| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2022/0122/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/134 |
| Огноо | 2023-06-16 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Ө |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/134
2023.06.16 2023/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:24.6
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Өнөбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Шүүгдэгч Б.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасанхүүгийн А-д холбогдох эрүүгийн 2339000000149 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ань Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багийн нутаг "Баянцагаан" гэх Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим, мөн тус газраас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим ганцаараа "Мон-Урал" гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн эх биетэй цайвар ягаан өнгийн тагтай бензин моторт гинжит хөрөө ашиглаж, босоо шинэс төрлийн 10.9 м³ модыг хууль бусаар бэлтгэж, 1,6 хэмжээтэй болгон тайрч, улмаар 39-45 УЕЕ улсын дугаартай "Портер-2" маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 1.838.339 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000149 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 2-8-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 122-126, 127-131-р хуудас),
Шүүгдэгч Б.А-ий мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Б.Х-ын (хх-ийн 15-16-р хуудас), гэрч Ц.Батсүхийн (хх-ийн 23-24-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Биндэр-Ой сум дундын ойн ангийн инженер Э.Сайханжаргалын 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт (хх-ийн 41-42-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШД-89 дугаартай: “...Hyundai Porter-2 маркийн тээврийн хэрэгслийг 13.100.000 төгрөг, гинжит хөрөөг 200.000 төгрөг нийт 13.300.000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 47-50-р хуудас),
Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 108-р хуудас),
Байгаль орчин, аялал жуулчлалын яам Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай албан тоот, газрын зургийн хавсрал (хх-ийн 110-111-р хуудас),
Шинжээч С.Амгаланбаатарын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт, хавсралт (хх-ийн 139-142-р хуудас),
Гэмт хэргийн хохирол нөхөн төлсөн тухай Хаан банкны банк хоорондын мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 145-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавалагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 79-81, 97-99-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000000149 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Өнөбат шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А нь Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багийн нутаг “Баянцагаан” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим, мөн тус газраас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим босоо шинэс төрлийн 10.9 м3 модыг хууль бусаар бэлтгэж, 1.6 хэмжээтэй болгон тайрч, улмаар 39-45 УЕЕ улсын дугаартай “Портер-2” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 1.838.339 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэм буруугаа чин санаанаасаа хүлээн зөвшөөрч байгаа...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Б.А нь Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багийн нутаг "Баянцагаан" гэх Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим, мөн тус газраас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим босоо шинэс төрлийн 10.9 м³ модыг хууль бусаар бэлтгэж, 1,6 хэмжээтэй болгон тайрч, улмаар 39-45 УЕЕ улсын дугаартай "Портер-2" маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 1,838,339 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.А-ий мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хойд талд байдаг хөрш айлын ах Сүхээ /Батсүх/ ахын хамт ахын хүргэн Хүдрээ гэх айлд миний ахын эзэмшлийн 39-45 УЕЕ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй тухайн айлд сав суулга хүргэж өгчхөөд буцаад гэр рүүгээ явах замдаа Сүхээ ахад түлээний мод авъя сумын төвөөс модны зөвшөөрөл авчихсан юм чинь гэж хэлээд Баянцагаан гэх уулын ойролцоо явж байгаад уулын баруун энгэрээр нь тойрч, баруун хойд талаас нь мод руу орсон. Тухайн ойд намайг мод авахаар очиход маш их хэмжээний мод унагаж тайрсан, авсан газар байсан ба бид хоёрыг очих үед нэг цагаан өнгийн портер маркийн машин мод ачаад явж байсан юм. Мөн бид хоёрын очсон газрын ойролцоо цахилгаан хөрөө дуугарч байсан учраас бид хоёр тухайн газраас мод бэлтгэж болдог юм байна гэж бодож тухайн газарт харж байгаад хүн хөрөөдөж, орхисон бололтой газарт байсан 5 ширхэг урт модыг, би өөрийн эзэмшдэг ногоон өнгийн гинжит цахилгаан хөрөөгөөр жижиглэж хөрөөдөөд машиныхаа тэвшний өргөнд нь тааруулж тайрсан. Тэр үед Сүхээ ах машиндаа сууж байсан ба би модоо бэлтгэж, дуусаад машиндаа ачихдаа Сүхээ ахыг хамт мод өргөөд, ачилцаад өгөөч гэж хэлсэн чинь нуруу нь болохгүй байна гэж хэлээд ачилцаж өгөөгүй. Тухайн үед би ганцаараа бэлтгэсэн модоо 39-45 УЕЕ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн тэвшийг дүүргэж ачаад орой 17:00 цагийн орчимд Баянцагаан гэх газраас хөдлөөд 18:00 цагийн үед сумын төвд байдаг хашаандаа очоод буулгаж хураасан. Харин маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд сумын төвөөс Баянцагаан гэх газрын ойд их хэмжээний энд тэнд унагаж, тайрч орхисон моднууд байсан учраас түүнээс дахин авч түлээнд ашиглахаар ганцаараа очоод тойрч явж байгаад ганцаараа, 39-45 УЕЕ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн тэвшийг дүүртэл мод ачаад 17:00-18:00 цагийн хооронд сумын төвд явсан. Ачсан модоо Батсүх ахынд буулгаж өгсөн...Би тухайн үед 10 метр куб мод бэлтгэх эрхийн бичгийг Дадал сумын ойн байцаагч Батзориг гэх хүнээс авсан байсан. Одоогоор яг хэдэн сарын хэдний өдөр авсныг нь санахгүй байна. Тус модны эрхийн бичигт бичигдсэн газар нь Асгат гэх газрын нэр байсан ба би "Асгат" гэх газрыг нь мэдэхгүй, Баянцагаан гэдэг уулыг андуураад, тухайн газарт өөр хүмүүс мод бэлтгэж, хөрөө дуугарч байсан тул Асгат гэх газар нь мөн байх гэж бодоод мод бэлтгэсэн боловч сүүлд нэрийг нь мэдэхэд Баянцагаан гэдэг улсын тусгай хамгаалалттай газар байсан....Би тухайн газрыг тусгай хамгаалалттай газар гэж мэдээгүй...Би өөрийн гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 2-9-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 122-126, 127-131-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие Онон-Балж БЦГ-ын байгаль хамгаалагчаар 2022 оноос хойш ажиллаж байна. Миний хариуцсан Онон-Балж БЦГ-ын А хэсэг болох Баянцагаан гэх Улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэсэн гэх гомдолд тус байгууллагыг төлөөлж хохирогчоор оролцох нь зүйтэй гэж үзэж Онон-Балж тусгай хамгаалалтын газрын даргын А/13 тоот тушаалаар томилогдсон би тухайн үед Сумын төв дээр ажилтай байсан тул мэдээгүй байгаад дараа нь мэдсэн... Миний хувьд Биндэр сумын сум дундын ойн ангиас гаргах ойн экологи-эдийн засгийн үнэлгээгээр гарсан нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үед албан ёсоор гомдолгүй гэсэн хүсэлтээ гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),
Гэрч Ц.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 03 сарын 05-ны гэртээ байж байтал манай урд талын хөрш айлын залуу болох Б.А12 цагийн үед ирээд Би түлээний модонд явах гэж байна та цуг хань болоод яваад өгөөч ээ гээд гуйгаад байсан. Тэгэхэд нь би татгалзтал та очоод модонд хүрэхгүй хэрэггүй зүгээр хань болоод явалцаад өг гээд бүр шалаад болохгүй байхаар нь арга буюу цуг явсан юм. Тэгээд бид хоёр сумын төвөөс А-ий хөх өнгийн Портер машинаар сумын төвөөс баруун зүгт байх Баянцагаан гэх уулын баруун энгэрт очоод хамар уруудад нэг газар очсон. Тэнд очиход нь би энэ болдоггүй хүн ордоггүй тусгай хамгаалалттай газар байна өөр зөвшөөрөлтэй газар руу явъя хэл ам болно гэж хэлэхэд А тоогоогүй шууд тэр энгэрт зогсоод өөрийнхөө бензин моторт гинжит хөрөөг тэвшнээсээ буулгаад хөрөөгөө асаагаад ойролцоогоор 5 ширхэг мод хөрөөдөж унагаагаад мөн тэрүүгээр байсан унган ганц хоёр ширхэг мод байсан тэрийг нэмээд машиныхаа өргөнд таарахаар жижиглэж 1 метр гарантаа болгож тайраад А өөрийнхөө машин дээр ачсан миний нуруу муу өвдөөд байсан учраас би ачилцаж ч чадаагүй тэгээд бид тэндээсээ 17 цагийн үед хөдлөөд 18 цагийн үед сумын төв рүү орж ирээд А өөрийн хашаандаа очоод модоо буулгаж эхэлж байхад нь би гэр рүүгээ яваад өгсөн....Б.А өөрийнхөө хөх өнгийн Портер машиндаа мод аччихсан манайд түлээ буулгана гээд ирэхээр нь би хашааны баруун талд хураачих гэж хэлтэл хашааны баруун талд хураачихсан тэгээд яваад өгсөн ийм л асуудал болсон....” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Биндэр-Ой сум дундын ойн ангийн инженер Э.Сайханжаргалын 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай
“...Ойн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.4-д заасны дагуу ойд учирсан хохирлын Экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тогтоож тогтоов. Нийт бэлтгэгдсэн шинэс модны хэмжээ 10.9м3, ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1.838.339 төгрөг болно...” гэх дүгнэлт (хх-ийн 41-42-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШД-89 дугаартай: “...Hyundai Porter-2 маркийн тээврийн хэрэгслийг 13.100.000 төгрөг, гинжит хөрөөг 200.000 төгрөг нийт 13.300.000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 47-50-р хуудас),
Байгаль орчин, аялал жуулчлалын яам Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай албан тоот, газрын зургийн хавсрал (хх-ийн 110-111-р хуудас),
Гэмт хэргийн хохирол нөхөн төлсөн тухай Хаан банкны банк хоорондын мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 145-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ань ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Б.А нь хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 1,838,339 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 5,515,017 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хаан банкны шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан ба шүүгдэгч нь экологи эдийн засагт учруулсан 5,515,017 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхдөө Хэнтий аймгийн Онон Балжийн БЦГ-ын төрийн сангийн 100181213004 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 5,515,017 төгрөгийг төлсөн байна.
Иймд Хэнтий аймгийн Онон Балжийн БЦГ-ын төрийн сангийн 100181213004 тоот данснаас 5,515,017 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ань урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 79-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ань Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5-т тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 20 ширхэг мод тарих, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2339000000149 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 13.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai Porter-2 маркийн 39-45 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Наранцогт гэх хүний нэр дээр байх тул тээврийн хэрэгслийн үнэлгээ 13.100,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, 10.9 м3 шинэс 30 ширхэг шинэс модыг хурааж, улсын орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ханх овогт Баасанхүүгийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Баасанхүүгийн А-г 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5-т зааснаар шүүгдэгч Б.А-д 20 (хорь) ширхэг мод тарих, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Ад хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б.А-ий Хэнтий Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын 100181213004 тоот дансанд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 2,450,160 (хоёр сая дөрвөн зуун тавин мянга нэг зуун жар) төгрөг, 2023 оны 06-р сарын 12-ны өдөр 3.064.857 (гурван сая жаран дөрвөн мянга найман зуун тавин долоо) төгрөг нийт шилжүүлсэн 5,515,017 (таван сая таван зуун арван таван мянга арван долоо) төгрөгийг буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2339000000149 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Hyundai Porter-2 маркийн 39-45 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 13,100,000 төгрөгийг шүүгдэгч Б.А-гөөс гаргуулж, 10.9 м3 шинэс 30 ширхэг шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09, 10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР