Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 236

 

“Э П Э Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Д.О нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 996 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0231 дүгээр магадлалтай, “Э П Э Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 996 дугаар шийдвэрээр Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг тус тус баримтлан “Э П Э Э Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0231 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 996 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э П Э Э Д” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.   

Нэхэмжлэгч “Э П Э Э Д” ХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Н.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх манай компанийг “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн баталсан байх бөгөөд уг шаардлагад зааснаар нэмэлт төлбөртэй спортын сувгуудыг нөхцөл шаардлагад нийцүүлэхээр эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй байна” хэмээн гомдлын шаардлагад дурдагдаагүй зүйлийг хянан дүгнэсэн.

Хариуцагч судалгааг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын дагуу хийсэн гэх боловч бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлоогүй, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, хүчийг буруу тогтоосон, журамд заасны дагуу судалгаа хийгдээгүй байдаг. Учир нь манай байгууллагын газар зүйн хил хязгаарыг ямар нэгэн тооцоо судалгаа, баримтгүйгээр “Монгол Улс” хэмээн тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх үүнийг “Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгч болох “Ю” ХХК, “Д д ТВ” ХХК, “С к” ХХК, “С” ХХК гэх байгууллагуудтай гэрээ байгуулан тэдгээрээр дамжуулан контентоо Монгол Улсын хэмжээнд хүргэж байгаа, худалдан авагч гэрээт аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь нутаг дэвсгэрийн хувьд зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагддаггүй зэргээс үзэхэд зах зээлийн газар зүйн хил хязгаарыг буруу тодорхойлсон гэж үзэх боломжгүй” хэмээн зөвтгөн тайлбарласан.

Өөрөөр хэлбэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хийгээгүй дүгнэлт, судалгаанд тусгагдаагүй асуудлыг шүүх өөрийн үзэмжээр тайлбарлаж, дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хуульд заасан эрхийн дагуу тогтоож олгодог гэдгийг шүүхийн зүгээс анхаарч үзээгүй.

Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “өмчийн бүх төрлийн аж ахуй нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо ажиллана” гэж заасан байдаг. Шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг нь тусгай зөвшөөрөл олгогчтой гэрээ байгуулахдаа үйлчлэх нутаг дэвсгэр хүртээмжийг заавал тусган, тодорхойлох үйл ажиллагаа байдаг. Энэ үүднээс тусгай зөвшөөрөлд тусгагдсан нутаг дэвсгэрийн үйлчлэх хүрээг тодорхойлж буй нь бүтээгдэхүүн, үйл ажиллагаа хэрэглэгчид хүрэх хүрээ хязгаарыг тогтоож буй хэлбэр гэдгийг шүүх хууль тайлбарлахдаа анхаарч үзээгүй байна. Иймээс шүүх тусгай зөвшөөрөлд тусгагдсан нутаг дэвсгэрийн үйлчлэх хүрээг үл харгалзан зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох нь зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмын 5 дугаар зүйлийн 5.1.1-д “аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг бараа бүтээгдэхүүний хүрээ, газар зүйн хил хязгаараар тодорхойлогдсон зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын нийт хэмжээнд харьцуулж тодорхойлно” гэжээ. Мөн “бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг биет хэмжээ, мөнгөн дүн, шаардлагатай бол үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хүчин чадлыг харгалзан ойролцоогоор тооцож болно” гэж заасан. Гэтэл шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зөвхөн мөнгөн дүнгийн борлуулалтаар тооцон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байтал шүүхийн зүгээс “хууль ёсны байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь үйлдвэрлэл гэдэг бол зардал бөгөөд тухайн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, борлуулалт хийхийн өмнө бүтээгдэхүүнээ бүтээх үйл ажиллагааг хийдэг билээ. Энэхүү бүтээх үйл ажиллагааг борлуулалттай харьцуулсны үр дүнд ашиг үүснэ.

Манай компанийн зүгээс ямагт зардал өндөр гардаг бөгөөд борлуулалтаас зардал их гардаг. Энэ нь борлуулалтыг дан ганц үндэслэн ашиг, төвлөрлийг тогтоох боломжгүйг харуулж байна. Тиймээс дан ганц борлуулалтыг үндэслэн давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь хууль бус юм. Гэтэл шүүхийн зүгээс нийтийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг хуулийг тайлбарлан хэрэглэхгүйгээр хууль ёсны дагуу гэж дүгнэн тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6, Засгийн газрын 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг тус тус үндэслэн Спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд “Э П Э Э Д” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон, нэхэмжлэгч “...дотоодын кабелийн, сансрын болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нар нь манай компанитай гэрээ байгуулж, спортын контентуудыг дамжуулаагүй тохиолдолд хэрэглэгчээ алдах, зах зээлээс шахагдан гарах, дампуурах зэрэг эрсдэлд орохгүй, ...спорт, спортын тоглолтуудыг тодорхой тооны сонирхогч, дэмжигч нарын хүрээнд л үздэг, нийтийг хамарсан ноёлох хэмжээнд хүрээгүй” гэж маргаж, уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, “Э П Э Э Д” ХХК телевизийн олон суваг дамжуулах үйл  ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд “спортын контент” нийлүүлэхдээ “ноёлох үйл ажиллагаа явуулсан, борлуулалтын нэмэлт нөхцөл шаардсан, ялгавартай үнээр борлуулсан, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзсан” гэх гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж, уг зөрчил гаргасныг илрүүлэн “спортын контент нийлүүлэх үйлчилгээ”-ний зах зээлд “давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох” дүгнэлт гаргасан, энэ дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний хяналт, зохицуулалт зах зээлийн судалгааны газраас “давамгай байдалтай”-г тогтоох зорилгоор холбогдох судалгааг хийж, “спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээ”-ний зах зээлийн 94.8 хувийг эзэлсэн, төвлөрлийн түвшин өндөр, өрсөлдөөн хязгаарлагдмал” гэж дүгнэн, давамгай байдалтай  аж ахуй эрхлэгчээр тогтоохоор шийдвэрлэсэн байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж зааснаас үзэхэд тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь нь аж ахуй эрхлэгчийг “давамгай байдалтай” гэж үзэх шалгуур болж, борлуулалтын орлогын хэмжээ уг зах зээлийн 33, түүнээс дээш хувийг эзэлж байвал “давамгай байдалтай аж ахуй эрхлэгч”-ээр тогтоохоор, хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д зааснаар “давамгай байдалтай” эсэхийг судалж тогтоохтой холбогдсон харилцааг Засгийн газрын баталсан журмаар зохицуулахаар заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 2.2-т зааснаар “давамгай байдалтай”-г тогтоохын тулд “бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, зах зээлийн төвлөрлийг тооцох, зах зээлийн хүчийг тодорхойлох” шаардлагатай ба хэрэгт авагдсан судалгааны материалаас үзэхэд харгалзан үзвэл зохих хүчин зүйлүүдийг харгалзаагүй, аргачлалыг мөрдөөгүй, “давамгай байдалтай”-г тогтоох хуулийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ асуудлаар давж заалдах шатны шүүх тодорхой дүгнэжээ.

Тухайлбал, нэхэмжлэгч “Э П Э Э Д” ХХК нь ...World, ...Prime, ....Action, ...Play, ...Plus зэрэг 5 сувгийг онцгой эрхээр сансрын хиймэл дагуулаар хүлээн авч, телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа “Д д” ХХК, “С к” ХХК, ”Ю” ХХК, “Э Б С” ХХК-иудтай байгуулсан гэрээний үндсэн дээр тэдгээрийн телевизийн сувгаар “дамжуулуулан” 2015 онд 1,322,708,600.0 төгрөгийн борлуулалт хийсэн нь тогтоогдсон, үүнийг тухайн үйлчилгээ эрхлэгч бусад аж ахуйн нэгж болох “Н с” ХХК, “В” ХХК-иудын борлуулалттай харьцуулахад уг зах зээлд эзлэх хувь нь 94.79 болсон, зах зээлийн төвлөрлийг “Хэрфинтал-Хэршманы индекс”-ийн аргачлалаар тооцоолоход 9000.8 гэсэн үзүүлэлттэй байгаа нь төвлөрлийн түвшин өндөр буюу өрсөлдөөн хязгаарлагдмал гэж үзэх үндэслэл болсон, кабелийн сувгийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зах зээлд нэвтрэх боломж бага /тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагатай уялдах/ зэргийг уг судалгаагаар тогтоосон байна.

Түүнчлэн уг судалгаагаар спортын төрөлжсөн сувгийн зах зээлийн газар зүйн хил хязгаарыг Монгол улсын хэмжээнд авч үзсэн ба Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “...“зах зээлийн газар зүйн хил хязгаар” гэж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр зах зээлээс худалдан авах боломж нь эдийн засгийн хувьд хязгаарлагдмал нутаг дэвсгэр”-ийг ойлгохоор заасан, үүнийг тогтоох тодорхой шалгууруудын /харьцуулалт, тооцоололт/ дүнд “өрсөлдөөний нөхцөл байдал ялгаагүй” хэмээн газар зүйн хил хязгаарыг “нэг газар зүйн хил хязгаар”-т авч үзэж болохыг “журам”-ын 4.2.5-д тодорхойлсоноос үзэхэд, газар зүйн хил хязгаарыг буруу тогтоосон гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Харин давж заалдах шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлд тусгасан нутаг дэвсгэрт буюу ...World сувгийн үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт, бусад ...Play, ...Prime, ....Action, ....Plus сувгуудын үйлчилгээг Улаанбаатар хотод эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байхад нэхэмжлэгчтэй  гэрээ байгуулсан телевиз радиогийн олон сувгийн дамжуулах зах зээлд үйл ажиллагаа эрхэлж байгаа нэр бүхий компаниудын үйл ажиллагаатай холбогдуулан “зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоосон” мэтээр буруу, алдаатай дүгнэсэн боловч магадлалыг бүхэлд нь буруутгах үндэслэл биш юм.

Анхан шатны шүүх хариуцагчийг захиргааны акт гаргахдаа “давамгай байдалтай”-г тогтоох үндэслэл бүрдсэнийг шалгаагүй буюу Засгийн газрын баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг  зөрчсөн гэж үзэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, бүрэн гүйцэд үнэлэлгүйгээр буруу дүгнэсэн, “бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч” зэрэг шалгуурыг /харгалзаж/ давамгай байдалтайг тогтоох нь зах зээлд эзлэх хувь нь гуравны нэг, түүнээс дээш хувьд хүрсэн “тохиолдолд”-оор уг байдлыг тогтоох ажиллагаанд шууд хамааралтай биш зохицуулалт болохыг анхаараагүй, Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд нотлох баримтыг үнэлж, хариуцагч “давамгай байдалтай” аж ахуй эрхлэгчээр тогтоохоор урьдчилсан ажиллагааг /судалгаа/ хийхдээ “бараа, бүтээгдэхүүний борлуулалт”-ын хэмжээгээр борлуулалтын орлогыг тооцсон нь “Журам”-ын 5.1.1-д заасанд нийцсэн талаар зөв дүгнэсэн ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0231 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ