Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 753

 

МАГАДЛАЛ

 

2018.03.23                                                     Дугаар 753                                 Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/00292 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч МХТ ХХК-д холбогдох,  

 

Олгоогүй үлдсэн цалин 1 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: МХТ ХХК-д 2017 оны зун Гүнж жуулчны баазад туслах ажилтнаар ажилд орсон. Ажил маань улирлын чанартай учраас 2017 оны 10 дугаар сарын 1-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулж, сард 500 000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. 2017 оны 5 дугаар сарын 18-наас ажилдаа орж, мөн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл тус компани нь 70 гаруй хоног ажиллаж байхад 5 дугаар сард ажилласан 10 хоногийн цалин гэж 140 000 төгрөг л өгсөн. Цалингүй ажиллуулаад байсан учир би арга буюу 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлаа орхиж хотод ирсэн. Иймд хариуцагч  2017 оны 6 дугаар сарын 1-нээс 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх 2 сарын цалин 1 000 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдаг. Б.Б ажиллаж байх хугацаанд ажлыг хангалтгүй хийдэг байсан. Ажлын байранд заасан тодорхой ажлуудыг хангалтгүй биелүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ямар ч шалтгаангүйгээр ажил олгогчид мэдэгдэхгүй өөрийн ажлаа хаяад явсан. Ажил хаяж явсан шалтгаан нь тодорхойгүй. Явахдаа баазын бүх ажилчдыг уруу татан авч явах гэж уриалсан байдаг. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар шалтгаангүйгээр мэдэгдэхгүй 3 хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж цалин хөлс олгохгүй гэж заасан байгаа. Тиймээс цалин өгөх үндэслэл байхгүй. Талуудын хөдөлмөрийн гэрээний дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг харилцан тохиролцоод төлөхгүй гэсэн шийдэлд хүрч цалингаа бүтнээр нь авъя гэсэн шийдэлд хүрсэн байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлнэ гээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн олгогдоогүй цалин 1 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МХТ ХХК-иас 1 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт       28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасан маргааны төрөлд хамааралгүй бөгөөд тус хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан шийдвэрлүүлэх боломжтой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг "...65.1.3-65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хэтрүүлсэн. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байтал хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч МХТ ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин 1 000 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...нэхэмжлэгч ажлыг хангалтгүй биелүүлсэн, ажлаа орхиж явсан” гэх үндэслэл зааж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Гүнж жуулчны баазад туслах ажилтнаар 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлаа орхиж явсан тул Хөдөлмөрийн гэрээний 4.4 дэх хэсэгт заасныг үндэслэн “Б.Б-ыг шалтгаангүйгээр 3 хоног ажлаа тасалсан” гэх үндэслэлээр 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон. /хх 52-55 дахь талд/

Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийг сарын 500 000 төгрөгөөр тохиролцсон байх бөгөөд хариуцагч     байгууллага нь 5 сарын цалин 140 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-д олгож, харин 6,7 дугаар сарын цалин олгоогүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож, талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гэж тохиролцсон...” гэх татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг шүүхэд гарган өгөх, үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 2017 оны 6,7 дугаар сарын цалин 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар “...шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх...” боломж байгаа бол урьдчилан шийдвэрлүүлэхээр хэргийг хэрэгсэхгүй болгож болно. Харин хариуцагч МХТ ХХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаг талаар баримт хэрэгт авагдаагүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс цалин хөлс шаардаж байсан гэдэг нөхцөл байдлыг хариуцагч үгүйсгэж, няцаасан тайлбар гаргаагүй бөгөөд энэ талаар талууд маргаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хэтрүүлсэн...” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/00292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

 

                                                            М.НАРАНЦЭЦЭГ