Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 116/ШШ2022/0008

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ... сумын ...-р багт оршин суух, А.А-ийн нэхэмжлэлтэй,

                    Хариуцагч: Дорнод аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан   гаргасан,

           Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Б  сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/100 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Б  сумын 2 дугаар багийн нутаг “Хоёр мэлхийт” гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар 2 га газрыг 2018 оны А/26 болон А/81 дугаартай захирамж дахь 000440945 гэрчилгээний дугаартай өвөлжөөний зориулалт бүхий 1 га, 00645467 гэрчилгээний дугаартай хаваржааны зориулалт 1 га тус тус газрыг эзэмшиж эхэлсэн бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Гэтэл Б  сумын Засаг даргын 2021.08.28-ны өдрийн А/100 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “г”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Газар эзэмших гэрээний 3 дугаар зүйлийн 3.7.4, 4 дүгээр зүйлийн 4.4 заалтыг үндэслэн тус сумын 2 дугаар багийн нутаг “Хоёр мэлхийт” нуураас зүүн тийш 5.5 км-т байрлах, 000440945 гэрчилгээний дугаартай өвөлжөөний зориулалт бүхий 1 га, 000645467 гэрчилгээний дугаартай хаваржааны зориулалт бүхий 1 га газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг цуцалсан нь үндэслэлгүй байна. Тус захирамж нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.6 заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.2 тус тус зөрчсөн. ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь тухайн анх гэрээнд заасан чиглэлээр эзэмшихийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хаваржааны зориулалттай газрыг тариалалт хийх, үйлдвэрлэл гэх зориулалт ашигласан нь зориулалтын дагуу ашиглаагүй гэдэгт хамаарахаас бусдад тухайн зориулалтын дагуу ашиглуулах нь тус хуулийн 40.1.6-д хамаарахгүй юм. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалт нь эрх олгосон заалт бөгөөд тухайн дагалдах үүрэг нь үндсэн газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болохгүй. Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлийг зөвхөн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх зүйл заалтаар хязгаарласан бөгөөд эрх зүйн зөрчил нь гэрээний сануулга, нэмэлт үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосноор хэрэгжих ёстой юм. Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд төрийн үйл ажиллагааны тусгай зарчмуудыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг хуульчилсан байдаг. Уг зарчимд зааснаар төр үйл ажиллагаа явуулахдаа иргэн хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл иргэн миний хувьд өвөлжөө хаваржааны газар эзэмшиж, 15, 30 жилийн хугацаанд тогтвортой эзэмшинэ гэсэн итгэлээр тухайн газар дээр саравч 20,000,000 2 ширхэг, худаг 13,800,000 2 ширхэг, бусад зардал 14,000,000 /мотор, мал усалгааны онгоц, нацос тус бүр 2 ширхэг/ төгрөгийн нийт 81,600,000 төгрөгийн зардал гаргасан бөгөөд энэ нь тухайн газраа тогтвортой эзэмшинэ гэх итгэлийн үндсэн дээр хийгдсэн. Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчил гэдэг нь хууль зөрчсөн захиргааны актыг ойлгохоор байна. Б  сумын Засаг даргын 2018 оны А/26, А/81 дугаартай захирамж дахь 000440945 гэрчилгээний дугаартай өвөлжөөний зориулалт бүхий 1 га, 000645467 гэрчилгээний дугаартай хаваржааны зориулалт 1 га газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д заасанд хамаарна. Гэтэл тус захиргааны актыг хүчингүй болгох Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл үүсээгүй байсан. А нь 550 хонь тоолуулах саналыг гаргасан. Гэвч тухайн сумын багийн Засаг дарга нь малыг нь тоолоогүй байдаг. Ингээд арга буюу энэ талаар гомдол гаргасан. Үүний дагуу цалингийн 20 хувиар бууруулах шийтгэлийг оногдуулсан. Бид ашиглуулсан талаар маргаан гаргаагүй. Гэхдээ ашиглуулсан талаар захиргааны байгууллагаас ямар нэг үйлдэл гаргаагүй. Зөвхөн газар эзэмших эрхийг цуцалсан гэдэг мэдэгдлийг л хүргүүлсэн. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Б  сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/100 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

              Хариуцагч Дорнод аймгийн Б  сумын Засаг даргын орлогч дарга Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын Засаг даргын 2015 оны А/28 дугаар захирамжаар өвөлжөө, хаваржааны газар шинээр эзэмшүүлсэн боловч сумын Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөнд Догнор толгойн урд хаваржаа нь Отрын нөөц газарт орсон тул нөхөн олговроор 2018 оны А/81 дүгээр захирамжаар А.А т хоёр мэлхийт нуураас зүүн тийш 5.5 км-д хаваржааны зориулалтаар газар шилжүүлэн эзэмшүүлсэн. Тус сумын 2-р багийн Хоёр мэлхийт нуураас зүүн тийш 5.5 км-д хаваржааны, Хоёр мэлхийтийн хойд талд өвөлжөөний зориулалтаар тус тус 1 га газар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшсэн гэж үзэхгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино гэснийг үндэслэн хүчингүй болгосон гэв.

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны шийдвэр гарснаас хойш 1 жил гаруйн хугацаа өнгөрч байна. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа. Гомдол гаргах хугацаа ч дуусгавар болсон байсан. Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн эд хөрөнгөтэй болох эрхийг хязгаарлаагүй юм. Өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэхдээ байгуулсан гэрээний заалтыг ноцтой зөрчсөний улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй гэдэг зүйлийг ярьж байна. Гэрээнд хэн эзэмшигч байхыг тодорхой дурдаж өгсөн байгаа. Өвөлжөө хаваржааны газрыг тухайн эзэмшигч этгээд хууль ёсны дагуу өөрийн эзэмшилд байгаа гэдгийг нотолсон мал сүргийг идээшүүлэх зорилгоор ашиглах ёстой. Тэрнээс биш бусдад ашиглуулах, өөр зориулалтаар ашиглахыг хориглодог юм. 3 худаг гаргасан гэдэг тайлбар гаргаж байна. Гэтэл энэ худгийг яг юунд зориулж гаргасан гэдгээ тайлбарлаж хэлэхгүй байна. А гэдэг хүн нь “Ашид арвижих үндэс” ХХК-д ажиллаж байх үедээ авч өгсөн байдаг. 2018, 2019, 2020 онуудад мал аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч тал 550 толгой малтай байсан гэдгээ баримтжуулж хэрэгт хавсаргаагүй байна гэж үзэж байна. Захиргааны байгууллагаас гаргах процесстой маргасан зүйлгүй гэж ойлголоо. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасныг дурдах шиг болсон. Энэ бол хуулийг үгүйсгэх заалт биш юм. Б  сумын Засаг дарга нь газраа ашиглуулах, цуцлах эрхтэй гэдгийг тайлбарлаж өгч, тодруулж байгаа хэсэг юм. Газар дээр үзлэг хийсэн. Ингэхдээ худаг биш малыг харах ёстой байсан. Аийн хувьд өөрөө тухайн газарт амьдардаггүй. Газар дээр очиход “Ашид арвижих үндэс” ХХК газрыг ашиглаж байсан болох нь тодорхой харагдаж байх ёстой. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг Засаг дарга баримталсан. Яагаад гэхээр ердөө өөрөө газрыг зориулалтын дагуу ашиглаагүй л гэж үзсэн. Гэрээний үүрэгт бусдад ашиглуулахгүй байх үүрэгтэй, мөн ашиглуулсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх гэсэн заалтыг зөрчсөн. Буянхишиг нь мал тоолоогүй асуудалтай холбоотой сахилгын шийтгэл авагдсан зүйл байхгүй. Энэ байдлыг эрх бүхий албан тушаалтан нотолж тайлбар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч А-т удаа дараа гаргасан шийдвэрийн талаар мэдэгдэж байсан. Ингэхэд “би мал малладаггүй тул зөвшөөрч байна” гэж хэлж байсан. Газраа өөрөө ашиглаагүй гэдэг нь тодорхой болж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч мөн тухайн өвөлжөө, хаваржааны газраа бусдад ашиглуулсантай холбоотой маргахгүй гэж хэлж байна гэв.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А-т газар олгох үед би газрын даамлаар ажиллаж байсан. Газар эзэмших гэрээг А зөрчсөн нь үнэн. Удаа дараа түүнтэй холбогдож байсан. А нь миний хэлсэн зүйлсийг хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл одоо ингэж нэхэмжлэл гаргаж байгааг нь гайхаж байна гэв. 

 

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч А.А  нь тус шүүхэд Дорнод аймгийн Б  сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” тухай А/100 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг[1] тус шүүхэд гаргажээ.

              Анх 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамжийн хавсралтаар Алтчин овгийн Алтангэрэлийн Ат өвөлжөө, хаваржааны зориулалтаар тус бүр 1 га газрыг олгосон атлаа зөвхөн 30 жилийн хугацаатай  гэрээ, гэрчилгээ[2] олгогдсон байна.

              Дорнод аймгийн Б  сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/81 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.3 “г” дахь заалт, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалт, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 03 дугаар тогтоол, 2017 оны 27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн   Б  сумын 2 дугаар багийн иргэн ... Алтангэрэлийн Ат /ЖЯ85071767/  хаваржааны зориулалтаар Хоёр мэлхийт нуураас зүүн тийш 5.5 км газарт 1 га газрыг[3] дахин арван таван жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

        Дорнод аймгийн Б  сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/100 тоот “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар[4] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “г”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.6, газар эзэмших гэрээний 3 дугаар зүйлийн 3.7, 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтыг тус тус үндэслэн, тус сумын 2 дугаар багийн Хоёр мэлхийт нуураас зүүн тийш 5.5 км зайтай хаваржааны, Хоёр мэлхийтийн хойд талд өвөлжөөний зориулалтаар тус тус 1 га газар эзэмшигч А.А  /ЖЯ85071767/ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх мөн газар эзэмших гэрээг жил бүр дүгнүүлээгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож, энэхүү захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2015 оны А/28, 2018 оны А/81 дүгээр захирамжийн хавсралтад байгаа А.А т /Ж/ холбогдолтой хэсэг болон газар эзэмших эрхийн 000645467, 000440945 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.

               Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасан бөгөөд газар эзэмшигч А.А  нь өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны газраа бусдад ашиглуулахдаа шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр “Ашид арвижих үндэс” ХХК-д ашиглуулсан болох нь хариуцагчийн тайлбар, Б  сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 178/1 дугаартай албан бичиг[5], 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн илтгэх хуудас[6] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.

             Мөн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний[7] 3.7-д “Эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэх заалтыг зөрчсөн.

              Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилжээ.

              Гэтэл нэхэмжлэгч А.А  нь газар эзэмшүүлэх гэрээний дагуу тухайн өвөлжөө, хаваржааны газраа өөрөө ашиглаагүй, тухайн өвөлжөөний газар дээр Наранхүү гэх айл байгаа нь тухайн газар дээр үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

Тэрээр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны газартаа байнга байдаггүй, 2017-2020 онд ямар ч мал тоолуулаагүй болох нь Б  сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 178/1 дугаар албан бичиг, малын тоо бүртгэлийн лавлагаа[8] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

               Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар дээрээ хашаа барьсан манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд харин нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээлгэсэн хууль ёсны үүргээ биелүүлээгүй байна.

              Иймд Дорнод аймгийн Б  сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/100 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

              1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч А.А ийн, Дорнод аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, Дорнод аймгийн Б  сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/100 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-3-р хуудас

[2] Хавтаст хэргийн 46-53, 71-72-р хуудас

[3] Хавтаст хэргийн 73 -р хуудас

[4] Хавтаст хэргийн 4-р хуудас

[5] Хавтаст хэргийн 57-р хуудас

[6] Хавтаст хэргийн 43-44-р хуудас

[7] Хавтаст хэргийн 35-36, 50 51-р хуудас

[8] Хавтаст хэргийн 57-58-р хуудас