Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/428

 

 

 

 

 

 

 

 

  2023         06          21                                   2023/ШЦТ/428

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шинжээч Г.Хулан,

гэрч Т.У /оролцогч нарын зөвшөөрснөөр цахимаар оролцсон/

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, З.Хүрэлсүх,

нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2202001320196 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Н овогт Д.Г

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч  Д.Г нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 19 дүгээр хорооны .....аар ажиллаж байхдаа 2021 оны 02 дугаар сарын 19-25-ны өдрийн хугацаанд иргэн Т.Уоос гаргасан гомдлыг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа ач холбогдол бүхий хохирогч Т.Уын мэдүүлэг, Б.Уийн гараар бичиж өгсөн тайлбар зэргийг устгасан, хохирогч Т.Уын мэдүүлгийн эх сурвалжийг өөрчлөн мөн шинээр насанд хүрээгүй гэрч Б.Уийн мэдүүлэг холбогдогч Т.Уын мэдүүлэг, Т.Ут оногдуулсан зөрчлийн шийтгэвэр зэргийг хуурамчаар үйлдэж, насанд хүрээгүй гэрч Б.У, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт оролцсон нийгмийн ажилтан Т.Ө, Т.Уын хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, 1225870 дугаартай Шийтгэлийн хуудас зэрэг хуурамч гарын үсэг бүхий хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн Т.Уоос 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д.Эт холбогдуулан гаргасан “Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл”-ийг хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа бүртгэлийн 1161 дугаартай зөрчлийн материалд нотлох баримтыг хуурамчаар үйлдэж Т.Уыг Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгосон баримтыг бүрдүүлж Д.Эт Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдуулан шалгаж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийтгэл ногдуулах асуудлыг шүүхээр шйидвэрлүүлэлгүйгээр Т.У худал дуудлага мэдээлэл өгсөн мэтээр шийтгэлээс чөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэж давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

I. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн талаар:

А. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Гг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 19 дүгээр хорооны .....аар ажиллаж байхдаа иргэн Т.Уоос 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д.Эт холбогдуулан гаргасан “Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл”-ийг хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа бүртгэлийн 1161 дугаартай зөрчлийн материалд нотлох баримтыг хуурамчаар үйлдэж Т.Уыг Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгосон баримтыг бүрдүүлж Д.Эт Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдуулан шалгаж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийтгэл ногдуулах асуудлыг шүүхээр шйидвэрлүүлэлгүйгээр Т.У худал дуудлага мэдээлэл өгсөн мэтээр шийтгэлээс чөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэж давуу байдал бий болгосон гэмт үйлдэл нь дараах: гэрч Т.Уын мэдүүлэг /1xx, 49-50х/, гэрч Т.Уын дахин өгсөн мэдүүлэг /3xx, 82х/, насанд хүрээгүй гэрч Б.Уийн мэдүүлэг /1xx, 52-53х/, гэрч Д.Эын мэдүүлэг /1xx, 55-56х/, гэрч Б.Болдбаатарын мэдүүлэг /1xx, 66-67х/, гэрч Т.Бын дахин өгсөн мэдүүлэг /2xx, 226x/, гэрч Б.Өын мэдүүлэг /2xx, 202х/, гэрч Г.Цын дахин өгсөн мэдүүлэг /2xx, 224х/, гэрч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3xx, 87-88х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1165 дугаартай дүгнэлт /1xx, 70-78х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3603 дугаартай дүгнэлт /3xx, 52-55х/, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн 1161 дугаартай зөрчлийн материал эх хувиар /1xx, 117-137х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурийг илэрхийлж, дүгнэлт гарган шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Б. Шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах: Хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан баримт, мөрдөгчийн баримтууд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, Улсын ерөнхий Прокурорын газрын албан тоот шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон 15 хуудас нотлох баримтыг шинжлэн судлуулж, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэн  Д.Гг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэн түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгох байр суурийг илэрхийлж, дүгнэлт гарган шүүх хуралдаанд оролцсон болно.

 

В. Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ггийн мэдүүлэг,

- гэрч Т.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- гэрч Т.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн үед намайг мэдүүлэг өгсний дараа хэд хоногийн дараа анхны өгсөн мэдүүлгээ өөрчлөөд ахуйн шинжтэй болгоод би мэдүүлэг өгсөн. Тухайн үед Э надад хандаж чи мэдүүлэгтээ ядаж хутга гаргасан танхайрсан гэдгийг хасах байдлаар мэдүүлэг өгөхгүй бол энэ асуудал чинь бүр гэмт хэргийн шинжтэй болох гээд байна гээд гуйгаад байхлаар нь би Г мөрдөгч дээр очиж дахин мэдүүлэг өгөхдөө хутга барьж танхайрсан хэсгийг хасаж мэдүүлэг өгсөн юм. Гэтэл сүүлд зөрчлийн материалыг үзэхэд миний өөрчилж өгсөн мэдүүлэг байхгүй байсан. Огт өөр байдлаар бичсэн мөн миний гарын үсгээс өөр гарын үсэгтэй мэдүүлэг байсан юм... /З дугаар хавтаст хэргийн 82 дугаар тал/, ...Дээрх материалын 2 дугаар хуудасны нүүр болон ар талын нүүрэнд зурагдсан гарын үсэглэл нь миний гарын үсэг мөн байна. Харин 4 болон 5 дугаар хуудсанд зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дугаар тал/,”

- гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 2 дугаар сарын сүүлчээр нэг өглөө босоод байж байтал Т.У гэнэт л учиргүй уурлаад унахаар нь би дээд давхарт гараад өрөөнд ороод суучихсан. Т.Уын уурлахаар гаргадаг занг мэддэг болохоор хэрүүл хийхгүй гэж өрөөндөө орж суусан юм. Тэгтэл нэг мэдсэн цагдаагийн албан хаагч нар ирсэн байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны цагдаагийн хэсэг дээр очиж мэдүүлэг байцаалт өгсөн. Тухайн үед манай гэрт Т.У, хүүхэд асрагч гэх Уудам гэх эмэгтэй байсан. Би цагдаагийн байгууллагад бусдыг зодоогүй, агсан согтуу тавиагүй байсан талаараа мэдүүлгээ өгсөн. ... Тухайн үед манай эхнэр Т.У цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулах явцад би 19 дүгээр хорооны ..... Гтай уулзаж манай эхнэр худал дуудлага, мэдээлэл өгсөн байна яах талаар зөвлөгөө авахад тэрээр манай тасгийн дарга Б.Б гээд хурандаа байдаг. уулзаж болно гэхлээр нь Б.Б хурандаагаас эхнэр Т.У худал мэдүүлэг, дуудлага өгсөн байна яах талаар зөвлөгөө авч байсан юм...” /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар тал/,

- гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 2 дугаар сарын 19 билүү 20-ны өдөр ажил дээрээ байхад манай хэлтсийн дарга хурандаа Д.Н тааралдаад тань руу Н.Б хурандаа залгаад байна та утсаа аваач гэхлээр нь ямар Б билээ гэхэд нөгөө Нисэхийн цагдаагийн дарга байсан гэж хэлсэн. Би тэгээд эргүүлээд нөгөө надруу залгасан байсан дугаар луу залгахад тэрээр мэнд мэдээд би таниас өөрийн найз болох Д.Эын талаар ярьж байна. Танай тасаг дээр шалгагдаж байгаа юмаа гэж хэлсэн. Би түүнд Д.Эын талаар мэдэхгүй байна ачаалал их байдаг талаараа тайлбарласан тэгээд би материалыг хараад эргээд холбогдъё гэсэн. Орой нь би 19 дүгээр хорооны ..... Д.Груу утсаар холбогдоод тэр талаар тодруулахад тэрээр байгаа талаараа хэлсэн юм. ..... Д.Г надад хэлэхдээ эхнэр нь гомдолтой байгаа талаар хэлэхээр нь тэгвэл зөрчлийн хэрэг нээгээд хуулийн дагуу шалга гэдэг үүргийг өгсөн. Нөгөөдөр нь санагдаж байна Д.Э гэх залуу залгаж яриад манай эхнэр гомдолгүй болсон учир өргөдлийг буцаан авах гэсэн юм хэнтэй яаж уулзах уу гэсэн. Тэгэхлээр нь би өргөдөл буцаан авах гэсэн асуудал байдаггүй юм харин та Д.Г ..... дээр очиж тайлбар мэдүүлэг өг гэдгийг тайлбарлан хэлсэн. Тэр өдөртөө Д.Г ..... надруу залгаад Д.Эын асуудал нь зөрчлийн шинжгүй байна гээд зөрчлийн хэргийг хаах талаар ярьсан тэгэхлээр нь би тийм зүйл байж болохгүй наад нөхөр нь танхайрсан асуудал байгаа юм байна тийм учраас Зөрчлийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар /хүний биед гэмтэл учруулахгүйгээр танхайрах/ торгох арга хэмжээ авах талаар зөвлөсөн юм. Тэгтэл Г над руу залгаад эхнэр Т.У нь Д.Эыг торгох гэхээр торгуулахгүй гээд гуйгаад байна. Манай нөхөр удахгүй албан тушаал дэвших гэж байгаа тийм учраас арга хэмжээ авхуулсан байж болохгүй гээд байна гэсэн. Оронд нь Т.У арга хэмжээ авхуулчихъя гээд байна гэсэн. Тэгэхлээр нь би хуулийн дагуу шийдвэрлэ гэдэг үүргийг өгсөн. Ерөөсөө болсон зүйл энэ байна... /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар тал/, ...“Зөрчлийн сангаар уг материалын шийдвэрлэлтийг харахад Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар буюу худал мэдээлэл өгсөн үндэслэлээр Т.Уыг торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн байхаар нь би Д.Г руу утсаар залгаад яагаад Т.Уыг торгосон юм бэ би таныг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Эт торгуулийн арга хэмжээ авахгүй яасан юм бэ гэхэд Д.Г нь Т.У нь өөрөө гомдолгүй гэсэн, манай нөхрийг торгож болохгүй учир нь манай нөхөр өөр албан тушаал дээр очих гээд байгаа юм гээд гуйгаад байсан юмаа гэсэн тайлбарыг хэлсэн юм. Тэгэхлээр нь материалаа яасан бэ гэхэд прокурорт хянуулахаар хүргүүлсэн гэж хэлсэн...” /2 дугаар хавтаст хэргийн 226 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудад тулгуурлан шүүх үйл баримтыг сэргээн дүрсэлж дүгнэлт хийв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог.

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж хянан шийдвэрлэдэг.

Дээрх нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлхэд дараах эргэлзээтэй байдлууд тогтоогдож байна.

1. Гэрч Т.У нь зөрчлийн хэрэгт хохирогчоор нэг л удаа мэдүүлэг өгсөн гэсэн атлаа хоёр дахь удаагаа гэрч Д.Эын гуйлтаар мэдүүлгээ өөрчилж өгсөн талаар мэдүүлээд байгаа нь, мөн хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар Т.У, Д.Э нар нь тус үйл явдал болсноос хойш буцаад хамтран амьдарч байсан нөхцөл байдал байгаа нь, гэрч Т.У нь тус үйл явдал болсноос хойш нэг жил орчмын дараа Цагдаагийн Ерөнхий газрын холбогдох хэлтэст нь гомдол гаргаад байгаа зэрэг нь хууль сахиулагч Д.Г нь гэрч Д.Эын гуйлтаар түүнд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал олгосон, эсхүл гэрч Т.Уын зөвшөөрснөөр мэдүүлгийн өөрчилж бусад зөрчлийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг өөрчлөх, хуурамчаар үйлдсэн үү, эсхүл анхнаасаа гэрч Д.Эын зөрчлийн шинжгүй үйлдэл буюу худал дуудлага хүлээн авсан уу зэрэг аль үйл баримт болсон нь эргэлзээтэй.

2. Шүүгдэгч Д.Г нь хууль сахиулагчаар ажиллаж байхдаа гэрч Д.Эт холбогдох зөрчлийн шинжтэй хэргийг шалгахдаа хээл хахууль авч шийдвэрлэсэн, эсхүл хэн нэг дээд албан тушаалтны даалгавар, гуйлтаар шийдвэрлэсэн гэх үйл явдал болсон эсэхийг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаагаар шалгасан боловч хөдөлбөргүй нотлон тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, авагдсан бичгийн нотлох баримтууд нь эргэлзээтэй.

3. гэрч Д.Эын холбогдсон зөрчлийн хэрэг нь улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн шиг зайлшгүй шүүхээр шийдвэрлүүлэх үйл баримт болох байсныг одоо шүүх дүгнэх боломжгүй юм.

 

Г. Шүүх тус хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хавтас хэрэгт авагдсан нотлох баримт хүрэлцээтэй гэж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч ... ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан улсын яллагчийн яллах дүгнэлтийн Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэх хэсгийг, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.         

 

 

II. Нотлох баримтыг хуурамчаар устгах, үйлдэх гэмт хэргийн талаарх үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

А. Шүүгдэгч Д.Г нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 19 дүгээр хорооны .....аар ажиллаж байхдаа 2021 оны 02 дугаар сарын 19-25-ны өдрийн хугацаанд иргэн Т.Уоос гаргасан гомдлыг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа ач холбогдол бүхий хохирогч Т.Уын мэдүүлэг, Б.Уийн гараар бичиж өгсөн тайлбар зэргийг устгасан, мөн 1161 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгийг өөрчилсөн, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, холбогдогчийн мэдүүлэг, 1225870 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтуудад  холбогдох гарын үсгүүдийг нь хуурамчаар зурж, үйлдсэн үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ггийн өгсөн мэдүүлэг,

- гэрч Т.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бас Э надтай надад гар хүрч муудалцаж улмаар цагдаагийн албан хаагч нар манай гэрт ирсэн ба тухайн үед хүүхэд асрагч У, манай 5 сартай охин мөн Э нарын хамтаар байсан юм. Цагдаа иртэл гадаа өвлийн хүйтэнд хүлээж байсан ба цагдаагийн байгууллагад энэ асуудлыг шалгуулсан. Тухайн өдөр эхлээд намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 19 дүгээр хорооны хэсгийн байранд авчирч ..... Г гэдэг албан хаагчид болсон асуудлын талаарх тайлбар мэдүүлгийг өгч гарын үсэг зурж дуусгаад цагдаагийн машинаар зуслангийн байранд хүргэж өгөөд буцаад хүүхэд асрагч Уийг авч явж мэдүүлэг аваад буцаан авчирсан.

... 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа М.Х нь тайлбар мэдүүлэг авахдаа надад 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн шалгаж шийдвэрлэсэн "Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн материал”, Хан-уул дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн "Зөрчлийн тухай гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан тухай" материалуудыг үзүүлж дээрх материалд зурагдсан гарын үсэг таны гарын үсэг мөн үү гэж үзүүлсэн. Тэгээд би дээрх 2 материалд авагдсан гарын үсгийг харахад миний гарын үсэг биш байсан дээр миний өгсөн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн буюу үйл баримтыг өөрөөр тэмдэглэн гарын үсгийг дуурайлган зурсан байсан юм.

Мөн дээр нь намайг 50,000 төгрөгөөр торгосон торгуулийн баримт үйлдсэн байсан. Би ямар нэг торгуулийн арга хэмжээ цагдаагийн байгууллагаас авхуулаагүй бөгөөд түүн дээрх гарын үсгийг мөн хуурамчаар зурсан байсан. Би тэгээд үнэндээ гайхаж байна намайг гэмт хэрэгтэн болгоод бүх баримт бичгийг хуурамчаар үйлдээд байж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Дээрх гарын үсэглэлүүд нь бүгд миний гарын үсэг биш байна.

...Надаас 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдөр хохирогчоор нэг удаа тайлбар мэдүүлгийн ..... Г авсан Тухайн үед би Эыг агсан тавьсан, хутга гаргаж танхайрсан, удаа дараа агсан тавьж танхайрсан талаар, гомдолтой байгаа талаараа мэдүүлсэн. Гэтэл дээрх материалд авагдсан хохирогчийн мэдүүлэг нь бүхэлдээ агуулга, үйл баримтыг болоогүй мэтээр бичиж илтэд өөрчилсөн мэдүүлэг байна. Үндсэндээ миний мэдүүлсэн зүйлийг тусгаагүй өөрөөр тусгаж хуурамчаар үйлдсэн байна. За холбогдогчийн мэдүүлгийн хувьд цагдаагийн байгууллагаас дахин намайг дуудаж тайлбар мэдүүлэг аваагүй, холбогдогчийн мэдүүлгийг анх удаа харж байна. Би холбогдогчоор мэдүүлэг өгөөгүй. ...тухайн үед намайг мэдүүлэг өгсний дараа хэд хоногийн дараа анхны өгсөн мэдүүлгээ өөрчлөөд ахуйн шинжтэй болгоод би мэдүүлэг өгсөн. Тухайн үед Э надад хандаж чи мэдүүлэгтээ ядаж хутга гаргасан танхайрсан гэдгийг хасах байдлаар мэдүүлэг өгөхгүй бол энэ асуудал чинь бүр гэмт хэргийн шинжтэй болох гээд байна гээд гуйгаад байхлаар нь би Г мөрдөгч дээр очиж дахин мэдүүлэг өгөхдөө хутга барьж танхайрсан хэсгийг хасаж мэдүүлэг өгсөн юм. Гэтэл сүүлд зөрчлийн материалыг үзэхэд миний өөрчилж өгсөн мэдүүлэг байхгүй байсан. Огт өөр байдлаар бичсэн мөн миний гарын үсгээс өөр гарын үсэгтэй мэдүүлэг байсан юм...” /З дугаар хавтаст хэргийн 82 дугаар тал/,

- насан хүрээгүй гэрч Б.Уийн /хууль ёсны төлөөлөгч Б.Б/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр буюу 2021 оны 2 дугаар сарын 19-ний өглөө гэрт Т.У эгч, түүний нөхөр Э ах нар хоорондоо маргалдсан юм. Тэр өглөө Э ах согтуу байсан бөгөөд ер нь дандаа гэртээ ах пиво ууж суудаг юм Тэгээд Э ах Т.У эгч рүү дайрах нь улам ихсэж сүүлдээ хутга барьж дайрахаар би айгаад цагдаад дуудлага өгсөн юм. Тэр үед өдөр 12 цаг өнгөрч байсан ба У эгч айгаад жорлон руу ороход Э ах жорлонгийн хаалган дээр хутга зоож танхайрсан. ...Намайг 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн 19 дүгээр хорооны байранд очиход цагдаагийн 3 ажилтан байсан бөгөөд болсон асуудлын талаар эхлээд яриулсан юм. Дараа нь болсон асуудлаа цаасан дээр бичээд өгчих гэхээр нь би бичгийн цаасан дээр болсон асуудлыг бичиж өгсөн. Би өглөөнөөс хойш цагдаа иртэл юу болсон талаар бүгдийг өөрийн гараар бичиж өгсөн юм. Түүнээс биш надаас гэрчийн мэдүүлэг аваагүй юм. Би тухайн үед Э Т.У эгчийг зодсон хутга барьж танхайрсан зэргийг бүгдийг нь бичсэн юм. ...Дээрх гарын үсэглэлүүд нь бүгд миний гарын үсэг биш байна. Би ярьсан зүйлээс огт өөрөөр буюу Э ахыг агсан согтуу тавиагүй мэтээр бичсэн байна. Ерөөсөө ийм зүйл цагдаагийн байгууллагад мэдүүлээгүй юм. Дээр нь надаас насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг аваагүй бөгөөд би бичгийн А4 цаасан дээр урд ар талыг дуустал нь болсон асуудлыг нь бичиж өгсөн юм...” /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,

- гэрч Б.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг, тайлбар авахад 3 удаа ч оролцож байсан санагдаж байна. Тэгэхдээ ямар насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт оролцож байснаа нэр усаар санахгүй байна. Дээрх 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн насанд хүрээгүй гэрч Б.Уийн гэрчийн мэдүүлгийг харлаа. Мэдүүлгийг харахад миний оролцсон мэдүүлэг мөн байх гэж бодож байна. Учир нь би гэр бүлийн хүчирхийллийн мэдүүлэгт 3 удаа оролцсон. Гэхдээ уг гэрчийн мэдүүлэгт зурагдсан нийгмийн ажилтан Б.Ө гэдэг урд талд зурагдсан гарын үсэглэл нь миний гарын үсэглэл биш байна Яагаад миний гарын үсгийг уг мэдүүлэгт зурсныг мэдэхгүй байна. Намайг гарч орсны дараа зурсан юм болов уу гэж бодож байна...” /2 дугаар хавтаст хэргийн 20 дугаар тал/,

- гэрч Г.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа асуудал чинь юу болж байгаа юм бэ гэхэд болох байхаа нэг их санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд надад гарын үсгийн талаар хэлэхдээ чи гарын үсгийг зурсан байна лээ гэж хэлсэн. Би тэгэхээр нь гайхаад яагаад гэхэд Д.Г нь би Эрүүгийн хуулийг өмгөөлөгчийн хамтаар судалж үзсэн. Хэрвээ уг хэргийг шалгаж байгаа албан тушаалтан биш өөр хүн гарын үсэг зурсан байх юм бол гэмт хэргийн субьект болохгүй мөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх юм билээ хариуцлага хүлээхгүй гэж хэлсэн. Тэгтэл өнөөдөр өмгөөлөгчөөр намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр дамжуулан бичиж өгсөн байна. Би Д.Г ахмадыг арай ийм зүйл хийнэ гэж бодоогүй явсан юм. Би энэ зүйлийг сонсоод маш их гайхаж байна. Би ямар учраас, ямар ашиг сонирхлын үүднээс цагдаагийн ахмад Д.Ггийн материалд гарын үсэг зурах вэ дээ ойлгохгүй байна...” /2 дугаар хавтаст хэргийн 224 дүгээр тал/,

- гэрч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл: “...Д.Ггийн өмгөөлөгчөөс гаргасан нүүрэлдүүлж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч Г.Цын зөвшөөрснөөр нүүрэлдүүлж мэдүүлэг авав. гэрч “Цэрэнтогтох яг гарын үсэг нөхөж зурсан зүйл байхгүй. Би урьд өмнө мэдүүлэгтээ дэлгэрэнгүй дурдсан байгаа”. Яллагдагч Д.Г: “Г.Цын хувьд гэрчийн мэдүүлгийг өөрчлөх боломж байхгүй. Яагаад гэхээр би материалыг өөрөө шалгаж байсан учраас боломжгүй. Харин материалыг тухайн үед ковидын үе байсан болохоор Г.Ц бид хоёрын хэн нь ч прокурорт өгсөн байж магадгүй юм. Миний хувьд өмгөөлөгч нартаа би хэлэхдээ тухайн зөрчлийн материалыг би шалгаад хохирогч, насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг аваад гарын үсгийг зуруулаагүй прокурорын хяналтад хүргүүлэх явцад цагдаа Г.Ц гарын үсэг зурагдаагүй зөрчлийг арилгах гээд гарын үсгийг зурсан байх гэж хэлсэн юм. Учир нь анх дээрх зөрчлийн асуудал шалгагдаж эхлэх үед материалыг архиваас аваад Г.Цын хамт тасгийн даргын өрөөнд хувилж байхад Г.Ц надад хандаж би Т.Уын гарын үсэг зурагдаагүй байхад нь зурсан байх гэж хэлж байсан юм”. гэрч Г.Ц: “Би тийм зүйл ярьсан эсэхээ мэдэхгүй байна тийм зүйл яриагүй. Дээр нь намайг прокурорт материал өгсөн гэдэг нь эргэлзээтэй байна. Намайг дахин ингэж гүтгэх шинжтэй үйлдэл хийх юм бол би гомдлоо гаргаад шалгуулах болно.” яллагдагч Д.Ггийн ”...тиймээ би 2022 оны 07 дугаар сард Г.Ц уулзсан. Миний өмгөөлөгч надад хэлэхдээ хэрэв мэдүүлэг дээр гарын үсэг зурагдаагүй байхад гарын үсгийг нөхөж зурсан бол гэмт хэрэг болохгүй гэснийг би Г.Ц дамжуулж хэлсэн юм.” /З дугаар хавтаст хэргийн 87-88 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1165 дугаартай “...2.А. Шинжилгээнд хүргүүлсэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн гомдол мэдээллийн 1 61 дугаарт бүртгэгдсэн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 16 хуудас материалын: “3-4 хуудас дахь 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийн "Т.У" гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн. Уын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна.

11-13 дугаар хуудас дахь 2021 оны 2 цугаар сарын 22-ны өдрийн “хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийн 1 дүгээр нүүрний доод болон Т.У гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Т.Уын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна.

14 дүгээр хуудсанд үдсэн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №1225870 дугаартай “Шийтгэлийн хуудас"-ны “холбогдогч" гэсэн хэсэгт Т.У" гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Т.Уын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна.

15 дугаар хуудсан дахь 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл"- ийн доод хэсэгт "Т.У” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Т.Уын гэх бичгийн овгийн загваруудтай тохирохгүй байна.

З.А. Шинжилгээнд ирүүлсэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн гомдол мэдээллийн 1161 дугаарт бүртгэгдсэн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 16 хуудас материалын:

3-4 дүгээр хуудас дахь 2021 оны 2 д\ аар сарын 19-ний өдрийн “Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл"-ийн “Т.У” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Т.Уын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна.

8-10 дугаар хуудсан дахь 2021 оны 2 дуг ар сарын 19-ний өдрийн “Насанд хүрээгүй гэрчээс тайлбар авсан тэмдэглэл"-ийн "Б.У” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Уийн гэх гарын үсэг, Бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна...” гэх дүгнэлт” /1 дүгээр хавтаст хэргийн 70-78 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3603 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн материал, Гомдол, мэдээллийн бүртгэлийн дугаар 1161,

“...материалын 8-10 дугаар хуудаст байх 2021 оны 02 дугаар сарын 19-нтй өдрийн “Насанд хүрээгүй гэрчээс тайлбар, мэдүүлэг ав ан тэмдэглэл” гэсэн 3 хуудас баримтын 1 дүгээр хуудас буюу 8 гэж дугаарлагдсан хуудас !Ы дунд хэсэгт “Нийгмийн ажилтан” гэсний ард, “Б.Ө гэсний урд байх гарын сэг болон 3 дугаар хуудас буюу 10 гэж дугаарласан хуудасны дээд хэсэгт “Байлцсан: Хууль ёсны төлөөлөгч” гэсний ард “Б.Ө” гэсний урд байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Ө гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна...” гэх дүгнэлт /З дугаар хавтаст хэргийн 52-55 дугаар тал/,

 - Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн 1161 дугаартай зөрчлийн материал эх хувиар /1 дүгээр хавтаст хэргийн 117-137 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтууд хүрэлцээтэй гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Б. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс: “...тухайн үед Монгол улсад цар тахал дэлгэрч хөл хорио тогтоосон үе байсан, Д.Ггийн хийсэн үйлдэл нь ажлын хариуцлага алдсан, Тиймээс ч шийтгэлээ хүлээж цол буурсан байгаа. Түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш, тиймээс цагаатгаж өгнө үү гэсэн... ” утга агуулгаар өмгөөллийн байр сууриа илэрхийлсэн болно.

Төрийн албан хаагч буюу ялангуяа тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч нь өргөсөн тангарагтаа үнэнч байж ямар ч нөхцөл байдал тулгарсан холбогдох хууль, дүрэм, журмаа ягштал баримтлах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл Д.Г нь ямар ч нөхцөл байдал бий болсон байлаа ч холбогдох хууль, дүрэм, журмаа чандлан баримтлан өөрт хуваарилагдсан зөрчлийн хэргийг хянан шалгаж, дуусгах нь зүйн хэрэг бөгөөд түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв. 

 

В. Иймд шүүгдэгч Д.Г нь хууль сахиулагчаар буюу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 19 дүгээр хорооны .....аар ажиллаж байхдаа 2021 оны 02 дугаар сарын 19-25-ны өдрийн хугацаанд хууль бус үйлдэл хийж буйгаа ухамсарлан санаатайгаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг устгасан, 1161 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Д.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэлгүй болох хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар орлого олох боломжийг харгалзан нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н овогт Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэнийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Н овогт Д.Гг хууль сахиулагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гг 6000 /зургаан мянган/ нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Гг торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.БАТГЭРЭЛ