Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 133/ШШ2020/00024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГАА ЕС-д оршин суух Б овогт Д-Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА ЕС-д оршин суух, Б овогт Б.Б-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, 4 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Б.Б-ын Хаан банкны цалингийн зээлийн үлдэгдэл 5.806.240,27 төгрөгийг Б.Б төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-тай 2006 онд танилцаад 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлээд 2019 оны 8 дугаар сард гэр бүл болсон. 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ж, 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр С, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Г, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр О төрж 4 охинтой болсон. Бид хоёр гэр бүлж болж хамт амьдрахад зан ааш таарч тохирохгүй байсан. 2018 он гараад манай хүний зан ааш хувирч эхэлсэн. 2018 оны 1 сард Х гэдэг хотын оюутан дагуулаад гэрийнхэн нь над руу яриад ирсэн. Дараа буцаж явахдаа Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн сурагч А гэдэг гэдэг хүүхэд дагуулж яваад байрын багш, ангийн багш нартай нь бүтэн нэг шөнө хайсан. Өөр рүү ярихаар дагуулж яваагүй гэж хариулаад байсан. Тэгээд би хотод байдаг хамаатан садан руу нь ярьж байгаа газрыг нь зааж өгч тэр охиныг энд буцааж авчирсан.  2018 оны 2 дугаар сараас хот яваад 4 хүүхдээ гэртээ байж байхад О гэдэг нэртэй нэг бүсгүй дагуулж ирсэн. Тэгээд би 4 охиноо аваад ээжийндээ амьдрах болсон. Нэхэмжлэлийн шаардлага нь гэрлэлт цуцлуулж 4 хүүхдийн асрамжийг над дээр тогтоож, Б-аас 4 хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Б нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 7.000.000 төгрөгийн цалингийн зээл авч 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэмээд 1.500.000 төгрөгийн цалингийн зээл авсан.  Би хүүхдүүдээ хараад мэргэжилгүй тул ажил хийхгүй орлого муутай энэ хүнээс болж өр зээлд их орж байгаа. Хаан банкны цалингийн зээлийн үлдэгдэл 5.800.000 төгрөгийг Б.Б-аар төлүүлөх үүрэг хүлээлгэх шаардлага тавьсан байгаа. 2018 оны 05 дугаар сард авч явсан. Би тоосгоны үйлдвэрт ажилд орсон манай охин хоёр том эгчтэйгээ гадаа салхилаж байхад аав нь хоёр том эгчид нь мөнгө өгөөд аав нь дүү нь маргааш аваад ирье гээд хуураад аваад явсан байсан. Маргааш нь ажлаас ирэхэд авч ирж өгөөгүй байхаар нь хүүхдээ авъя гэхэд аваад хот руу явсан байсан гэв.

Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны зээл авсан нь үнэн би өөрөө төлөх нь үнэн. Өрийг би хүлээн зөвшөөрч байна, би өөрөө төлнө. Хүүхдийн мөнгө зээлэнд ордог гэдгийг бол би өмнөх шүүх хурал дээр мэдсэн. 4 хүүхдийн тэтгэлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөр дээрээ байгаа хүүхдээ би өгч чадахгүй, С охиноо өөр дээр авмаар байна. Би 4 охиноо хойд эцгийн гар харуулж чадахгүй. Дороосоо 2 дахь охин нь надтай 3 жил хамт амьдарч байгаа. Одоо бараг ээжийгээ сайн мэдэхгүй. Би 2 охиноо хүнээс дутахгүй хүн болгож чадна, би хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэндээ биш хойд эцгийн гар харуулахгүй гэсэндээ 2 охиноо өөр дээрээ авах гээд байгаа юм. Өмнөх шүүх хурал дээр ч гэсэн намайг хүүхдээ зарж ч мэдэх хүн, хулгайч, луйварчин гээд янз янзаар хэлж байгаа. Би дээрийн шүүх хурал дээр чимээгүй өнгөрсөн одоо бол чадахгүй, төрсөн хүүхдээ зардаг хүн гэж хаана ч байхгүй. Би гэмт хэрэгт холбогдож байсан нь үнэн. Нэг нь авто аваарын хэргээр, нэг нь ахынхаа машины сэлбэгийг аваад маргаад цагдаад шалгагдаж байсан. Намайг энэ хүмүүс хүүхэд асарч чадахгүй гээд байгаа, өөрөө энэ хүн бол хүүхдүүдээ тоодоггүй, орхиод явдаг сая ч мөн орхиж явж байгаад 12 дугаар сарын 31-ны өдөр ирсэн. Харин би бол хүүхдээ хаана ч явсан дагуулаад явдаг, наад хүн чинь хүүхдүүдтэйгээ биш хотод нөхөртэйгөө амьдарч байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 4 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Б.Б-ын Хаан банкны цалингийн зээлийн үлдэгдэл 5.806.240,27 төгрөгийг Б.Б-аар төлүүлэхийг даалгуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.Б нар 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0087722 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, охин Б.Ж, 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, охин Б.С, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, Б.Г, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Б.О нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй, уг хугацаа дуусахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг зохигчид гаргасан байна.

Гэрлэгчдэд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явуулсан байх боловч амжилтгүй болсон, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч нь охин Г, С нарыг өөрийн асрамжид авна гэж тайлбарлаж байх боловч хүүхдийг цаашид өсгөх, сургаж хүмүүжүүлэх боломжтой, анхаарал халамж тавьж байдаг зэргээ шүүхэд баримтаар нотлоогүй байх бөгөөд хүүхдүүдэд эхийн асрамж анхаарал зайлшгүй шаардлагатай байдаг зэргийг болон Б.Ж, Б.С нарын санал зэргийг харгалзан Б.Ж, Б.С, Б.Г, Б.О нарыг эх Д.Б-ийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр эцэг Б.Б-аар тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн Б.Б-ын Хаан банкны цалингийн зээлийн үлдэгдэл 5.806.240,27 төгрөгийг Б.Б-аар төлүүлэхийг даалгуулах шаардлагын тухайд:

Уг банкны зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар Хаан банк нь шүүхэд нэхэмжлэл гаргаж 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 133/ШШ2018/00523 дугаартай шүүхийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Зээлийн гэрээнд Б.Б, Д.Б нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцож нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаараа хамтран баталгаа гаргасан байх тул шүүх гэрээний талуудын байдал, урьд гарсан шүүгчийн захирамжийг энэ шийдвэрээр өөрчлөх хууль зүйн боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Б.Б-ын Хаан банкны цалингийн зээлийн үлдэгдэл 5.806.240,27 төгрөгийг Б.Б-аар төлүүлэхийг даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, 4 хүүхдийн асрамж тогтоолгоход шаардлагад 70.200 төгрөг, 4 хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад 147.597 төгрөг, нийт 287.997  төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5,  Гэр  бүлийн   тухай   хуулийн   14   дүгээр   зүйлийн   14.1   дэх   хэсэгт   зааснаар Б овогт Б.Б, Б овогт Д.Б нарын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ** дугаарт бүртгэгдсэн  гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, охин Б.Ж, 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, охин Б.С, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, Б.Г, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Б.О нарыг эх Б овогт Д.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2008 оны 10 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, охин Б.Ж, 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, охин Б.С, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, Б.Г, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Б.О нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б овогт Б.Б-аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Банкны зээлийг Б.Б-аар төлүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Б-д даалгасугай.

6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Б.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Б-ыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхдүүдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, 4 хүүхдийн асрамж тогтоолгоход шаардлагад 70.200 төгрөг, 4 хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад 147.597 төгрөг, нийт 287.997  төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Халиунаад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь  хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ц.ҮЙТҮМЭН