Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2020/00093

 


2020 оны 01 сарын 07 өдөр  Дугаар 184/ШШ2020/00093 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Б/-т холбогдох,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 3.050.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр З.Бтай зээлийн гэрээ байгуулж, 16.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүүтэй зээлэн авч, барьцаанд нь 2 ширхэг тээврийн хэрэгслийг тавьсан юм. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр барьцаанд тавьсан Тоёота Сай маркийн автомашиныг буцаан авсан. Энэ төлөлтөнд үндсэн зээлийн 50 хувь болох 8.000.000 төгрөг, зээлийн хүү 640.000 төгрөг нийт 8.640.000 төгрөг төлөх байсан боловч З.Б нь 800.000 төгрөг илүү буюу 9.440.000 төгрөгийг авсан. 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11.210.000 төгрөг төлж Тоёота Приус маркийн автомашиныг буцаан авч гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон. Тус төлөлтөд 8.960.000 төгрөг төлөх ёстой байсан боловч З.Б нь гэрээний хугацаа дуусаагүй байхад Тоёота Приус маркийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, илүү зардал гаргасан. Мөн 2019 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэл 15 хоногийн хүүнд 160.000 төгрөгийг илүү авсан. Хариуцагч З.Б нь зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаагүй байхад алданги тооцож авах үндэслэлгүй, түүнчлэн өөрөө сайн дураараа тээврийн хэрэгслийн торгууль, татвар, үзлэг оношлогооны төлбөрийг төлж зардал гаргасан, барьцааны гэрээнд заасныг зөрчиж барьцааны зүйлийн хадгалалт, хамгаалалтын зардалд нийт 175.000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан тул эдгээр илүү авсан зардал болох нийт 3.050.000 төгрөгийг хариуцагч З.Баас буцаан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч З.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр С ХХК-д 16.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн төлбөрт 8.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 853.000 төгрөг, алдангийн төлбөрт 507.000 төгрөг, барьцаа хөрөнгийн хадгалалтын зардалд 80.000 төгрөг, нийт 9.440.000 төгрөг авч Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг буцаан өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээлийн төлбөрт 8.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 1.030.000 төгрөг, алдангийн төлбөрт 1.825.000 төгрөг, барьцаа хөрөнгийн хадгалалтын зардалд 95.000 төгрөг, барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийн татвар, оношлогоо, торгууль, даатгалын зардалд 260.000 төгрөг, нийт 11.210.000 төгрөгийг авсан болно. Анх барьцааны гэрээг байгуулахдаа барьцаа хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын зардлыг би хариуцахаар тохиролцсон боловч хожим С ХХК-ийн захирал Батхишигтэй харилцан тохиролцож, зогсоолын төлбөрт нийт 175.000 төгрөгийг авсан юм. Нэхэмжлэгч С ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хүүгээ төлөөгүй, үүргээ зөрчсөн тул 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгө болох Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилүүлж авсан. Ийнхүү тээврийн хэрэгслийг шилжүүлж авахад надаас даатгал, торгууль, татвар, оношлогооны зардал гарсан. Эдгээр зардал нь зайлшгүй зардал тул уг мөнгийг буцааж өгөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК нь зээлийн төлбөрт илүү төлсөн гэх 3.050.000 төгрөгийг буцаан шаардсаныг хариуцагч З.Б бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Талууд 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч З.Б нь зээлдэгч С ХХК-д 16.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1 сарын 4%-ийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь сар бүр хүүгийн төлбөрийг, хугацааны эцэст зээлийн үндсэн төлбөрийг буцаан төлөх үүргийг харилцан хүлээж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ-г байгуулж, 1..-6.. УН.. улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл, мөн 46..-..0 УН.. улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг тус тус барьцаалсан байна.

Зээлдэгч буюу нэхэмжлэгч С ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 9.440.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11.210.000 төгрөгийг дээрх зээлийн төлбөрт тус тус төлсөн болох нь баримтаар тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй. /хх 6-7 дугаар тал/

Харин зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, алданги төлөх үндэслэл, хэмжээ, барьцаа хөрөнгийн хадгалалтын зардал болон барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг шилүүлэхэд гарсан зардлыг хэн хариуцах талаар маргажээ.

1.Зээлдэгч С ХХК-иас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 9.440.000 төгрөгийн тооцоог хянавал:

Хариуцагч буюу зээлдүүлэгч З.Б нь дээрх төлбөрөөс, үндсэн зээлийн

төлбөрт 8.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 853.000 төгрөг, алдангийн төлбөрт 507.000 төгрөг, 2 тээврийн хэрэгслийг хадгалсан зогсоолын төлбөрт 80.000 төгрөг, нийт 9.440.000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан байна. Энэ хэсэгт зээлдүүлэгч нь алдангийн төлбөрийг гэрээгээр тохиролцсоноос өөрөөр буюу илүү тооцож авсан байна.

Учир нь, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний 2.6-д: хүүг сар бүр, хугацааны эцэст мөнгөө төлнө хэмээн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хэмжээ болон хугацааг тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр хүртэл буюу 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд зээлдэгчийн гүйцэтгэх ёстой үүрэг нь зөвхөн сар бүрийн хүүгийн төлбөр болох 640.000 төгрөг юм. Иймд зээлдүүлэгч нь сар бүрийн гүйцэтгэх ёстой үүрэг болох 640.000 төгрөгөөс бус зээлийн нийт төлбөрөөс алданги тооцож авсан нь буруу байна.

Иймд, зээлдүүлэгч З.Б нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийн төлбөрт 32.000 төгрөг авах ёстой /640.000*0.5%*10хоног/-оос 507.000 төгрөг буюу 475.000 төгрөгийг зээлдэгч С ХХК-иас илүү авчээ.

Харин, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар, талууд зээлийн гэрээгээр хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болдог ба ийнхүү талуудын харилцан тохиролцсон хүү нь зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих хариу үүрэгт хамаардаг тул хүүгээс алданги тооцох үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

1.    Зээлдэгч С ХХК-иас төлсөн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 11.210.000 төгрөгийн тооцоог хянавал:

Нэхэмжлэгч буюу зээлдэгч С ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 8.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 475.000 төгрөгийн илүү төлөлттэй байсан байна.

Алданги бодох тооцооллын хувьд, илүү төлсөн 475.000 төгрөгийг дараа дараагийн сард төлөх хүүгийн төлбөр 320.000 төгрөгөөс суутгал хийж, үлдэх хүүгийн төлбөрөөс алдангийг цааш бодох ёстой боловч нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр шаардлага гаргаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хэмжээнд маргааныг шийдвэрлэдэг тул суутгал хийсэн хүүгийн төлбөрөөс бус тухайн сард төлөх ёстой байсан хүүгийн төлбөрөөс алдангийг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд, зээлдэгч С ХХК нь зээлийн гэрээний 2.6-д харилцан тохиролцсоны дагуу 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 320.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 320.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 320.000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байсан гэж үзэж, гэрээний 2.7-д заасны дагуу тухай бүрийн хүүгийн төлбөрөөс алданги тооцно. Эдгээрийг тус бүрд нь нэмж тооцвол төлөх ёстой алдангийн хэмжээ нь 172.800 төгрөг болж байна.

Мөн зээлдэгч С ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сар 5 хоногийн хугацаанд, үлдсэн 8.000.000 төгрөгт ногдох хүүгийн төлбөрт нийт 1.013.330 төгрөг төлөх ёстой байна. /1 сарын хүүгийн төлбөр 320.000*3=960.000+5 хоногийн хүү 53.330 төгрөг/

Иймд 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээлдэгч нь зээлийн төлбөрт 8.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 1.030.000 төгрөг бус 1.013.330 төгрөг, алдангийн төлбөрт 1.825.000 төгрөг бус 172.800 төгрөг, нийт 9.186.130 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

3. Барьцаа хөрөнгийн хадгалалтын зардал болон барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг шилүүлэхэд гарсан зардал

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ-ний 3.4-т барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг хадгалах, хамгаалах зардлыг барьцаалагч буюу З.Б хариуцахаар тохиролцсон боловч хожим буюу 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгч талын эрх бүхий этгээдээс барьцааны зүйлийн хадгалалтын зардалд 80.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хадгалалтын зардалд 95.000 төгрөгийн тус тус төлж, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар бодит үйлдлээр анхны хэлцэлд өөрчлөлт оруулсан байна.

Ийнхүү 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ-ний 3.4-т заасан нөхцөлд өөрчлөлт оруулсныг нэхэмжлэгч тал баримтаар няцааж чадаагүй болно.

Иймд тээврийн хэрэгслийг хадгалсан зардалд төлсөн нийт 175.000 төгрөг / 80.000+ 95.000/-ийг хариуцагчаас буцаан гаргуулах боломжгүй юм.

Хариуцагч З.Б нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, зардал гаргасан нь бичгээр байгуулсан барьцааны гэрээний 3.5-д заасныг зөрчсөн, буруу байх боловч тэрээр тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс эрх бүхий этгээдэд заавал төлөх төлбөр болох авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татварт 43.128 төгрөг, авто зам ашигласны төлбөрт 20.000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношлогооны төлбөрт 22.000 төгрөг, торгуулийн төлбөрт 173.536 төгрөг, нийт 258.664 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогджээ. /хх 51-54 дүгээр тал/

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д: Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно. гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн өмчлөгч тал буюу нэхэмжлэгчийн зайлшгүй төлөх үүрэг бүхий 258.664 төгрөгийн өр төлбөрийг хариуцагч төлсөн, энэ хэмжээнд нэхэмжлэгч нь 258.664 төгрөгийг эрх бүхий этгээдэд төлөх үүргээс чөлөөлөгдсөн байх тул уг мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан шаардах эрхгүй юм.

Харин жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд төлсөн 19.800 төгрөг нь З.Бт хамаатай, уг төлбөрийг төлснөөр нэхэмжлэгч нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын төлбөрөөс чөлөөлөгдөхгүй тул уг зардлыг З.Б өөрөө хариуцна.

Ийнхүү хариуцагч нь барьцаа хөрөнгийн өмчлөгчөөс гарах зайлшгүй зардалд, түүний өмнөөс, нийт 258.664 төгрөг төлснийг буцаан авах ёстойгоос 260.000 төгрөг буюу 1.336 төгрөгийг С ХХК-иас илүү авсан байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр зээлдүүлэгч З.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 16.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 1.866.330 төгрөг /853.000+1.013.330/, алдангийн төлбөрт 204.800 төгрөг /32.000+172.800/, барьцаа хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын зардалд 175.000 төгрөг /80.000+95.000/, барьцаа хөрөнгийн өмчлөгчийн зайлшгүй төлөх ёстой төлбөрт 258.664 төгрөг /22.000+43.128+20.000+173.536/, нийт 18.504.794 төгрөгийг зээлдэгч С ХХК-иас авах ёстой байсан боловч 20.650.000 төгрөгийг буюу 2.145.206 төгрөг /Эхний төлөлтөд илүү бодсон 475.000 төгрөгийн алданги+хоёр дахь төлөлтөд илүү бодсон 1.652.200 төгрөгийн алданги+ хоёр дахь төлөлтөд илүү бодсон 16.670 төгрөгийн хүүгийн илүү төлбөр+ 258.664 төгрөгийн зардал гарсан байхад 260.000 төгрөгөөр тооцож авсан буюу 1.336 төгрөгийн илүү зардал/-ийг илүү авсан байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар, иргэний эрх зүйн харилцаанд оролцогч аливаа этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй тул мөн зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу, гэрээгээр тохиролцсон хэмжээнээс илүү төлбөр авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2.145.206 төгрөгийг зээлдүүлэгч З.Баас буцаан гаргуулж, зээлдэгч С ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зээлдүүлэгч З.Б нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж, ашиг олох тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваагүй байх боловч түүнийг байнга ашиг олох зорилгоор, аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэг талаас зээлдүүлэгч З.Б нь гэрээний дагуу хүү, алданги тооцож авах эрхтэй, нөгөө талаас зээлдэгч С ХХК нь илүү төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан З.Баас 2.145.206 төгрөгийг гаргуулан С ХХК-д олгож, нэхэмжлэлээс 904.794 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Баас 49.273 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР