Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 58

 

                    Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл,

Улсын яллагч Ж.Бүрэнжаргал  

Хохирогч Ж.Тулгын хууль ёсны төлөөлөгч Л.Элбэгзаяа

Хохирогч Т.Болорсаруул  

Насанд хүрээгүй хохирогч Т.Гэгээлэнгийн хууль ёсны төлөөлөгч Э.Пүрэвсүрэн  

Насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөгсийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунтуяа

Иргэний хариуцагч Д.Ганчимэг

Насанд хүрээгүй хохирогч Б.Лхагвасүрэн, хохирогч Г.Ганбаатар, Т.Болорсаруул, Б.Оюунцэцэг, насанд хүрээгүй хохирогч Т.Гэгээлэнгийн хууль ёсны төлөөлөгч Э.Пүрэвсүрэн нарын өмгөөлөгч Ж.Цэцэгээ  

Хохирогч Ж.Тулгын хууль ёсны төлөөлөгч Л.Элбэгзаяагийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий

Хохирогч Б.Алтантулга, насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөгсийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунтуяа нарын өмгөөлөгч Д.Цолмон    

Шүүгдэгч Б.Анхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

  Эрүүгийн хэргийн дугаар 201601070091

          Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын гараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Анхбаярт холбогдох 201601070091 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бодонгууд овогт Батхүүгийн Анхбаяр /РД: УГ81093038/, 1981 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Багануур дүүрэг 3 дугаар хороо, Наран хороолол, 33 дугаар байрны 09 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Багануур ХК-д үйлчилгээний авто машины хэсэгт жолоочоор ажиллаж байсан, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч, жолооч мэргэжилтэй, гэр бүлийн байдал 5, эхнэр, 2-10 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.  

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цаг 40 минутын үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо “Дөрвөн бэрх” хүнсний дэлгүүрийн баруун урд байрлах асфальтан зам дээр Багануур ХК-ийн эзэмшлийн 25-54 БРА улсын дугаартай “Паз-4234” маркийн автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгал уруу орж Б.Алтантулгын жолоодож явсан 69-76 УНБ улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Г.Ганбаатар, Т.Гэгээлэн, Б.Алтантулга нарын биед хүнд зэргийн гэмтэл, Б.Лхагвасүрэн, Т.Болорсаруул, Б.Оюунцэцэг, А.Мөнхтөгс нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан, Ж.Тулгын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Анхбаяр мэдүүлэхдээ:

             Шүүгдэгч: Миний бие Батхүүгийн Анхбаяр Багануур ХК-д 2005 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа автобус барьдаг байсан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад өөрийн анхаарал болгоомжгүй, санамсаргүй байдлаар осол гаргасан. Уг осол болох өдөр ажил үүргээ гүйцэтгээд явж байхдаа графикийн дагуу оройн 21 цаг 15 минутад уурхайгаас ажилчдыг авч хөдлөөд тогтоосон буудлын дагуу буулгаад, хамгийн сүүлд Хэрлэн байдлагт байрлах ажилчдыг буулгачхаад буцаад уурхай руу буцаад явж байсан бөгөөд хамгийн сүүлийн 1 зорчигчийг буулгаагүй байсан. Нөгөө зорчигчоо хаана буух вэ гэж асуух зуур л урдаас машин орж ирээд осол болсон. Энэ ослын улмаас 17 настай Тулга хүү нас барсан. Болорсаруул, Гэгээлэн, Оюунцэцэг, Ганбаатар, Лхагвасүрэн, Алтантулга нар бэртэж гэмтсэн осол болсон. Тухайн осолд орж бэртэж гэмтсэн улсуудад нэн даруй анхны тусламжийг үзүүлсэн. Осол гарсаны орой 2,3 хүн Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн бөгөөд манай гэр бүлийнхэн эмнэлэг дээр очиж хохирогч нартай уулзаж чадлаараа тусалж байсан. Өөрийн гэм буруугаа ойлгож хохирогч нараас уучлал гуйж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хохирогч нарт тухайн үед эмчилгээ, оршуулгын зардал гэж тухайн үед 8.900.000 орчим төгрөгийн урьдчилгаа тусламж тухайн үед үзүүлсэн. Харин одоогийн байдлаар хувийн зүгээс чадах ядахаараа 28.000.000 орчим төгрөгийн тусламж үзүүлсэн байгаа.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Элбэгзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хүү тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан. Багануур дүүргийн эмнэлэгт 1 хоноод, Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт 4 хоноод нас барсан. Шүүгдэгч Б.Анхбаярт санал гомдолтой гээд хүү маань босоод ирэх биш сэтгэл санааны хувьд маш хэцүү байна. Энэ хүний ухамсар мэдэх байлгүй дээ. Энэ хүнийг шоронд явуулна гэж бодохгүй байгаа.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Пүрэвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Энэ өдөр осолд орж биедээ хүнд гэмтэл авсан. Эчилгээний зардалыг төлж барагдуулсан. Гомдол санал байхгүй, цаашид гарах эмчилгээний төлбөрийг Багануур ХК-аас нэхэмжилнэ.

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

Тухайн осолд орж миний хүүгийн мөр нь хугарчбиедээ хүндэвтэр гэмтэл авсан байсан. Одоо өвдөж байгаа зүйл байхгүй. Гомдол саналгүй, хохиролыг бүрэн төлж барагдуулсан.

Иргэний хариуцагч Д.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б.Анхбаярыг Багануур ХК-ийн зүгээс нийгмээс тусгаарлаагүй. Ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг компаниас нэхэмжилвэл төлөөд явах боломжтой гэж бодож байна. Хохирогч нарын ар гэрт Багануур ХК-ийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна.

Хохирогч Т.Болорсаруул шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“...бид нар Алтантулга ахын машинд суугаад Багануур явсан. 21 цагийн үед орж ирээд Ихгүнд байдаг эмээгийн гэр уруу 4-р хорооноос зүүн тийш явж байтал өөдөөс 1 автобус ирж байгаа харагдсан ба манай машин руу дөхөж ирээд шууд дараад манай машины явж байсан эгнээ рүү орж ирээд машиныг мөргөчихсөн. Автобус чигээрээ явж байснаа гэнэт эсрэг урсгал руу ороод манай машиныг мөргөсөн. Ослын улмаас миний 2 хөлийн дунд чөмөг хугарсан, зүүн талын түнх мултарсан, нүдний угт өөрчлөлттэй байгаа. Би одоо босч явж чадахгүй байгаа. Гомдолтой байна. Эмчилгээний зардал, хойшид гарах эмчилгээний зардал,хөдөлмөрийн чадвар алдалтын мөнгийг хуулийн дагуу нэхэмжилнэ. Би төгсөх курсын оюутан учраас энэ жил төгсөж чадахаа больсон. Үүнтэй холбоотой гарсан зардлыг нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Одоо хохирол төлбөрт нийт өмнө Б.Оюунцэцэгийн авсан 631.450 төгрөг, Т.Болорсаруул өөрийн авсан 2.205.400 төгрөг, Т.Гэгээлэнийн хууль ёсны төлөөлөгч Э.Пүрэвсүрэнгийн авсан 239.400 төгрөг дээр 7.000.000 төгрөг нэмж нийт 10.076.250 төгрөг авсан одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Тухайн үед эмээгийн бие муу байсан учраас эмээдээ туслахаар хөдөө явж хурга ишигээ тавичаад орой нь гэртээ харих гээд явж байсан. Гэнэт эсрэг урсгалаас Автобус орж ирж бидний мөргөж би биедээ хүнд гэмтэл авсан. Шүүгдэгч Б.Анхбаяр нь эмчилгээний зардалыг бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй ирээдүйд гарах эмчилгээний зардал гарвал нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

 

            Хохирогч Г.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            “...4-р хороо талаасаа ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй засмал замаар Ихгүн чигт гэр уруу явж байхад гэнэт өөдөөс гэрэл гараад ирсэн тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Улаанбаатар хотод  эмнэлэгт хэвтэж байсан. Жолоочийн хажуу талын суудал дээр ганцаараа сууж явсан. Алтантулга машиныг жолоодож, арын суудал дээр нөгөө хэд маань сууж явсан. Машин их удаан явж байсан, ойролцоогоор 20-30 км/ц хурдтай явж байсан. Би автобус хаанаас хэр зэргийн хурдтай орж ирснийг хараагүй. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл өөрийнхөө эгнээгээр явж байтал гэв гэнэт гэрэл гялбаад өөдөөс ороод ирсэн тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Зүүн гар тохойгоороо хугарсан, толгойдоо гэмтэл авсан. Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Би ослоос болж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар сарвууны тасагт 2 хоног ухаангүй хэвтэж,16 хоног эмчлүүлээд гарсан. Эмчилгээний зардал болон ажлын хөлсөө нэхэмжилж байна.Ажил хийж гэр бүлээ тэжээдэг байсан, жил гаран ажил хийж чадахаа больсон учраас ажлын хөлсөө нэхэмжилнэ. Одоо хохирол төлбөрт нийт 2.401.114 төгрөг авсан. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

 

            Хохирогч Б.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            “...Алтантулгын машинд Болорсаруул, Гэгээлэн, Лхагвасүрэн, Тулга, Мөнхтөгс бид нар суугаад Багануур уруу явсан. Багануурт орж ирээд 4 дүгээр хорооноос ертөнцийн зүгээр зүүн тийшээ засмал замаар Ихгүн чиглэлд явж байсан. Нэг сэрэхэд эмнэлэгт очсон байсан. Осол болсныг мэдээгүй, осол болох үед ухаан алдчихсан юм шиг байна. Баруун гарын бугалга хугарсан, хүзүүний сэртэн хугаралтай, нүүрэн дээр хацар болон духанд хоёр оёдол тавигдсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар сарвууны тасагт 13 хоног хэвтэж эмчлүүлсэн. Гомдолтой байна. Эмчилгээний зардал хойшид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсны нөхөн төлбөр, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Одоо хохирол төлбөрт нийт өмнө Б.Оюунцэцэгийн авсан 631.450 төгрөг, Т.Болорсаруулын авсан 2.205.400 төгрөг, Т.Гэгээлэнийн хууль ёсны төлөөлөгч Э.Пүрэвсүрэнгийн авсан 239.400 төгрөг дээр 7.000.000 төгрөг нэмж нийт 10.076.250 төгрөг авсан одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/

            Хохирогч Б.Алтантулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            “...4 сарын 08-ны өдөр Бүрд гэх газраас Оюунцэцэг, Гэгээлэн, Болорсаруул, Тулга, Лхагвасүрэн нарыг аваад өөрийнхөө эзэмшлийн 69-76 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 21 цагийн үед Багануурт орж ирээд 4-р хорооны уулзвараар эргээд ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэлтэй засмал замаар Ихгүн рүү явж байтал  Багагүн, Нарийн хоёрын хооронд байдаг 4 зам өнгөртөл өөдөөс улаан өнгийн автобус маш хурдтай миний явж байсан урсгал руу орж ирээд миний талаар буюу жолоочийн талаар машиныг мөргөсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Автобус маш хурдтай явж байснаа над руу дөхөж ирээд гэнэтхэн дараад миний явж байсан урсгал руу ороод машиныг минь мөргөсөн. Яаж ийхийн зуургүй маш хурдан орж ирсэн. Би хурд багатай явсан учир тормоз гишгих шаардлага байгаагүй автобус өөдөөс ороод ирэх үед тормоз гишгэтэл урдаас мөргөсөн. Тэр автобус өөдөөс маш хурдтай орж ирсэн учир зугатах ямар ч боломж байгаагүй. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, 2015 оны 8 сард  худалдаж авсан. Баруун гарын шуу хугарсан, зүүн өвдөг тойгоороо бяцарсан, зүүн талын 6 хавирга, эгэм хугарсан, духны зүүн хэсэгт оёдолтой, хамрын  яс хугаралтай. Хэвтрийн дэглэм сахиж байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хавсарсан гэмтлийн тасагт 12 хоног хэвтэж эмчлүүлсэн. Гомдолтой байна. Ажил хийх боломжгүй, хөдөлмөрийн чадвараа алдчихаад байна. Одоо хохирол өмнө Б.Алтантулгын авсан 618.000 төгрөг дээр, А.Мөнхтөгс, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Оюунтуяа бид нар 5.000.000 төгрөг нэмж авсан одоогоор нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:    

            “...бид нарыг хөдөө байхад Алтантулга ах өөрийн хүү Мөнхтөгс, Ганбаатар хоёртой хамт бид нарыг авахаар өөрийнхөө 6976 УНБ дугаартай Сонота -6 маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон. Оюунцэцэг эгч, Тулга, Гэгээлэн, Болорсаруул, Мөнхтөгс бид хэд машины хойд талын суудал дээр суугаад Алтантулга ах машинаа жолоодоод урд талын суудал дээр Ганбаатар суугаад Багануур явсан. Нэг мэдэхэд би Гэмтэл согог судлалын үндэсний төвд сэрсэн... баруун талын гар булчин хэсгийн яс нь хоёр хугарсан. Зүүн нүдэнд цус хуралттай байна. Одоогоор өөр ямар нэгэн зовиур байхгүй. Эрүүл мэндээрээ хохирсон тул одоо гарсан эмчилгээний зардал болон цаашид  гарах зардлыг нэхэмжилнэ. Одоо хохирол төлбөрт урьд авсан 924.600 төгрөг дээр нэмж 2.000.000 төгрөг авсан тул Б.Лхагвасүрэн, хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхчимэг нарын зүгээс одоогоор гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

            Гэрч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            “Багануур ХК-ийн ажлаас буусан ажилчдыг зөөдөг улаан өнгийн Паз автобустай уурхайгаас гарч төв рүү орж ирээд хүмүүсээ буулгаж...Тогос-Уулын хар зам уруу орж ирээд Ихгүн, Багагүний хүмүүсээ эхнээс нь буулгаад явж байсан. Би хамгийн сүүлийнх нь буух хүн байсан. Тэгээд би Багагүн, Нарийн хоёрын завсрын уулзварын ойролцоо бууя гэсэн чинь автобус зогссон. Би буух гээд боссон чинь тас, түс гээд машин хөдөлсөн, тэр үед би буцаж суугаад буцаж босоод харахад автобусны урдаас машин ирж мөргөсөн жолооч залуу машинаасаа буугаад нөгөө машины баруун талд гүйж байсан... Хүмүүсээ буулгаад жолооч бид хоёр л явж байсан. Би буух гэж байсан, миний сууж явсан автобус зогсоод би босох үед машин хөдлөх шиг болсон тэгэхээр нь би буцаж суухад жолооч дуу алдаад буусан, босоод харахад машинтай мөргөлдсөн байсан. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл чигээрээ явж байгаад зогссон, ямар учраас хөндлөн зогссон гэдгийг мэдэхгүй байна, бууж ирээд харахад тийм байрлалтай болсон байсан. Мөнгөлөг саарал өнгийн Сонота маркийн тээврийн хэрэгсэл байсан, улсын дугаар нь Улаанбаатарын дугаартай байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудас/

            Гэрч Д.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “тухайн хэргийн газар очиход Сонота-6 маркийн авто машины урд талын салон жолооны хүрдэнд даруулсан байдалтай байсан. Жолооч Алтантулга гэх уртавтар хар үстэй туранхайвтар бор залууг гидер тасдагч ашиглан жолоочийн суудлын доод хойд талын бэхэлгээг тасалж суудлыг доош нь дарж өргөж гарган насилка дээр тавьж яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн. Жолооч суудлын бүс бүслээгүй жолооны хүрд болон урд салонд даруулсан байдалтай хагас баруун тийш  харсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 68 дугаар хуудас/

            Гэрч Б.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “хэргийн газар ирэхэд Сонота маркийн машин автобустай мөргөлдсөн байдалтай байсан ба Сонота машины жолооч нь жолооны хүрд болон урд талын салондоо даруулсан байдалтай байсан. Сонота  машины жолоочийг автомашинаас гаргаж авахын тулд жолоочийн  суудлын доод талын тулгуур төмрийг тасдаж  суудлыг нь доошлуулж байгаад жолоочийг гаргаж ирээд насилка дээр тавьж түргэний эмчид хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас/

            Гэрч Б.Баянтулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл улаан шар өнгийн Паз маркийн автобустай мөргөлдсөн байсан.  Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээр 30 орчим настай, бор царайтай эрэгтэй хүн жолооны хүрд, суудлын завсар хавчуулагдсан байдалтай ёолоод байж байсныг тасдагч багаж ашиглан уг хүнийг  тээврийн хэрэгслээс гаргаж авсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 70 дүгээр хуудас/

            Гэрч П.Наранбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Дөрвөн бэрх” дэлгүүрийн хүнсний дэлгүүрийн өмнөх зам дээр зам тээврийн осол гарч нэг хүн машинаасаа гарч чадахгүй хавчуулагдсан байна гэх дуудлагын дагуу дээрх газар 6 хүний бүрэлдэхүүнтэй очиход саарал өнгөтэй Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл Паз маркийн автобустай мөргөлдчихсөн, Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард буюу жолоочийн суудал дээр хар гуталтай, саарал өмдтэй, уртавтар халимаг үстэй 30 гаран настай эрэгтэй хүн жолооны хүрд, суудал хоёрын хооронд хавчуулагдчихсан нүүр нь цус болсон, ёолсон байдалтай байсныг очсон бүрэлдэхүүн тасдагч багаж хэрэгсэл хэрэглэж жолоочийг тээврийн хэрэгслээс нь татан гаргаж, аврах ажиллагааг явуулсан. Уг хүнийг түргэн тусламжийн машин аваад явсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 71 дүгээр хуудас/

            Гэрч Д.Өлзийбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Багануурт орж ирээд Уурхайчдын байрны автобусны буудалд зогсож хүмүүс буусан, 25-р байрны арын буудал дээр зогсож хүмүүс буулгасан, Хархорин дэлгүүрийн урд хэсэгт хүмүүс буугаад цааш хөдлөөд Сургалтын задгай, Жаргалант хоёрын голоор чигээрээ яваад Жаргалантын автобусны буудал дээр жолооч Эрдэнэчимэг буусан, тэндээсээ зүүн тийш эргэж чигээрээ яваад Жаргалант, Рашаант 2-н завсар жолооч Баяндэлгэр буусан, тэгээд зүүн тийшээ чигээрээ яваад Хэрлэн, Байдлагын голын засмалд нийлээд явж байгаад Хэрлэнгийн 8 дугаар гудамжны харалдаа би буусан... уг автобусанд гаргасан маршрут гэж байдаг, дээр ярьсан маршрутаар явах ёстой байдаг, байнга энэ маршрутаар явах ёстой. 25-54 БРА улсын дугаартай автобус дээр Анхбаяр ганцаараа гардаг. Өөр жолооч гардаггүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72 дугаар хуудас/

            Гэрч Р.Баяндэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “автобус цаашаа Өлзийбатыг Хэрлэнгийн эцэс уруу буулгах гээд явсан. Автобусанд Өлзийбат, Даваасүрэн, автобусыг барьж явсан жолооч Анхбаяр гурав явсан. Намайг гэртээ ороод удаагүй байхад Сайнбилэг утсаар залгаад Анхбаяр “Дөрвөн бэрх”-ийн уулзвар дээр осолд орсон байна, хүрээд ир гэж хэлсэн. Жижиг машины жолооч машин дотроо, бусад хүмүүсийг нь машинаас гаргасан байсан. Онцгой байдлын алба ирж жолоочийг нь гаргасан. 25-54 БРА улсын дугаартай автобусыг Анхбаяр жолоодож явсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 73 дугаар хуудас/

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн “Багануур дүүргийн 4 дүгээр хороо “Дөрвөн бэрх” дэлгүүрийн баруун урд талд 4 замын уулзвар дээр 69-76 УНБ улсын дугаартай саарал өнгийн автомашин 25-54 БРА улсын дугаартай Паз автомашинтай мөргөлдсөн байлаа. Үл хөдлөх цэгийг өндөр хүчдэлийн ацтай шонгоор авч В үсгээр тэмдэглэв. А цэгээр автобус болон Сонота маркийн машинтай анх мөргөлдсөн цэгийг авлаа. Б2 тэмдэгээр Сонота-6 маркийн 69-76 УНБ машиныг, Б1 тэмдэгээр 25-54 БРА улсын дугаартай автомашиныг авлаа... 69-76 УНБ улсын дугаартай машины зүүн хойд дугуйнаас  замын хойд ирмэг хүртэл 7 метр, зүүн урд талын дугуйнаас замын хойд талын ирмэг хүртэл 6 метр, автобусны баруун урд дугуйнаас замын хойд ирмэг хүртэл 4.70 метр, хойд талын дугуйнаас замын хойд ирмэг хүртэл 2.25 метр байлаа...25-54 БРА улсын дугаартай автобусны ертөнцийн зүгээр зүүн талын асфальтан замын өргөнийг хэмжихэд 7 метр, тус асфальтан замын хойд ирмэгээс замын голын шугамны  гол хэсэг хүртэл хэмжихэд 3.55 метр байлаа... Автобусны зүүн талын хойд дугуй замын урд ирмэг хүртэл 3 метр, автобусны зүүн урд дугуйнаас замын урд ирмэг хүртэл 0.60 метр байлаа... Сонота маркийн автомашины хамар нь автобусны урд тал уруу орсон байдалтай, автомашины хамар, обуд ерөнхийдөө эвдэрсэн байлаа. Сонота маркийн машины зүүн урд хаалга онгойж эвдэрсэн, зүүн урд талын суудлын бүс бүсэлсэн байдалтай байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1 дүгээр хх-ийн 3-18 дугаар хуудас/

          - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...улбар шар өнгийн автобус байх ба баруун урд талын цонх хагарсан, нэг урд хамар доод хэсгээр дотогш цөмөрч орсон байдалтай, зүүн урд талын гэрэл дохио хагарсан доогуур хонхойж орсон байдалтай байв. Баруун урд талын гэрэл цуурсан, автобусны урд төмөр цагаан өнгийн буфер дотогш хонхойж орсон. Автобусны зүүн талын хаалганы доод талаар хойшоо хонхойж орсон байдалтай байх ба дугуйны хүрээ хамар хэсгээр налсан байлаа...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 26-28 дугаар хуудас/

          - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...69-76 УНБ улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл байв.Урд талын копуд хойшоо хумигдаж чихэгдсэн, эд ангиуд бүгд эмх замбараагүй эвдэрч шалчийж хугарсан, урд салхины шил хагарч тээврийн хэрэгслийн баруун урд хэсгээр цонх салж унасан... Зүүн талын хаалга голоороо шалчийж хумигдсан байдалтай хаалганы гадна талын самбар салж унасан. Дотор талын урд салон болон жолооны хүрд эвдэрч жолоочийн суудал уруу чихэгдсэн, эд ангиуд эмх замбараагүй, эд ангиуд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа. Арын суудал хар өнгийн савхин бүрээстэй байх ба улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон...” тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 29-31 дүгээр хуудас/

            - Шинжээчийн 5078 дугаартай дүгнэлт “Г.Ганбаатарын биед баруун дух яснаас баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана, баруун хацар ясны нум дайрсан нийлмэл хугарал, тархины эдэд хий хуралт, цус хуралт, няцрал, зүүн богтос ясны хугарал, духанд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” /2 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/

            - Шинжээчийн 5079 дугаартай дүгнэлт: Б.Лхагвасүрэнгийн биед баруун атгаал ясны хугарал, зүүн хацар, баруун хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /2 дугаар хх-ийн 36 дугаар хуудас/

            - Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 724 дугаартай дүгнэлт: Талийгаачид дух ясны шугаман хугарал, духны дэлбэнгийн няцралт, дагзны дэлбэнгийн голомтлог аалзан бүрхүүл доорхи цус харвалт, дух хоёр зулайн урд хэсгийг хамарсан цус хуралт тогтоогдлоо. Толгойн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу нэг удаа духаар мөргөх үед цохиход үүсч болно. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Толгойн гэмтлийн улмаас уушги хавагнан нас баржээ. Талийгаач нь толгойн гэмтлийн улмаас тархи хавагнан нас баржээ. Эмнэлэгт дөрөв хоног эмчлэгдсэн тул согтууруулах бодис тогтоохгүй. Цус нь 1-р бүлэг байна. Талийгаачийг эмнэлэгт хэвтүүлэн шинжилгээ хийж оношлон мэс засал, эмчилгээ хийсэн байна” /хх-ийн 192-193 дугаар хуудас/

              - Шинжээчийн 09шэ/005 дугаартай дүгнэлт: Т.Болорсаруулын биед нийлмэл гэмтэл, 2 талын дунд чөмөгний дунд хэсгийн далд хугарал, зүүн түнхний үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь хуучин гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш хүчин зүйлийн тухайлбал авто ослын үед мөргөгдөх, дайрагдах, цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн  236 дугаар хуудас/

            - Шинжээчийн 5077 дугаартай дүгнэлт: Б.Оюунцэцэгийн биед баруун атгаал ясны хугарал, хүзүүний 5-р нугалмын хугарал, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /2 дугаар хх-ийн  11 дүгээр хуудас/

           - Шинжээчийн 5082 дугаартай дүгнэлт: Б.Алтантулгын биед зүүн 1-р болон 2-р хавирганы зөрөөтэй хугарал, зүүн 3,4,5-р хавирганы хугарал, баруун болон зүүн уушгины эдийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралт, цээжний зөөлөн эдэд хий хуралт, баруун шуу ясны хугарал, хамар ясны хугарал, дух зүүн зовхинд шарх, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна /хх-ийн 168 дугаар хуудас/

          - Шинжээчийн 5081 дугаартай дүгнэлт: Т.Гэгээлэнгийн биед дух ясны зүүн хэсгийн шугаман хугарал, зүүн дунд чөмөг ясны доод булууны хугарал, дух болон зулай, дээд уруулд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /2 дугаар хх-ийн 98 дугаар хуудас/

         - Шинжээчийн 09шэ/224 дугаартай дүгнэлт: А.Мөнхтөгсийн биед зүүн эгэмний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /2 дугаар хх-ийн 90 дүгээр хуудас/

          - Замын цагдаагийн газрын шинжээчийн 273 дугаартай дүгнэлт:

          1. 69-76 УНБ улсын дугаартай “Х.Сонота 6” маркийн автомашиныг жолоодож явсан Б.Алтантулга нь Замын хөдөлгөөний дүрэм болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

         2. 25-54 БРА улсын дугаартай “Паз-4234” маркийн автомашиныг жолоодож явсан Б.Анхбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

         3. 25-54 БРА улсын дугаартай “Паз-4234” маркийн автомашиныг жолоодож явсан Б.Анхбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөнөөс болж осол гарсан байх үндэслэлтэй байна.

         4. Ослын өмнөх хурдыг тодорхойлох боломжгүй /схем зураг болон фото зургаас харахад мөргөлдөлтийн улмаас автомашинууд зогссон байдал харагдаж байна. Иймээс тээврийн хэрэгслүүдийн ослын өмнөх хурдыг тодорхойлох боломжгүй/

         5. Хариулт 4-рт хариулагдсан /хх-ийн 93 дугаар хуудас/

         - Шинжээч С.Пүрвээгийн “... хавтаст хэргийн материалд авагдсан схем зураг, акт, үзлэгийн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд 25-54 БРА улсын дугаартай Паз-4234 маркийн автомашины жолооч Б.Анхбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөнөөс болж осол гаргасан байх үндэслэлтэй. Энэ жолооч урсгал сөрж яваагүй байсан бол дээрх осол гарах шалтгаан байгаагүй гэж үзэж байна... Хурд хэмжигчийн зүү болон тормозны мөрөөр тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй, тухайн тээврийн хэрэгслүүд хоёр талаас тормоз гишгиж мөргөлдөж зогссон байсан. Тиймээс хоёр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Хурд хэмжигчийн хувьд бол ямар ч шалтгаанаар гацсан байж болох учир түүнийг үндэслэж хурд тогтоож болохгүй. Тухайн тээврийн хэрэгсэл эвдрэлтэй ч бай, бүр зогссон ч бай өөрийнхөө эгнээгээр явж Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байхад өөр машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн бол урсгал сөрж орж ирсэн тээврийн хэрэгслийн буруу болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн лабораторийн шинжээчийн 2750 тоот дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн автобус нь автотехникийн шинжилгээнд тэнцэнэ. Хөдөлгүүрийн хаалт хонхойж үрчийж хаалт дээр байрлах хуванцар хагарсан, урд бамбайн зүүн хэсэг тасарч чихэгдсэн, зүүн талын гэрлийн цацруулагч, гэрлийн хүрээ хуванцар, урд талын дохионы, оврын гэрлийн цацруулагч хагарсан. Зүүн талын гэрлийн дээр байрлах хуванцар хагарсан. Автобусны зүүн булан хэсэг урдаас хойшоо дугуй руу шилжилт хийж шахагдсан зэрэг гэмтлүүдтэй байна.Тухайн тээврийн хэрэгсэл нь зүүн хэсгээрээ таллан мөргөлдсөн байна...Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь ослын улмаас үүссэн байна...” /хх-ийн 105 дугаар хуудас/

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн лабораторийн шинжээчийн 2751 тоот дүгнэлт: 69-76 УНБ улсын дугаартай автомашинд  урд бамбай, урд их гэрлүүд, нүүр, копуд, салхины шил, дээвэр, зүүн баруун далбаа, зүүн урд хаалга, зүүн талын гадна толь, зүүн хаалганы шил, хурдны хайрцаг, баруун хагас гол, хөдөлгүүрийн доод бэхэлгээ, хөдөлгүүрийн дээд эд ангиуд, агаар шүүр, хөдөлгүүрийн радиатор, жолооны хүчлүүр, генератор, аккумляторын батарей, гал хамгаалагчийн хайрцаг, авцуулах холбоо, тормозны аппарат, хийн хүчлүүр, тормозны шингэн агуулах сав, жолооч, урд зорчигчийн суудал, урд самбар, хянах самбар, жолооны хүрд, гол, зүүн урд амортизатор зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн шинэ эвдрэлүүд байна. Дээрх эвдрэл гэмтлүүд нь зүүн урдаас хойш чиглэлд улаан өнгийн  гадаргуутай хатуу зүйлээр харилцан үйлчлэхэд шууд болон шахалт, доргилт, хэв гажилтын нөлөөгөөр дамжиж үүссэн байна. 69-76 УНБ улсын дугаартай автомашин нь зүүн урдаас хойш чиглэлтэй мөргөлдсөн байна. Уг автомашины тормозны эд ангиуд эвдрэлтэй тул ажиллагааг шалгах боломжгүй. Ашиглалтын явцад зүүн хойд накладка нимгэрсэн, баруун хойд накладка хадсан байна. Уг автомашины аккумляторын батарей, урд их гэрлүүд эвдэрсэн тул гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагааг шалгаж тогтоох боломжгүй” /хх-ийн 124-125 дугаар хуудас/

          - Шинжээч Г.Цэндсүрэнгийн “... хурд хэмжигчийн зүүний гацсан байдлаар хурдыг тогтоох боломжгүй, яагаад гэвэл энэ тохиолдолд дээрх тээврийн хэрэгслийн  спидометрийн заалттай хэсгээр буюу жолоочийн талаар мөргөсөн байсан учир хурд хэмжигчийн зүү доргилтын улмаас савагдаж  шидэгдэж  гацсан байх үндэслэлтэй. Энэ тээврийн хэрэгслийн хувьд тухайн үед хэдэн километр цагийн хурдтай ч явсан байж болно,тэр хурдыг  энэ хурдны хэмжигч зүүний гацалтаар тогтоож болохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/

Шинжээч эмчийн үзлэгийн болон задлан шинжилгээний дүгнэлтүүдийг шүүх эмнэлгийн задлан шинжилгээ явуулах нарийн мэргэжлийг эзэмшсэн шинжээч эмч задлан шинжилгээг хийж өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан, шинжилгээг бүрэн дүүрэн хийсэн, дүгнэлтийн үндэслэл тодорхойлогдсон байна.  

Дээрх баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай төдийгүй гэмт үйлдлийг хангалттай нотолжээ. Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон,  хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

            Ял шийтгэлийн талаар: Б.Анхбаяр нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй гэсэн тодорхойлолт /2 дугаар хх-ийн 154 дүгээр хуудас/  

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

             Шүүгдэгч Б.Анхбаяр 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цаг 40 минутын үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо “Дөрвөн бэрх” хүнсний дэлгүүрийн баруун урд байрлах асфальтан зам дээр Багануур ХК-ийн эзэмшлийн 25-54 БРА улсын дугаартай “Паз-4234” маркийн автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгал уруу орж Б.Алтантулгын жолоодож явсан 69-76 УНБ улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Г.Ганбаатар, Т.Гэгээлэн, Б.Алтантулга нарын биед хүнд зэргийн гэмтэл, Б.Лхагвасүрэн, Т.Болорсаруул, Б.Оюунцэцэг, А.Мөнхтөгс нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан, Ж.Тулгын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг учралын газар үзлэг хийсэн “Багануур дүүргийн 4 дүгээр хороо “Дөрвөн бэрх” дэлгүүрийн баруун урд талд 4 замын уулзвар дээр 69-76 УНБ улсын дугаартай саарал өнгийн автомашин 25-54 БРА улсын дугаартай Паз автомашинтай мөргөлдсөн байлаа. Үл хөдлөх цэгийг өндөр хүчдэлийн ацтай шонгоор авч В үсгээр тэмдэглэв. А цэгээр автобус болон Сонота маркийн машинтай анх мөргөлдсөн цэгийг авлаа. Б2 тэмдэгээр Сонота-6 маркийн 69-76 УНБ машиныг, Б1 тэмдэгээр 25-54 БРА улсын дугаартай автомашиныг авлаа. 69-76 УНБ улсын дугаартай машины зүүн хойд дугуйнаас  замын хойд ирмэг хүртэл 7 метр, зүүн урд талын дугуйнаас замын хойд талын ирмэг хүртэл 6 метр, автобусны баруун урд дугуйнаас замын хойд ирмэг хүртэл 4.70 метр, хойд талын дугуйнаас замын хойд ирмэг хүртэл 2.25 метр байлаа. 25-54 БРА улсын дугаартай автобусны ертөнцийн зүгээр зүүн талын асфальтан замын өргөнийг хэмжихэд 7 метр, тус асфальтан замын хойд ирмэгээс замын голын шугамны  гол хэсэг хүртэл хэмжихэд 3.55 метр байлаа. Автобусны зүүн талын хойд дугуй замын урд ирмэг хүртэл 3 метр, автобусны зүүн урд дугуйнаас замын урд ирмэг хүртэл 0.60 метр байлаа. Сонота маркийн автомашины хамар нь автобусны урд тал уруу орсон байдалтай, автомашины хамар, обуд ерөнхийдөө эвдэрсэн байлаа. Сонота маркийн машины зүүн урд хаалга онгойж эвдэрсэн, зүүн урд талын суудлын бүс бүсэлсэн байдалтай байсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Шинжээчийн 5078 дугаартай дүгнэлт “Г.Ганбаатарын биед баруун дух яснаас баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана, баруун хацар ясны нум дайрсан нийлмэл хугарал, тархины эдэд хий хуралт, цус хуралт, няцрал, зүүн богтос ясны хугарал, духанд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна”, шинжээчийн 5079 дугаартай дүгнэлт: Б.Лхагвасүрэнгийн биед баруун атгаал ясны хугарал, зүүн хацар, баруун хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 724 дугаартай дүгнэлт: Талийгаачид дух ясны шугаман хугарал, духны дэлбэнгийн няцралт, дагзны дэлбэнгийн голомтлог аалзан бүрхүүл доорхи цус харвалт, дух хоёр зулайн урд хэсгийг хамарсан цус хуралт тогтоогдлоо. Толгойн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу нэг удаа духаар мөргөх үед цохиход үүсч болно. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Толгойн гэмтлийн улмаас уушги хавагнан нас баржээ. Талийгаач нь толгойн гэмтлийн улмаас тархи хавагнан нас баржээ. Эмнэлэгт дөрөв хоног эмчлэгдсэн тул согтууруулах бодис тогтоохгүй. Цус нь 1-р бүлэг байна. Талийгаачийг эмнэлэгт хэвтүүлэн шинжилгээ хийж оношлон мэс засал, эмчилгээ хийсэн байна”, шинжээчийн 09шэ/005 дугаартай дүгнэлт: Т.Болорсаруулын биед нийлмэл гэмтэл, 2 талын дунд чөмөгний дунд хэсгийн далд хугарал, зүүн түнхний үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь хуучин гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш хүчин зүйлийн тухайлбал авто ослын үед мөргөгдөх, дайрагдах, цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна, шинжээчийн 5077 дугаартай дүгнэлт: Б.Оюунцэцэгийн биед баруун атгаал ясны хугарал, хүзүүний 5-р нугалмын хугарал, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шинжээчийн 5082 дугаартай дүгнэлт: Б.Алтантулгын биед зүүн 1-р болон 2-р хавирганы зөрөөтэй хугарал, зүүн 3,4,5-р хавирганы хугарал, баруун болон зүүн уушгины эдийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралт, цээжний зөөлөн эдэд хий хуралт, баруун шуу ясны хугарал, хамар ясны хугарал, дух зүүн зовхинд шарх, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна, шинжээчийн 5081 дугаартай дүгнэлт: Т.Гэгээлэнгийн биед дух ясны зүүн хэсгийн шугаман хугарал, зүүн дунд чөмөг ясны доод булууны хугарал, дух болон зулай, дээд уруулд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна, шинжээчийн 09шэ/224 дугаартай дүгнэлт: “...А.Мөнхтөгсийн биед зүүн эгэмний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтүүд, Замын цагдаагийн газрын шинжээчийн 273 дугаартай:

          1. 69-76 УНБ улсын дугаартай “Х.Сонота 6” маркийн автомашиныг жолоодож явсан Б.Алтантулга нь Замын хөдөлгөөний дүрэм болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

         2. 25-54 БРА улсын дугаартай “Паз-4234” маркийн автомашиныг жолоодож явсан Б.Анхбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

         3. 25-54 БРА улсын дугаартай “Паз-4234” маркийн автомашиныг жолоодож явсан Б.Анхбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөнөөс болж осол гарсан байх үндэслэлтэй байна.

         4. Ослын өмнөх хурдыг тодорхойлох боломжгүй /схем зураг болон фото зургаас харахад мөргөлдөлтийн улмаас автомашинууд зогссон байдал харагдаж байна. Иймээс тээврийн хэрэгслүүдийн ослын өмнөх хурдыг тодорхойлох боломжгүй/ гэсэн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.  

           Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цаг 40 минутын үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо  “Дөрвөн бэрх” хүнсний дэлгүүрийн баруун урд байрлах асфальтан зам дээр Багануур ХК-ийн эзэмшлийн 25-54 БРА улсын дугаартай “Паз-4234” маркийн автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгал уруу орж Б.Алтантулгын жолоодож явсан 69-76 УНБ улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Г.Ганбаатар, Т.Гэгээлэн, Б.Алтантулга нарын биед хүнд зэргийн гэмтэл, Б.Лхагвасүрэн, Т.Болорсаруул, Б.Оюунцэцэг, А.Мөнхтөгс нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан, Ж.Тулгын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлсийн үнэлгээ зэргийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй, хэрэгт цугларсан баримтууд нь тухайн хэргийн үйлдлийг хангалттай нотолж байна.

Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэж байна.

 

Шүүгдэгч Б.Анхбаяр нь хохирогч Г.Ганбаатарт 2.401.114 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Лхагвасүрэн түүний хууль ёсны төлөөлөгчид нийт 2.924.600 төгрөг, хохирогч Б.Алтантулга, А.Мөнхтөгс, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Оюунтуяа нарт нийт 5.618.000 төгрөг, хохирогч Б.Оюунцэцэг, Т.Болорсаруул, Т.Гэгээлэн, Т.Гэгээлэнгийн хууль ёсны төлөөлөгч Э.Пүрэвсүрэн нарт нийт 10.076.250 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Элбэгзаяад 13.772.200 төгрөг төлсөн байна. Хохирогч нар нь цаашид учрах хохирлоо Багануур ХК-наас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.      

 

Шүүгдэгч Б.Анхбаяр нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт оршуулгын болон эмчилгээний зардлыг сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл болж байна. 

Шүүгдэгч Б.Анхбаяр нь урьд ял шийтгүүлж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тодорхойлогдсон ба хувийн зан төлөв тогтвортой нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэвэл зохино. Шүүгдэгч Б.Анхбаярын хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

          Гэм хорын хохирол болон бусад байдлын талаар:

Б.Анхбаяр нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй байна. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                           ТОГТООХ НЬ:

 

  1. Бодонгууд овогт Батхүүгийн Анхбаярыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироож, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, мөн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Анхбаярын тээврийн хэлэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Б.Анхбаяр нь хохирогч Г.Ганбаатарт 2.401.114 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Лхагвасүрэн түүний хууль ёсны төлөөлөгчид нийт 2.924.600 төгрөг, хохирогч Б.Алтантулга, насанд хүрээгүй хохирогч А.Мөнхтөгс түүний хууль ёсны төлөөлөгч Э.Оюунтуяа нарт нийт 5.618.000 төгрөг, хохирогч Б.Оюунцэцэг, Т.Болорсаруул, насанд хүрээгүй хохирогч Т.Гэгээлэн түүний хууль ёсны төлөөлөгч Э.Пүрэвсүрэн нарт нийт 10.076.250 төгрөг, хохирогч Ж.Тулгын хууль ёсны төлөөлөгч Л.Элбэгзаяад 13.772.200 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.       
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Б.Анхбаярт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Анхбаярт хяналт тавихыг Улаанбаатар хот Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
  7. Хэрэгт хураагдан ирсэн Б.Анхбаярын жолооны үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.
  8. Хохирогч нар цаашид гарах хохирлоо Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Багануур ХК-наас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  9. Б.Анхбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
  11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  12. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Анхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НАРАНТУЯА