Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00647

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ 2018/00133 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Бо” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12 315 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь “Бо” ХХК-тай аман хэлцлээр D9 бульдозерийн хутга 2 ком, D275 бульдозерийн хутга 2 ком, 14Н автогрейдерийн хутга 2 ком-ыг тус тус хийж, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэж өгсөн. Гэвч хариуцагч нь 14Н автогрейдерийн хутга 2 комыг хэрэглэхгүй буцаасан бөгөөд уг 14Н автогрейдерийн хутга 2 комыг оруулахгүйгээр тооцвол  ажлын хөлс 12 815 000 төгрөг болсон. Гэтэл хариуцагч нь ажлын хөлсийг төлөөгүй өдий хүрсэн.  Ажлын үр дүнг хүлээлгэж өгснөөс хойш  хөлс  төлөхийг удаа дараа шаардаж, албан тоот явуулж, сануулсан. Нэхэмжлэгч талын гүйцэтгэх захирал 2016 онд өөрийн биеэр Улаанбаатар хотод ирж, хариуцагч талын захирал Н.Бгээс 500 000 төгрөг бэлнээр авсан. Гэрээ байгуулагдаж ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үед хариуцагч компанийн нэр нь А Сервис байсан бөгөөд харин 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Бо” болж оноосон нэрээ өөрчилсөн. Иймд хариуцагчаас хөлс 12 315 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан аваад шүүхэд  тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг тус тус баримтлан “Бо” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12 315 000 төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 211 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 211 990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуульд заасан хэлцэл байгуулсан тохиолдолд иргэний эрх зүйн харилцаа үүсдэг. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй. “Бо” ХХК нь нэхэмжлэгчид 12 315 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээгээгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүтээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг үл ойшоон дүгнэлт гаргасан. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т "хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол хөрөнгө оруулагчийн биеийн байцаалт"-ыг бүртгэлжүүлнэ гэсэн байна. Үүний дагуу “Бо” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Э.Б бүртгэлтэй.  “Бо” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байхад зөвшөөрсөн гэж үзэх нь хууль зүйн хувьд боломжгүй юм. Гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь мэдээгүй, хариу өгөөгүй, хүлээн зөвшөөрөөгүй байхад хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэлд дурдсан техник, тоног төхөөрөмж “Бо” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байхгүй, төлбөр төлөх үүрэггүй,аливаа хэлбэрээр үр шимийг нь хүртээгүй. Тээврийн хэрэгслүүд нь хэний нэр дээр байдаг эсэхийг нь тодруулалгүйгээр дан ганц нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт үндэслэн шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 -д "Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ" гэж заасан, уг хуулийн 20 дугаар зүйлд ерөнхий нягтлан бодогчийн эрх. үүрэгт компанийг бүрэн төлөөлөх эрх үүрэг олгогдоогүй байна. “Бо” ХХК-ийн  санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах эрх бүхий этгээд нь Б.Ж. Анхан шатны шүүх нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.4, 14.4.3, 20.2.5 дахь хэсгийг үндэслэн хариуцагч байгууллагын нягтлан бодогчийн гаргасан дээрх тооцоог үндэслэлтэй, үнэн зөв гэж үзэхээр байна гэж дүгнэжээ. Хэрэв хариуцагч дээрх нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн байсан бол талууд тооцоо нийлж өглөг, авлагаа баталгаажуулан акт үйлдсэн байх ёстой. Гэвч энэ талаарх үйл баримт хэрэгт авагдаагүй байхад ийнхүү дүгнэсэн буруу дүгнэлт болжээ. О.Д нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдалтай байсан. Энэ талаараа шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай утсаар холбогдож хэлсэн боловч шүүгч нотлох баримт, хүсэлт ирээгүй гэсэн үндэсэлэлээр шүүх хуралдааныг явуулан шийдвэр гаргасан. Мэтгэлцэх боломжийг олгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ггаас хариуцагч “Бо” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 12 315 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч “Бо” ХХК-ийн захирал Э.Бгээс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус хэрэгт байгууллагыг төлөөлөн зохигчийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр О.Дыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. / хх-ийн 9/ Э.Б нь “Бо” ХХК-ийн гүйцэтгэх захирал, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн болох нь хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилтээр нотлогджээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардан авсан, мөн өдрөө зохигчийн эрх үүргийг шүүхээс түүнд тайлбарлаж, гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан. /хх-ийн 10-12/

 

Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу хариуцагч нэхэмжлэлийн хувь гардан авснаас хойш 21 хоногийн дараа гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар болон мэдэгдэх хуудсаар 2 удаа хуралдааны товыг мэдэгдэж, улмаар хэргийн оролцогч, хэргийн материалтай танилцах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхээ хэрэгжүүлсэн талаар баримт хэрэгт авагджээ. / хх-ийн 15,16,17/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй байгаа шалтгаан, шүүх хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. / хх-ийн 18-22/

 

Нэхэмжлэгчийн анх Алтан дорнод майнинг ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр D9 бульдозерийн хутга 2ком, D275 бульдозеорийн хутга, 14H автогрейдерийн хутга 2 комыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгснөөс 14H автогрейдерийн хутга 2 комыг буцааж ажлын хөлс 12 815 000 төгрөг болсон, ажлыг хүлээлцэх үед хариуцагчийн оноосон нэр “Бо” ХХК болж өөрчлөгдсөн гэх тайлбар нь хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “Бо” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн 12 815 000 төгрөгийг “Б” ХХК-нд төлөх төлбөрийн графикаар давхар нотлогдож байна. Уг 12 815 000 төгрөгөөс 2016 онд “Бо” ХХК-ийн захирал Э.Б 500 000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан тул 12 315 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ. / хх-ийн 1,6, 19/

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2018/02002 дугаар захирамжаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 211 990 төгрөгийг давж заалдах шатны шүүхийн магадлал гарах өдөр хүртэл хугацаагаар хойшлуулжээ. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Бо” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 211 990 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Бо” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлөх 211 990 төгрөгийг гаргуулж улсыг орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД