 

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мэндсайханд холбогдох эрүүгийн 201601070058 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                   Л.Отгончимэг

Улсын яллагч                                   Ж.Бүрэнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ж.Цэцэгээ

Шүүгдэгч                                           Ж.Мэндсайхан нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49/а дугаар байрны 43 тоот орон сууцанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ёл овгийн Жаргалсайханы Мэндсайхан /РД:КЮ93091310/

          Шүүгдэгч Ж.Мэндсайхан нь 2016 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их суудал баарны гадна Б.Чинзоригттой “манай найзын чихийг хазлаа” гэж өмөөрч, түүний зүүн хөл рүү өшиглөснөөс зүүн хөлийн тавхайн ясны шаантаг хэлбэрийн ясны хөндлөн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ

.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Ж.Мэндсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2016 оны 2 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Их суудал баарны гадаа тамхи татаад зогсож байсан чинь дотор манай найз, хохирогч болох Чинзоригттой муудалцсан. Би орж салгаад авч гарахад Чинзоригт манай найзын чихийг нь хазсан, би салгах гээд салахгүй болохоор нь өшиглөсөн. …Баарнаас Мөнхтөгөлдөр, Аюушжав, Амартүвшин нар зууралдаж гарч ирсэн. Аюушжав “чих хазчихлаа” гээд орилохоор нь би очсон. Очоод салгах гэсэн салахгүй болохоор нь хөл рүү нь өшиглөсөн. Би тухайн үед хороомон гуталтай байсан. Хохирогчид учруулсан гэмтлийг би учруулсан. Хэрэг гарснаас хойш хохирогчтой уулзсан. Хохирогчид 2 сая төгрөг өгсөн, хохирогч гомдолгүй гэсэн…” мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 Хохирогч Б.Чинзоригтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би өөрийн төрсөн дүү Мөнх-Эрдэнэ, түүний эхнэр Буянхүү, найз Болормаа, Ганзоригт нарын хамт Соронз бааранд орж хүний хоёр хоёр шил пиво ууцгаачихаад тэндээс гараад Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах Их суудал баар руу очицгоосон. Буянхүү доошоо баар руу ороод, би үүднийх нь өрөөнд Болороотой сууж байсан чинь нэг махлаг залуу баарнаас гарч ирээд “чи муу гөлөг” гээд намайг буйдан дээр дараад авсан. Тухайн үед тэр залууг хүн андуурч байгаа юм болов уу гээд бараг ухаан алдах шахаж, нүд харанхуйлаад хэсэг байсны дараа тэр залуу миний заамнаас тавьсан. Энэ үед гаднаас Мөнх-Эрдэнэ “миний ахыг яаж байгаа юм бэ” гээд болиулах гэсэн чинь тэдний нэг нь манай дүүг үсдээд аваад гарсан. Тэгээд би дүүгээ авах гээд гарах гэсэн чинь бөөн хүмүүс бөөгнөрчихөөд намайг гаргаагүй, тэгээд миний араас нэг хүн зулгаагаад байхаар нь арай гэж гарсан чинь манай дүүг хэн нь юм мэдэхгүй үсдчихсэн зодож байсан. Тухайн үед цагдаа нар ирэхэд намайг зодож байсан хүмүүс цаашаагаа явж байсан. Тухайн үед зүүн хөл маань гишгэж болохгүй байсан болохоор дүүгээрээ түшүүлээд баар руу эргэж ороод ариун цэврийн өрөөнд нүүр гараа угаасан. Тэгээд Ганзориг, Болороо хоёртой эмнэлэг орсон. Эмнэлэгт үзүүлэх гэтэл “зөөлөн эдийн гэмтэл байх, нөгөөдөр ирж зургаа авахуул” гэхээр нь нөгөөдөр нь буюу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зүүн хөлийнхөө зургийг авахуулсан чинь “тавхайн яс нь хугарсан байна” гэсэн. ...Тухайн зодоон болоход намайг гурван хүн зодсон. Нэрийг нь бол мэдэхгүй, гэхдээ харвал танина. Уг хүмүүс 22-25 орчим насны залуучууд байсан. Нэг залуу нь нуруулаг цагаан хүрэмтэй байсан, нөгөө хоёр нь бараан өнгийн хүрэмтэй байсан… Надад гомдол, санал байхгүй, хохирлын мөнгө 2 сая төгрөг авсан, миний хохирлыг бүрэн барагдуулсан. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24, 80-81 дүгээр хуудас/,

Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Их суудал баарны үүднийх нь буйдантай хэсэгт хүмүүс пижигнээд байхаар нь тэр өрөөнд яваад орсон чинь тэнд олон хүмүүс шавааралдаад байсан. Тухайн үед манай ахыг хоёр гурван залуучууд буйдангийнх нь хажуу тал руу дарчихсан цохиж байсан. Тэгэхээр нь би тэр залуусыг “хөөё больцгоо” гээд нэг залууг нь хойш нь татаж болиулаад хоёр дахь залууг нь татаж байсан чинь хойноос нэг залуу үсдсэн ба хоёр залуу нь өшиглөөд байсан, хажууд манай эхнэр “нөхрийг маань тавиач” гээд орилоод байсан. Тэгээд намайг доош нь харуулаад хүмүүс өшиглөөд байсан болохоор эхнэр маань баарны ажилтан залуутай хамт салгасан. Тэгсэн чинь ах маань баарны үүднээс 7 алхмын зайд газар, нүүрээ дарчихсан хэвтэж байсан. Би ах руугаа очих гэсэн чинь намайг барьж байсан залуу тавихгүй байсан. Тэгсэн чинь зүс таних Мөнхөө гэдэг залуу намайг “тэнгэрийн продюсер аа” гээд дайраад үсдээд цохиод байсан. Эхнэр маань намайг тэр залуугаас салгасан. Тухайн үед Сүххуяг гээд манай хамаатны залуу тэдний дунд байхаар нь “хөөе Сүхээнээ наадуулаа болиулаач ээ, чи ичээч ээ” гэсэн чинь “муу гөлөг минь, ална шүү” гээд над руу дайраад байсан, гэхдээ цохиогүй. Тэгээд би арай гэж ахыгаа очоод авахад ах маань цамцгүй болчихсон газар хэвтэж байсан. Нөгөө залуучууд хаалгаар гараад явчихсан. Ингээд би ахыгаа босгосон чинь ах маань доголоод явж чадахгүй байсан, манай эхнэр цамцыг нь өгөөд Их суудал баарны ариун цэврийн өрөө рүү орж, гар нүүрийг нь угаалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч Ж.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнх-Эрдэнийг олон залуучууд чирээд аваад гарсан болохоор араас нь Ганзориг, Чинзоригт нар гараад гадаа бөөн зодоон болсон. Тухайн үед Ганзоригт дээр 3-4 залуу, Мөнх-Эрдэнэ дээр 2-3 залуу очоод зодолдсон. Би сандраад хаашаа очихоо мэдэхээ байгаад, сандраад цагдаа дуудсан. Тэгсэн чинь цагдаа ирэхээс өмнө нөгөө залуучууд яваад өгсөн. Тэгээд Чинзоригтын хөл нь доголоод явж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Яллагдагч Ш.Мөнхтөгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Амартүвшин бид хоёр доошоо буугаад очиход Хэтцахиур, Аюушжав хоёр нэг залуутай муудалцаад зууралдчихсан байж байсан. Нэг залуу Аюушжавыг хойноос нь гараа оруулаад хоолойг нь боох маягтай зогсож байсан. Тэгэхээр нь тэр залууг үсдэж татаад байж байтал баарны хамгаалагч салгасан. Тэгээд баарны хашаанаас гараад явж байтал Чинзоригт гэдэг залуу дөрвүүлээ болоод гараад ирсэн. Нэг нь дээгүүрээ нүцгэн “мангар бацаанууд яадаг болчихсон юм бэ, нааш ир” гээд энд тэнд маргаан болоод зууралдаад эхэлсэн. Тэгээд Чинзоригтын дүү Мөнхөөг би хоёр гурав алгадсан. Бас Сүххуяг алгадсан. Тэгтэл нэг хүүхэн ирээд миний нүүрийг маажсан. Тэгээд бид манайд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-97 дугаар хуудас/,

Яллагдагч Г.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дотор Мөнхтөгөлдөр бид хоёр байж байтал баарны үүдэнд буйдангийн хажууд Аюушжавыг хоёр залуу барьчихсан байсан. Тэгтэл Мөнхтөгөлдөр нэг залууг нь татаж унагаад тэнд бөөн бужигнаан болоод гараад явцгаасан. Баарны гадаа хашааны хаалгаар гараад явж байтал хохирогч гээд байгаа залуу дээд талын хувцсаа тайлчихсан найз нартайгаа гарч ирээд “хөөе мангар бацаанууд аа, ингэдэг болсон уу” гээд гүйж ирээд Аюушжавыг барьж аваад унагаагаад чихнээс нь хазсан. Тэгээд Аюушжав “чих хазчихлаа” гэж орилохоор нь би гүйж очоод эхлээд татсан чинь салахгүй болохоор нь нүүр рүү нь 2 удаа цохьсон чинь Намхайжамц ирээд намайг татаж, холдуулсан. Би гараа тавиулаад байж байтал нэг хүүхэн ирээд намайг алгадаад маажсан. Тэгээд бид Мөнхтөгөлдөрийн гэрт очсон. Би зодоон болоход хохирогчийн нүүр рүү 2 удаа цохьсон гэдгээ хэлсэн. Зодоон  Хэтцахиураас болсон гэж сонссон. Намайг Намхайжамц татаад салгахад Чинзоригтыг 2 хүн зодож байсан, ямар ч байсан нэг нь Мэндсайхан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-108 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Аюушжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тамхилах гээд баарны үүд рүү гартал Хэтцахиур Чинзоригттой муудалцаад заамдалцчихсан Чинзоригтыг боогоод унагасан. Тэгээд би очоод Хэтцахиурыг салгаад байж байх хооронд манай найзууд бүгд яваад ирсэн. Тэгтэл намайг Чинзоригттой хамт явж байсан Мөнхөө нь татаж гаргаад баарны гадаа гараад байж байтал Чинзоригт найзуудтайгаа бас баарнаас гараад ирсэн. Тэгснээ Чинзоригт хувцсаа тайлаад “бацаанууд яадаг болсон юм бэ” гэж гүйж ирээд намайг заамдаад барьж аваад хавирч унагаад, миний дээрээс давхралдаж унаад чихийг маань хазсан. Тэгтэл Амартүвшин хүрч ирээд Чинзоригтын нүүр рүү хоёр удаа цохиод, намайг доороос нь татаж гаргасан. Тэгээд би замын цаад талд гараад чихээ бариад зогсож байхад зодоон жоохон үргэлжлээд салсан. Би Чинзоригттой цохилцоогүй, зүгээр  заамдалцаж л авсан. ...Намайг босоод явахад Мөнхтөгөлдөр, Мэндсайхан хоёр л нүдэнд харагдсан. Бусдыг нь би харж чадаагүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-114 дүгээр хуудас/,

Яллагдагч Б.Хэтцахиурын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ариун цэврийн өрөө хайгаад баарны үүд рүү гарсан. Үүд рүү гарч байхад Чинзоригт үүдний буйдан дээр сууж байхаар нь Чинзоригт руу харсан чинь” гайхаад байна уу, агаагийн дүү” гэсэн. Тэгэхээр нь би “гайхсан юм алга аа” гэж хэлсэн чинь Чинзоригт босч ирээд “пизда минь, чи яах гээд байна” гэхээр нь би “пизда минь, яасан юм бэ” гэхэд Аюушжав хажуунаас орж ирээд Чинзоригтыг боогоод бид гурав буйдан руу унасан. Тэгээд би Аюушжавыг салгаж болиулаад байж байтал баарны үүдэнд коридор дотор Чинзоригтын дүү Мөнх-Эрдэнийг Мөнхтөгөлдөр, Амартүвшин, Сүххуяг нар зодож байсан. Тэгэхээр нь Батмэнд, Аюушжав бид гурав тэд нарыг болиулаад бөөнөөрөө баарны хашаанаас гараад явсан. Тэгээд бид нар Мөнхтөгөлдөрийн гэрт очиход Мэндсайхан Чинзоригтыг зодсон талаар яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130-132 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Намхайжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Чинзоригт нь гүйж ирээд Аюушжавыг барьж аваад газар унагасан. Чинзоригт Аюушжавын чихийг хазаад Аюушжав орилоод байж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 138 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн “...Б.Чинзоригтын биед зүүн талын тавхайн ясны шаантаг хэлбэрийн ясны хөндлөн хугарал, дух болон ар нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хохирогчийн зааж буй хугацаатай тохирч байсан. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь учрах үедээ хохирогчийн амь насанд аюулгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн 09 шэ/136 тоот дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “...Шүүх эмнэлгийн 09шэ/136 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Чинзоригтын биед зүүн хөлийн тавхай ясны хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ШЭГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 798 тоот дүгнэлт /хх-ийн 142-143 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Хохирогч Б.Чинзоригтоос таныг зодсон хүмүүс 1-8 дугаарласан хүмүүс дотор байна уу?, хэрэв байгаа бол та ямар байдлаар таньж байгаагаа хэлнэ үү?” гэхэд хохирогч Б.Чинзоригт тухайн үед 1 гэсэн дугаартай Аюушжавтай зууралдаж газар унасан тэгээд доошоо хараад унасан байхад дээрээс хүмүүс өшиглөөд байсан гэсэн. Мөн 1 дугаар барьсан хүнтэй хамгийн анх би барьцалдаж унасан. 5 гэсэн дугаар барьсан хүнийг би зодуулж байхдаа харсан. 5 гэсэн дугаар барьсан хүн нүүр рүү өшиглөж байхыг би харсан болохоор таньж байна. Царайг нь тогтоосон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 139-140 дүгээр хуудас/,    

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Ж.Мэндсайханыг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 171 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Ж.Мэндсайхан нь 2016 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их суудал баарны гадна Б.Чинзоригттой “манай найзын чихийг хазлаа” гэж өмөөрч, түүний зүүн хөл рүү баруун хөлөөрөө өшиглөснөөс зүүн хөлийн тавхайн ясны шаантаг хэлбэрийн 1 дэх ясны хөндлөн хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна. 

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 09 шэ/136, 789  тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч нар гаргасан байх тул уг дүгнэлт, мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Ж.Мэндсайхан нь өөрийн үйлдэлдээ санаатай хандсан болох нь түүний “…баруун хөлөөрөө хөл рүү нь өшиглөсөн…” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд Ж.Мэндсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс эмчилгээний зардал 2.000.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон хохирогчийн хэргийн материалтай танилцсан баримтаар батлагдаж байна.

Шүүгдэгч Ж.Мэндсайханд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол, төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Мэндсайханд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ёл овгийн Жаргалсайханы Мэндсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мэндсайханыг нэг /1/ жил арав /10/ хоногийн хугацаагаар хорих  ял  шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Мэндсайханы эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Хохирогч Б.Чинзоригт нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч Ж.Мэндсайхан нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ж.Мэндсайханд оногдуулсан нэг /1/ жил арав /10/ хоногийн хорих ялыг тэнсэж, нэг /1/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Мэндсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Ж.Мэндсайханд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Мэндсайханд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           А.БЯМБАЖАВ