Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 57

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг,

Улсын яллагч Б.Алтанцэцэг

Хохирогч Г.Гантогоо     

Шүүгдэгч Б.Нямжав    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

  Эрүүгийн хэргийн дугаар 201601070163

          Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нямжавт холбогдох 201601070163 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Цагаагч овогт Батмөнхийн Нямжав /УЮ 88081435/, 1988 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 14 дүгээр байрны 13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, галт тэрэгний машинч мэргэжилтэй, гэр бүлийн байдал 3, ээж дүүгийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.Нямжав нь хамтран амьдрагч Г.Гантогоог 2014 оноос эхэлж байнга зодож, тарчлаах шинжтэй үйлдэл хийж, 2015 оны 08 дугаар сард найз Доржпярангалайн хашаанд Г.Гантогоог бусадтай хардлаа гэж уурлан нүүр рүү нь алгадаж, цээж рүү нь өшиглөсөн, 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 14 дүгээр байрны 13 тоотод байх өөрийн гэртээ хоёр гарыг нь өвдгөн дороо хийж байгаад толгойруу нь цохьсон, ороолтоор хоолойг нь боож байгаад ухаан алдуулсан, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орчим Багануур дүүргийн 1 дүгээр хороо 14 дүгээр байрны гадна пиво авч өгсөнгүй гэж хамтран амьдрагч Г.Гантогоог үсдэж, толгойруу нь гараараа хүчтэй цохисон, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 14 дүгээр байрны орцонд цагдаагийн багууллагад гомдол гаргасан байна, гомдлоо татсангүй гэж уурлан толгойруу нь цохисон, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 14 дүгээр байрны 13 тоотод хамтран амьдрагч Г.Гантогоод уурлан цагдан хоригдож байхдаа бусдад дээрэлхүүлсэн мөн 07 дугаар сарын 11-ний өдөр баярлаж чадсангүй гэж өмдний тэлээгээр биеийг нь ороолгож, хоолны жижиг ширээгээр толгой руу нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нямжав мэдүүлэхдээ:

             Би 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Гантогоотой уулзаж биед нь хохирол учруулж, зодоогүй. Мөн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр бас зодсон зүйл байхгүй.  Би 2016 оны 7 дугаар сарын 8-ний өдөр цагдан хоригдож 7 дугаар сарын 21-нд гарч ирээд Гантогоотой уулзахад гомдлоо буцааж авна гэж хэлээд бид хоёр 7 дугаар сарын 25-ны өдөр хамт хоносон. 2016 оны 7 дугаар сарын 26-нд миний утсыг авчихаад, үгээр тавлаж басамжлаад байсан. Тэгэхээр нь би Гантогоог тэлээгээр цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Би буруутай хохирогчоос уучлалт гуйж байна. 2015 оны 8 сард манай найзууд тоглож наадах зорилгоор цугласан байсан. Тэр үед би Доржпэрэнлэйн эхнэр Оюун-Эрдэний хамт Лхагвадэмбэрэл болон Баярзул нарыг авчирхаар айлруу машинтай явсан. Яваад ирэхэд Гантогоо өөдөөс тосч ирээд намайг айлын эхнэртэй хардаж янз бүрээр хэлж найз нартай маань муудалцаад байхаар нь алгадаж өшиглөсөн. 2016 оны 4 дүгээр сарын 24-ний  өдөр боож ухаан алдуулсан зүйл байхгүй, толгойд нь 2-3 удаа алгадсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.

            Хохирогч Г.Гантогоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Нямжавыг найз нөхөдтэй нь хардаж сэрдсэн зүйл байхгүй, намайг яах гэж зодсоныг нь мэдэхгүй байна. Тухайн үед надад таагүй сэтгэгдэл төрөөд би гэртээ очоод байж байя надад түлхүүрээ өгчих гэхэд өгөөгүй, намайг хүн чинээ үзээгүй, намайг босч ирээд алгадсан. Би он сараа сайн санахгүй байна. Хамгийн сүүлд цагдан хорихоос гарч ирээд намайг зодоход би өргөдлөө буцааж авах бодолтой байсан. Тэгэхэд Нямжав зурагт үзээд сууж байхад нь би сувгаа солиоч гэж гуйсан, тэгэхэд Нямжав би бөхөө үзмээр байна, чамаас болоод наадмаа үзээгүй гээд босч ирээд цохих гэснээ больсон. Тэгээд тэлээгээ шүүрч аваад зодсон, би тухайн үед Нямжавыг хоригдож байгаад гарч ирсэн болохоор нь намайг арай ч зодохгүй байх гэж бодоод хэлэх гэсэн үгээ хэлсэн. Тэгсэн Нямжав чи намайг нэгэнт өргөдөл бичиж өгсөн, би хоригдохоос цааш чамайг алчихъя гээд намайг тэлээгээрээ зодож эхэлсэн. Би айж, орилж, аврал гуйсан, тэгэхэд Нямжав бүх цонхоо хааж, хаалгаа түгжиж байгаад зодсон. Намайг орилоход хажуу айл сонсоод цагдаа дуудах байх гэж горьдож байсан боловч дуудаагүй. Намайг зодож байхдаа би чамайг зүгээр л алчихъя гэж хэлээд зодсон, тэр хоорондоо гал тогооны өрөө орж хутга, заазуур авах гэж оролдсон, намайг зугтаачих байх гэж бодсон байх тэгээд гал тогоо яваагүй. Би доошоо цус алдаж болиоч ээ гэхэд болиогүй, улам илүү цохиж эхэлсэн. Би тэр үед Нямжавт алуулах шахсан, намайг орилоход миний аман дотор гараа хийж, дэрний уут чихсэн. Би тэр үед нэг хэсэг ухаангүй болсон. Тэр хооронд Нямжав тамхи татаж, ариун цэврийн өрөө орсон байх, намайг зодож дуусаад бид хоёр дэлгүүр орсон. Би дэлгүүрийн худалдагчаас гуйж цагдаа дуудсан, тэгээд Нямжавыг гуйгаад байхаар нь би гомдлоо буцаасан.2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр намайг зодоогүй байсан гэж яриад байна, намайг хаалганых нь гадаа хэвтсэн гэж хэлсэн, би хэвтээгүй. Тэр үед намайг гэртээ оруулсан, би өөрийнхөө дураар гэрээс нь гарсан, би орцонд хэвтээгүй. Чи намайг цохиж авсан, намайг байнга толгой руу гараа зангидаж байгаад цохидог. Алгадсан гэж хэлээд байгаа нь худлаа. 2016 оны 6 дугаар сарын 24-нд намайг орцонд байхад орцны хана руу цохисон, архи уусан байхдаа намайг байнга, архи тамхи авч өг, авч өгөхгүй бол ална гэдэг байсан. 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би зодуулаад гомдол гаргаж өгсөн, тэр үед ээж дүү нь над руу ярьж учир зүгээ эвээр олж болдоггүй юм уу гэхэд нь би өргөдлөө буцааж байсан. Нямжав надаас нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй. Хохирол гэхээсээ илүү сэтгэл санаа биеэрээ их хохирсон. Би энэ хүнд үнэхээр их гомдолтой байна. Би энэ хүн дээр ирэхдээ эрүүл саруул ирсэн, одоо байнга юмнаас айж, түгшүүртэй байдаг болсон. Хамгийн сүүлд намайг цустай чинь холиод өгье гэж хэлээд намайг цустай минь хольсон, намайг тарчилж ална, чамд модон онгоц бэлдэж өгнө гэдэг байсан. Нямжавын ээж нь надруу байнга ярьж хэл амаар доромжилдог. Нямжав удаа дараа манай гэрт ирж намайг зодож байсан. Би унааны зардал, эмнэлгийн төлбөрөө нэхэмжилмээр байна. Одоогоор баримт байхгүй. Маш их гомдолтой байна.

             Гэрч О.Дэлгэрдалай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“...2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Гантогоо гэдэг хүнийг цагдаа нар ухаангүй орцонд хэвтэж байсан гэж авч ирсэн. Тухайн эмэгтэйг жижүүр эмчид үзүүлэхэд орчны харилцаа байхгүй, зовиураа хэлэхгүй, гэхдээ ухаантай байсан. Нэр болон зовиураа хэлэхгүй болохоор нь тайвшруулах тариа судсаар хийж хэвтүүлээд түүнээс хойш нилээд байж байгаад ярьдаг болохоор нь зовиурыг нь асуутал миний толгой өвдөж байна гэж хэлсэн. Манай нөхөр намайг түлхээд би орцонд савж унасан гэж хэлж байсан. Миний толгой маш их өвдөж байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

Гэрч Н.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 “...2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 18 цагаас дэд ахлагч Гантунгалагийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд 23 цаг 40 минутын үед 14 дүгээр байрны орцонд цохиулсан эмэгтэй хүн байна гэсэн дуудлагын дагуу 14 дүгээр байрны орцыг шалгатал таталт өгсөн байдалтай эмэгтэй байсан. Тэгэхээр нь түргэн дуудаж эмчид үзүүлтэл 103-ын эмч эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

Гэрч Б.Энхмандах мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“...Би 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 18 цагаас эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Нямжав гэх залуу эхнэрийгээ орцонд цохисон байна гэсэн дуудлага ирсний дагуу 14 дүгээр байр руу очсон. Тэгэхэд гэрийнхээ хаалганы өмнө нэг эмэгтэй хоёр гар нь татсан байдалтай нүдээ нээхгүй, уйлаад босож чадахгүй хэвтэж байсан. ...Эмнэлэг явахад нь Гантунгалаг бид хоёр цуг явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

Гэрч Э.Доржпалам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 “...Би Нямжавыг Гантогоог зодож цохидог талаар мэднэ. Хааяа гэртээ ирэхдээ биеийнх нь далд хэсгээр хөхөрчихсөн ирдэг байсан. Манай охин болохоор тэр зодуулсан талаараа нуугаад ерөөсөө хэлдэггүй байсан. Тэрнээс биш Гантогоог Нямжав гэх залуу зодож байсныг би нүдээрээ харж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

Гэрч Г.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“...Нямжав миний дэргэд Гантогоотой муудалцаж маргалдаж байсан. Харин зодож цохиж байсан асуудал байхгүй. 2015 оны 08 дугаар сарын сүүлээр Доржпярангалайн найзууд манайд ирсэн байхад Нямжав Гантогоо нар ирсэн байсан. Тэгэхэд Нямжавтай Гантогоо нь намайг хардаад байсан. Тэгэхэд Нямжав Гантогоог өшиглөсөн гэж байсан. Тэгэхэд би нүдээрээ хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

Гэрч  С.Лхагвадэмбэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 “...Нямжав Гантогоог миний дэргэд 2015 оны 08 сарын үед санагдаж байна Доржпярангалайн гэрт найзуудаараа уулзаж байхад Гантогоо Нямжавыг Доржпярангалайн эхнэртэй хардаад хашаанд нь орилж чарлаад байсан. ...Тэгэхэд Нямжав Гантогоог алгадаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 09шэ/307 дугаартай “Г.Гантогоогийн биед баруун гарын бугалга, далны дээд хэсэг, цээж, зүүн ташаа, баруун болон зүүн гуя, шилбэнд цус хуралт тогтоогдлоо. Тухайн гэмтэл шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/

            Ял шийтгэлийн талаар: Б.Нямжав нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгүүлж байгаагүй” гэсэн шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

          Шүүгдэгч Б.Нямжав нь хамтран амьдрагч Г.Гантогоог 2014 оноос эхэлж байнга зодож, тарчлаах шинжтэй үйлдэл хийж, 2015 оны 08 дугаар сард найз Доржпярангалайн хашаанд Г.Гантогоог бусадтай хардлаа гэж уурлан нүүр рүү нь алгадаж, цээж рүү нь өшиглөсөн, 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 14 дүгээр байрны 13 тоотод байх өөрийн гэртээ хоёр гарыг нь өвдгөн дороо хийж байгаад толгойруу нь цохьсон, ороолтоор хоолойг нь боож байгаад ухаан алдуулсан, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орчим Багануур дүүргийн 1 дүгээр хороо 14 дүгээр байрны гадна пиво авч өгсөнгүй гэж хамтран амьдрагч Г.Гантогоог үсдэж, толгойруу нь гараараа хүчтэй цохисон, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 14 дүгээр байрны орцонд цагдаагийн багууллагад гомдол гаргасан байна, гомдлоо татсангүй гэж уурлан толгойруу нь цохисон, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 14 дүгээр байрны 13 тоотод хамтран амьдрагч Г.Гантогоод уурлан цагдан хоригдож байхдаа бусдад дээрэлхүүлсэн мөн 07 дугаар сарын 11-ний өдөр баярлаж чадсангүй гэж өмдний тэлээгээр биеийг нь ороолгож, хоолны жижиг ширээгээр толгой руу нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Гантогоогын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч О.Дэлгэрдалай, Н.Батжаргал, Б.Энхмандах, Э.Доржпалам, Г.Оюун-Эрдэнэ, С.Лхагвадэмбэрэл нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09шэ/307 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.Нямжав нь Г.Гантогоог байнга зодож тарчлааж хохирогч Г.Гантогоогын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байх тул гэм буруутайд тооцож, Б.Нямжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэргийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй, хэрэгт цугларсан баримтууд нь тухайн хэргийн үйлдлийг хангалттай нотолж байна.

Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэж байна.

          Гэм хорын хохирол болон ял шийтгэлийн байдлын талаар:

Б.Нямжав нь энэ хэрэгтээ 60 хоног цагдан хоригдсон, хохирогч Г.Гантогоо нь хохирлын баримтаа бүрдүүлж ирүүлээгүй байна. Байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй болно. Б.Нямжав нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэлгүй болох нь тогтоогдсон байна.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг,  294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Цагаагч овогт Батмөнхийн Нямжавыг тарчлаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Цагаагч овогт Батмөнхийн Нямжавт 3 /гурав/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Нямжавын энэ хэрэгт цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  4. Хохирогч Г.Гантогоо нь хохирлын талаар холбогдох баримтаа бүрдүүлж ирүүлээгүй болохыг дурьдаж, хохирогч Г.Гантогоо нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Б.Нямжавт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, Б.Нямжавыг цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Нямжавт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНТУЯА