Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2020/ДШМ/95

 

 

 

 

 

  2020          1            21                                      2020/ДШМ/95

                                                       

Д.Мэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц,

шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч О.Одхүү,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч О.Одхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Мэд холбогдох 1803009190039 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Дийн М, 1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48-1118 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Д.М нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 05 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 49 дүгээр гудамжны замд “Mazda Demio” загварын 59-69 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Б.Тыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Д.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Дийн Мийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Д.Мэд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мээс нийт 6.215.794 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц-д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч О.Одхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлтийг ялгаж салгаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Хавтас хэрэгт авагдсан гол нотлох баримт гэх зүйлүүд нь бүгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ба энэ нь дотроо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан “Шинжилгээ хийлгэх журам”-ыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан атал үүнийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дээрх хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “... энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцно” гэж тус тус заасан. Хуулийн энэ заалтын дагуу миний бие прокурор, шүүхэд удаа дараа гомдол, хүсэлт гаргасан боловч хэрэгсэхгүй, санаатайгаар хууль зөрчсөөр байгаад шийдвэрээ гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлгийн зүйл заалт бүр зөвхөн шинжилгээ хийлгэх явцад мөрдөх үндэслэл, журмыг хуульчилж өгсөнд байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна.”, 27.2 дугаар зүйлд “оролцогчийн эрх”-ийг, мөн 27.7 дугаар зүйлд “оролцогчид шинжээчийн дүгнэлтийг танилцуулах”, “оролцогч дүгнэлтийг эс зөвшөөрч нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх” эрхүүдийг тус тус заасан. Үүнээс дүгнэхэд оролцогч буюу яллагдагч нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хойш бий болох ба үүний дараа шинжилгээ хийлгэх ёстой гэдэг нь тодорхой харагдаж байна. Гэтэл мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэргээ 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр нээсэн мөртлөө үүнээсээ өмнө /2018 оны 10 дугаар сарын 31, 2018 оны 11 дүгээр сарын 1, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр/ шинжээч томилж эхэлсэн байдаг. Гол нь шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд бүгд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө үйлдэгдэн гарсан ба тухайн үед гэрчээр мэдүүлэг өгч байсан Д.Мэд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дээрх шийдвэрүүд, дүгнэлтүүдийг бүгдийг нь танилцуулж, гарын үсэг зуруулсан байна. Гэрч нь хуульд зааснаар “бусад оролцогч” бөгөөд түүнд “оролцогчид” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааж, олгосон эрхүүд байхгүй юм. Иймд мөрдөгч нь оролцогчийн эрхийг хязгаарлаж, хуулиар олгогдсон эрхээ эдлэх, хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдсөн асуудлын гол нь байгаа юм. Үүнээс гадна хэргийг шалгаж байсан мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ”, 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг прокуророос хүлээж авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна”, 4 дэх хэсэгт заасан “яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна” гэж тус тус заасныг бүгдийг зөрчиж прокурорын “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол” гараагүй байхад хуулийг ноцтой зөрчин, дур мэдэн яллагдагчаар татаж, ял сонсгон мэдүүлэг авсан явдал нь мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Гэтэл шүүх дээрх хууль бус шийдвэр, хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан нотлох баримтуудыг үндэслэл болгон дүгнэж Д.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь өөрөө хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон. Шүүх хуралдаан эхлэх явцад миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” тохиолдол бий болсныг хэлсэн боловч шүүх “хохирогч ердийн журмаар явуулах хүсэлт гаргасан бол ердийн журмаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг баримтлах ёстой хэмээн хуулийг илт буруу тайлбарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж мөн хуулийг ноцтой зөрчсөн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдгийг мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36-д тодорхойлохдоо “...эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” хэлнэ гэж тов тодорхой заасаар атал ойлгоогүй, ойлгохыг хүсээгүй, дахин хууль ноцтой зөрчсөн билээ. Дээрх заалт нь товчхон хэлбэл анхан шатны шүүх хурал хийхгүй, эхлэхгүй гэсэн үг, өгүүлбэр юм биш үү. Шүүх ингэж хуулийг удаа дараа зөрчөөд байгаа нь даанч харамсмаар байна, хэлэх үг олдохгүй байна. Хавтас хэрэгт байгаа шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3736 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид “мөрдөн байцаалтыг бүрэн гүйцэд хийгээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцээх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 заасан нотолбол зохих зүйлийг бүрэн нотлоогүй, гэрчээс тулгаж, хөтөлж мэдүүлэг авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” тухай дурдаж хэргийг буцаасан боловч дээрх зөрчил дутагдлыг арилгаагүй, хууль зөрчсөн үйлдлээ засаж залруулаагүй хэргийг буцаан ирүүлсэн байхад уг хавтас хэргээр хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй, ноцтой зөрчсөн явдал болсон бөгөөд хэт нэг талыг барьж зөвхөн Д.Мийг буруутгах гэсэн зорилготой мэт болсон юм. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч гэх Т нь “хашааны гадаа 5 цаг 30 минутын үед унаж гэмтсэн” талаар хоёр ч удаа хэлж тэмдэглүүлсэн /хх 127/ байдаг ба энэ талаар тухайн үед үзэж, тэмдэглэл хөтөлсөн эмчээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Хэргийн газрын үзлэг, фото зураг дээр энэ баримтыг нотлох тэмдэглэлд /хх 5/ “зорчих хэсгийн ойр орчимд цас хайлж, урсаж, хөлдсөн байдалтай байсан” тухай бичигджээ. Үүнийг хавтас хэргийн 11 дүгээр талд байгаа хэргийн газрын фото зургууд баталж байна. Гэрч Д.М, Н.Дэмбэрэл, Д.Дуламсүрэн нар мөн иргэн Б.Т нь унаж, ойчсон талаар мэдүүлснийг анхаарч үзэх ёстой юм. Үүнээс гадна /хх 12/ 59-69 УБИ улсын дугаартай автомашинд хүн мөргөсөн, шүргэсэн гэх ямар нэгэн ул мөр байхгүй, техникийн шинжээчийн /хх 48/ дүгнэлтийн хариулт 3-д “автомашинд ослын дараа үүссэн эвдрэл гэмтэл байхгүй” гэж, мөн хариулт 4-д “Д.Мийн автомашины бүрэн бүтэн байдал тухайн зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй” гэсэн байх бөгөөд шинжээч эмч Ч.Эрдэмболор /хх 206/ “Тын биед автомашинд мөргүүлсэн, шүргэгдсэн гэх ул мөр, хөхөрсөн, зулгарсан зүйл бий эсэх” гэсэн асуултад хариулахдаа “дүгнэлтийг Гэмтлийн эмнэлгийн өвчний түүхээр гаргасан ба өвчний түүхэнд дээрх /яс хугарсан/ гэмтлээс өөр гэмтэл тусгагдаагүй байсан” гэж хариулсан нь бодит байдалтай нийцэж байгаа. Тодруулбал, Б.Т нь автомашинд мөргүүлсэн гэх ямар нэг нотолгоо байхгүй юм. Гэтэл шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасанчлан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” байна. Мөн шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотлох баримтыг ашигласан болохыг дээр баримтаар дурдсан байгаа. Иймд нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол” буюу мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, “давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэж болохгүй” үндэслэлээр, хоёрдугаарт, мөн хуулийн 39.5 дугаар зүйлд заасан “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” дээр дурдсан баримттай үндэслэлүүдээр тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний хувьд гомдолтой байна. Миний ээж 80 нас гарсан ба одоо хүртэл бие нь тэнхрэхгүй, хэвтэрт, асаргаанд орчихсон байгаа. Бидний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Эхний ээлжийн хагалгааны зардлаа гаргуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан. Энэхүү хэрэг нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн учир яллагдагчаар татахдаа хууль зөрчсөн асуудал байхгүй. Иймээс анхан шатны шүүхээр гэм бурууг нь хэлэлцсэн нь үндэслэлтэй байна. Мөн шинжээч томилсон тогтоолд хууль зөрчсөн асуудал байхгүй. Учир нь, шинжээч нь өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ийм гомдол гаргаж, хуулийг мушгин тайлбарлаж байгаад гайхаж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх юм. Иймээс хууль зөрчсөн асуудал байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Д.М нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 05 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 49 дүгээр гудамжны замд “Mazda Demio” загварын 59-69 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Б.Тыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цийн “...Манай ээж Б.Т ... гудамжаар явж байсан автомашинд мөргүүлж гэмтсэн. ...Дүү охин П.Болорзаяа надад, тэр үед манай ээжийг мөргөсөн автомашины жолооч гэх эмэгтэй манай хашааны хаалгыг нүдээд ... Дэлгэрхангай гэдэг залуу гарч ирэхэд “би хүн дайрчихлаа” гэж хэлээд жолооч эмэгтэй уйлаад байсан гэсэн. ...” /1хх 17-18/,

гэрч П.Болорзаяагийн “...Хажуу айлын залуу гэрт орж ирээд “танай эмээ гадаа машинд мөргүүлсэн байна” гэж хэлсэн. ...Булан эргээд хартал манай ээж саарал өнгийн машины урд хэсэгт зүүн хажуу талаараа харан ёо ёо гээд газарт хэвтэж байсан. Автомашины жолооч “би машинаараа эмээг шүргэчихлээ, мөргөчихлөө” гээд байсан. ...” /1хх 29-30/,

гэрч П.Дэлгэрхангайн “...Нэг эмэгтэй хүн Жижгээ, Жижгээ гээд ... орилоод би машинаараа хүн дайрчихлаа гэсэн. ...Би хашааны хаалгаар гараад харахад манай хажуу айлын эмээ газар машин зам дээр хөлөө нь нугалсан байдалтай, дээш харан хэвтэж байсан. Мөн саарал өнгийн жижиг тэрэг байсан. ...” /1хх 26-27/,

шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхээс үзэхэд рентген зурагт зүүн дунд чөмөгний эргүүлэг дайрсан хугарал Б.Тын биед тогтоогдсон ба ийм хугарал нь хүн босоо байрлалаас зүүн хөл дээрээ гишгэсэн үедээ гадны нөлөөний улмаас хөлөө эргүүлэн савж унасан үед үүснэ. Уг хугарал хүчтэй өвдөх, хугарсан хэсгээр хавдах, хөлөө хөдөлгөж чадахгүй байх шинжүүд илэрнэ. ...” /2хх 30/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1214 дугаартай “Тын биед зүүн дунд чөмөгний битүү хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” /1хх 40/,

Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 211 дугаартай “Хойд тоормос зогсохгүй байгаа нь автотээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед хөдөлгөөн удаашрах зам уртсах бөгөөд шарвалт өгөх магадлалтай. Мөн бүрэн зогсолтод нөлөөлөх боломжтой. ...” /1хх 45-50/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 889 дугаартай “... “Mazda Demio” загварын 59-69 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /1хх 57-58/ гэх дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 5-6/, хэмжилтийн бүдүүвч зураг /1хх 10/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-12/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Мийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Б.Тыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Мийн үйлдсэн дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч О.Одхүү “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан “Шинжилгээ хийлгэх журам”-ыг зөрчсөн.

...Үүнээс дүгнэхэд оролцогч буюу яллагдагч нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хойш бий болох ба үүний дараа шинжилгээ хийлгэх ёстой гэдэг нь тодорхой харагдаж байна.

...Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг прокуророос хүлээж авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна”, 4 дэх хэсэгт заасан “яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна” гэж тус тус заасныг ... ноцтой зөрчиж мэдүүлэг авсан. ...Миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсныг хэлсэн боловч шүүх ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг баримтлах ёстой хэмээн хуулийг илт буруу тайлбарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, мөн хуулийг ноцтой зөрчсөн юм. ...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3736 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан боловч захирамжид заасан зөрчил дутагдлыг засаж залруулаагүй хэргийг буцаан ирүүлсэн. Уг хавтас хэргээр хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй ба хэт нэг талыг барьж, зөвхөн Д.Мийг буруутгах гэсэн зорилготой мэт болсон. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон...” нь үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэхээр хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох” тохиолдолд заавал шинжилгээ хийлгэхээр заасныг үндэслэн хохирогч Б.Тын эрүүл мэндэд хохирол учирсан эсэх болон зам тээврийн ослын талаар шинжээч томилох тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 27.2, 27.7 дугаар зүйлүүдэд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.

Дээрх хуульд зааснаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгах зорилгоор хуулийн дагуу бие даан ажиллагаа явуулах эрхийн хүрээнд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцнэ.

Тээврийн прокурорын газрын Прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч Д.Мэд “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол үйлдсэн атлаа түүнээс яллагдагчаар 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Гэхдээ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарны 17-ний өдрийн 736 дугаар шүүгчийн захирамжаар дээрх мөрдөн шалгах  ажиллагааны зөрчлийг арилгуулахаар шүүгдэгч Д.Мэд холбогдох хэргийг прокурорт буцаажээ.

Улмаар шүүгдэгч Д.Мийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчийн эрх үүргийг тайлбарлан, түүнд ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгааг танилцуулан хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мөрдөн шалгах ажиллагааны зөрчил арилсан гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхээс гадна хохирогчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд шүүхэд шилжиж ирсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа”-г тогтоосон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар хуульчилжээ.

Яллагдагч Д.Мэд холбогдох “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа” дуусаагүй байх үед Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1418 дугаар “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамж гарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “анхан шатны шүүх ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн” нь хууль зөрчөөгүй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч О.Одхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч О.Одхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ