Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023 /ШТЦ/136

 

 

2023.06.21                    2023 /ШТЦ/136

 

 

 

 

 

MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0124/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч М.Энхмандах, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Иргэдийн төлөөлөгч Ч.Ууганбаяр,

Хохирогч Б.Ө,

Насанд хүрээгүй хохирогч Б.З

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,

Шүүгдэгч Ц.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэндсүрэнгийн Бямбасүрэнд холбогдох эрүүгийн 2239002160140 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн .......................хашааны гадна хэсэгт 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим насанд хүрээгүй хохирогч Б.З-тай"ээжийгээ авч явах гэлээ" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Б.З-ын зүүн гуя хэсэгт зэвсгийн чанартай зүйл буюу нийт 20,5 см урттай цагаан өнгийн төмөр эвхмэл хутгаар 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд зүүн гуяны артери, вен, мэдрэл тасарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн Хэнтий аймгийн .................................................................хашааны гадна хэсэгт 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Б.Ө-ы баруун хөлийн дотор хэсэгт нийт 20,5 см урттай цагаан өнгийн төмөр эвхмэл хутгаар 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд баруун хөлийн дотор хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                   

Шүүгдэгч Ц.Б-гзэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239002160140 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-14 хуудас),

Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл (хх-ийн 14-р хуудас),

 

Хохирогч Б.Ө, Насанд хүрээгүй хохирогч Б.З-ын, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Гэрч П.Лхагважавын (хх-ийн 51-р хуудас), гэрч С.Лхамын (хх-ийн 55-р хуудас), гэрч Э.Наранжаргалын (хх-ийн 59-р хуудас), гэрч  Б.Эрдэнэбилэгийн (хх-ийн 63-64-р хуудас), гэрч Ц.Мөнхзулын (хх-ийн 69-70-р хуудас), гэрч Н.Отгонбаярын (хх-ийн 74-75, 91-92-р хуудас), насанд хүрээгүй гэрч Н.Төгөлдөрийсн (хх-ийн 79-80, 93-94-р хуудас), гэрч Э.Баярсувдын (хх-ийн 84-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 363 дугаартай дүгнэлт (хх-ийн 113-114-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 374 дугаартай дүгнэлт (хх-ийн 155-157-р хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Батноров сумын Эхэнбүрд багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл (хх-ийн 179, 182, 183, 188-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2239002160140 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэвийн шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Бнь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах, сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгчийн хөлс нийт 23,764,055 төгрөгийг гаргуулах саналтай байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б шүүх хуралд гаргасан саналдаа “...Би гомдолтой байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ц.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн талаар маргаангүй...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иргэдийн төлөөлөгч Ч.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байх тул гэм буруутай байна...” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн .........................................................................................хашааны гадна хэсэгт 2022 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим насанд хүрээгүй хохирогч Б.З-тай"ээжийгээ авч явах гэлээ" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Б.З-ынзүүн гуя хэсэгт зэвсгийн чанартай зүйл буюу нийт 20,5 см урттай цагаан өнгийн төмөр эвхмэл хутгаар 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд зүүн гуяны артери, вен, мэдрэл тасарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн Хэнтий аймгийн ......................................................хашааны гадна хэсэгт 2022 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Б.Ө-ы баруун хөлийн дотор хэсэгт нийт 20,5 см урттай цагаан өнгийн төмөр эвхмэл хутгаар 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд баруун хөлийн дотор хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-14 хуудас),

Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл (хх-ийн 14-р хуудас),

Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сумын төвд гудамжинд Ө, З нарыг хутгалж биед нь гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их харамсаж мөн гэмшиж байна...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров сумын төвд байх хүргэн ах Нямцогт гэх айлд байж байхад 2022 оны 05 дугаар сарын 18-ны орой 01 цаг өнгөрөөд 02 цаг болох гэж байхад хамаатны дүү Төгөлдөр бие засах гэж гараад орж ирэхдээ надад танай ээжийн дуу энэ баруун тал гараад байна хүн ээжийг чинь зодоод байх шиг байна гэхээр нь дүү Төгөлдөрийн хамт ээжийн дуу гарсан газар руу очиход Ө гэх айлын хашааны гадаа гудамжинд манай ээж Эрдэнэбилэг, Бабаахай ах, Отгоноо ах гурав хоорондоо маргалдаад манай ээжийн араас Бабаахай ах тэвэрчихсэн байхаар нь би очоод та яагаад байгаа гээд цааш нь түлхсэн чинь манай ээж намайг урдаас тэврээд авсан тэгтэл Бамбаахай ах намайг нүүр хэсэг рүү цохих гэхэд нь би арагш болтол манай ээжийн баруун шанаа хэсэг рүү цохичихоор нь би Бамбаахай ахыг очоод хавирч унагаад дээр нь суутал гэнэт миний зүүн гуяны дотор хэсгээр халуу оргиод ирэхээр нь хартал миний өмд дан цус болоод гоожихоор нь хутгалчихсан байна гэж мэдээд Бамбаахай ахын дээрээс босоод баруун урд хашааны булан чиглээд дахиад араас ирээд  хутгалчих вий гэж бодоод гүйсэн...миний зүүн хөлийн гуяны дотор хэсэгт нэг удаа хутгалсан би эмнэлэгт маш их цус алдаж шоконд орсон байдалтай ирээд гуяныхаа дотор талын шарханд 3 оёдол тавиулсан...Батноров сумын 2 дугаар багт байдаг Бамбаахай ах хутгалсан...Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-25-р хуудас),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сард намайг хөдөө гэртэй ганцаараа байхад сумын эрүүл мэндийн төвөөс таны хүү Б.З нь бусдад хутгалуулсан байна гэж утсаар надад мэдэгдсэн. Тэгэхлээр нь би сумын төвийн эмнэлэгт очсон чинь миний хүү Б.З нь хүнд хутгалуулчихсан байсан. Харин миний төрсөн дүү Мөнхзул нь миний хүүг харж байсан. Тэгээд юу болсон талаар нь дүүгээсээ асуухад миний салсан эхнэр Б.Эрдэнэбилэгтэй хамт амьдардаг залуу Бамбаахай буюу Ц.Б-г хутгалсан гэдгийг нь мэдсэн. Ийм л асуудал болсон... Би маш их гомдолтой байна. 23,764,055 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Бямбасүрэн очоод цохих гээд далайтал Эрдэнэбилэгийн толгой хэсэг рүү цохьчих шиг болсон тэгтэл З уурлаад миний ээжийг яаж байгаан гээд Ц.Б-рүү дайраад, тэр хоёр газар унацгаасан тэгээд дээр Эрдэнэбилэгийн хүү гарч суугаад ноцолдоод байхаар нь би салгах гээд тэр хоёрын нь дундуур орсон тэгтэл З гэнэт босоод гүйгээд алга болсон. Тэгээд би Ц.Б, Эрдэнэбилэг хоёрыг гэртээ дагуулж ороод орон дээр суутал миний баруун хөлийн шилбэ чинэрч өвдөөд байхаар нь хартал гутал дотор дүүрэн цус болчихсон байхаар нь өмдөө дээшлүүлээд харахад миний шилбэний ар хэсгээс мах булцайгаад гарчихсан байхаар нь би Ц.Б-д чи яаж байгаан намайг хутгалцан байна гэж уурласан... тэгээд би Саруул эгчийнд очиход Саруул эгч танайд юу болоод байгаан Б.З хаана байна үхэх гэж байгаа юм бишүү утсаар над руу яриад байна гээд надаас түрүүлээд Оноко гэдэг зээ охиноо дагуулаад гарсан...тэгээд би хөлнөөс цус гараад өвдөөд байхаар нь эмнэлэг дуудсан...намайг эмнэлэг дээр ирэхэд Эрдэнэбилэгийн хүү З эмнэлгийн хүлээн авахын орон дээр хөлнөөсөө цус алдаад хэвтсэн эмч нар гүйлдээд байсан. Би эмчид үзүүлэхэд миний баруун хөлийн шилбэний арын булчин хэсэгт 2 см орчим газар хутгаар дүрсэн байна гээд миний хөлөнд 3 оёдол тавьж, надад дусал тариа хийсэн...Ц.Б, З хоёр ноцолдоод байсан тэгэхдээ Ц.Б хутгалсан байх...тэр өдөр дурангаасаа хуйтай хутга зүүлттэй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-42-р хуудас),

 

Гэрч П.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 18-ны шөнө намайг гэртээ амарч байхад 02 цагийн үед эмнэлгээс яаралтай дуудлага ирсэн. Тэгээд намайг эмнэлэг дээр очиход тус сумын иргэн Б.З нь зүүн хөлийн гуяны урд хэсэгт хутгалуулсан шархтай маш их цус алдсан, биеийн байдал хүнд ирсэн байсан. Б.З-ын биед үзлэг хийхэд ухаан саруул, хэл яриа дультраатсан байдалтай, арьс салст цагаан цонхигор, зүрхний цохилт минутад 112 удаа АД- 70/30-АД-60/20 той, амьсгалын тоо минутад 22 удаа, хэл нимгэн цайвар өнгөртэй, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, халуун 33,10, хэсэг газрын үзлэгээр зүүн гуяны урд дунд хэсэгт хутганы шархтай, шархнаас цус гоожсон байдалтай шархны урт 4 см, гүн нь 1,5-2,0 см байсан. Баруун төмсөг хавдсан эмзэглэлтэй байсан. Ингээд биеийн байдлыг маш хүнд гэж авч үзээд яаралтай тусламжийн арга хэмжээг аваад цагдаагийн байгууллагад мэдэгдээд байж байтал миний гар утас руу 02 цаг 50 минут орчимд .....................иргэн Б.Ө нь хөлдөө хутгалуулсан гэх дуудлага ирсний дагуу бага эмч С.Лхамыг явуулж Б.Ө эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлэгт авч ирсэн. Б. Ө-ы биед үзлэг хийхэд биеийн байдал дунд асуумж авахад архи үнэртсэн байдалтай байсан. Зүрхний хэм 92 удаа АД-100/60-АД-110/70 байсан. Амьсгал 1 минутад 20 удаа, уушги хэвийн, хэл цэвэр, хэвлий зөөлөн эмзэглэлгүй байсан. Хэсэг газрын үзлэгээр баруун хөлийн шилбэний ар хэсэгт хутгалуулсан шархтай, шархнаас цус гарсан байдалтай шархны хэмжээ 3,5 см урттай, гүн 1,5 см байсан тул яаралтай тусламжийн арга хэмжээг авч ажилласан...Намайг асуумж авахад Б.З нь Батноров сумын 2 дугаар багийн иргэн Б-д /Бамбаахай/ хутгалуулчихсан гэж хэлж байсан. Мөн өвчтөн Б Өоос асуумж авахад намайг Б /Бамбаахай/ гэх хүн хутгалсан гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 51-р хуудас),

 

Гэрч С.Лхамын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров сумын ЭМТөвд ажилладаг юмаа 2022 оны 05 дугаар сарын 17-ны өглөөний 08 цаг 30 минутаас 05 дугаар сарын 18-ны өглөөний 08 цаг 30 минутын хооронд тус эрүүл мэндийн төвийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2022 оны 05 дугаар сарын 18-ны 01 цаг өнгөрч байхад манай сувилагч Цэвэлмаагаас хутгалуулсан хүний дуудлага ирлээ гэж утсаар мэдэгдсэн тэгээд би хувцсаа өмсөөд босоход гэрийн гадаа портер ирээд зогссон тэгтэл хутгалуулсан гэх хүний ар гэрийнхэн ирээд надад дүү маань хүнд хутгалуулсан айлын хашааны гадаа хэвтэж байгаа гэсэн тэгээд би явж очиход Давхараагийн дэлгүүрийн урд талд Салхитын 2 дугаар эгнээний баруун талд маш их хэмжээгээр цус алдсан хүн хэвтэж байсан. Тэгээд би очоод толгойг өндийлгөөд Баатараа гэж дуудахад бүдэгхэн айн гэж дугарсан тэгэхээр нь амин үзүүлэлтийг үзэн машинд өргөж суулгаж эмнэлэгт авч очсон. Эмнэлэгт очоод сувилагчаар дусал залгуулж шархны цусыг цэвэрлэж үзлэг хийхэд асуусан асуултад сулхан хариулж байсан, царай цонхийсон байсан тэгээд их эмч Лхагважавыг дуудаж үзүүлж Дараагийн арга хэмжээг авч ажиллаж байхад дахин хүнд хутгалуулсан гэх дуудлага ............................хаягаас ирсэн. Дуудлагад очиход Ө гэх эмэгтэй баруун шилбэнийхээ ар хэсэгт хүнд хутгалуулчихлаа гээд хөлөөс их хэмжээний цус алдсан байдалтай байхаар нь амин үзүүлэлтийг үзэж хэвийн учир анхны тусламж үзүүлж цусыг тогтоож эмнэлэг рүү авч ирсэн... Б.З 16 настай эрэгтэй хүүхэд байсан. Б.Ө 41 настай эмэгтэй байсан...Б.Зыг эмнэлэгт авч ирээд хэнд хутгалуулсан бэ гэж асуухад Бамбаахай гэж хариулж байсан. Мөн Өоос асуухад Бамбаахай намайг хутгалсан гэж хэлж байсан.... Бамбаахай гэж Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар малчин Б гэх залуу байдаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-р хуудас),

Гэрч Э.Наранжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны орой Батноров сумын төвд байдаг Отгонбаяр ахтай хоёулаа 0,75 граммын Соёрхол нэртэй нэг шил архи хувааж уугаад Дахиж нэг шил архи ууя гээд Ундрах зоогийн газрын гадаа ирээд ороход тэнд Өнөр- Отгон, Баярсувд, Эрдэнэбилэг гурав Сэрүүн нэртэй пиво уугаад сууж байсан. Тэгээд Отгонбаяр бид хоёр нийлээд хамт Нийслэл нэртэй пиво аваад цуг сууж ууцгаасан Тэгээд удаагүй байхад гаднаас манай сумын залуу Б орж ирээд бид хэдтэй нийлээд хамт Өых руу очихоор болоод тэр газраасаа 2,5 литрийн Боргио нэртэй 3 сав пиво аваад гарч гараад Өы гэрт бид хэд бүгдээрээ очиж авсан пивоо уугаад юм яриад сууж байтал Баярсувд гэрээс гараад явчихаар нь би араас нь олж авчрах гээд гарсан тэгээд гадаа гараад салхинд цохиулаад тасарчихсан байна лээ өглөө гэгээ орж байхад Ө-ы хашааны баруун талын хашааны гадаа суугаагаараа унтчихсан байсан.... Б.Ө, Б.Эрдэнэбилэг, Ц.Б, Н.Отгонбаяр, Б.Баярсувд бид хэд байсан тэгээд хамгийн түрүүнд Б.Баярсувд гараад явсан би араас нь гарсан, нөгөө хэд гэрт үлдсэн би эргэж гэрт ороогүй... Намайг гэрт байхад тийм зүйл ажиглагдаагүй, хоорондоо юм яриад сууцгааж байсан... Орой нь бид хэдийг хамт явж байхад Ө-ы хөл зүгээр байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 59-р хуудас),

 

Гэрч Б.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тараад Арвижих дэлгүүрт ороод худалдагч Баярсувдын хамт найз Ө-ы гэрт очсон тэгээд бид гурав 22 цаг өнгөрч байхад Ундрах зоогийн газарт очиж 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво авч уугаад сууж байтал гаднаас манай сумын Отгонбаяр, Наранжаргал гэх хоёр залуу орж ирээд бид 3-тай хамт суусан. Тэгээд бид хэдийг пиво ууж байтал гаднаас Бямбасүрэн гэх залуу орж ирсэн, тэгээд бид нартай хамт сууж 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво ууцгаагаад тэгээд тэндээсээ гарах болоод найз Ө-ыд очъё гээд гарахдаа 2,5 литрийн 3 том пиво авсан. Өыд очиход гэрт нь хүн байгаагүй бид нар зургуулаа гэрт нь очоод авсан пиво уугаад юм яриад сууж байсан. Тэгтэл Баярсувд гараад алга болцон тэгэхээр нь би араас нь гарахад 00-д сууж байсан. Тэгээд би очоод оръё гэхэд та орж бай би араас чинь орлоо гэсэн тэгэхээр нь би гэрт түрүүлээд орж ирээд байсан чинь араас Баярсувд хальт орж ирээд удалгүй эргээд алга болцон. Тэгтэл дараахан нь Наранжаргал бас гэрт байхгүй гараад явсан байсан. Тэгээд гэрт Б. Ө, Отгонбаяр бид 4 үлдээд байж байсан тэрнээс хойш би болсон асуудлын талаар юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө болцон 10 цаг өнгөрч байхад Б-гийн гэрт сэрсэн. Тэгээд сэрээд Б-гийн гар утсыг харсан чинь манай ээж Саруултуяа болон миний охин Онончимэг нараас олон дуудлага ирсэн байхаар нь гайхаад ээж рүү залгасан чинь чи хүн мөн үү хүүхэд чинь хүнд хутгалуулчхаад үхэх гэж байхад архи уугаад алга болчих юм гуйлгачин минь хүүхэд рүүгээ очооч гэхээр нь та юу яриад байгаа юм бэ би юу ч санахгүй байна ш дээ хэлээд охин Онончимэг рүү залгаж өчигдөр шөнө юу болсон юм бэ гэж асуухад та ямар сонин юм бэ Баатараа хунд хутгалуулаад хамаг бие нь цусгүй болоод үхэх гэж байхад хаашаа алга болчихдог юм бэ зөндөө залгалаа утсаа аваач гээд загнасан. Тэгэхээр нь ээж нь юу ч санахгүй байна нээрээ юм уу гэхэд манай охин би юу гэж худлаа ярих юм бэ гээд уйлсан. Тэгээд би хэсэг сонин болоод Бямбасүрэнгээс юу болсон юм бэ гэж асуухад би юу ч санахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би өндийгөөд харахад орны урдуур цус болсон байсан энэ юун цус вэ гэж Бямбасүрэнгээс асуугаад татсан чинь гар нь дүүрэн цус болчихсон байсан. Тэгэхээр нь ахиулаад харсан чинь зуун гарын ядам хурууны өндөг нь Нэлээн лав зүсэгдсэн байсан. Тэгтэл Б-гийн 98458668 дугаарын утас руу цагдаа байна гээд 9811-тэй дугаараас залгаад Оюунбилэгээ та хоёр хаана байна гэж асуусан тэгэхээр нь тухайн үедээ сандраад би хөдөө байна гэж худал хэлсэн. Тэгтэл цагдаа намайг битгий худал яриад бай ямар унаатай явсан юм гэж асуухаар нь би хүн гуйгаад унаагаар хүргүүлсэн юмаа одоо унаа дуудаад очлоо гэхэд хэрэг хүндэрхээс өмнө хурдан ир гэж хэлсэн тэгээд би утсаа салгаад босож хувцсаа өмсөх гэсэн чинь би өчигдөр нь өмсөж явсан бүх хувцсаа сольчихсон байсан гайхаад Б-гээс асуусан чинь би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд охиноосоо асуусан чинь би таныг энэ гэрт дагуулж ирээд хувцсыг чинь сольсон гэж хэлсэн.... Эхлээд Б-тэй ярилцъя би өөрөө юу болсон талаар санах гэж хугацаа авахын тулд худал хэлсэн. Тэгээд би юу ч санахгүй байсан болохоор Б-г дагуулаад гарынх нь цусыг угаалгаад цагдаа руу очъё гэж бодоод явж байтал манай сумын хэсгийн төлөөлөгч болон цагдаа Амгаланбаяр нар ирж бид хоёрыг цагдаагийн хэсэг рүү авч явсан.... Надад мэдэх зүйл алга тухайн үед юу болсон талаар санахгүй байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 63-64-р хуудас),

 

Гэрч Ц.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай хүү над руу залгаад Баатараа ах хүнд хутгалуулчихлаа гэж утсаар ярихаар нь хаана юм бэ гэж асуухад Давхараа ахын дэлгүүрийн урд гэж хэлсэн тэгэхээр нь би нөхрийгөө босоорой гээд машинаа асаагаад хамт яваад очиход манай дүү З бөөн цус болчихсон газар хэвтэж байсан. Тэгэхээр нь эмнэлгийн дуудлагын дугаар луу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь би өөрийн биеэр эмнэлэгт очиход сувилагч Цэвэлээ эгчид манай дүү Давхараагийн дэлгүүрийн урд хүнд хутгалуулчхаад байна яах вэ гэхэд надад эмнэлгийн анхны тусламжийн багажаа өгөөд Лхамаа эмч рүү оч гэсэн тэгээд нөхөр бид хоёр Лхамаа эмчийг гэрээс нь аваад дүү рүүгээ очсон. Эмч очоод эмнэлэг аваад явъя гээд бид нар өргөж машинд хийгээд эмнэлэгт ирсэн. Анх намайг очиход надад Бамбаахай хутгалцан гэж хэлсэн...Бамбаахайгийн албаны нэрийг Ц.Б гэдэг... намайг эмнэлэг дээр дүүгээ сахиад байж байхад Лхамаа эмч дахиад хүн хутгалуулсан дуудлага Ө ы гэрээс ирлээ гээд явсан хэсэг хугацааны дараа Ө-ыг Лхамаа эмч авч ирсэн. Өы баруун хөлийн шилбэнд хутгалсан бололтой цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 68-70-р хуудас),

 

Гэрч Н.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэгтэл надад Ө хүнд хутгалуулчихлаа гэхээр нь би гэр рүүгээ шууд харьсан...маргааш өглөө нь эмнэлгээр Батболдын хүү З хүнд хутгалуулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 73-75-р тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Н.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 00:00 цагаас 01:00 цагийн хооронд байх...намайг бие засах гэж гарах үед манайхаас баруун тийш үеэл З ахын ээж Эрдэнэбилэг бололтой хашхираад өөр бас хүмүүс шуугилдаад байсан...тэгэхээр нь би гэрт ороод З ахад ээжийн чинь дуу гараад байх шиг байна гэж хэлсэн чинь З ах гэрээс гүйж гараад хүмүүс шуугилдсан хэсэг рүү явсан...тэгээд З ах ээжийгээ өмөөрч та ээжийг яагаад байгаа юм бэ гэж Бямбасүрэнг түлхсэн чинь Эрдэнэбилэг эгч З ахыг тэвэрч аваад холдуулах үед нь Б, З ахыг цохих гэхэд ах арагшаа бултахад Эрдэнэбилэг эгчийг цохисон. Тэгсэн чинь З ах ээжийг яаж байгаа юм гэж Бямбасүрэнтэй ноцолдож газар унасан...тэр үед Зоригбаатар ах босоод гүйгээд явчихлаар нь хүн цохичхоод зугтаж байна гэж бодоод би ч гэсэн гудамжны араар урд талаар зугтаасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 93-94-р хуудас),

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Ариунзаяагийн  2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 363 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Ө-ы биед баруун хөлийн дотор дээд хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт (хх-ийн 113-114-р хуудас)

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалтуяагийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 374 дугаартай дүгнэлтэд:

1.2. Б.З-ынбиед зүүн гуяны артери, вен, мэдрэл тасарсан хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

3 Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 155-157-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний биед хүнд хохирол санаатай уруулсан” мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан ба шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч хохирогч нарыг хутгалж биед нь хөнгөн, хүнд гэмтэл санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх хуулийн шаардлагыг хангаж байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 

Иргэдийн төлөөлөгч Ч.Ууганбаярын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байх тул гэм буруутай байна гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

 

Хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн, хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүнийн эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Ц.Бнь насанд хүрээгүй хохирогч Б.З, хохирогч Б.Ө нарыг хутгалсан гэмт үйлдэл, түүний улмаас эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учирсан байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг шүүгдэгч Ц.Бнь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Ц.Бнь насанд хүрээгүй хохирогч Б.З-ынэрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.Ө эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Хохирогч Б.Ө нь эмчилгээний зардал үнийн дүн тодорхойгүй нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар эмчилгээний зардал нь тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Б гээс нэхэмжлэх эрхтэй болно. Шүүгдэгч нь хохирогч Б.Өд 836,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.З, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нар нь шүүгдэгчээс сэтгэл санааны хохирол 20 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3 сая төгрөг эмчилгээний зардалд 5,764,055 төгрөг нийт 28,764,055 төгрөгийн хохирлоос шүүгдэгчийн эмчилгээнд нөхөн төлсөн 5 сая төгрөгийн хохирлыг хасаж үлдэх 23,764,055 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.

 

Эмчилгээний болон бусад зардалд: 55,860 төгрөгийн Е баримтууд (хх-ийн 209-р хуудас), 44,650 төгрөгийн Е баримтууд (хх-ийн 210-р хуудас), 21,224 төгрөгийн Е баримтууд (хх-ийн 211-р хуудас), 105,750 төгрөгийн Е баримтууд (хх-ийн 212-р хуудас), 160,000 төгрөгийн Е баримтууд (хх-ийн 213-р хуудас), 65,000 төгрөгийн Е баримтууд (хх-ийн 239-р хуудас), 110,000 төгрөгийн Е баримтууд (хх-ийн 240-р хуудас), 35,775 төгрөгийн Е баримтууд (хх-ийн 241-р хуудас), 761,400 төгрөгийн Е баримтууд (хх-ийн 242-р хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 314,800 төгрөгийн Е баримтууд нийт 1,674,459 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Б.З, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарт 5,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.З, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нар нь өмгөөлөгчид хөлс 3 сая төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх хэдийч насанд хүрээгүй хохирогч Б.З, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нар нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж шүүх үзлээ.

 

Иймд насанд хүрээгүй хохирогч Б.З, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарын нэхэмжилсэн өмгөөлөлийн хөлс 3 сая төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.З, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нар нь сэтгэл санааны хохирол 20 сая төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Бгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас 5,645,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр М.Отгонбаатарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон (хх-ийн 243-244-р хуудас) атлаа түүнээс хэдэн төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа талаар мэдүүлэг аваагүй байх тул 5,645,000 төгрөгийн хохирлыг гаргуулах боломжгүй байна. Иймд иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын зардал 5,645,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Бгээс нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 9 жил хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт 9 жил 2 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна..” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Бнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 7 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналдаа: “...Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Ц.Б-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Бнь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 182-р хуудас)-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Бнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Бнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Цэндсүрэнгийн Бямбасүрэнг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор буюу 2 сарын хугацаагаар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай дүгнэлтээс шүүгдэгчид оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай ялын саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулах нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй харин  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршигт тохирохгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн 223900210140 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн нийт урт 20,5 см төмөр эвхмэл хутга  1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Ц. Б-г 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор буюу 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 4 (дөрөв) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Насанд хүрээгүй хохирогч Б.З, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарын нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн 223900210140 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ө нь эмчилгээнд гарсан зардлаа, насанд хүрээгүй хохирогч Б.З, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нар нь сэтгэл санааны хохирол 20 сая төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын зардал 5,645,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Бгээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн 223900210140 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн нийт урт 20,5 см төмөр эвхмэл хутга  1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй                                        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮХЧ                           Б.УУГАНБАЯР