Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

 

 

2023          05           15                                   2023/ШЦТ/168

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Т.Ц  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ц-д  холбогдох эрүүгийн 2225007110176 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Т.Ц

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Т.Ц  нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хур зочид буудлын 205 тоот өрөөнөөс М.Б-г Самсунг галакси эс 21 ультра загварын гар утсыг утсаар чинь яриад өгье гэж хууран авч 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ц-г  хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц  мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг барагдуулсан” гэв.

Хохирогч М.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч М.Б-н “2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Хур зочид буудлын 205 тоот өрөөнд Э , Ц гэх залуутай бид гурав орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд байж байсан чинь Ц гэх залуу гар утсаар чинь ярих хэрэгтэй байна гэж хэлээд миний Самсунг галакси эс-21 ултра маркийн гар утсыг авч гарч яваад сураггүй алга болсон. Тэгээд би гадуур хайж явсан юм. Би өмнө нь сайн танихгүй, тухайн өдөр анх удаа танилцсан юм. Нэрийг нь мэднэ өөр нарийн ширийн гэрийн хаяг холбоо барих утасны дугаарыг сайн мэдэхгүй болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм. Э  гэдэг эмэгтэй хүнтэй бол 2022 оны 09 дүгээр сард Орхон аймагт бааранд танилцаж байсан. Өмнө нь ганц удаа уулзаж байсан. Тэгээд сая Орхон аймагт ирээд таараад уулзсан юм. Тэгсэн чинь Ц гэх таньдаг залуу нь гээд нэг залуутай таарсан. Ц гэдэг залуутай бол 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анх удаа уулзаж танилцсан юм. Би гар утсыг эргүүлэн авсан. Т-н Ц гэх хүнээс барьцаалан зээлдүүлэх газрын 250.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 13-19 дэх тал/

2. Гэрч Г.Э гийн “2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн үед Хур буудал ороод 1 шил архи хувааж уугаад байж байгаад 2 цагийн дараа Ц.Б-н гар утсыг аваад утсаар чинь ярьчхаад өгье гэж хэлээд утасных нь кодыг гаргуулж аваад гараад явсан. Тэгээд буцаад орж ирэхгүй байхаар нь би Ц-н дугаар руу залгахаар салгаж байгаад утсаа унтраачихсан тэгэхээр нь буудлын үйлчлэгчээс хамт явсан Ц-н талаар асуухад бид нар өрөө суллаад гарч байгаа шүү гэж хэлээд гараад явчихсан байсан. Б-н  гар утсыг буудал орохын өмнөх өглөө 5-1 дүгээр байранд байх Өсөх дэвжих нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас авсан болохоор тухайн барьцаалан зээлдүүлэх газрын хүний дугаарыг авчихсан байсан юм. Тэгээд Ц-г  дахин барьцаанд тавьчихсан байж магадгүй гэж бодоод барьцаалан зээлдүүлэх газрын хүн рүү ярихад гар утсыг аль хэдийн барьцаанд тавьсан байсан. Батмөнхөд гар утас хаана байгааг хэлээд барьцаалан зээлдүүлэх хүний дугаарыг үлдээгээд би салаад явсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

3. “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-ОРХ/4909 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон “самсунг эс 21 ультра 5 жи загварын гар утас 1,600,000 төгрөг” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 35-38 дахь тал/

4. Яллагдагч Т.Ц-н “2022 оын 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Хур зочид буудал руу 205 тоот өрөө рүү Э , Батмөнх бид гурав орсон юм. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Б-н  гар утсыг авч явж Орхон аймаг Баян-Өндөр сум 5-1 дүгээр байранд байрлах Есөн арвижих ломбардад 250.000 төгрөгөөр тавьж мөнгөө авч Хуримт зочид буудалд өглөө ганцаараа сэрсэн юм. Тэгээд би Булган аймагт ажилтай байсан болохоор Булган руу явж ажил хийчхээд, Улаанбаатар хотод ажиллаж байгаад ирсэн юм. Самсунг эс 21 ултра маркийн хар өнгийн гар утас байсан юм. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 42, 52-53 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Ц  нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хур зочид буудлын 205 тоот өрөөнөөс М.Б-г Самсунг галакси эс 21 ультра загварын гар утсыг утсаар чинь яриад өгье гэж хууран авч 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Ц-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурьдах нь зүйтэй. гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Б-н “Ц гэх залуу гар утсаар чинь ярих хэрэгтэй байна гэж хэлээд миний Самсунг галакси эс-21 ултра маркийн гар утсыг авч гарч яваад сураггүй алга болсон” гэх мэдүүлэг, гэрч Г.Э гийн “Ц.Б-н гар утсыг аваад утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд утасных нь кодыг гаргуулж аваад гараад явсан. Тэгээд буцаад орж ирэхгүй байхаар нь би Ц-н дугаар руу залгахаар салгаж байгаад утсаа унтраачихсан” гэх мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-ОРХ/4909 дугаартай дүгнэлт, Т.Ц-н “Б-н  гар утсыг авч явж Орхон аймаг Баян-Өндөр сум 5-1 дүгээр байранд байрлах Есөн арвижих ломбардад 250.000 төгрөгөөр тавьсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Ц  нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хур зочид буудлын 205 тоот өрөөнд М.Б-г Самсунг галакси эс 21 ультра загварын гар утсыг утсаар чинь яриад өгье гэж авч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-1 дүгээр байранд байрлах “Есөн арвижих” ломбардад 250 000 төгрөгийн барьцаанд тавьж 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.Ц  нь бусдын гар утсыг барьцаанд тавьж мөнгө авч ашиглах зорилгоор хуурч мэхлэн авсан нь  Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч М.Б нь 1 600 000 төгрөгийн үнэ бүхий гар утсаар болон гар утсыг барьцаалан зээлдүүлэх газраас буцааж авсахд зарцуулсан 250 000 төгрөгөөр тус тус хохирсон бөгөөд шүүгдэгч нь 250 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гар утсаа буцааж авсан байна.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ц-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

Шүүгдэгч Т.Ц-д  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овгийн Т-н Ц-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-г  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-д  оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ц-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС