Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0570

 

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0570

Улаанбаатар хот

 

 

 

 

                            “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттогтох,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “А” ХХК,

Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.У, Ж.А,

Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.У, Ж.А нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн НА-1020000038 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0008 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч татварын улсын байцаагч С.У, Ж.А

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х.

Хэргийн индекс: 121/2025/0010/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.У, Ж.А нарт холбогдуулан Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.У, Ж.А нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн НА-1020000038 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0008 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4, 13.1.4а, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн татварын газрын улсын байцаагч нарт холбогдох “Өвөрхангай аймгийн татварын газрын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн НА-1020000038 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 ... Анхан шатны шүүх “татвар төлөгчийг татварын тайлангаар алдагдлаа тайлагнаж баталгаажуулаагүй” гэх үндэслэлээр татварын улсын байцаагчийн актыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэтэл татвар төлөгч нь 2021 оны татварын тайландаа зардлаа хасаж тайлагнасан байх бөгөөд татварын алба тайланг хүлээн авч баталгаажуулсан байхад шүүх энэхүү үйл баримтыг үнэлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасны дагуу шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол буюу “А” ХХК-ийн бодитой гарсан зардлыг хүлээн зөвшөөрч, түүнийг татвар ногдох орлогоос хасч тооцоогүй.

3.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх заалт нь нэхэмжлэгчийн хувьд гарсан алдагдлаа баталгаажуулж, хасч тооцуулах эрхийг нээсэн зохицуулалт юм.

3.3. Татварын ерөнхий хуульд зааснаар татварын хяналт шалгалтын зорилго нь төлбөл зохих татварын ногдлыг тодорхойлж төлүүлэхэд оршдог. Гэтэл анхан шатны шүүх татвар төлөгчийг алдагдалтай тайлан илгээгээгүй гэх үндэслэлээр бодит нөхцөл байдалд гарсан зардлыг хасч тооцох боломжгүй болгож байгаа нь татварын хяналт шалгалтын зорилгыг үгүйсгэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан тайлбарыг гаргасан болно.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий Өвөрхангай аймгийн татварын газрын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн НА-1020000038 дугаар актаар “А” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан бүрэн хяналт, шалгалтыг хийж, 2,041,775,681.17 төгрөгийн зөрчилд 89,047,490.77 төгрөгийн нөхөн татвар, 27,223,588.47 төгрөгийн торгууль, 38,545,887.06 төгрөгийн алданги, нийт 154,816,966.3 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.

4. Нэхэмжлэгчээс уг маргаан бүхий актын тэмдэглэх хэсгийн 1-д “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн эцсийн тайландаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, төлбөрийн баримтаар нотлогдоогүй 2021 онд 1,940,820,909.62 төгрөгийн хасагдах зардлыг 2021 оны тайлангаар гарсан 1,078,940,563.73 төгрөгийн алдагдлаар бууруулж, 2023 оны 69,615,209.73 төгрөгийн хасагдах зардлыг 2023 оны тайлангаар гарсан 69,615,209.73 төгрөгийн алдагдлаар бууруулсан зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4, 13.1.4а-д заасныг зөрчсөн” гэх хэсгийг эс зөвшөөрч шүүхэд хандан

“...2017-2020 онд барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой гарсан бодитой зардал бөгөөд 2021 онд борлуулалтын орлогоор бүртгэж тайлагнасан ..., 2021 онд 1,940,820,909.62 төгрөгийн хасагдах зардлыг 2021 оны тайлангаар гарсан 1,078,940,563.73 төгрөгийн алдагдлаар бууруулж тайлагнасан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуримтлагдсан татварын тайлангаар гарсан алдагдлыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуй нэгжийн орлогын албан тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу ирээдүйд шилжүүлэн тооцно” гэсэн заасанд нийцсэн...” гэх агуулгаар тайлбарлан маргажээ.

5. Анхан шатны шүүх “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1, 13.1.3, 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д зааснаас үзэхэд нэхэмжлэгч компанийн дээр дурдсан өөрийн хөрөнгөөр барилга байгууламж барихтай холбоотой тухайн татварын тайландаа тухай бүрд нь бүрэн тайлагнах эрх, үүрэг нь Татварын ерөнхий хууль болон бусад хуулиар олгогдсон байхад энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

6. Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д “Харьяалах татварын албаар баталгаажуулсан ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлыг тухайн алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан дөрвөн жил бүр албан татвар ногдуулах орлогын нийт дүнгийн 50 хувиар хязгаарлан хасаж тооцно”, 19.9-д “Энэ хуулийн 19.1-д заасан алдагдалд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх татварын жилийн татварын тайлангаар гарсан болон татварын албаны баталгаажуулаагүй алдагдал хамаарахгүй” гэж,

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуримтлагдсан татварын тайлангаар гарсан алдагдлыг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу ирээдүйд шилжүүлэн тооцно” гэж,

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаатай уялдуулан дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна” хэмээн тус тус заасан.

7. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгчийн 2018-2020 онд барилгын ажил гүйцэтгэхтэй холбогдуулан ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлыг татвар ногдох орлогоос хасч тооцох үндсэн нөхцөл нь нэхэмжлэгч тухайн алдагдлыг татварын тайлангаар мэдүүлж, татварын алба баталгаажуулсан байх явдал юм.

Гэвч тухайн тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь тус компанийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан/ хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчийн 2021 оны НА-10210000012 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрч, маргаагүй атлаа 2017-2019 онд тухайн үед нягтлан бодох бүртгэл хийж байсан хүний алдаатай үйл ажиллагааны улмаас зарлагаа дутуу тооцоолон ашигтай тайлан гаргасан нь алдаатай үйл ажиллагаа болсон тул алдагдлыг шилжүүлэн тооцох ёстой байсан гэх үндэслэлээр тус компанийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан бүрэн хяналт, шалгалтыг хийсэн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн НА-1020000038 дугаар нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсгийг хүчингүй болгохоор маргаж буй нь үндэслэлгүй.

 Татварын хууль тогтоомжид заасан татвар ногдох орлогоо үнэн зөв тайлагнах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчийн үйл ажиллагаа нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

8. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 Ц.САЙХАНТУЯА

                     ШҮҮГЧ                                                 М.ЦЭЦЭГМАА

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА