Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/132

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр,

 улсын яллагч Н.Энхтөр,

шүүгдэгч М.Хоролсүрэн, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000122 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогтой ,,,,, регистрийн дугаар: ВЖ99082901

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч М.Хоролсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Хоролсүрэн нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багт байрлах Гэрлэх ёслолын ордны захиргаа, хүний нөөцийн ажилтны өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Ч.Баярдалайтай маргалдаж, улмаар түүн рүү аяганы хагархай шидэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн шууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/, хохирогч Ч.Баярдалайгийн мэдүүлэг /хх-ийн 20-21/, иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мэдүүлэг / хх-ийн 33/, гэрч Г.Лхагважавын мэдүүлэг /хх-ийн 35/, гэрч Л.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 37/, гэрч Г.Очгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 39/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 219 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 52-53/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч М.Хоролсүрэн нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Ч.Баярдалай нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч М.Хоролсүрэнг нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Хоролсүрэнг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, уг ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Хоролсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчаас шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Хоролсүрэнг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн ялыг оногдуулж,  ... шүүгдэгч  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж, шүүгдэгч М.Хоролсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Хоролсүрэнд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хагарсан аяга 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж, үдээсний машин, утасгүй хулгана зургийг,  үдээсний машин, утасгүй хулгана зэргийг шүүгдэгч М.Хоролсүрэнд буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Хоролсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч М.Хоролсүрэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Боржигон овогт *****  ****** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай..

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 -т зааснаар шүүгдэгч М.Хоролсүрэнг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Хоролсүрэнд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч М.Хоролсүрэнд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1,1.2,1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хагарсан аяга 1 ширхэгийг устгуулахаар шүүхийн тамгын газарт даалгаж, үдээсний машин, утасгүй хулгана зэргийг шүүгдэгч М.Хоролсүрэнд буцаан олгосугай.

6. Шүүгдэгч М.Хоролсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хоролсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ      Ч.БАЙГАЛМАА