Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар     2023/ШЦТ/141

 

2023.06.26                                     2023/ШЦТ/141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2023/0130

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,

Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намжилдоржийн От холбогдох эрүүгийн 2339000000200 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.О нь Хэнтий аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Бнь ажил үүргээ гүйцэтгэж байхад нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хан бүргэд зочид буудлын урд талд Н.От 32-33 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг торгох талаар шаардлага тавихад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан толгойн тус газарт 1 цохисон, мөн боох, гарын мушгих зэргээр эсэргүүцэн, биед нь халдаж, хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрнө. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн....” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хэрлэн гүүрний постонд 24 цагийн уураг гүйцэтгэж байхад Дорнод Сухбаатараас Улаанбаатарын чиглэлд явж байсан цагаан өнгийн Патрол маркын 32-33 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгах зорилгоор дохиход зогсохгүй чигээрээ явсан. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийн эрхийн үнэмлэхгүй эсвэл согтуу тээврийн хэрэгсэл жолоодож яваа байх" гэж бодоод араас нь очиж Ханбүргэд зочид буудлын урд зогсоон шалгахад жолооч согтуу эрхийн үнэмлэхгүй биш харин хүн тээвэрлэх журам зөрчсөн байсан. Тэгээд миний бие Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар заалтыг зөрчсөн байсан тул би тайлбарлан зөрчлийн тухай хуулийн 14.7.45 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авсан. Тэгэхэд хажуунаас үл таних эрэгтэй хүн би энэ машинд замаас сууж явсан, энэ жолоочид ямар ч хамаагүй гэхэд би "хүн тээвэрлэх журам зөрчсөн учраас жолоочид торгуулийн арга хэмжээ авдаг юм аа" гэхэд тухайн иргэн "би мөнгийг нь өгчихье" гэж хэлээд намайг хэл амаар доромжилж “сүртэй писда вэ" гэж хэлэхээр нь би "танд би хэл амаар доромжлуулах гэж ажил хийгээгүй шүү" гэж хэлээд хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Г.Бадрал руу холбогдож та хүрээд ирэх үү намайг энд хүн хэл амаар доромжлоод байна" гэж яриад нөгөө хүмүүст та нар түр хүлээж байгаарай гэж хэлээд би машиндаа суусан....О гэх хүн нь машинаас маань намайг татаж буулгаад миний толгой руу гараараа нэг удаа цохиж, дүрэмт хувцаснаас хүзүү рүү боож "чи яагаад хүн дарамтлаад байгаа бацаан бэ" гэж хэлсэн. Тэгээд нөгөө О гэх хүн намайг цохисныхоо дараа явах гээд байхаар нь би "та түр хүлээж бай" гэхэд надтай зууралдаад гар хуруу мушгиад байсан, тэгээд удалгүй хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Г.Бадрал ирээд нөгөө О гэдэг хүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч Т.Осгон-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн хэрэг болдог едер буюу 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр би Б ахад аваачиж өгчхөөд хүргүүлэх гээд машинд нь сууж байхад Б ах зам дээр машин шалгаж байсан. Тэгээд Өлзий ах зам дээр зогсож байгаад нэг машиныг дохиод зогсоож шалгах гэтэл нөгөө машин нь зогсохгүй шууд чигээрээ маш хурдтай явж өнгөрсөн. Тэгээд Б ах машиндаа ирж сууж хөдлөөд нөгөө машины хойноос явж Хан бүргэд рестораны урд талд зогсоогоод шалгаад хүн тээвэрлэх журам зөрчсөн гэсэн үндэслэлээр торгоод эргэж машиндаа суутал негее машинд сууж явсан ойролцоогоор 30-40 орчим насны эрэгтэй хүн Бахыг татаж буулгаад машинтай хавсарч түлхээд энгэрийн камерыг нь унагаахаар нь би аваад барьж бичлэг хийгээд байж байтал Б ахын мөр хэсэг рүү нь 1-2 удаа цохиж түлхэж үг хэлээр доромжилж байсан. Тухайн үед тэр хүн согтуу харагдаж байсан. Уул нь Б ах шалгуулахгүй зугтахаар нь араас нь очиж шалгаад хүн тээвэрлэх журам зерчсөн байхаар нь торгуулийн арга хэмжээ авчхаад явах гэтэл тэр ах эхлээд ядарсан хүмүүсийг торголоо гэж хэл ам хийж үг хэлээр доромжлоод байсан, тэгээд Б ах нэмэлт цагдаа дуудаад хүлээж байх хоорондоо машиндаа суух гэтэл татаж гаргаад түлхээд цохиод байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй, камерийн бичлэгт болсон асуудлын талаар бичигдсэн байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Н.О нь хохирогч Б.Б-гийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэж толгойн тус газарт 1 удаа цохисон ба ба хохирогч Б.Бнь “...хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлт  (хх-ийн 70-р хуудас)-ээр тогтоогдож  байх тул шүүгдэгч Н.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.О нь хүлээн зөвшөөрсөн 2,700,000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шүүгдэгчид оногдуулах торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч Н.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2339000000200 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD хавтаст хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 даь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ийг 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О-т оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн 2339000000200 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD хавтаст хэрэгт хавсаргаж үлдээхийг шүүгчийн туслах М.Мөнхцэцэгт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР