Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2019/00434

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Д.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ГАА ЕБ-ын ***-р С-дхолбогдох

захирлын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дугаартай тушаалаар цагийн багш болгож, цалинг үндэслэлгүйгээр бууруулж байгаа нь хууль бус үндэслэлгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд томилуулж, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А-ийн нь ГАА ЕБ-ын ***-р С-ийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/58 дугаартай тушаалаар дуу хөгжмийн багшаар томилогдон ажилласан. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дугаартай тушаалаар цагийн багш болгосноор цалин нь үндэслэлгүйгээр буурсан байдаг. Иймд уг тушаал нь хууль бус болохыг тогтооож, урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүүг гаргуулах нэхэмжлэл гаргасан байгаа. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулах ёстой байдаг. Хугацаатай гэдэг нь хариуцагч талаас түр ажлын байр гэж байгаа, түр ажилд авсан байсан гэдгээр тайлбарлаж байгаа, түр гэдэг нь эзэнгүй байгаа ажилтны оронд авч ажиллуулах, мөн улирлын шинжтэй ажил бол түр байх ёстой. Тэгэхэд Д.А-ийн ажил бол анхнаасаа байнгын ажлын байр байсан, байнгын ажлын байранд гэрээг хугацаагүй байгуулах ёстой. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01 хүртэл гэрээ байгуулагдсан байдаг. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцлах болон сунгахтай холбоотой асуудал огт яриагүй. Тийм учраас хөдөлмөрийн тухай хуулиараа гэрээ сунгагдсан гэж тооцохоор байгаа. Хөдөлмөрийн гэрээг цуцлалгүй цагийн багш болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Д.А-ыг туршилтын хугацаанд авч ажиллуулж байсан бол 6 сараас хугацаа нь хэтрээгүй байх ёстой. Тэгэхэд 6 сар өнгөрөөд байхад ямар ч тушаал гараагүй байдаг. Д.А бага ангид хичээл ордог байгаа, тэгтэл 3 ,4 дүгээр ангийн дуу хөгжмийн хичээлийг заалгаад 1, 2 дугаар ангийн дуу хөгжмийн хичээлийг ангийн багшаар нь заалгасантай холбоотой, Амаржаргал нь огт цаггүй багш биш юм. Цалингийн хувьд 10 дугаар сарын цалин дутуу орсон байгаа, 11 дүгээр сарын цалин бодогдоогүй байгаа учир цалингийн зөрүү 545.997 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байгаа гэв.

Хариуцагчийн төлөөлөгч М.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбратаа: Багш Д.А-ыг 2019 оны 11 сарын 06 ны өдөр гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. 1.   Монгол улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заагдсан эрх хэмжээний хүрээнд Захирал тушаал шийдвэр гаргаж ажилласан. /Тушаал нэхэмжлэлд хавсаргагдсан/ /20 дугаар зүйл.Ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийтлэг эрх, үүрэг, 20.1.3ахирал нь дараахь эрхтэй: 20.1.1.холбогдох хууль  тогтоомжид  нийцүүлэн  зохих  шийдвэр  гаргаж хэрэгжүүлэх; 20.1.2.6агш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх; / 2.   Багш  Д.А   нь  2018.08.31-ний  өдрийн   Б/58  дугаар  "багшаар түр томилон ажиллуулах тухай" тушаалаар 2018.09.01-ний өдрөөс дуу хөгжмийн багшаар түр томилогдон ажиллаж эхэлсэн байна. 3. Захиралтай  байгуулсан  2018.08.28  өдрийн  Хөдөлмөрийн  гэрээнд  гэрээний хугацааг "Түр" гэж байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулинд байнгын ажлын   байранд   гэрээг  хугацаагүй   байгуулна   гэсэн   байдаг  бөгөөд   багш Д.А-ын ажлын байр нь байнгын ажлын байр биш тул түр хугацаагаар гэрээг байгуулж ажиллаж байсан. Түр хугацаагаар ажиллаж байгаа багшийг үндсэн   багшийн   орон   тоогоор   цаашид   ажиллуулах   боломжгүй   болсон. 4.   Захирал хичээлийн жилийн эхэнд тухайн хичээлийн жилийн нийт хүүхдийн тоо анги бүлгээс хамааран сургуульд ажиллах бүтэц орон тоог тооцон баталж ажилладаг бөгөөд энэ хичээлийн жилд дуу хөгжмийн  1  багш ажиллахаар батлагдсан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал.хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тушаалын хавсралт: 2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, Засгийн газраас тогтоосон бага, дунд боловсролын норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог захирал, эрхлэгч тогтооно./ 5.   Сургуулийн үйл ажиллагаа хичээлийн жилээр явагддаг бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд тухайн багшийн заах хичээл, цагийн тооцоог гаргаж хичээл сургалтын үйл ажиллагааг явуулахад цаг хүрэхгүй нөхцөл байдал бий болсон. Үндсэн ажиллаж байгаа Ц.Д багшийн цаг ч хангалттай биш байгаа. /15 дугаар зүйл. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа 15.1.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ, 6.   Бага ангийн багш нарын болон сургалтын менежерийн санал хүсэлтийн дагуу хичээлийн цагийн асуудлыг хянан үзэж цагийг гүйцээх боломжгүй тул   цагийн багшаар   явах   болсон.    Багш   нараас   тухайн   багшийг   хангалттай   сайн ажиллахгүй байгаа талаар санал тавьж, зарим багш нар дуу хөгжмийн цагаа өгөхгүй нөхцөл байдал гарсан. /Цэцэрлэг,ерөнхий боловсролын сургуулийн баешийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам батлах тухай. Сургууль цэцэрлэгийн багшийн долоо хоногийн ажлын цаг 40 байна.  Сургуулийн  багш  долоо хоногт   34  цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ажил,6 цаатай тэнцэх бусад ажлыг тус тус гүйцэтгэнэ .Стандартыг хэрэгжүулэх ажилд ногдох 34 цагийн 19 цаг нь хичээл заах цагт зориулагдана./ 7. Боловсрол, соёл,  шинжлэх ухааны сайд,  нийгмийн хамгаалал.хөдөлмөрийн сайд, сангийн сайдын хамтарсан 2007. 08.31-ний 307/91/237 тушаалд зааснаар багшийн   нийт   хичээл   сургалтын   цаг   19   цаг   байх   ёстой.   Гэтэл   багш Д.А нь хичээл заах 12 цагтай байгаа нь цагийн багшаар ажиллахаар байна. Тухайн багшийг бага ангийн дуу хөгжмийн багшаар цагийг гүйцээн ажиллуулахад цаг хүрэхгүй юм. /Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал.хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тушаалын хавсралт. Бага ангийн III-V ангийн англи хэл,мэдээлэл зүй,биеийн тамир.хөгжим дүрслэх урлагийн хичээлийг мэргэжлийн багшаар заалгаж болно. Мэргэжлийн багшийг үндсэн ажилтнаар ажиллуулах бололцоогүй нөхцөлд тэтгэвэрт гарсан, сургуулийн бус байгууллагад ажиллаж байгаа болон ажилгүй байгаа мэргэжлийн багшийн ур чадварыг харгалзан хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулж цагийн хөлсийг нь үндсэн багшийн цалин хөлсний хэмжээнээс хэтрэхгүй байхаар тооцож олгож болно./ 8.   Багшид дээрх нөхцөл байдал үүсээд байгааг албан ёсоор анхааруулж хэлж ажилласан.   Багш   өөрөө   ийм   нөхцөл   үүссэнийг  анхаарч   ойлгож  байсан. 9.   Багшийн   нэхэмжлэлд   дурдсанаар   цалинг   бууруулсан   зүйл   үгүй   бөгөөд цалингийн зөрүү гаргах боломжгүй юм. Гэхдээ тухайн баешийн 2019 оны 10 сарын 24-ний өдөр өөрийн гаргасан өргөдөл хүсэлтийнх нь дагуу тодорхой шалтгааны учир цалинг нөхөн олгож шийдвэрлэсэн. Иймд багш Д.А-ын нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Д.А-ын нэхэмжлэлийн дагуу хариу тайлбарыг 11 дүгээр сарын 28-нд гаргаж өгсөн. Тухайн багш 2018 оны 08 дугаар сарын 31-ниий өдөр багшаар томилогдон ажилласан, тухайн үед захирал бүтэц орон тоогоо батлаад, тэр дагуу тухайн хичээлийн жилд авч ажиллуулах багшийн орон тоогоо батлаад явдаг байгаа. Тухайн үед манай сургууль бага бүлгийн 21 бүлэгтэй байсан учраас дуу хөгжмийн багш авч ажиллуулах боломжтой гэж үзсэн учир 2 багшийн ажиллуулж байсан. 2019 оны 04 дүгээр сараас 04 дүгээр сургууль байгуулагдсантай холбоотой манай сургуулиас бага бүлгийн 6 бүлэг, 18 багш, 300 гаруй хүүхэд шилжээд бага бүлгийн анги бүлэг цөөрсөн, тэгээд тухайн багшийн цаг хүрэхгүй болох нөхцөл бий болж эхэлсэн байгаа. Үүнийг өмнөх захирал ч хэлж байсан байх, тухайн багш ч өөрөө мэдсэн цаг нь илт багассан гэдгийг мэдэж байсан. Манай сургуулийн 2 дуу хөгжмийн багш нэг нь цагийн багшаар нэг нь үндсэн багшаар ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдалд байгаа. Түр тушаалтай хүн учраас тухайн захирлын гаргасан тушаал нь тухайн жилдээ хүчин төгөлдөр байхаар байсан. Тухайн үед би энэ багшийн цаг багасаж байгаа тухай багш нарын хурал дээр анхааруулж хэлж байсан тэр хурлын тэмдэглэлээ мөн хавсаргаж өгсөн байгаа. Цагийг нь 1,2 дугаар ангиар гүйцээх гэсэн боловч хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй, дуу хөгжмийн багш нартай холбоотой асуудлууд олон удаа яригдаж байсан. Багшийн үндсэн сургалтын цаг 19 байх ёстой тус багш 12 цагтай явж байгаа, 5 дугаар ангийн цагийг нэмээд ч хүрэхгүй байгаа, мөн дунд ангийн Д багшийн цагийг мөн гүйцээх шаардлагатай байгаа, тухайн багшийн цагийг гүйцээхийн тулд сонгоны цагаар дэмжиж байсан, энэ нь гадгаас шалгалт ирээд шалгаад цагийн багш болгоогүй гэж цалингийн акт тавих магадлалтай, эргээд асуудал үүсэх нөхцөл байдал бүрдээд байгааг багч өөрөө ойлгож байсан. Тухайн үед бичиг хэргийн ажилтан сургалтад явсан байсантай холбоотойгоор тушаал танилцуулагдаагүй байж байгаад 10 дугаар сарын 24-нд танилцуулагдаж тухайн үед багш өргөдөл гөргөж өгсөн цалингийн зөрүү гарч байна гэсэн өргөдөл гаргаад 11 дүгээр сард цалингийн зөрүүг тооцон олгосон байгаа. Цаг нь дутуу байгаа багшийн цагийг гүйцээхийн тулд бид нар илүү цагийн хуваарь гаргах боломжгүй, хэрвээ үндсэн цалинтай үндсэн багшаар ажиллуулвал эргээд хяналтын байгууллага дээр унах байгаа. Одоогийн байдлаар 15 бүлэг хичээллэж байгаа бага бүлэгт тухайн үед 21 бүлэг байсан, нийтдээ тухайн үед 42 бүлэг 1300 гаруй сурагчтай байсан үед энэ багшийг авч ажиллуулж байсан одоо бол 1000 сурагчтай бага бүлэг 15 байгаа тухайн үед бага бүлгийн багш гэж авч ажиллуулсан боловч одоо ажиллуулах боломжгүй болсон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.А нь захирлын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дугаартай тушаалаар цагийн багш болгож, цалинг үндэслэлгүйгээр бууруулж байгаа нь хууль бус үндэслэлгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд томилуулж, цалингийн зөрүү гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Д.А нь ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-д дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан болох нь тус сургуулийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/58 дугаартай Д.А-ыг багшаар түр томилон ажиллуулах тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.А-ыг ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дугаартай тушаалаар Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цагийн багшаар ажиллуулахаар шийдвэрлэжээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Д.А нь уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргахаар заасан байна.

Нэхэмжлэгч Д.А нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх гомдлоо шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч тухайн үед бичиг хэргийн ажилтан сургалтад явсан байсантай холбоотойгоор тушаал танилцуулагдаагүй байж байгаад 10 дугаар сарын 24-нд танилцуулсан гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дугаартай тушаалаар Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг тус тус үндэслэн байх бөгөөд уг Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт ...багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх... гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт ... ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно... гэж заасан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дүгнэхэд ажил олгогч, ажилтан Д.А нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулагдсан гэж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж, 23.2.2. энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж, 23.3.Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заажээ. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хугацааг түр гэсэн байгаа боловч чухам ямар шалтгаанаар эзгүй байгаа хэний оронд авч ажиллуулж байгаа нь тодорхойгүй, эсхүл хүний оронд бус орон гарсан орон тоонд авч ажиллуулж байгаа бол туршилтын хугацаагаар ажиллуулах талаар дотоод журамдаа тусгаж тушаалаа ийнхүү туршилтаар гэж гаргах байсан зэрэг нь анх хөдөлмөрийн харилцааг үүсгэхдээ тодорхойгүй буруу явагдсан байна.

Талуудын тайлбараас үзэхэд түр бус туршилтын байдлаар ажиллуулсан байна гэж ойлгогдохоор байна.

ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/29 дугаартай бүтэц, орон тоо батлах тухай тушаалаар дуу хөгжмийн багшийн 2 орон тоог 1 болгон цөөрүүлсэн байх бөгөөд түүнийгээ үндэслэн Д.А-ыг цагийн багшаар ажиллуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл ажилтны дуу хөгжмийн багшаар буюу үндсэн ажилтнаар ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болголгүйгээр цагийн багшаар ажиллуулсан нь үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж заажээ. ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/58 дугаар Д.А-ыг багшаар түр томилон ажиллуулах тухай тушаал нь ямар үндэслэлээр түр тушаал гарч байгаа нь тодорхойгүй байх тул түр томилон ажиллуулсан нь агуулгын хувьд хууль зүйн үндэслэлгүй байна. 

Шүүх хэргийг нэхэмжлэлийн хүрээнд буюу Б/49 дугаарын тушаалын хууль зүйн үндэслэлтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн ба хэргийн хүрээнээс хальж тухайн байгууллагын дотоод асуудлыг зохицуулах, санхүүгийн боломжийг харгалзах зэрэг байдлаар шийдвэрлэх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох цалингийн зөрүү гаргуулах шаардлагын үндэслэлийг авч үзвэл дээр дурдсан байдлуудаар ажилтанг үндэслэлгүйгээр цагийн багш болсон болох нь тогтоогдож, ажилд эгүүлэн тогтоож байгаа тул цалингийн зөрүүг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу сүүлийн гурван сарын буюу 9, 8, 7 дугаар сарын дунджаар тооцож 997.987 төгрөг байх бөгөөд 10 дугаар сард олгогдсон 203.731 төгрөгийг хасч тооцон 794.256 төгрөгийн олговрыг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилд буруу шилжүүлсэн хугацааны олговор 794.256 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 23.612 төгрөг, нийт 93.812 төгрөгийг ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-иас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б овогт Д-ийн А-ыг ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-ыг цагийн багш болгосон үеийн цалингийн зөрүүд 794.256 төгрөгийг ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-иас гаргуулан нэхэмжлэгч Д. А-д олгосугай.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилд буруу шилжүүлсэн хугацааны олговор 794.256 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 23.612 төгрөг, нийт 93.812 төгрөгийг ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-иас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН