| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2023/0142/Э |
| Дугаар | 2023/ ШЦТ/481 |
| Огноо | 2023-07-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/481
2023 07 07 2023/ШЦТ/481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч О.Т,
хохирогч Ч.М,
нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат,
улсын яллагч Р.Энх-Оюун,
хохирогчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2311000000035 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б ургийн овогт О.Т
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Халх, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч О.Т нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шөнийн 22 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны орцонд хохирогч Ч.Мын “орцонд тамхи татлаа, гэрт утаа нь үнэртээд байна” гэх шаардлагад илтэд дургүйцэн, хэрүүл маргаан үүсгэж, нүүр лүү гараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны цөмөрсөн хугарал, дотор хана, зүүн нүдний ухархайн доод ханын зөрүүтэй хугарал, хамрын яс, таславчийн хугарал, зүүн зовхи, хамрын нуруу, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Шүүгдэгч О.Т нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шөнийн 22 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны орцонд хохирогч Ч.Мын “орцонд тамхи татлаа, гэрт утаа нь үнэртээд байна” гэх шалтгаанаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн оройн 22 цагийн үед гараашнаас багаж аваад лифтэнд суугаад 16 давхарт өөрийнхөө гэр лүүгээ орох гээд явж байтал тамхины утаа үнэртээд байсан тэгтэл манай хүүхэд шатны хонгилд хүн байна гэхлээр нь гэртээ багажаа оруулж тавьчхаад буцаж гараад тамхи татаж байгаа хүнд “манайх руу таны татсан тамхины утаа ороод байдаг та тамхиа гадаа юм муу гараашинд татчих” гэж хэлээд шаардлага тавихад “за за ойлголоо” гээд жаахан дургүй маягтай хэлсэн. ...тэгээд манай үүдний дэргэд байхдаа намайг хана руу шахаж боосон, намайг хүүхэд айлгачихна боль гэхэд тавьсан, би тухайн иргэнд “хүүхдүүдийн дэргэд яаж байна” гэсэн, ...би хүрмээ тайлчхаад буцаад гарч ирэхэд, хаалганы гадаа тухайн иргэн намайг цохисон, миний бие цохиулснаас хойш юу болсон талаар сайн санахгүй манаралтын байдалтай болсон. Гэртээ ороход, харуулаас залгаад цагдаа дуудсан, яав юу болов гээд асууж байсан. Би шууд гэмтлийн эмнэлэг явсан, ...эмч дан хамар чинь биш хацрын чинь яс цөмөрсөн байна гэж хэлсэн. ...хацарын яс эдгэрсний дараа нүүрэнд суулгасан төмрийг авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,
-эд мөрийн баримт СД 1 ширхэг, СД бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9-12 дугаар тал/,
-иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,
-шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 139 дугаартай “1 .Ч.Мын биед зүүн хоншоор ясны цөмөрсөн хугарал, дотор хана, зүүн нүдний ухархайн доод ханын зөрүүтэй хугарал, хамрын яс, таславчийн хугарал, зүүн зовхи, хамрын нуруу, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын цус хуралт гэмтэл тогтоогдлоо., 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна, З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-27 дугаар тал/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №669 дугаартай дүгнэлт зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Б. Шүүгдэгч О.Т нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны орцонд “орцонд тамхи татлаа, гэрт утаа нь үнэртээд байна” гэх шалтгаанаар хохирогч Ч.Мтай маргалдан өөрийн хийж буй үйлдлээ бүрэн ухамсарлан, эрүүл мэндэд нь халдаж зодсон үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас биед нь зүүн хоншоор ясны цөмөрсөн хугарал, дотор хана, зүүн нүдний ухархайн доод ханын зөрүүтэй хугарал, хамрын яс, таславчийн хугарал, зүүн зовхи, хамрын нуруу, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учрахад зориуд хүргэсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч О.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж буй зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн түүний ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо барагдуулах боломжийг нь харгалзан үзэж өдөрт 4 /дөрөв/ цагаар хийлгэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Энэ хэргийн улмаас хохирогч Ч.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 731.550 төгрөгийг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нийт 721.551 төгрөгийн баримт байгаа нь тогтоогдож байх тул шүүгдэгч О.Тээс гаргуулж, хохирогч Ч.Мт олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Уг хохирлыг шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан хохирогчид хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 2 /хоёр/ сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.
Хохирогч Ч.Мын эрүүл мэндэд учирсан хохиролд цаашид эмчилгээний зардал гарна гэдгийг хохирогч мэдүүлж байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа нь хохирогч Ч.Мын эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 2.942.150 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч О.Тээс гаргуулахаар шийдвэрлэж, өөрийнх нь саналыг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О.Тийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Тийг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Тд оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тээс нийт 721.551 /долоон зуун хорин нэгэн мянга таван зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулан, хохирогч Ч.М-д олгож, 2 /хоёр/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тээс 2.942.150 /хоёр сая есөн зуун дөчин хоёр мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 6 /зургаа/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хохирогч Ч.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ