Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2025/0579

 

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2025/0579

Улаанбаатар хот

 

 

                               “Т” ХХК-ийн

                           нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Т” ХХК,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Т, Н.Д,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Т, Н.Д нарын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-252400000** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0497 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

хариуцагч татварын улсын байцаагч Б.Т, Н.Д,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

Хэргийн индекс: 128/2025/0318/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Т, Н.Д нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Т, Н.Д нарын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-252400000** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0497 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-иас Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Т, Н.Д нарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Т, Н.Д нарын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-252400000** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 ... Анхан шатны шүүх маргааны мөн чанар, эрх зүйн харилцааны онцлог, татварын хууль тогтоомжийн зохицуулалтын нарийн төвөгтэй байдал болон хэргийн үйл баримтыг уг хуулийн зорилт, үзэл баримтлал, зохицуулалтын дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж чадаагүй.

3.2 Татварын хяналт шалгалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш цаг хугацаанд хамаарч байгаа бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ 2018 оны 9 дүгээр сард хамаарна.

3.3 Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /тухайн үед үйлчилж байсан/ 8.2-т зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл компанийн хувьцаа эзэмшигч хувьцаагаа бусдад төлбөртэй шилжүүлж орлого олсон нөхцөлд гагцхүү татвар ногдуулна.

3.4 Гэтэл анхан шатны шүүх “эрх шилжүүлж байгаа нь зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр үүссэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компанийн 49 хувийг бусдад шилжүүлснээрээ эрх борлуулсны орлого олсон үйлдэлд хамаарна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

3.5 Тусгай зөвшөөрлийг барьцаалсан үйлдлийг бусдад төлбөртэй шилжүүлсэн, эрхээ борлуулж орлого олсон гэж үзэх боломжгүй буюу буцааж шилжүүлж авч “авсан өгснөө харилцан буцаасан” байхад ямар орлого олсон тухай яригдаад байгаа нь ойлгомжгүй.

3.6 Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж, татварын байцаагч нарын актад тусгагдаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй 2018 оны гэрээний асуудлыг дүгнэсэн нь хууль бус.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан тайлбарыг гаргасан болно.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн НА-252400000** дугаар нөхөн ногдуулалтын актаар “Т” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт, шалгалтыг хийж, 232,750,103 төгрөгийн зөрчилд 64,116,720 төгрөгийн нөхөн татвар, 19,235,016 төгрөгийн торгууль, 12,823,344 төгрөгийн алданги, нийт 96,175,080 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.

4. Нэхэмжлэгчээс уг маргаан бүхий актыг эс зөвшөөрч шүүхэд хандан “...нэхэмжлэгчийн эцсийн өмчлөгч З.Н өөрийн хувьцааг Г.Б-д шилжүүлэх үед татварын нөхөн ногдуулалт оногдуулах хууль зүйн нөхцөл байдал үүссэн байж болох байтал татварын хяналт шалгалтын хугацаанд ороогүй гэх шалтгаанаар үл хэрэгссэн атлаа нэг жилийн дараа зээлээ буцаан төлж, хувьцаагаа буцаан авсан үед татвар нөхөн ногдуулсан, Татварын ерөнхий хуулийн үзэл баримтлал, зорилгыг буруу тайлбарлаж, хуульд заасан зарчмыг ноцтой зөрчиж, татвар оногдуулах хууль зүйн нөхцөл байдал байхгүй байхад татвар ногдуулсан... талуудын хооронд хийгдсэн шилжүүлэг нь үүргийн гүйцэтгэлийг (зээлийн гэрээний) хангах зорилгоор хийгдсэн түр зуурын шилжүүлэг байсан бөгөөд ямар нэг татвар ногдох орлогын харилцаа үүсгээгүй байхад татвар ногдуулсан нь хууль бус...” гэх агуулгаар “эрх борлуулсны орлого”-д татвар ногдуулсантай холбогдуулан маргасан.

Харин “2020 онд 19,027,703.00 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлого бууруулсан” гэх зөрчилтэй холбогдуулан маргаагүй.

5. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч компанийн цор ганц хувьцаа эзэмшигч З.Н нь 80 000 ам.долларыг бусдаас зээлж авахдаа уг зээлийн барьцаанд өгсөн “Т” ХХК-ийн 49 хувийн хувьцааг бусдад /Г.Б/ шилжүүлэх замаар компани нь “эрх шилжүүлсний орлого олсон” гэж үзэхээр байна ... нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

6. Тодруулбал, маргаан бүхий үйл баримт болох цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно:” гээд 7.3.1-д “үйл ажиллагааны орлого;”гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно:” гээд 8.1.2-д “эрх борлуулсны орлого;” гэж,

8.2-д “Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна:”, 8.2.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого;”, 8.2.2-д “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого”,

17 дугаар зүйлийн 17.2-т “Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:” гээд 17.2.7-д “эрх борлуулсны орлогод 30 хувиар”,

21 дүгээр зүйлийн 21.5-д “Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” хэмээн тус тус зааснаас үзвэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий нэхэмжлэгч хуулийн этгээд нь хувьцаа шилжүүлэх замаар эцсийн эзэмшигчийг өөрчилсөн, үүний үр дүнд орлого олсон тохиолдолд “эрх борлуулсны орлого”-д ногдох албан татварыг суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлэх үүрэг хүлээнэ.

7. Тухайн тохиолдолд татварын хяналт шалгалт нь хяналт шалгалтын удирдамжид заасанчлан нэхэмжлэгч компанийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийсэн.

Улмаар, “Т” ХХК-ийн эцсийн өмчлөгч З.Н нь Г.Б-аас 80 000 ам.долларын зээлийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулж, уг зээлийн барьцаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалах зорилгоор компанийн 49 хувийн хувьцааны эрхийг шилжүүлсэн гэх үйл баримт нь тухайн хяналт шалгалтын хугацаанд хамаарахгүй.

Харин 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, “Т” ХХК-ийн хувьцаа буцаан шилжүүлэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээгээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэх үндэслэлээр тус компанийн 49 хувийн хувьцааг Г.Б-аас буцаан З.Н-д шилжүүлсэн гэх үйл баримттай холбогдуулан маргаан бүхий татварын нөхөн ногдуулалтыг актыг гаргасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч талаас гаргасан “...зээлийн болон барьцааны гэрээг 2018 онд байгуулж, хувьцаа шилжүүлсэн байхад уг тохиолдолд “эрх борлуулсны орлого”-ыг тооцоогүй атлаа 2019 онд буцаан шилжүүлсэн үйлдэлд татвар ногдуулсан нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн хэргийн оролцогчдын тайлбар, холбогдох бусад баримтаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь татварын хяналт шалгалтын хугацаанд татварын улсын байцаагчийн шаардсан 80 000 ам.долларыг ямар учраас З.Н хувийн дансаараа авсан, зээлийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан болон хүүгийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн талаарх холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй атлаа шүүхэд хандан “...талуудын хооронд хийгдсэн шилжүүлэг нь үүргийн гүйцэтгэлийг (зээлийн гэрээний) хангах зорилгоор хийгдсэн түр зуурын шилжүүлэг байсан бөгөөд ямар нэг татвар ногдох орлогын харилцаа үүсгээгүй, өгсөн авснаа буцаасан” хэмээн тайлбарлаж нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч маргаж байгаа нь үндэслэлгүй. Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах боломжгүй.

8. Харин Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-252400000** дугаар нөхөн ногдуулалтын акт, түүнийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0497 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий үйл баримтад хамааралгүй “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2” дэх заалтыг үндэслэл болгосон нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0497 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2” гэснийг хассан өөрчлөлтийг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

                     ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА