| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0113/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/129 |
| Огноо | 2023-06-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | З.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/129
2023.06.07 2023/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0113/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар,
Улсын яллагч З.Наранчимэг,
Хохирогч Г.Ш/онлайнаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан,
Шүүгдэгч Б.Тнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарболдын Т-т холбогдох эрүүгийн 2239002170189 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Тнь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг А0501 дугаартай зам дээр 11-15 ХЭН улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.14. "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" заалтуудыг зөрчин урд явсан тээврийн хэрэгсэл болох 57-22 УАВ улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар хохирогч Г.Ш-ын биед хүзүүний 7 дугаар нугалмын их биед зөрүүгүй сэлтэрсэн хугарал бүхий гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239002170189 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч ( хх-ийн 18-20-р хуудас),
Хохирогч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч С.Батсайханы (хх-ийн 23-24-р хуудас), гэрч Г.Мөнх-Эрдэний (хх-ийн 25-26-р хуудас), гэрч Г.Бат-Эрдэнийн (хх-ийн 27-28-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7955 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 56-57-р хуудас),
Тэнцвэр Эстимэйт ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14657 дугаартай үнэлгээний тайлан (хх-ийн 58-66-р хуудас),
2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 67-68-р хуудас),
Шинжээч Г.Пүрэвдоржийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт ( хх-ийн 72-73-р хуудас),
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар ( хх-ийн 114, 116-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 90, 92, 93-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2239002170189 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Б.Тнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч Б.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Үйлдсэн гэмт хэргээ өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрч байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Б.Тнь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг, А0501 дугаартай зам дээр 11-15 ХЭН улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.14. "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" заалтуудыг зөрчин урд явсан тээврийн хэрэгсэл болох 57-22 УАВ улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар хохирогч Г.Ш-ын биед хүзүүний 7 дугаар нугалмын их биед зөрүүгүй сэлтэрсэн хугарал бүхий гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2022 оны 05 дугаар сарын 23- ны шөнө болсон зам тээврийн ослын талаар дэлгэрэнгүй байдлаар ярьсан. Учир нь би энэ удаад дахин ярих шаардлагагүй гэж бодож байна. Өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ буюу зам тээврийн осол гаргасны улмаас Ш гэх хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөн би тухайн үед зам тээврийн осол гаргасны улмаас Ш гэх хүнд учруулсан хохирол нөхөн төлбөрийг 2022 онд төлж барагдуулсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... Би 2022 оны 05 дугаар сарын 23-ны шөнө тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа анхаарал, болгоомжгүй байдлаас болж 57-22УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ардаас нь мөргөж, зам тээврийн осол гаргасан...Би Ш-ын биед учирсан гэмтэл шархыг санаатайгаар учруулаагүй. Тухайн үед болгоомжгүй байдлаас болж энэ осол гарсан...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч ( хх-ийн 18-20-р хуудас),
Хохирогч Г.Ш-ын зөрчил шатгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд Мөнх- Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Батсайхан гэх хуурай эгч, ах нарынхаа хамт ажил явдал ирж оролцчихоод буцаад Улаанбаатар хот руу би өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн 5722 УАВ улсын дугаартай автомашиныг жолоодон Мөнх-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Батсайхан гэх хуурай эгч, ах нарынхаа хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр өнгөрөөд явж байтал араас гэнэт автомашин ирж мөргөөд замынхаа баруун гар тал руу замаас гарч онхолдсон. Тэгээд автомашинаасаа бууж ирээд мөргөсөн автомашин дээрээ очтол жолооч нь бууж ирээгүй жолооч хажуудаа 11 сартай гээд нялх хүүхэдтэй хүүхэд уйлаад байна гээд автомашинаасаа бууж ирээгүй. Би тэгээд шууд 102 Дугаарын утас руу залгаж цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд Жаргалтхаан сумаас цагдаагийн алба хаагч нар хүрч ирээд хэмжилт үзлэг хийгээд бид нарыг Жаргалтхаан сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Миний согтуурлыг шалгахад 0.00 хувьтай гарсан. Мөргөсөн автомашины жолоочийн согтуурлыг шалгахад 0.00 хувьтай гарсан...Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл...Би ойролцоогоор 70 км цагийн хурдтай явж байсан. Зам нөхцөл байдал осол болох газар их эвдрэлтэй байсан... Надаас гадна 3 зорчигч сууж явсан. Миний хүзүү хөшөөд байгаа хоёр хажуу тал руугаа харч болохгүй, Батсайхан, Бат-Эрдэнэ хоёрын даралт ихэссэн, Мөнх-Эрдэнийн зүүн талын тохойн яс нь өвдөж байна гэсэн. Одоогоор бол шинж тэмдэг байхгүй байна... Миний автомашины хойд талын хэсэг тэр чигээрээ эвдрэлтэй чихэгдэж орсон, урд талын купер хагарсан, дээр нь автомашин асахгүй байсан...Эмнэлэгт үзүүлсэн. Нарийн мэргэжлийн эмчид хандана... Миний хувьд хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас),
Хохирогч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас гараад Улаанбаатар хот руу 57-22УАВ улсын дугаартай миний өөрийн эзэмшлийн Prius-30 загварын автомашинаар таньдаг ах нарын хамтаар явж байсан. Тэгэхэд 23:00 цагийн орчимд замаар ойролцоогоор 70 орчим км/ц хурдтайгаар явж байхад автомашины араас хүчтэй мөргөсөн. Мөргөсний улмаас автомашинтайгаа замынхаа баруун гар талын шуудуу руу унаж автомашиныхаа баруун урд талаараа газарт мөргөсөн. Тухайн үедээ автомашинаасаа гарч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд миний хүзүү баруун зүүн, дээш доош харах хөдөлгөөнгүй болчихсон, хөдөлгөхөөр хөндүүрлэж өвдөж байсан, өөр ямар нэгэн зовуурь мэдрэгдээгүй. Тэгээд автомашиныг мөргөсөн жолооч дээр нь очиход Prius 20 загварын автомашин байсан ба жолооч нь 25-30 нас эрэгтэй хүн 1 ой орчим настай нялх хүүхэдтэйгээ хоёулхнаа явж байсан жолооч нь хэвийн байдалтай хүүхэд нь уйлсан байдалтай харагдаж байсан Харахад согтуурсан байдалтай харагдаагүй ба ойртож очиход согтууруулах ундаа үнэртээгүй. Улмаар цагдаагийн байгууллагын алба хаагч нар ирсэн... Би тухайн үед жолоо барьж явахад миний автомашины араас автомашинаар мөргөх үед суудлын бүсээ зүүчихсэн байсан учраас толгойгоороо хүчтэй савлаж тухайн гэмтлийг авсан....Би өөрөөсөө ойролцоогоор эмчилгээ, сувилгаа гээд 2,000,000 төгрөгийг зарцуулсан... Би өөрийнхөө автомашинд засварын үнэлгээ хийлгэж автомашинаа 9.600.000 төгрөгөөр үнэлүүлж, 6,000,000 төгрөгөөр зарсан. Надад учирсан эд хөрөнгийн хохирлыг мөргөсөн жолоочийн талаас даатгалаар дамжуулж 4.500.000 олгогдсон ба үлдсэн 4,500,000 төгрөгийг намайг мөргөсөн жолооч Т нь өгч эд хөрөнгийн хохиролгүй болгож барагдуулсан. Эд хөрөнгийн тал дээр нэхэмжлэх зүйл байхгүй... Би дээрх эмчилгээний зардлыг нэхэмжилж байна, гэхдээ одоогоор эмчилгээ үйлчилгээнд хамрагдсан тодорхой баримтууд нь байхгүй байна...” гэх мэдүүлэг ( хх-ийн 37-38-р хуудас),
Гэрч С.Батсайханы зөрчил шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумаас Улаанбаатар хот руу приус-30 маркийн 5722 УАВ улсын дугаартай автомашинтай төрсөн ахын дүү Бат-Эрдэнэ, Мөнх-эрдэнэ, жолооч Ш гэх залуугийн хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан сум өнгөрөөд явж байтал араас гэнэт автомашин ирж мөргөөд түрэгдээд явж байгаад замын хажуу тал руу ус зайлуулах хоолой руу замаас гарч онхолдсон. Тэгээд автомашинаасаа буутал хүүхэд уйлах чимээ гарахаар нь мөргөсөн Приус-20 маркийн бараан өнгийн автомашин дээрээ очсон чинь жолооч эрэгтэй залуу автомашин дотроо нялх хүүхдээ тэвэрсэн сууж байсан. Тэгээд жолооч залуу нялх хүүхдийн биеийн байдлын асуухад нь жолооч залуу надад гайгүй байна гэж хэлэхээр тайвширсан... Манай автомашинд надаас гадна гурван зорчигч сууж явсан. Приус-20 маркийн автомашинд жолоочоос гадна 11 сартай нялх хүүхэд явж байсан. Миний хувьд даралт ихэссэн, толгой дээр бомбойсон, өөрөөр биед авсан бэртэл байхгүй байна...Сайн мэдэхгүй байна. Жолооч залуу аймгаас анх гараад явж байхад зөөлөн явдаг хүүхэд байсан...Жаргалтхаан сумын эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлэгт хандана...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Гэрч Г.Мөнх-Эрдэнийн зөрчил шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сүхбаатар аймгийн Онгон суманд ажил явдалд оролцчихоод Улаанбаатар хот руу төрсөн Г.Бат-Эрдэнэ, эгч Батсайхан, Жолооч Г.Ш гэх хуурай дүү нарын хамт Улаанбаатар хотын чиглэлд онгон сумаас 13 цагийн үед гараад 23 цагийн үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр өнгөрөөд явж байтал би тухайн урд талын суудалд сууж явахад гэнэт араас тас гээд дуу гараад явсан тухайн үед автомашин ирж мөргөсөн гэж бодоогүй, дугуй хагарсан юм болов уу гэж бодоод тэгээд замын хажуу тал руу жолоодлогогүй болоод гарах шиг болсон. Автомашинаасаа буугаад гадаа жоохон зогссон тэгсэн мөргөсөн автомашинаас хүн бууж ирэхгүй байхаар нь согтуу болов уу гэж бодоод яваад очтол жолооч нь автомашин дотроо хүүхдээ тэврээд сууж байсан.. Манай автомашинд надаас гадна гурван хүн байсан. Приус-20 маркийн автомашинд хүүхэдтэйгээ хоёулаа явж байсан. Тухайн үед эмнэлэгт ирээд даралтаа үзүүлэхэд өндөр байсан. Зүүн гар тохойгоороо хөндүүр байна...70 км цагийн хурдтай явж байсан... Жаргалтхаан сумын эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлэгт хандана...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очирын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7955 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Ш-ын биед хүзүүний 7-р нугалмын их биед зөрүүгүй сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид еренхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт ( хх-ийн 56-57-р хуудас),
Тэнцвэр Эстимэйт ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Д.Амгалан, Б.Амаржаргал нарын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14657 дугаартай “...Г.Ш-ын эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 57-22 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг 8,745,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 58-66-р хуудас),
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар ( хх-ийн 114, 116-р хуудас),
Шинжээч Г.Пүрэвдоржийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Шүүгдэгч Б.Т-ийнМонгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Г.Ш-ын биед хүзүүний 7 дугаар нугалмын их биед зөрүүгүй сэлтэрсэн хугарал бүхий гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Б.Т нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэнд, эд хөрөнгө,...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.Т нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Г.Ш-ын эрүүл мэндэд эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Хохирогч Г.Ш эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан баримтаар уг хохирол нь тогтоогдохгүй байх тул эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Т-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Тнь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 90-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Тнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох хийлгэх ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Тнь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-турьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2239002170189 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Баатарболдын Т-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баатарболдын Т-ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-тоногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Тнь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2239002170189 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Ш нь эмчилгээний зардал 2,000,000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Т-аасиргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР