| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2024/0808/З |
| Дугаар | 221/МА2025/0600 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2025/0600
| Дугаар 221/МА2025/0600 | Улаанбаатар хот |
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж,
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч “М” ХХК,
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд Ш.О,
Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн хавсралтын 20 дугаарт бичигдсэн нэгж талбарын 1780 дугаар бүхий 1077 м.кв газраас нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх хэсэг буюу эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0395 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О,
гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө,
Хэргийн индекс: 128/2024/0808/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас анх шүүхэд хандан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн Ш.Од холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн хавсралтын 20 дугаарт бичигдсэн нэгж талбарын 1780*** дугаар бүхий 1077 м.кв газраас нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх хэсэг буюу эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” хэмээн эцэслэн тодорхойлж маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0395 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/539 дугаар захирамжийн хавсралтын 20 дугаарт бичигдсэн нэгж талбарын 1780 дугаар бүхий 1077 м.кв газар газраас нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөхийн доорх хэсэг буюу эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
...Анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар давхцалгүй гэж дүгнэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доор байгаа газар гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газар хоорондоо давхцаж байгаа эсэх, нэхэмжлэгчийн одоо эзэмшиж байгаа гэх 1468 м.кв газар нь түүний өмчлөлд байгаа 1468.7 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөтэй давхцаж байгаа эсэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу шинжээч томилох байдлаар хэргийг нэг мөр шийдвэрлэх байсан.
Гэвч шүүх дээрх ажиллагааг хийж, шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/126 дугаар албан бичиг, мөн газраас 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2/823 дугаар албан бичгээр ирүүлсэн хариуг үндэслэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эзэмших эрх бүхий газар өнгөөр ялган ирүүлэхэд хоорондоо давхцалгүйгээр ялгарч зурагдсан гэх дүгнэлтийг шийдвэрийн үндэслэх хэсэгт шийдвэрлэсэн бодит байдалд давхцал байгаа эсэхийг нягтлан шалгалгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын кадастрын зурган мэдээллийг үйлдэхдээ хоорондоо давхцалгүй мэтээр үйлдсэн боловч бодит байдал дээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газар хоорондоо давхцаж байгаа болно.
Түүнчлэн гуравдагч этгээд Ш.Огийн эзэмших эрх бүхий газрын хэмжээ Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/613 дугаар захирамжаар 1508 м.кв болон 1077 м.кв талбай өөрчлөгдөж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.
...Гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийн эзэмших эрх бүхий (300+787+1318=2496) газар нэгтгэгдэж гарахдаа Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/613 дугаар захирамжаар 1508 м.кв болон 1077 м.кв талбай болж, газрын хэмжээ (1508+1077=2585) нийт 2585 м.кв талбай бүхий газар нэмэгдэж өмнө эзэмшиж байсан газар дээр (2585-2496=89) нийт 89 м.кв газар нэмэгдэж олгогдсон маргааны гол үндэслэл буюу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшиж буй газар бодит байдал дээр 80 гаруй м.кв талбайгаар давхцаж байгаа нь нотлогдож байна.
Иймээс энэхүү маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэхэд гуравдагч этгээд Ш.Огийн эзэмших эрх бүхий 3 газрын хэмжээ ямар үндэслэлээр 89 м.кв талбай бүхий газраар нэмэгдсэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доор байгаа газар гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газар хоорондоо давхцаж байгаа эсэх, нэхэмжлэгчийн одоо эзэмшиж байгаа гэх 1468 м.кв газар нь түүний өмчлөлд байгаа 1468.7 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөтэй давхцаж байгаа эсэхтэй холбоотой нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулсны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай юм.
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0395 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч болон гуравдагч этгээд талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-д “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй...”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.2-д “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” хэмээн тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “М” ХХК-иас анх “нийслэлийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн иргэн Ш.Од холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцуулах тухай, “М” ХХК-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 тоот захирамжаар эзэмшүүлж байсан газрыг хуучнаар нь буюу 8***нэгж талбарын дугаар бүхий 1469 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах тухай /нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/121 дүгээр захирамжийн дагуу 17** тоот нэгж талбарын дугаар бүхий 1469 м.кв газрыг эзэмшүүлсэн захирамжийг манай үл хөдлөх эд хөрөнгө болох объектын доорх газрын хэмжээгээр олгож үнэн зөвөөр гаргахыг даалгах/” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн 2024 оны 6351 дүгээр шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 221/ШТ2024/665 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэснээр шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон.
Нэхэмжлэгчээс дахин анхан шатны шүүхэд хандан дээрх шаардлага бүхий нэхэмжлэл гарган, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хэдийд ч гаргаж болох талаар хуульчилсан бөгөөд түүнийг заавал дээд шатны байгууллагад хянуулах болон хуульд заасан хугацаагаар хязгаарлах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд хуульд нийцэхгүй...” хэмээн тайлбарласныг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Улмаар, нэхэмжлэгч 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн хавсралтын 20 дугаарт бичигдсэн нэгж талбарын 1780 дугаар бүхий 1077 м.кв газраас нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх хэсэг буюу эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” хэмээн эцэслэн тодорхойлсон.
Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх нэхэмжлэгчээс “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа “хүчингүй болгуулах” хэмээн өөрчлөн тодорхойлсонтой холбогдуулан тухайн төрлийн нэхэмжлэлийн шаардлагад тавигдах хуульд заасан урьдач нөхцөл хангагдсан эсэхийг нягтлан шалгаагүй.
5. Мөн, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нийслэлийн Засаг даргын 2007 оны 63 дугаар захирамжаар эзэмшиж байсан 1468.7 м.кв газрын эзэмших эрхийг мөн Засаг даргын 2022 оны А/1213 дугаар захирамжаар сунгаж шийдвэрлэхдээ “нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн дор байрлах газраас 80 орчим м.кв газрыг хассан” буюу байршил шилжүүлснээр бодит байдалд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн дор газар гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газарт орсон гэх агуулгаар тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүх тухайн маргаан бүхий үйл баримтыг шалгаж тогтоолгүй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2/823 дугаар албан бичгээр Газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэлд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газрууд хоорондоо давхцалгүй хэмээн дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “Ш.Огийн эзэмших эрх бүхий 3 газрын хэмжээ ямар үндэслэлээр 89 м.кв талбай бүхий газраар нэмэгдсэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доор байгаа газар гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газар хоорондоо давхцаж байгаа эсэх, нэхэмжлэгчийн одоо эзэмшиж байгаа гэх 1468 м.кв газар нь түүний өмчлөлд байгаа 1468.7 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөтэй давхцаж байгаа эсэхтэй холбоотой нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Иймд анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0395 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА