Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар    2023/ШЦТ/143

 

                                    

2023.06.26                                     2023/ШЦТ/143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0132

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баастын С-дхолбогдох эрүүгийн 2339000000197 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Снь Ү.Б-аас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хонин сүргээс 11 тооны төлөг, 8 тооны бүдүүн хонь нийт 19 тооны бог малыг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шунахайн сэдлээр А.Мөнхзулд зарж борлуулан завшиж, улмаар Ү.Б-т 1.810.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Б.С-г  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000197 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ү.Б-ын  ( хх-ийн 8-10, 14-р хуудас), гэрч Д.Цогтбаатарын ( хх-ийн 23-р хуудас), гэрч Д.Лхагважавын (хх-ийн 27-р  хуудас), гэрч Д.Мөнхзулын (хх-ийн 30-32-р хуудас), гэрч Ц.Баавгайгийн (хх-ийн 35-37-р хуудас), гэрч Б.Алтансарнайгийн (хх-ийн 41-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №2023/ШД-105 дугаартай дүгнэлт (хх-ийн 48-50-р хуудас)

Шүүгдэгч Б.С-ий мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ( хх-ийн 66, 72, 73, 74, 75-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000197 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Снь Ү.Б-аас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хонин сүргээс 11 тооны төлөг, 8 тооны бүдүүн хонь нийт 19 тооны бог малыг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шунахайн сэдлээр А.Мөнхзулд зарж борлуулан завшиж, улмаар Ү.Б-т 1.810.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.С-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна ...” гэв.

Шүүгдэгч Б.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Ммал ядруу байсан болохоор өвс тэжээл авахаар уг малыг зарсан. Өөрийн малыг зарах гээд мал муутай зарах мал байхгүй байсан болохоор...хохирлыг төлсөн...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Б.Снь Ү.Б-аас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хонин сүргээс 11 тооны төлөг, 8 тооны бүдүүн хонь нийт 19 тооны бог малыг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шунахайн сэдлээр А.Мөнхзулд зарж борлуулан завшиж, улмаар Ү.Б-т 1.810.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2022 оны 12 дугаар  сарын 27-ны үед манай хойд талд отрын бүс нутагт өвөлждөг байсан ах Ү.Б манайд ирээд намайг бог малыг маань 1 сар хараад өгөөч гэж гуйгаад байхаар нь би нэг сар юм бол тэгье гэж хэлсэн. Гэтэл Б  дараа нь малаа тууж ирсэн хойноо гурван сар хараад өгчих гэж гуйгаад сарын 250.000 төгрөг өгье гэж хэлээд надад нийтдээ мал харуулсны мөнгө тэжээлийн мөнгө гэж 950.000 төгрөгийг өгсөн. Анх Б  гэх хүн надад 153 тооны хонь 95 ямаа нийт 248 тооны бог мал хүлээлгэж өгөөд явсан. Гэтэл маргаашаас нь эхлээд ядарсан байсан төлөг борлонгууд нь нэг хоёроор үхээд эхэлсэн. Тэгэхээр нь би Б  гэх хүнтэй утсаар нь холбогдоод мал чинь үхээд эхэллээ гэж хэлсэн чинь за яах вэ яахав би удахгүй очно гэж хэлээд түүнээс хойш дахин утас руу нь залгаж ярьсан боловч утас нь холбогдохгүй байсан. Харин мал нь их хэмжээгээр хорогдоод байсан учраас би малд нь тэжээл авах гээд түүний хүлээлгэн өгсөн хонь ямаанаас 11 хурга, 8 хонь буюу нийт 19 тооны бог малыг Мөнхзул гэгчид 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Дэлгэрхаан сумын Ар Цэнхэр Ус гэдэг хөдөө хэсэгт байдаг өвөлжөө газарт байхад нь худалдан борлуулсан. Гэтэл хавар нь 03 сард эгч нь гэх эмэгтэй ирээд түүний малыг аваад явсны дараа Б  нь надтай нэг удаа утсаар холбогдоод надтай уулзана гэж байснаа дахин уулзахгүй байсан мөртөө намайг намайг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн байсан...Би түүний өгсөн малаас нийт 19 бог малыг бусдад борлуулсан. Харин Ү.Б гэгчид ямар шалтгааны улмаас бусдад зарсан бэ гэдгээ хэлээд ойлгуулчихна  гэж бодож байсан боловч тэр хүн надад малаа харуулчихаад дахин нэг удаа холбогдож малдаа санаа зовсон зүйл огт байгаагүй юм...Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ү.Б-ын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С гэх хүнтэй уулзаж ярилцан тохиролцсоны үндсэн дээр сарын цалин 250,000 төгрөгөөр бодох тохироод хонио 2023 оны 03 дугаар сар хүртэл бог малаа харуулахаар болоод 248-н тооны хонь, ямаа нийлсэн бог мал хүлээлгэж өгсөн. Тэгээд тухайн үед С-д 3- сарын цалин болох 950,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд үүнээс хойш 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би өөрөө очиж чадахгүй байсан тул авга эгч Д.Л эгчийг Б. С-гийнхээсминий 248 тооны бог малыг авчраад өг гаж гуйсан. Ингээд тухайн өдөр Д.Л эгч Дэлгэрхаан сумын 1 дүгээр багт оршин суух Б.С айлаас миний бог малыг ганцаараа очиж автал 71 тооны ямаа 90 тооны хонь нийтдээ 161 тооны бог малыг хүлээн авсан байсан. Тэгээд тухайн үед  Д.Л эгч үлдэгдэл 87 тооны бог малыг маань хаана байгаа эсэх талаар С-ээс асуухад үхсэн гэж хэлсэн байсан. Тэгээд би тухайн үед үхсэн юм байлгүй л гэж бодоод сэг зэмийг нь хараагүй явсан гэх эгч надад хэлж байсан. Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн .................................................................газарт Баавгай гэх айлын хонинд манай зөв талын чих цуулбар буруу талын чих нь араасаа ухам, үзүүрээсээ ухам имтэй 8 бүдүүн хонь, 11 тооны хурга тухайн айлын хонинд байсан. Тухайн айлын хүнээс асуухад манайх малтай болох гээд энд тэндээс хонь худалдаж авч байсан гэх хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан...Манай хонинууд зөв талын чих цуулбар буруу талын чих нь араасаа ухам үзүүрээсээ ухам имтэй. Мөн сүүлнийхээ дээд талд хуучин хөх өнгийн нэмэх  хэлбэртэй будсан бүдэг будагтай оромтой байгаа... Б.С нь намайг цагдаад хандаж гомдол гаргаснаас хойш 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр миний үлдэгдэл бог малыг бүрэн гүйцэт буцааж бог малаар нь төлж барагдуулсан...Надад одоо ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй байна. Малаа буцаан орон малаар нь авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 9, 14-р хуудас),

Гэрч Д.Цогтбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэн Б. С-ээс 2023 оны 02 дугаар сарын сүүл үеэр санагдаж байна яг өдрийг нь сайн санахгүй байна 8 бүдүүн эм хонь 11 хурган төлөг нийтдээ 19 тооны хонь машинтай очих авсан. Тухайн очиж авсан хонинуудыг миний таньдаг хүн болох Мөнхзул гэх эмэгтэй авчраад өг гэж гуйгаад надад бензин тосыг нь хийж өгөөд явуулсан. Тэгээд би Мөнхзул гэх хүнд 2023 оны 02 дугаар сарын сүүл үеэр буюу авсан өдрөө Хэнтий аймгийн ........................................................газарт байхад аваачих өгсөн... Миний С-гийнхээс ачсан хонинууд нь зөв талын чих нь цуулбар буруу талын чих нь араасаа болон үзүүрээсээ ухам имтэй хонинууд харагдаж байсан...С гэх хүн Мөнхзул гэдэг эмэгтэйгээс цагаан сарын өмнө мөнгөний хэрэг гараад бэлэн мөнгө хонь өгнө гэж авсан байсан. Тэгээд тухайн худалдан авсан хонинуудаа намайг авчраад өгөөч гэж гуйсан учраас би явж авчирч өгсөн юм...Мөнхзулын нөхөр Баавгай нь миний төрсөн дүү Отгонбаярын нэг анги учраас таньдаг юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),

Гэрч Д.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн .......................................................гэх газарт иргэн С-гүйгээс  У.Б  гэх дүүгийнхээ харуулсан бог малыг буцаан хүлээж авахаар хүрч ирсэн. Ингээд тухайн өдөр би С гэх айлаас У.Б  дүүгийнхээ 248-н тооны бог мал хүлээн авахаас 71 тооны ямаа, 90 тооны хонь нийтдээ оройн дүнгээрээ 161 тооны бог малыг хүлээн авсан. Ингээд үлдсэн бог мал нь хаана байгаа талаар Б.С-ээс асуухад 87 тооны бог мал нь үхсэн байхгүй гэж Б. С надад тухайн үед хэлсэн... Ирээгүй би тухайн үед ганцаараа хүрч ирсэн бөгөөд У. Б  дүү маань Ховд аймагт ажилтай явж байсан учраас намайг очоод миний малыг авчраад өгөөч гэж гуйсан. Тэгээд би С-гийнхээс Ү. Б ын бог малыг явган тууж Улаанбаатар хотын Багануур дүүрэг рүү хөөж явсан... Би У.Б ын бог малыг нь хариулж байсан залуу болох Б.С-ийнхамтаар хоёулаа хамт ялгаж авсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-р хуудас),

Гэрч Д.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 2 сарын 17-ны Д.Цогтбаатараар дамжуулан утсаар надтай холбогдсон бөгөөд намайг бол мал худалдан авч байгаа бол бог мал надад өгье гэж хэлээд надаас 1.460.000 төгрөг авч байсан...би Б.Сгэх хүнээс 8 бүдүүн хонь 11 хурга нийт 19 тооны бог малыг Д.Цогтбаатараар өөрөө 2023.02.28-нд цуглуулан авчирсан. Учир нь С надаас мал өгнө гээд мөнгө авахдаа Д.Цогтбаатараар дамжуулан холбогдож мөнгөө авсан. Тухайн хонинууд нь зөв талын чих цуулбар буруу талын чих нь араасаа бөхөн үзүүрээсээ ухам имтэй харагдаж байсан...манай хонинд байгаа мөн 3-4 хонь нь манай хонинд ирээд үхсэн...” гэх мэдүүлэг  (хх-ийн 31-32-р хуудас),

Гэрч Ц.Баавгайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 сарын 20-ны өдөр Дэлгэрхаан сумын иргэн Д.Цогтбаатар гэх хүнээр дамжуулж утсаар холбогдон манай эхнэр Д.Мөнхзулаас 1.460.000 төгрөг авсан байсан...Манай эхнэр Д.Мөнхзул нь Д.Цогтбаатараар өөрөөр нь түлш тосыг нь хийлгээд 2023 оны 02 сарын 28-ны өдөр 11 хурга, 8 бүдүүн хонь авчруулсан. Тэрнээс Б.С гэх хүнтэй манай эхнэр бид  2 огт уулзаж байгаагүй танихгүй...Тухайн хонинууд нь зөв талын чих цуулбар баруун талын чих араасаа болон үзүүрээсээ ухам имтэй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),

Гэрч Б.Алтансарнайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр чиний Дансанд мөнгө орсон байна уу шалгаад өг гээд байсан. Тэгэхээр нь би утсаа шалгатал миний утсанд орлогын мессеж ирсэн байсан бөгөөд миний данс руу Хонь гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөг орж ирсэн байсан...Манай нөхөр Б.Снь ямар учиртай мөнгө хэн гэдэг хүнээс орж ирж байгаа талаар надад юм яриагүй... Манай нөхөр Б.Снь тухайн мөнгийг ахуйн хэрэгцээндээ зарцуулсан... Өөр мөнгө манай нөхөр Б.Снь миний данс руу хийлгэсэн зүйл байхгүй... Би мэдэхгүй байна. Тухайн өдөр би Дэлгэрхаан сумын төвд ээжийндээ байсан. Харин манай нөхөр тухайн үед Дэлгэрхаан суманд хөдөө гэртээ малаа хараад байж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-р хуудас),

Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №2023/ШД-105 дугаартай “...8 бүдүүн эм хонь, 11 хурган төлөг нийт 19 тооны хонь 1.810.000 төгрөг...” гэх   дүгнэлт (хх-ийн 48-50-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг шүүгдэгч Б.С нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.С нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.С нь Ү.Б-ын  хонийг зарж борлуулан завшиж, улмаар 1.810.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч Ү.Б-ын  “...87 тооны бог малыг Б.Снь төлж барагдуулсан болох нь үнэн болно....” гэх хүсэлт (хх-ийн 82-р хуудас) гаргасан байх тул шүүгдэгч Н.Сг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С нь урьд Хэнтий аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар ( хх-ийн 66, 67-71-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг,  малчин зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Снь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-дурьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2339000000197 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн 2339000000197  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-дурьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР