Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 125/ШШ2022/0007

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН ЭВЛЭРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ

БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Я  би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: О.М 

Хариуцагч: Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар “О.М -д сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.М  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар “О.М -д сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Б  шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.М  нь Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхдийн хамгаалал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг бөгөөд 2021 оны 5 дугаар сард Увс аймаг явахдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн Жаргалан өрхийн эмнэлгээс өвчний акт авч, хүний нөөцийн мэргэжилтэнд өгсөн байдаг. Гэвч байгууллагын дарга Ц.Н  нь энэхүү өвчний акт нь үнэн биш, ажил тасалсан, өгсөн үүрэг даалгаврын биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасныг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар О.М -д сахилгын шийтгэл оногдуулсан. Төрийн албаны зөвлөлөөс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны Б/22 дугаар тушаалыг хууль зөрчөөгүй талаар тогтоол гарган ирүүлсэн гэжээ.

Нэхэмжлэгч О.М , хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О  нар эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч О.М  нь маргаан бүхий актыг хүчингүй болгосонтой холбоотой Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ямар нэгэн цалин, тэтгэмж нэхэмжлэх, уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.М  нь Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар “О.М -д сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...хариуцагч нь Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч О.М  нь маргаан бүхий актыг хүчингүй болгосонтой холбоотой Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ямар нэгэн цалин, тэтгэмж нэхэмжлэх, уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх”-аар эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар эвлэрэх эрхтэй.

Хариуцагч Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 39 дүгээр албан бичгээр О.О -д олгосон итгэмжлэлд “эвлэрэх” эрхийг тусгайлан олгосон  байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрэл нь бусдын эрх, хууль ёсны  ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу тус хэргийг нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан О.М -гийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох, “Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар “О.М -д сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЯНЖИНДУЛАМ