Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 56

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Д.Энхчимэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201501070177 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Л.Отгончимэг

 Улсын яллагч                                              Б.Алтанцэцэг

 Хохирогч                                                      Ч.Одчимэг

 Хохирогчийн өмгөөлөгч                           Ц.Мөнхзаяа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Д.Цэнд-Аюуш

 Шүүгдэгч                                                 Д.Энхчимэг нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр Х.Баянбат, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 35 тоот хашаанд оршин суух /иргэний үнэмлэхний хаяг: Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар баг, Байдлаг/, Хамниган овгийн Дамбын Энхчмимэг /РД:НП71042064/

           Шүүгдэгч Д.Энхчимэг нь 2016 оны 07 дугаар сарын 23-ны оройн 22 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 35 тоот хашаанд Ч.Одчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Энхчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр морио уралдуулсан юм. Тэгээд нөхрийн уясан даага айрагдаад нөхөр бид хоёр уяаны хүмүүстэй хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 35 тоотод хадам аавынд очсон. Хадмынд очиход тэднийд хадам аав, ээжийн таньдаг хүмүүс ирчихсэн байсан бөгөөд манай нөхөр Баянбат тэдгээр хүмүүст морины хишиг гээд нэг шил архи задалж өгсөн. Тэгээд манай нөхөр Баянбатыг ээжийнх нь эгч гэр рүүгээ аваад явсан. Би хадам аав, ээж хоёрыг харахаар үлдсэн. Би хадам аав, ээж хоёрыг унтуулчихаад нөхрийн дүү болох Энхцэцэгийнд ороход Энхцэцэгийн найз Одчимэг байсан ба бас манай дүү Идрээ агсраад байхаар нь Энхцэцэгийн гэрт унтуулчихсан байсан юм. Тэгээд Энхцэцэгийн гэрт ороод сууж байгаад бид нар найр наадам болж байгаа юм чинь гээд архи авч уухаар болоод Энхцэцэгийн найз гээд нэрийг нь мэдэхгүй нэг залууг архинд явуулчихаад байж байтал Одчимэг надад “та яагаад нөхрөө айл руу явуулчихаж байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “хадам аав, ээжийг харах гээд үлдчихсэн юм” гэж хэлсэн чинь “та арчаагүй болохоор нөхрөө өгч явуулж байгаа биз дээ, тэгээд байвал нөхрийг чинь аваад суучихна шүү, гурван хүүхдийг чинь өнчрүүлнэ, би танаас заавал нэг юм салгана даа” гээд сонин сонин юм яриад байхаар нь гэнэт уур хүрээд түлхэж унагаагаад нүүрийг нь маажчихаад гараад явчихсан юм... Би “эгч нь нөхрийгөө амраах гэж байгаа юм” гэхэд “чи арчаагүйдээ нөхрийгөө өгөөд явуулчихлаа шүү дээ” гэж олон удаа хэлсэн. Миний уур огцом хүрээд Одчимэгийн нүүрийг маажиж, самардсан, энэ үйлдэлдээ гэмшиж буруугаа хүлээж байгаа. Хэрэгт нэхэмжилсэн мөнгийг авчирсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ч.Одчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр орой 18 цаг болж байхад би Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсгийн 11а тоотод гэртээ байж байтал манай найз Энхцэцэг миний утас руу залгаад “манайд хүрээд ир, ярих юм байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 35 тоотод Энхцэцэгийн гэрт очсон чинь тэднийд Төв аймгийн Баянжаргалан сумаас ирсэн найз нь гээд нэг залуу, 3 хүүхэд нь байсан. Тэгсэн чинь Энхцэцэг “найз нь маргааш Төв аймгийн Баянжаргалан явах гэсэн юм, найздаа машинаар цуг яваад өгөөч” гэхээр нь “би маргааш ажилтай, найзад нь ямар ч боломж байхгүй” гэж хэлсэн. Тэгээд Энхцэцэгийн гэрт хүүхдүүдтэй нь тоглоод сууж байтал Энхцэцэгийн ээж нь орж ирээд “баяр наадам болж байна, энэ охиныг гэрт оруулж хоол идүүл” гэж хэлсэн. Тэгээд би Энхцэцэгийн ээжийн гэрт орсон чинь их олон хүмүүс цуглачихсан, хорхог хийчихсэн байсан. Намайг хоол идээд сууж байтал Энхцэцэгийн ах Бааяа орж ирээд “морь айрагдчихлаа, галынхаа хүмүүстэй явж байна, морины хишиг” гээд нэг шил Болор архи, нэг сүүтэй авч ирээд аавдаа өгч байсан. Тэгээд уг архинаас морины хишиг гээд бүх хүмүүс амссан. Тэгээд Энхцэцэг, Энхцэцэгийн найз Очироо бид гурав Энхцэцэгийн ээжийнх нь гэрээс гараад Энхцэцэгийн гэрт ороод юм яриад сууж байтал Энхцэцэгийн ах Бааяагийн эхнэр Чимгээ ороод ирсэн. Тэгээд Чимгээ орж ирчихээд “манай нөхрийг ээжийн найзууд нь аваад явчихлаа, намайг авч явсангүй, би хэрэггүй юм байгаа биз, манай нөхөр л хэрэгтэй юм байлгүй дээ” гэж яриад байж байснаа Чимгээ эгч “бүгдээрээ баяр болж байгаа юм чинь архи ууя” гэж хэлсэн. Тэгээд Энхцэцэг 10000 төгрөг, би 5000 төгрөг, Чимгээ эгч 5000 төгрөг гаргаж ирээд Энхцэцэгийн найз Очироог архинд явуулчихаад Энхцэцэг, Чимгээ эгч бид гурав гэрийнх нь гадаа сууж байтал Энхцэцэг бие засах гээд 00 руу явахад Чимгээ эгч миний толгой руу гараараа 2 удаа цохьчихоор нь “эгч ээ, миний толгой өвддөг юм, толгой руу битгий цохиорой” гэсэн чинь “чамайг харахаар миний уур хүрээд байна” гэж хэлснээ намайг түлхэж унагаагаад миний нүүрийг маажчихаад яваад өгсөн. ...Би Чимгээ эгчийг уучлалт гуйх гэж байна гэж бодсон. 08 сарын 25-нд эгч нь гэж хүн утасдаад “хэрвээ чи миний дүүтэй тохиролцохгүй юм бол манай дүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгуулж, шүүхийн байгууллагыг баяжуулаад чи хохироод үлдэнэ” гэж хэлсэн. Дараа нь Баянбат ах Чимгээ эгч хоёр утасдаад “ирээд уулзаач” гэхээр нь очоод “эмчилгээний мөнгө 3 сая төгрөг болно” гэж хэлэхэд тэд “бид нар төлж чадахгүй, тэгвэл шорондоо явъя” гэж хэлсэн. ...Нийт 3.543.000 төгрөг нэхэмжилж байгаа, баримтаар 600.000 төгрөг нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Х.Баянбатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн морьдоо Багануур дүүргийн наадамд уралдуулсан чинь миний уясан даага айрагдсан юм. Тэгээд би эхнэр Энхчимэг болон уяаны хүмүүстэйгээ хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 35 тоотод аав, ээж дээрээ очсон. Аав, ээжийнд очиход найзууд нь гээд хүмүүс ирчихсэн байсан, бас манай дүү Энхцэцэгийн найз гээд Одчимэг гэдэг хүүхэн ирчихсэн байсан. Тэнд хоол унд идчихээд байж байхад манай ээжийн эгч намайг гэр рүүгээ авч явсан. Би эхнэр Энхчимэгийг “аав, ээжийг хараад үлд” гэсэн. Тэгээд эгчийндээ очиж хоночихоод маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр аав, ээжийнд ирсэн чинь манай эхнэр Энхчимэг “нөгөө Энхцэцэгийн найз хүүхэн Одчимэг өчигдөр шөнө чамайг авч сууна гээд бөөн хэрүүл хийлээ” гэж хэлэхээр нь “юу яриад байгаа юм, би танихгүй” гэж хэлээд өнгөрсөн. ...Манай эхнэр Энхчимэг, Одчимэгийн нүүрийг маажсан талаар 2016 оны 07 дугаар сарын 24-ний орой  “чамтай сууна, барина гээд дургүй хүргээд байхаар нь нүүрийг нь маажчихсан” гэж хэлэхээр нь л мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн “...Д.Одчимэгийн биед дух, баруун хацар, зүүн хацар, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь хуучин гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна…” гэсэн 09шэ/302 тоот дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

           Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “... Д.Энхчимэгийг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

       Шүүгдэгч Д.Энхчимэг нь 2016 оны 07 дугаар сарын 23-ны оройн 22 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 35 тоот хашаанд Ч.Одчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрийг маажсаны улмаас духны баруун хэсгээр 5х0.2см, 3х0.2см, 2х0.2см, баруун хацарт 6х0.2см, 8х0.2см, хамрын нурууны зүүн хэсгээр 3х0.2см, зүүн хацарт 5х0.2см, 2х0.2см, 1х0.2см, 0.5х0.5см, 3х0.2см арьсны гүн шарх гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Дээрх хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүх эмнэлгийн 09шэ/302 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул уг дүгнэлт, мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.Энхчимэг нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь түүний “…Одчимэг надад сонин сонин юм яриад байхаар нь гэнэт уур хүрээд түлхэж унагаагаад нүүрийг нь маажчихаад гараад явчихсан юм...” гэсэн мэдүүлэг болон Ч.Одчимэгийн нүүрийг маажиж, бие махбодид нь гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогджээ.

Иймд Д.Энхчимэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс 3.250.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 288.200 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад нэхэмжлэлийг баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Энхчимэгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус   удирдлага болгон

  ТОГТООХ нь:

  1. Хамниган овгийн Дамбын Энхчимэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Хамниган овгийн Дамбын Энхчимэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав /5/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Д.Энхчимэгийг торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Энхчимэгээс эмчилгээний зардалд 288.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Одчимэгт олгосугай.
  5. Хохирогч Ч.Одчимэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Шүүгдэгч Д.Энхчимэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шүүгдэгч Д.Энхчимэгт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорохойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шүүгдэгч Д.Энхчимэгт урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Энхчимэгт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.БЯМБАЖАВ