Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 116/ШШ2022/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Ч  сумын 1-р багт оршин суух, Г.Б гийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Дорнод аймгийн Ч  сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан,

             Нэхэмжлэлийн шаардлага: Ч  сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ...Хөдөө аж ахуйн тасгийн  Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг даалгаж,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн олгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б , түүний өмгөөлөгч В.Д ,  хариуцагч Ч  сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Х , түүний өмгөөлөгч Д.У ,  гэрч А.Г , Г.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.Б  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1998 оноос Дорнод аймгийн Ч  сумын Засаг даргын Тамгын газарт ажилд орж,  2003 оноос Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад, 2019 оны 05 дугаар сарын 23-наас Ч  сумын Засаг даргын Тамгын газарт Хөдөө аж ахуйн тасгийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Гэтэл тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Х  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Г.Б г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/14 дүгээр тушаал гаргаж, намайг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би тус сумын Засаг даргын Тамгын газарт   20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан.  Ажиллах хугацаандаа төрийн  албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэн, төрийн албан хаагчийн хувьд ёс зүйг эрхэмлэн, үнэнч шударгаар, хууль тогтоомжийн хүрээнд үр бүтээлтэй ажилласан.

           Сумын Засаг даргын  Тамгын газрын дарга Б.Х  нь миний ажлыг авсан цагаасаа эхлэн, намайг тамгын газраас буюу ажлаас гаргах сонирхолтой байсан төдийгүй, өөрийн эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжийг мөрдөхгүй, байнга дураараа аашилж, төрийн албан хаагчийг ажлаас буруу халах явдлыг удаа дараа гаргаж ирсэн. Намайг ажлаас чөлөөлсөн дээрхи Б/14 тушаал дээр “ажлын байраа чөлөө зөвшөөрөлгүй орхисон, ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан” гэжээ.  Надад ажлын байраа орхисон,  архи согтууруулах ундаа хэрэглэсэн явдал байхгүй. Мөн өөрийн үүргийг зохих ёсоор биелүүлсээр ирсэн, сүүлд  төрийн захиргааны албан хаагчийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг “хангалттай” хэмжээгээр биелүүлж, үндсэн цалингийн 20 хувийн урамшууллыг улирал тутам олгуулахаар шагнуулж байсан. Мөн дээрхи тушаалд Төрийн албаны тухай хуулийн ямар зүйл хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, зөрчил гаргасан гэж намайг гүтгэж байна.

            Би дээрх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 тушаалыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан. Ийнхүү уг өдрөөс ажлаа хүлээлцэж өгсөн. Ингээд гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 06/2009 тоот албан бичгээр 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолыг надад өгсөн. Дээрхи тогтоолд ямар ажиллагаа хэрхэн явуулаад маргааныг ямар хууль зүйн үндэслэлээр шалгасан нь тодорхойгүй, зөвхөн “...Г.Б гийн гаргасан гомдлын шаардлагыг хангахгүй орхисугай” гэж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

               Иймд ...Ч  сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ...Хөдөө аж ахуйн тасгийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүх хуралдаан хүртэлх өдрөөр нөхөн олгуулж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Г.Б  нь хууль бус захиргааны актын улмаас ажлаас чөлөөлөгдсөн.  2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс гомдол гаргах эрх нээгдэж, салбар зөвлөлд хүсэлт гаргасан. Тэгэхэд маргаан хянан шийдвэрлэх журам шинэчлэгдээд төв салбар дээр дээрх асуудлыг шийдвэрлэдэг салбартай болсон гэдгийг хэлсэн. Тиймээс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шууданд хийж явуулж, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гомдлоор бүртгэгдсэн байсан. Хуульд заасан хугацааны дотор шуудангийн байгууллагад шилжүүлснээр хугацаа алдаагүйд тооцогдох талаар иргэний хуульд тодорхой заасан байгаа.

               Аливаа захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Ямар хэм хэмжээг баримталж байгаа гэдгээ тодорхой заасан байх ёстой байдаг. Олон хуулийн заалтыг иш татаж байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй  болох нь харагдаж байна. Бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг зааж өгч чадаагүй байна. Хариуцагч тайлбартаа 47.2 дугаар зүйлд заасныг баримталсан гэдэг боловч өөрөө тайлбарлахдаа 47.1.1 дэх хэсэгт заасныг баримталсан гэж ярьж байна,   хангалтгүй гэдгийг юу гэж ойлгож байгаа нь тодорхой бус байна. Албан тушаалтан дураараа үнэлэх боломжгүй юм. 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаан дээр ч гэсэн ёс зүйн зөвлөлөөр хэлэлцүүлэх талаар дурдсан боловч уг зөвлөлөөр хянасан зүйл алга. Өөр өөр журмыг алийг нь өөрөө баримталсан гэдгээ тайлбарлаж хэлж чадахгүй байна. Ажлын байрыг чөлөө зөвшөөрөлгүйгээр орхисон, ажлын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж ярьж байгаа боловч баримтаар нотолж чадахгүй, өөрөө тайлбарлаж хэлж чадахгүй байна. 258 дугаар тогтоолыг баримталсан гэж ярьж байна. Гэтэл архи уусан бол өчиггүй халах ёстой гэж ойлгосон юм шиг байна. Зохих журмын дагуу хариуцлага тооцохоор л заасан байна. Архи уусан эсэхийг зориулалтын багаж, эсвэл шинжээчийн дүгнэлтээр тогтоодог юм. Гэрч, цагдаагийн албан хаагчийн хувьд энэ байдлыг мэдэж байгаа боловч шинжилгээ аваагүй, багажаар шалгаагүй, архи үнэртэж байсан гэдгийг ярьж байна. Г.Б гийн хувьд хөдөө аж ахуйн мэргэжилтэн гэдэг ажил дээрээ хангалтгүй ажиллаад байгаа эсэх нь тодорхой бус байна. Өмнөх Засаг даргын захирамжийг гардуулсан, танилцуулсан зүйл байхгүй байна. Мэдэх ёстой гээд хуулийг хэрэглэхгүй орхиж болохгүй. Мэдэгдээгүй байгаа тул эдгээр актууд хүчин төгөлдөр бус, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт мөн. Үүнээс болж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

              Хариуцагч Дорнод аймгийн Ч  сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Х  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б  нь олон жилийн хугацаанд төрийн албан хаагчаар ажилласан, ахмад ажилтны хувьд бид хүндэлж, хамтран ажиллаж ирсэн. Би 2004 оноос хойш Батсэнгээтэй хамт ажиллаж байна. Г.Б гийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үед ажлын хариуцлага алдаж, өгсөн үүрэг даалгавар цаг хугацаанд биелүүлээгүй, согтууруулах ундаа хэрэглэж, удаа дараа ажлын байрыг 3-5 хоног хаяж явсан тул  2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/12 дугаар захирамжаар сануулах,  2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар 1 сарын цалингийн 20 хувиар бууруулсан. Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын хурал  2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж нийт албан хаагчдад Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг сонсгох ажиллагаа явуулж, танилцуулан хурлын тэмдэглэл хөтөлж, гарын үсгээр баталгаажуулсан. Сар бүрийн 20-25-ны өдөр хүртэл цалин бодож хоногийг ажилласанд тооцож, бүтэн цалин гаргасныг ашиглаж сарын сүүлийн өдрүүдэд ажил тасалсан байсан. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр чөлөө зөвшөөрөлгүй архидан согтуурсан тул ажлаас нь чөлөөлсөн байгаа. Г.Б  бусдыгаа манлайлан ажиллах ёстой байтал,  бусдыг уруу татан архи байнга хэрэглэдэг байсан тул шат дарааллан арга хэмжээ авсан. Аймгийн хөдөө аж ахуйн газрын чиглэл үүргийн дагуу ажиллаж мэдээ судалгааг гаргаж өгөх ёстой байдаг. Гэтэл малчин иргэдийн ноосны судалгааг хүртэл гаргах ажлаа умартаж архи уудаг байсан. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед постонд гарч ажиллаж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, пост эзэнгүй хаяж явсныг сумын цагдаа надад энэ байдлыг танилцуулж, Батсэнгээг над дээр авч ирж өгсөн. Эдгээр үндэслэлүүдээс хамаарч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

           Хариуцагчийн өмгөөлөгч Д.У  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн. 46, 47, 48 дугаар зүйлд сахилгын шийтгэл оногдуулсан, ажлаас чөлөөлсөн шийдвэр байна. Гамшгийн үеийн нөхцөл байдалд хуулийг дагаж мөрдүүлэн ажиллах ёстой байсан. Засгийн газрын 258 дугаар тогтоол нь төрийн албан хаагчдад бүхэлд нь хамаарч байгаа тогтоол юм. Энэ хүний хувьд архи согтууруулах ундаа хэрэглэдэг нь үнэн. Байгууллагын дотоод журмыг Г.Б  маш сайн мэдэж байгаа, хориглосон заалтуудыг  зөрчиж ирсэн. Ажлын байраа чөлөө зөвшөөрөлгүй орхисон боловч энэ асуудалтай  эвлэрдэггүй, нотлогдоогүй гэж тайлбарладаг. 2021 оны 05 дугаар сард 2 хоног ажил тасалсан. Мөн гэрчээр орж байгаа Засаг дарга ...ахмад ажилтан, дарга гээд арга хэмжээ авахгүй яваад байхад улам цаашилж даварсан гэдгийг хэлж байна. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хяналтын пост дээр ажиллаж байсан. Энэ үед Г.Б  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж маргаж байна. Гэхдээ согтуу биш байсан гэдгийг нотолсон баримт алга. Өмнө орой нь архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Цагдаагийн албан хаагч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажилтан пост дээр ажиллаж байна гэдэг мэдээллийг өгсөн байна.  Мэдэгдэх хуудас, илтгэх хуудсыг шүүхэд гаргасан. Мэдэгдэх хуудсыг нөхөж үйлдсэн байж магадгүй гэж тайлбарлаад байх юм. Магадгүй гэдэг үгээ яаж нотлоод байгаа юм бэ? 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлж, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн байгаа. Энэ хооронд ажлаа хийж байсан эсэх нь эргэлзээтэй байна.  Илтгэх хуудсыг  тухайн өдөр бичээгүй гэдэг маргаан өрнөж байна. Тухайн өдөр бичээгүй хэдий ч дотор нь бичигдсэн зүйлс үнэн зөв юм. Г.Б  нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний үед Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг түр орлон гүйцэтгэж байхдаа ,сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлж ажилласан учир 20 хувийн цалинг хасах шийтгэл оногдуулсан. Тамгын газрын хуралдаанд өөрийн биеэр оролцож байсан байна. Энэ байдлыг мэдэхгүй өнгөрөх боломжгүй юм. Өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргахгүй. Г.Б г эргээд төрийн албанд орох эрхгүйгээр халах гээд байсан тул зөөлрүүлж хуулийн  47.2 дахь хэсэгт заасныг баримталсан байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл биш гэв.

         

ҮНДЭСЛЭХ нь:

  

             Дорнод аймгийн Ч  сумын Засаг даргын Тамгын газрын даргын  2021.07.02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн” албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан[1].

            Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Ч  сумын Хөдөө аж ахуйн тасгийн Мал аж ахуйн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Б г, сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021.07.02-ны өдрийн  Б/14 дүгээр тушаалаар[2]  үүрэгт ажлаас нь, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2,  Гамшгаас хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1,  Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн  6.3, 6.4-д заасныг  үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрээр 2021 оны 5-р сард ажил тасалсан, 06-р сард ажил тасалсан харагдахгүй байгаа боловч цалин буусны дараа ажлаа тасалсан, 2021.06.18-ны өдөр “Пост” дээр ажиллаж байх үедээ согтуу байсан, үүнийг цагдаа баримтжуулсан, ...нэг жилд 2 удаа  арга хэмжээ авагдсан 3 дахь удаад нь ажлаас чөлөөлсөн хэмээн тайлбарлаж байгаа болно.

            Нэхэмжлэгч Г.Б гийн тухайд, 2019 оны 05 дугаар сарын 23-наас Хөдөө аж ахуйн тасгийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад, /Тамгын газрын даргын  жирэмсэний амралтын хугацаанд/, сумын Засаг даргын  2020.12.01-ний өдрийн  Б/18 дугаар захирамжаар[3], Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх хугацаанд нь 2021.01.21-ний өдрийн А/12 дугаар захирамжаар[4]  Төрийн албаны тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1-д  заасныг үндэслэн, “Сануулах арга хэмжээ”, 2021.01.26-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар[5], Төрийн албаны тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2,  Гамшгаас хамгаалах тухай хуулийн  52 дугаар зүйлийн 52.1, ... өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй... цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус  ногдуулсан байдаг.

            Гэтэл нэхэмжлэгч нь  2021.01.21-ний өдөр сануулах арга хэмжээ авагдсан талаар мэдээгүй, ...захирамжийг гардуулж танилцуулсан зүйл байхгүй, түүний өмгөөлөгч нь  ...дугаар нь зөрөөтэй  гэсний  дагуу, гэрч Засаг дарга Г.Т  мэдүүлэхдээ, ...”А” дугаарыг бичиг хэргийн ажилтан буруу  олгосон,  ...тухайн  үед хэд хэдэн  үүрэг даалгавар өгч байсан, ... шууд ажлаас чөлөөлөх зарчмыг баримтлаагүй, ... сахилгын шийтгэл хүлээж байснаа мэдэхгүй байх боломжгүй,  тушаал шийдвэрээ өөрөө хянаж танилцуулдаг, өөрөө өөртөө гардуулах, хэрэгжилтийг хангуулах ёстой хэмээн тайлбарлан мэдүүлж байгаа болно[6]. Тэгэхээр ...дээрхи таван өдрийн хугацаанд  хоёр удаагийн арга хэмжээ тооцсон захирамжийг ..., урьдчилан мэдэгдсэн,  гардуулсан,  ...хуулийн дагуу бодит нөхцөл байдлыг тогтоож шийдвэр гаргасан эсэх нь тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар  дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй” юм.

           Сумын  Засаг даргын Тамгын газрын даргын  2021.07.02-ны өдрийн маргаан бүхий   Б/14 дүгээр тушаалд, ...ажлын байраа чөлөө зөвшөөрөлгүй орхисон, ажлын байранд ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг  үндэслэлийн эсрэг  нэхэмжлэгч нь ...ажлын байраа орхисон,  архи согтууруулах ундаа хэрэглэсэн явдал байхгүй,  өөрийн ажил үүргийг зохих ёсоор биелүүлж ирсэн, 2020 оны ажлын гүйцэтгэлээр “хангалттай” биелүүлж үндсэн цалингийн 20 хувийн урамшууллыг улирал тутам олгуулахаар шагнуулж байсан хэмээн мэтгэлзэж байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6.  “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь  хангах”, мөн  хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д  ...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох”, 24.2. “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллага хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”,  24.4.” тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг  захиргааны байгууллага нарийвчлан судлах үүрэгтэй”, мөн хуулийн  26 дугаар зүйлийн 26.1-д “...захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” хуульчилсан.

             Нэхэмжлэгч нь  ... 2021.06.18-ны  өдөр архи  хэрэглээгүй, ...хоёр цагдаа сум руу шууд орно гээд уурлаад байсан талаар тайлбарлаж,  түүний өмгөөлөгч  В.Д нь ажлын байранд  согтуу байсан,  ...согтолттой байсныг  тогтоосон эсэх талаар нотлох баримт байхгүй гэжээ. Шүүх хуралдаанд гэрчээр оролцож буй  А.Г нь  2021.06.18-ны өдөр постонд үүрэг гүйцэтгэж байхдаа, согтуу байсан гэж суманд ажлаар ирсэн цагдаа мэдэгдсэн, ... драйвер ажиллахгүй байсан учир согтолтыг  хэмжиж чадаагүй, өөрөө урьд орой архи уусан  гэж хэлсэн ... мэдүүлж байгаа болно.[7]   Ийнхүү шүүхээс хэргийн оролцогчид тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлзэх зарчмыг хэрэгжүүлсэн болно.   

            Хариуцагч Тамгын газрын дарга нь  нэхэмжлэгч Г.Б г Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2. “энэ хуулийн  47.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана” үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч  шүүх хуралдаанд  Төрийн албаны тухай  хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 “хуульд өөрөөр заагаагүй бол /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” хэмээн тайлбарладаг. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 “төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхтэй холбоотой харилцааг”, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.2 “төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халахтай холбоотой харилцааг” зохицуулахаар хуульчилсан. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь  халах зохицуулалтаар чөлөөлөх тушаал гаргаж  байгаа нь хуульд нийцэхгүй юм.

              Нэхэмжлэгч Г.Б  нь 2021 оны Б/14 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдөх үед Мал аж ахуйн  үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын  үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан учир 2021.01.26-ны өдрөөс 2021.07.02-ныг хүртэлх хугацаа хамааралтай гэж үзнэ.   Тамгын газрын дарга болон ... дээрхи албан тушаалын мэргэжилтэн хоёрын  албан тушаалын ажлын  байрны  тодорхойлолт, зорилго,  зорилт  чиг үүргийн зохицуулалт нь өөр юм.

            Хариуцагч сумын Тамгын газрын дарга нь  ...албан тушаалтныг ажлын  хариуцлага алдаж, зөрчил дутагдал гаргасан тохиолдолд хариуцлага  тооцох эрхтэй  хэдий ч ...тухайн шийдвэрийг  гаргахдаа  ...зөрчил болгонд хамааралтай, үйл баримт болон бодит нөхцөл байдлыг нотлох баримтаар тогтоох, Тодруулбал;  удирдах албан тушаалтнаас  хэзээ хэдийд өгөгдсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох, ямар хугацаагаар хэтрүүлсэн, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн цаг хугацаа, баримт,  “ажлын байр” гэдгийг тодруулах,  ямар хугацаагаар чөлөө зөвшөөрөлгүй орхисон зэрэг тохиолдол бүрийг нарийвчлан  судалж,  холбогдох шийдвэрийг гаргаагүй байгаа нь  хуульд үндэслэх, ...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим алдагдсан гэж үзэхээр  байна.

            Иймд  Дорнод аймгийн Ч  сумын Засаг даргын Тамгын газрын даргын  2021.07.02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Г.Б г урьд эрхэлж байсан албан тушаалд нь  эгүүлэн тогтоож,  Хөдөлмөрийн тухай  хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.  ...ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгох зохицуулалтын дагуу, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор болох 6.671.898 /зургаан сая зургаан зуун далан нэгэн мянга найман зуун ерэн найм/ төгрөг олгогдохоос, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл бусад суутгалыг тооцож олгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

             1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2,  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Г.Б гийн, Ч  сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж,  2021.07.02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан  Хөдөө аж ахуйн тасгийн “ Мал аж ахуйн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн”  албан тушаалд  эгүүлэн тогтоосугай.

            2. Хөдөлмөрийн тухай  /1999 оны/ хуулийн  46 дугаар зүйлийн 46.1,  69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Г.Б гийн ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговортой тэнцэх хэмжээний 6.671,898 /зургаан сая зургаан зуун далан нэгэн мянга найман зуун ерэн найм/ төгрөгнөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж даатгалын дэвтэрт бичилт хийж олгохыг Ч  сумын Засаг даргын Тамгын газрын дарга /Б.Х /-д  даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч  сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч Г.Б д олгосугай. 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт  зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай..

 

           

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.ОЮУН

 

[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 15-р хуудас

[3] Хавтаст хэргийн 85-р хуудас

[4] Хавтаст хэргийн 17-р хуудас

[5] Хавтаст хэргийн 16-р хуудас

[6] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[7] Шүүх хуралдааны тэмдэглэлээс