Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 116/ШШ2022/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                       

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Баянтүмэн Засаг даргын  гэрээг дүгнэхгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож,  “Ургах наран” бүлгийн үйл ажиллагааг зогсоож, сумын Засаг даргын 2011.10.10-ны өдрийн А/82 дугаар захирамжаар олгогдсон 931 га газрыг ашиглах эрх, гэрээг цуцлахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, хариуцагч Баянтүмэн сумын Засаг дарга Э.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, гуравдагч этгээд Б.*******, түүний өмгөөлөгч Ч.*******, гуравдагч этгээд Д.*******, Г.,  гэрч  С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2011 онд АНУ болон Засгийн газруудын хооронд хийгдсэн Мянганы сорилтын гэрээнд тусгасан Хот орчмын бэлчээрийг сайжруулах төслийн хүрээнд төсөлд шалгарч мал ахуйн хагас эрчимжсэн фермер байгуулах төслөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт авч ажиллах болсон. Бүлгийн ахлагчаар Б.*******ийг сонгож, хамтарч  2 өрхөөрөө дээрх төслийн зорилгын хүрээнд эрх тэгш оролцоотойгоор цаашид эв нэгтэй үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ гэж итгэлтэйгээр эхлүүлж байсан.

Ингээд төслийн хүрээнд төсөлд шалгарсан бүлгүүдэд бэлчээрийн газар эзэмшүүлэх, ашиглуулах болсоноор манай бүлэгт Дорнод аймгийн Баянтүмэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011.10.05-ны өдрийн 21-р тогтоолоор бэлчээрийн газар эзэмшүүлж, ашиглуулахаар болсон. Үүний дагуу сумын Засаг даргын 2011.10.10-ны өдрийн А/82 дугаар захирамжаар манай бүлэгт 931 га газар ашиглуулж, эзэмшүүлэх болсон. Сумын Засаг даргатай манай бүлэг газар ашиглах, эзэмших гэрээ болон дагалдах хэд хэдэн гэрээг хийж албан ёсоор үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэвч төслийн санхүүжилтийн дагуу хашаа худгаа барьж дуусаад тэр цагаас хойш бүлгийн ахлагч Б.*******, гишүүн Г. нар нь дангаараа хашаа саравчийг өмчилж, давуу эрх эдэлж эхэлснээр ...маргаан үүссэн. Дээрх маргаанууд үүсч малчны бүлгийн зөрчилтэй асуудлыг шалгуулах, худаг усны ашиглалт бэлчээрийн даац болон Засаг даргатай байгуулсан бүхий л гэрээнүүд зөрчигдөөд байгаа асуудлаар хөндөж “Ургах наран” бүлгийн үйл ажиллагааг зогсоож холбогдох гэрээнүүдийг цуцалж өгнө үү гэж  2017 оноос эхлэн сумын Засаг дарга, ИТХурал, Хэрлэн сумандаа ч олон удаа өргөдөл гомдлоо гаргаж байсан. Дээд шатны байгууллага болох аймгийн Засаг дарга М.д 2021.10.19-ний өдөр сумын Засаг даргын эс үйлдэхүйн талаар эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдөл гомдлоо гаргасан боловч бидэнд хариу өгөхгүй, хайнга хандаж малчид биднийг хохироож байна гэжээ. 

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянтүмэн сумын 3 дугаар багт байрлах иргэн Г.*******, Г. нар хоёр өрхийн 4 гишүүнтэй гэрээний дагуу төсөлд шалгарч, мал аж ахуй хагас эрчимжсэн фермер байгуулж бүлгийн ахлагчаар Б.*******ийг томилж, эрх тэгш оролцоотой, эв нэгдэлтэйгээр 15 жилийн хугацаанд мал аж ахуй эрхлэхээр болсон байдаг. 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор бэлчээрийн газар ашиглуулах тогтоол гарсан. А/82 тоот захирамжаар тус бүлэгт 931 га газрыг ашиглуулсан. Төслийн санхүүжилтийн дагуу хашаа худгийг барьж дуусгасан. Ингээд бүлгийн ахлагчийн хувьд Г.*******ийн малыг усалдаггүй, 3-4 сар түүнээс хойш малаа усалж чадахгүй болсон. Энэ цагаас хүмүүсийн хооронд маргаан үүсч Г. болон түүний эхнэр давуу эрх эдлэх болсон. “Ургах наран” бүлгийн гишүүн болох Г.*******ийнх өөрсдийн хөрөнгөөр тухайн газарт худаг ухуулсан. Б.*******ийн хувьд дур зоргоор аашилж, бүлгийн гишүүн бус иргэдийн малыг маллаж, худаг ашиглалт, бэлчээрийн даац зэрэг Засаг даргатай байгуулсан бүхий л гэрээг зөрчсөн.

            Сумын Засаг даргын ажлын албанаас ажлын хэсэг байгуулж зохих шалгалтыг хийж, 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дүгнэлт гаргасан. Засаг даргын хувьд арга хэмжээ авах, гэрээг дүгнэх, гэрээг цуцлах бүрэн эрхтэй хэдий ч ямар ч ажиллагаа хийлгүй өнөөдрийг хүрсэн. Төслийн хүрээнд худаг, хашаа гэх мэт зүйлсийг бариулсан... Иймд Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Ургах наран бүлэг”-тэй байгуулсан гэрээг цуцалж, 931 га газрыг ашиглах эрхийг цуцалж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Малчны бүлэгтэй Засаг дарга гэрээ байгуулсан, газар ашиглуулах, мөн малчны бүлэг болон Засаг даргын эрх, үүргийн талаар тодорхой заасан. Арга хэмжээ авах ганц эрх бүхий этгээд нь Засаг дарга юм. Нэхэмжлэлийн шаардлага дээр А/82 тоот захирамжаар олгогдсон 931 га газрын ашиглах эрх гэрээг цуцлахыг даалгах гэсэн утгатай. Эрх болон гэрээг цуцлах хүсэлт гаргасан. Захирамжийг хүчингүй болгох хүсэлтийг тавиагүй. 931 га газар бол “Ургах наран” бүлэгтэй хамааралтай газар юм. Эрхийг цуцлах асуудал гэрээнд заасны дагуу шийдвэрлэгдэх боломжтой. “Ургах наран” бүлгийн үйл ажиллагаанд өмнөх Засаг дарга нарт хяналт шинжилгээ хийж гэрээг дүгнэсэн зүйл байхгүй. Ажлын хэсэг болон сумын иргэдийн Хурал, Засаг даргаас гэрээг цуцлах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргаж байсан. Нэгжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д  Засаг даргын эрх хэмжээний талаар, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт захиргааны актын талаар дурдсан байна. 2017 оны 06 дугаар сард хамгийн анхны ажлын хэсэг шалгалт хийгээд бүлгийг цуцалж, худгийг Баянтүмэн сумын өмчид шилжүүлэн авах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж саналаа хүргүүлж байсан. Засаг дарга ч тэр ажлын алба ч тэр яг ямар, ямар дүрэм журмыг мөрдөх ёстой гэдгээ мэдэхгүй байна. Худгийн хувьд одоо үнэлгээ дүгнэлтээ авсан, паспорттой бүртгэлтэй худаг болсон гэдгийг хэлэхийг хүсч байна гэв.

Хариуцагч Баянтүмэн сумын Засаг дарга Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлтэй бүрэн танилцсан. Гэрээг дүгнээгүй эс үйлдэхүй байна гэж үзэж байх шиг байна. Г.******* нь сумын Засаг даргад гомдол гаргасны дагуу ...албан ёсоор дүгнэлт гаргаагүй хэдий ч тухайн бүрт нь ажлын хэсэг шалгаж ажиллаж байсан, хамгийн сүүлд ...хяналт шалгалтын танилцуулга дээр тухайн маргаан нь шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа тул хойшлуулах дүгнэлт гаргасан байсан. Дараагийн дугаарт бүлгийн үйл ажиллагааг зогсоох хүсэлт гаргасан байсан. Хот орчмын бэлчээрийн төслөөс эвлэлдэн нэгдэж бүлэг байгуулсан этгээдүүдэд Баянтүмэн сумаас газар ашиглуулах шийдвэр гаргасан байна. Дэмжлэг үзүүлсэн ажлууд дээр хяналт тавьж ажиллах боломжтой. Гэхдээ яг бүлгийн үйл ажиллагааг зогсоох эрх байхгүй гэж үзэж байна. Эвлэлдэн нэгдсэн хүмүүс бүлгийг тараах эсэх нь өөрсдийнх нь бүрэн эрх байх.  

Тухайн бүлэг сум хөгжүүлэх санд 8.4 сая төгрөгийн төлбөрийг гэрээгээр төлөх үүрэг хүлээн ажиллаж байгаа. Бүлгээс тухайн төлбөрийг төлөх ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар 2 удаа  800 гаруй мянган төгрөгийг төлсөн байна.  Нэг ёсондоо төрийг хохироох үйлдэл гаргасан. Засаг даргын зүгээс гэрээний 7 дугаар зүйлд зааснаас бусад шалтгаанаар гэрээг цуцлахыг хориглосон байна лээ. Төр бол иргэдийн эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг зохицуулах чиг үүргийн хүрээнд ажилладаг. Төрөөс малчдын дунд зохион байгуулалт хийж бүлгийн зохицуулалтад оруулж тэтгэлэг олгосон байна. Хоёр тал хоёулаа гэрээний үүргээ хангахгүй байгаа. Худгийн асуудлаар маш удаан маргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн Хөдөө аж ахуйн гэрээний 10.4 дахь хэсэгт бүлэг өөрсдөө хэлэлцээд талууд гэрээг дүгнэх тухай заалт байгаа. Асуудлаа хэлэлцээд цаасаар дүгнэлтээ өгсөн зүйл байхгүй.

 Маргааныг зохицуулах гэж гурван гэрээ байгуулагдсан. Энэ бүгд зөвшилцөх хэлбэрээр маргааны шийдвэрлэх талаар дурдсан байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөө аж ахуйн газар ашиглах гэрээн дээр зөвхөн сумын Засаг даргын 2011 оны А/82 тоот захирамжаар болзол гэрээний дагуу газар ашиглуулах эрхийг олгосон. Бүлгийн гишүүд өөрсдийн саналаар нэгдсэн. Сонгон шалгаруулалтын дагуу сонгогдсон.  Хөдөө аж ахуйн газар ашиглах гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хугацаанаас нь өмнө цуцалж болохоор заасан байгаа... Гэрээний дагуу оруулсан хөрөнгийг хуваарийн дагуу төлсөн байх ёстой. Эсвэл төлөвлөгөөний дагуу малын тоо толгойг хэтрүүлэхгүй, газрын доройтол үүсгэсэн бол сумын Засаг дарга цуцлаж болохоор байна гэв.

Гуравдагч этгээд Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:    Бидний эрх маш их зөрчигдөж байна . Баянтүмэн сумын Засаг дарга энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Худгаас болж олон ч удаа зөрчил гаргасан. Мал аж ахуйн асуудлаас болж байнга хэрүүл хийдэг. гэх айлтай бид хамтран зээл авч худаг ухуулсан. гэдэг хүн тухайн  үед худаг гаргаж болно гэж хэлж байсан. Одоо ч тухайн худгаасаа малаа усалж байна. Худаг гарнаас хойш бас л мөн хэрүүл салахгүй байна гэв.

 

Гуравдагч этгээд Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Малчны бүлгийг Баянтүмэн сумаас байгуулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд Мянганы сорилтын сангаас зарласан шалгаруулалтанд оролцох зорилгоор иргэдийн өөрсдийн санаачлагаар байгуулсан тул захиргааны зүгээс иргэдийн дээрх үүсгэл санаачлалыг хүчээр таслан зогсоох хууль зүйн боломжгүй юм. Энэхүү малчны бүлэг нь Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлсэн  Засаг  газар хоорондын хот орчмын бэлчээрийн төслийн хүрээнд байгуулагдсан олон талт хэлцлийн шинжтэй харилцааны үр дагавар гэж ойлгож болно. Төслийн хүрээнд санхүүжигдсэн 8401102 төгрөгийн зээлийг Баянтүмэн сумын сум хөгжүүлэх сан төвлөрүүлэхээр 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “эргэн төлөх” гэрээнд заасан. Уг мөнгө нь шууд хэлбэрээр Баянтүмэн сум болон  бусад улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн мөнгө биш юм. 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хамтын ажиллагааны гэрээний талуудаар “Ургах наран” бүлэг,  Мянганы сорилтын сан, Баянтүмэн сум гэсэн талууд оролцсон, ...энэхүү гэрээг дүгнэж, түүний хэрэгжилт, Баянтүмэн сумаас дүгнэлт гаргасан талаар огт мэдэгдэж байгаагүй, гэрээний хэрэгжилтийг дүгнэхээр бол гэрээний талуудыг бүгдийг байлцуулах үүргээ Баянтүмэн сум хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах гэрээний аливаа үүргээ бүлгийн гишүүний хувьд нэхэмжлэгч мөн адил тэгш хүлээх үүрэгтэй бөгөөд дээрх гэрээний хувьд зарим үүргээ түүн дотроо гэрээний дагуу төлбөл зохих өөрт ногдох төлбөрөө нэхэмжлэгч огт төлөөгүйгээс мөн өөрийн малаас гадна, бусдын олон тооны бод малыг хөлсөөр харах, даац хэтрүүлэх, худгийн  усны нөөцийг шавхах болсонтой холбоотойгоор  бидний хооронд маргаан үүссэн. Нэхэмжлэгч нь сумын Засаг даргад Газрын тухай хуулиар үүрэг болгоогүй үйлдлийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь хуульд нийцээгүй, хэрэгжих боломжгүй, захиргааны шүүхийн харъяалан шийдэх боломжгүй болохыг харуулж байна. ...нөгөөтэйгүүр ашиглах, эзэмших гэрээний талаар талуудын хооронд байгуулагдсан ямар нэгэн гэрээ байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Гуравдагч этгээд Б.*******ийн өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Малчид бидний эрх ашгийг хохироож байна гэдэг үг нэхэмжлэлд байнга дурдагдсан байна лээ. Г.*******ийн хувьд хэсэг бүлэг малчдын эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргасан мэт ойлгогдохоор байна. Ганц Г.*******ийн асуудал биш байх шиг харагдаад байна. Г.*******ийн хувьд бусад этгээдийг төлөөлөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Эвлэлдэн нэгдэх эрхийг захиргааны шүүх, эсвэл сумын Засаг дарга тараах эрх байхгүй.  Үндсэн хуулийг маажиж байгаа үйлдэл болно. Энэ бол хүсэл зоригоо нэгтгэсэн этгээдүүдийн эвлэлдсэн үйлдэл юм. Өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргах боломжгүй юм. Энэ бүлэг тарах асуудлыг дөрвөн гишүүн л шийдвэрлэнэ. Одоо тарж чадахгүй маргалдаад байгаа юм. Бүлгийг хуралдуулахыг даалгах шийдвэр гаргах боломжтой. Гэвч өнөөдрийн хэлэлцэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

            Мянганы сорилтын сан гэж нэг үндсэн байгууллага байгаа. Эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоно гэж яриад байх юм. Эс үйлдэхүй гэдэг чинь өөрөө хууль бус үйлдлийн илрэл. Хийх ёстой зүйлийг хийхгүй байгааг эс үйлдэхүй гэж тайлбарлана. Яг аль нэгж хуулийн аль хэсгийг зөрчөөд байгааг тайлбарлахгүй болохоор бид мэтгэлцэж чадахгүй байна. Бүлгийн үйл ажиллагаа нь сумын Засаг даргын үйл ажиллагаатай хамааралгүй. Бүлгийн үйл ажиллагаа, санхүүг сумаас хянах эрх байхгүй. Зөвхөн өөрсдийн олгосон газар ашиглалттай холбоотой асуудлыг шалгах, хяналт тавих, дүгнэх үүрэгтэй. Баянтүмэн сумын байгаль орчны хяналтын Улсын байцаагч нь “тийм, хууль зөрчсөн” гэж хэлээд зогсож байсан. Тэгсэн атлаа шал өөр дүгнэлт бичээд ирж байсан. Гэрээний дагуу оруулсан хөрөнгөө гэдэг үг байгаа. Тэрийг анзаарах хэрэгтэй. Энэ бол Баянтүмэн сумын Тамгын газраас санхүүжүүлээгүй, Мянганы сорилтын сангаас санхүүжүүлсэн асуудал. Гэрээнд хөрөнгө оруулсан талууд энэ асуудлын талаар маргах боломжтой. Хугацаанаас нь өмнө цуцлах асуудал яригдаж байна. Гэрээг тухай бүрт нь дүгнээгүй гэдэг нь эс үйлдэхүй байх боломжтой. Гэхдээ гэрээнд энэ талаар заасан зүйл алга.

Нэхэмжлэл дээр гэрээг дүгнээгүй, малчны бүлгийг тараах саналыг гаргасан байна. Гэрээнүүд гэж маш тодорхой зааж хэлсэн байна. Г.*******ийг бүлгийн гишүүн гэж бодох юм бол эсрэгээрээ гаргаж байгаа нэхэмжлэл нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасны дагуу  эсрэгээрээ өөрийнх нь  эрх ашиг  зөрчигдөнө. “Ургах наран” бүлгийн эрх ашиг сонирхолтой шууд хамаатай үлдэж байгаа шүү. Өнөөдөр Г.******* гэдэг хүний ямар эрх ашиг бүлэг ажилласнаар хөндөгдөж байгааг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгч талаас ямар нэгэн байдлаар “Гэрээ” гэдэг үгийг хэлсэн нь үнэн.  Нийтийн эрх ашгийг хөндсөн гэрээ байх ёстой. Гэтэл энэ гэрээнд батлагдсан зүйл алга. Нийтийн эрх ашгийг хөндсөн зүйл алга, ... иргэний эрх зүйн гэрээ байна. Үндсэн гол шинж байхгүй тул  Захиргааны гэрээ гэж үзэх боломжгүй. Энэ төслийн хувьд хоёр улсын гэрээ яригдаж байгаа. Талууд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацааг зарцуулсан. “Ургах наран” бүлэг төлбөрөө төлж ирсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д  заасны дагуу нийтийн ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэдэгт эргэлзээ төрж байна. Баянтүмэн сумын Засаг дарга энэ бүлгийг тараах гэвэл Үндсэн хуулийг зөрчсөн асуудал болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оноос 2020 оны 11 дүгээр сарыг хүртэл  Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт Хөдөө аж ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үед  АНУ-аас  Монгол Улсад төсөл хэрэгжүүлсэн. Манай суманд хэрэгжүүлэхдээ малчдын бүлгийг шалгаж, шалгаруулж авсан. Би тухайн төслийг бүрэн хариуцаж ажилласан. Бүлэг шалгаруулах үед маш олон бүлэг хүсэлтээ өгсөн. Ингэхэд 50 км дотор байгаа малчдаас сонгон шалгаруулалт хийх үүрэг өгсөн. Тухайн үед 100 гаруй санал орж ирсэн. Үүнээс 50 орчим бүлэг байгуулахаар яригдаж байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь  тус шүүхэд Баянтүмэн сумын  Засаг даргад холбогдуулан ...  гэрээний үүргээ хэрэгжүүлж “Ургах наран” малчны бүлгийн үйл ажиллагааг зогсоож,  сумын Засаг даргын 2011.10.10-ны өдргийн А/82 дугаар захирамжийн дагуу байгуулсан “Газар ашиглуулах тухай гэрээг цуцлахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл[1] ирүүлсэн боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагыг   “...сумын  Засаг даргын  эс үйлдэхүй  хууль  бус болохыг тогтоох, “Ургах наран” бүлгийн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, 2011.10.10-ны өдрийн  А/82 дугаар  захирамжаар ...931 га  газрыг ашиглах эрх,  гэрээг цуцлахыг даалгах” хэмээн тодруулсан болно.

 

Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011.10.05-ны өдрийн хуралдаанаар “Ургах наран” бүлгийн 2 өрхийн 4 гишүүнд газар ашиглуулах тухай 21 дүгээр тогтоолын[2] дагуу сумын Засаг даргын 2011.10.10-ны өдрийн А/82 захирамжаар[3] ...931 га газрыг “Ургах наран” бүлэгт ашиглуулах шийдвэр гарсан. Тэрээр сумын Засаг дарга болон төсөл хэрэгжүүлэгч талуудын хооронд ...15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна.

Гэрээний үндсэн нөхцөлд[4]  ...талуудын үндсэн үүрэг,  бэлчээр ашиглуулах  үндсэн нөхцөл, малчдын бүлэг солигдох, ... давагдашгүй  хүчин зүйл, гэрээ цуцлах, гэрээний хугацааг сунгах ...зэрэг  зохицуулалтыг тусгаж, малчны  бүлгийн ахлагч  Б.*******, гишүүн Г., Г.*******, Д.******* гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ...бүлгийн гишүүд Засаг даргатай байгуулсан гэрээг зөрчсөн, ...үйл ажиллагааг зогсоох, төслийн санхүүжилтийн дагуу худаг барьж дуусгасан гэх, хариуцагч нь гэрээний 7-р зүйлд зааснаас бусад шалтгаанаар гэрээг цуцлахыг хориглосон, ...өргөдөл гаргасны дагуу хяналт шалгалтын ажиллагааг явуулж байсан, иргэний хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байсан гэх, гуравдагч этгээд Д.Н нь ...зээл авч худаг ухуулсан, худгаасаа малаа усалж байсан... гэх, гуравдагч этгээд Д.М-ийн өмгөөлөгч Ч.******* нь ...олон айл буулгасан, айлын мал тавиулсан асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй, захиргааны гэрээ мөн эсэх, нэхэмжлэгч бүлгийг төлөөлж нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлийн хэдэн шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй... зэргээр харилцан тайлбарлаж мэтгэлзэж[5] байгаа болно.

Энэхүү нэхэмжлэл нь гэрээний үйлчлэлийг зогсоож, дуусгавар болгох агуулга бүхий байгаа бөгөөд нэхэмжлэгч нь “Ургах наран” бүлгийг төлөөлж нэхэмжлэл гаргаагүй учир бусад гишүүдийг гуравдагч этгээдээр[6] татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд ...шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах” ойлголт юм. Хариуцагч тал нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийн дагуу тусгай комисс томилж хяналт шалгалтын ажиллагаа явуулж байсан талаарх баримт болон маргаан бүхий 931 га газрын зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар шүүхээс үзлэг явуулж гэрэл зургаар баталгаажуулсан болно. Хэдийгээр “Ургах наран” бүлгийн гишүүд нь харилцан ойлголцолд хүрэхгүй маргаантай байгаа ч ...тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа болох нь хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

“Ургах наран” малчны бүлэг Баянтүмэн сумын  Засаг даргын хооронд, “Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах тухай гэрээ”[7],  “Хамтын ажиллагааны гэрээ[8]”, “...төслийн хүрээнд  малчдын бүлэгт оруулсан хөрөнгө оруулалтыг  сум  хөгжүүлэх санд эргэн төлөх гэрээ”-г  тус тус байгуулсан байна. Гэвч нэхэмжлэгч нь  ...газар ашиглах эрх, гэрээг  цуцлахыг  даалгуулах  нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй хэдий ч тухайн гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй” юм.

            Сумын Засаг даргын дээрх А/82 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2. “Зуслан намаржаа болон бэлчээрийг гарц, иргэдийн саналыг харгалзан  өвөлжөө, хаваржааны  бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум дүүргийн Засаг дарга тогтоож, баг хорооны  Засаг дарга,  иргэд мөрдөж  хэрэгжүүлнэ. Өвөлжөө хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн  иргэдийн  Нийтийн Хурлын  саналыг үндэслэн,  сумын Засаг дарга малчдад болзол гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”, мөн  хуулийн 52 дугаар зүйлийн 52.5. “Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх зорилгоор хашсан бэлчээрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад улирал харгалзахгүй тодорхой болзол, гэрээний дагуу ашиглуулж болно” үндэслэсэн байна.

            Баянтүмэн сумын Засаг даргын “Ургах наран” бүлэгтэй байгуулсан Газар ашиглуулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1.  Гэрээнд заасан бэлчээр болон худгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй, 7.2.2. гэрээнд заасан нөхцлийг биелүүлээгүй нь баримтаар нотлогдсон, 7.2.3. гэрээний дагуу оруулсан хөрөнгийг  “Малчдын бүлэг” гэрээнд заасны дагуу төлөх ёстой эргэн төлөлтийг  хуваарийн дагуу төлөөгүй, төлөхөөс татгалзсан, 7.2.4. Засаг дарга нь  Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу, олон нийтийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болон хууль ёсны эрх бүхий лиценцтэй, уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааг тухайн газарт явуулах зорилгоор  гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно.

 

            Сумын Засаг дарга нь энэ гэрээний 7.2-д зааснаас бусад тохиолдолд өөрийн санаачилгаар гэрээг цуцлах боломжгүй. Харин малчны бүлэг хугацаанаас нь өмнө гэрээг цуцлуулах бол энэ тухайгаа нэг сараас доошгүй хугацааны өмнө Засаг даргад мэдэгдэх, нөгөөтэйгүүр ...гэрээний хэрэгжилтийг жилд нэгээс доошгүй удаа малчдын бүлэг хэлэлцэж, талууд дүгнэх зохицуулалттай байна.

           Сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгчийн  өргөдлийн дагуу, ажлын хэсэг байгуулан хяналт шалгалтын  ажиллагаа явуулсан   байдаг боловч  ямар нэгэн захиргааны акт гаргаагүй байгаа талаар иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй  байсан хэмээн тайлбарлаж, сумын Засаг дарга нь хөдөө аж ахуйн газар ашиглах гэрээний дагуу, ...газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглуулах, малчдын бүлэгт худаг гаргах, хашаа хорооны материал олгоход дэмжлэг үзүүлэх, энэхүү гэрээний холбогдох  хуульд заасан нөхцөл журмын дагуу гэрээний хэрэгжилтийг Сумын Засаг даргын Тамгын газар, Малчдын бүлгийн хувьд  ахлагч нь  тус тусын эрхлэх асуудлын  хүрээнд зохион байгуулна.   

            Малчдын  бүлэг бэлчээр  ашиглах гэрээнд гарын үсэг зурснаас хойш  таваас доошгүй  жил бэлчээрийг тогтвортой ашиглах, бүлгийн гишүүн өрхүүдийг солих, өөрчлөхийг бүлгийн бүх гишүүдийн  хурлаар гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд “Ургах наран” бүлэг нь гэрээний хэрэгжилтийг малчдын бүлгээр хэлэлцэж,  зөвшилцөх  зарчмаар шийдвэрлэх  боломжтой байсан байна.

           Харин гэрээний нэг тал болох сумын Засаг дарга нь ...гэрээг шууд дүгнэх боломжгүй, гэрээний нөхцөлд ...”Малчдын бүлэг” хэлэлцэж, талууд дүгнэх зохицуулалттай бөгөөд гэрээний нэг тал болох захиргааны байгууллага нь гэрээний үүргийн биелэлт, тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа байдал, бодит нөхцөл байдлыг тогтоох боломжтой юм.  

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Э-ийн мэтгэлцээний дагуу ...захиргааны гэрээний нэг тал нь захиргааны байгууллага, нөгөө тал нь “Ургах наран” бүлэг, захиргааны актаар зохицуулагдсан гадагш чиглэсэн байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгох үр дагавартай, даалгах нэхэмжлэл нь үүрэг хүлээлгэх нэхэмжлэлийн төрөлд хамаардаг. Захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргуулахыг даалгах гэдгийг салгаж тусдаа нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн Дорнод аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Ургах наран”  бүлгийн 931 га ашиглалтын газарт  гүний худаг гаргасан явдлыг дээрхи гэрээний 2.3.6-д заасныг зөрчөөгүй гэж үзэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

 

            Иймд нэхэмжлэгч Г.*******ийн, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, ... гэрээг дүгнэхгүй байгаа  Засаг даргын эс үйлдэл хууль бус болохыг тогтоож,  “Ургах наран” бүлгийн үйл ажиллагааг зогсоож, сумын Засаг даргын 2011.10.10-ны өдрийн А/82 дугаар захирамжаар олгогдсон 931 га газрыг ашиглах эрх, гэрээг цуцлахыг даалгах”   нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ     

        

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн  52 дугаар зүйлийн 52.2, 52.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч ******* *******ийн, Баянтүмэн сумын  Засаг даргад холбогдуулан  гаргасан,  “...сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус  болохыг тогтоох,  “Ургах наран”  бүлгийн үйл  ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, Сумын Засаг даргын 2011.10.10-ны А/82 дугаар  захирамжаар олгогдсон  931 га газрыг ашиглах эрх, гэрээг цуцлахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ОЮУН

 

 

[1] Хавтаст хэргийн 1-3-р хуудас

[2] Хавтаст хэргийн 49-р хуудас

[3] Хавтаст хэргийн 62-р хуудас

[4] Хавтаст хэргийн 68-72-р хуудас

[5] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[6] Хавтаст хэргийн 149-153-р хуудас

[7] Хавтаст хэргийн 68-72-р хуудас

[8] Хавтаст хэргийн 62-67-р хуудас