Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 135/2020/00290/И |
Дугаар | 001/ХТ2022/00451 |
Огноо | 2022-04-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2022/00451
“” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 700 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаар магадлалтай,
“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“ **** ****” ХХК, **** нарт тус тус холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 74,904,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Келербекийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариун-Эрдэнэ, Ч.Рэгзэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. “ **** ****” ХХК нь “ **** ****” ХХК, **** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 74,904,714төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагчэс зөвшөөрч, маргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 700 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч “ **** ****” ХХК, хамтран зээлдэгч **** нараас 2017.07.06-ны өдөр талуудын хооронд байгуулсан ЗГ50/1 тоот Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 69,494,663 төгрөг, хүү 9,274,091 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй, үүнээс 2019.11.01-ний өдөр төлсөн 20,000,000 төгрөгийг хасаж тооцон нийт 58,772,154 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** ****ны Дархан салбарт олгож 21,139,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч ****ын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Орхон сум 2-р баг, Энхтал хөтөл 87-р гудамжны 20 тоот хаягт байрлах Ү-2004000531 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000402773 гэрчилгээний дугаартай 240 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймаг, Орхон сум 2-р баг, Энхтал хөтөл 87-р гудамжны 20 тоот хаягт байрлах Г-2004001117 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000311567 гэрчилгээний дугаартай 724.0 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, итгэмжлэлээр Б.Цолмонгийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 11-р баг, 6-р хороолол, 12-р байрны 01 тоот хаягт байрлах Ү-2003005503 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000544931 гэрчилгээний дугаартай 18.0 м.кв нэг өрөө Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2020.03.10-ны өдөр **** ****, төрийн сангийн 100190000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602,674 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ **** ****”ХХК, **** нараас улсын тэмдэгтийн хураамж 451,811 төгрөгийг гаргуулж **** ****ны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.
3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаар магадлалаарДархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Келербекийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,650 төгрөгийг **** сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Келербек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... **** ****ны Дархан салбар анх 2019.05.22-ны өдөр “ **** ****” ХХК, **** нараас 78,998,447 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхийн 3806 тоот шүүгчийн захирамжаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д ...нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй тул зээлийн гэрээ цуцлагдаагүй. Улмаар ****ны зүгээс 2020.03.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхээс зээлийн гэрээг 2019.05.22-ны өдрөөр тасалбар болгон цуцалж үүнээс хойших хугацааны хүү тооцох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн 2019.09.11-ний өдрийн 3806 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гэрээ цуцлагдаагүй, хүү зогсоогүй тул **** зээлийн гэрээний 2.2.7-д зааснаар үндсэн хүүгийн төлбөрөөс хариуцагчийн төлсөн 20,000,000 төгрөгийг суутган нэхэмжилсэн. **** ****ны Дархан-Уул салбарын зүгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хойш зээлдэгч “ **** ****” ХХК, хамтран зээлдэгч **** нарт зээлийн гэрээг цуцлах тухай бичгээр мэдэгдэл өгөөгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нъ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу зээлдэгч зээлээ бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Иймд шүүхээс нэхэмжлэгч тал нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байгаа тул нэмэгдүүлсэн хүүд тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Келербекийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Анхан шатны шүүх хариуцагч “ **** ****” ХХК, **** нараас 58,772,154 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****”-ны Дархан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,139,560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
7. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
8. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “ **** ****” ХХК, **** нараас 2020.03.09-ний өдрийн байдлаар гэрээний үүрэг үндсэн зээл 67,117,146 төгрөг, хүү 7,016,275 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 737,293 төгрөг, нийт 74,870,714 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах...” гэж тодорхойлсон байна.
9. Хариуцагчнар “...2019.05.22-ны өдөр “ **** ****” шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлдүүлэгч тал болох ****ны санаачилгаар гэрээ цуцлагдсан.Гэрээ цуцлагдсанаас хойш 20.000.000 төгрөг төлчихсөн, ...нэхэмжлэлээс 59.768.754 төгрөгийг төлөхийн хүлээн зөвшөөрнө...” гэж мэтгэлцжээ.
10. Зохигчийн хооронд зээл төлөх хэмжээ, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болсон эсэх, нэхэмжлэгч гэрээ цуцлагдсанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй нь маргааны зүйл болсон байна.
11. Хариуцагч “ **** ****” ХХК, ****, **** нар нь 2017.07.06-ны өдөрЗГ50/1 дугаартай зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг “ **** ****” ХХК-тай байгуулж, ****он боловсруулах, тавилга үйлдвэрлэл зориулалтаар 80,000,000 төгрөгийг сарын 2.20 /жилийн 26.40/ хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Дархан-Уул аймаг, Орхон сум 2-р баг, Энхтал хөтөл 87-р гудамжны 20 тоот хаягт байрлах Ү-2004000531 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000402773 гэрчилгээний дугаартай 240 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймаг, Орхон сум 2-р баг, Энхтал хөтөл 87-р гудамжны 20 тоот хаягт байрлах Г-2004001117 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000311567 гэрчилгээний дугаартай 724.0 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Дархан-Уул аймаг, Дархан сум 11-р баг, 6-р хороолол, 12-р байрны 01 тоот хаягт байрлах Ү-2003005503 улсын бүртгэлийн дугаартай, Г-№000544931 гэрчилгээний дугаартай 18.0 м.кв нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан нь тогтоогджээ.
Зээл, барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.
12. Банкнаас зээл олгох гэрээгээр ****, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
12.1. Гэрээний зүйл 80,000,000 төгрөгийг бэлэн бусаар 2017.07.06-ны өдөр зээлдэгч “ **** ****” ХХК /РД:4272838/-ийн **** ****ин дахь 140800253948 тоот дансанд шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно.
13. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.1-д “зээлийн төлбөрийг зээл, хүү эргэн төлөх хугацааны дагуу энэхүү гэрээний 2.1.3-т заасан харилцах дансанд төвлөрүүлэх”, 3.2.4-т “зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.1.6-д заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах” гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцжээ.
Нөгөөтэйгүүр гэрээний 2.1.5, 2.2.4, 2.2.7, 3.2.4-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсан байна.
14. Зээлийн гэрээний 3.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон тул хариуцагч **** нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй.
15. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 3, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.1.11-д тус тус заасны дагуу шаардах эрхтэй.
16. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулан заасан.
16.1. “ **** ****” ХХК-аас 2017.11.15-ны өдрийн №25 тоот албан бичгийн хүсэлтийг“ **** ****” ХХК хүлээн авч, талууд 2017.11.29-ний өдөрзээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулж, нэмэлт гэрээ байгуулсан боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.
17. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “зээлийн гэрээнд зээлдэгч, ...гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж хуульчилжээ.
17.1. Зээлийн гэрээний 2.2.1-д “зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцох бөгөөд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ”, мөн гэрээний 6 дугаар зүйлд гэрээг дуусгавар болох, цуцлах үндэслэлүүдийг заасан байна.
17.2. Нэхэмжлэгч зээлийн гэрээний 4.1.7, 4.1.9, 6.2.1, 6.3-т зааснаар хариуцагч нар зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, түүнээс үүсэх хохирлыг шаардах эрхтэй.
18. Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд гэрээ цуцлагдсан гэж үзэх, хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг л шүүхээс шийднэ.
18.1. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасан зохицуулалт хамаарна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал үүрэг гүйцэтгүүлэгч зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.
18.2. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэсний дагуу “ **** ****” ХХК-д 2019.01.24, 2019.02.14-ний өдрүүдэд зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгч, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний 6.2.1-д зааснаар гэрээг цуцалж, зээлдэгчээс гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй.
19. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл “ **** ****” ХХК-аас нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн гэрээнээс татгалзсан үндэслэлд маргаангүй, цаашид зээлийн гэрээний үүрэг зохих ёсоорбиелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж хоёр шатны шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
20. Анхан болон давж заалдах шатны шүүх “ **** ****” ХХК-аас зээлийн гэрээнээс татгалзаж, 2019.05.22-ны өдөр шүүхэд гаргаснаар уг гэрээг цуцлагдсан талаар дүгнэж, хариуцагч нарынзээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг зээл 69,494,663 төгрөг, хүү 9,274,091 төгрөг, нотариатын зардал 34,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй, үүнээс 2019.11.01-ний өдөр төлсөн 20,000,000 төгрөгийг хасаж тооцон нийт 58,772,154 төгрөг гэж тодорхойлсныг буруутгах боломжгүй.
20.1. Тодруулбал: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3806 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 191800458 дугаар тогтоол ... зэрэг нотлох баримтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.8-д нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
20.2. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.2-т “... **** энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно”, мөн гэрээний 6.3-т “Банк гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгчээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал, төлбөрийг нэн даруй төлөхийг шаардах эрхтэй” гэж зааснаар **** зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болохоор заажээ.
20.3. Нэгэнт “ **** ****” ХХК-аас зээлийн гэрээнээс татгалзаж, 2019.05.22-ны өдрөөр гэрээний үүргийг тодорхойлж, уг гэрээг цуцалж, дуусгавар болгосон, үүнд хариуцагч маргаагүй байх тул энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
21. Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
22. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт найруулга оновчгүй, мөн зохигчийн хоорондох эрх зүйн маргаан буюу нотариатын зардал, зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалсанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг орхигдуулсан байхад давж заалдах шатны шүүх уг алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулна.
Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Келербекийнгомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 700 дугааршийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч “ **** ****” ХХК, **** нараас 58,772,154 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****”-ны Дархан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,139,560 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Келербекийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ