Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2020/00035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГАА ЕС-д оршин суух Ц овогт Ж.Рнэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА ЕС-д оршин суух, Э овогт Н.Б-дхолбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Р, түүний өмгөөлөгч Ж.М, хариуцагч Н.Б, түүний өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Р нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Р миний бие 2005 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Н.Б-тай гэр бүл болсон. Бидний дундаас охин Р.Э төрсөн. Ингээд Говь-Алтай аймгийн Чандмань суманд амьдарч байгаад 2011 оны 11 сард Алтайн хүдэр компанид ажилд орж, 6 жил ажилласан. Миний бие архи дарс ууддаггүй,  гэр бүлийнхээ төлөө ажилласаар өдий хүрсэн юм. Миний бие Өмнөговь аймгийн Таван толгойд Хуанжу ХХК-д том тэрэгний жолооч хийдэг юм. Бидний хооронд хэрүүл маргаан гарч байгаагүй сайхан амьдарч байсан юм. 2018 оны 11 сард би амралтаараа ирэхэд манай эхнэр гэр бүлээсээ гадуур өөр хүнтэй болсон байсан. Энэ талаар би мэдээд бидний хооронд хэрүүл тасрахгүй болж, 3 сараас хойш тус тусдаа амьдарч эхэлсэн юм. Манай эхнэр болох Н.Б нь манай охиныг сургуулиас нь гаргаж аваад Улаанбаатар хот руу явсан. Миний охиныг аав, ээж дээрээ өсгөж байгаа. Иймд миний бие энэ хүнтэй хойшид хамт амьдрах ямар ч боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүүхдээ өөрийн асрамжид авахгүй, дундын эд хөрөнгө дээрээ хоорондоо ярилцаад тохирлцсон. Маргаан байхгүй өөрсдөө салахдаа өөрсдийн зүйлээ аваад салсан байгаа гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Налжир овогтой Болормаа нь 2005 оны 08 дугаар сарын 5-ны өдөр Ж.Р-тай гэр бүл болсон. Амьдрах хугацаанд бидний дундаас охин Э төрсөн. Раднаабазар нь 2011 оны 08 сард анх Алтайн Хүдэр ХХК-д ажилд орсон. Ажилд орсон цагаасаа эхлээд баяр ёслол цагаан сараар гэр орондоо ирэх нь ховордож эхэлсэн. Мөн амрах хугацаандаа хүртэл ажил руугаа явчихдаг болсон. Би гэр орон хашаа хороогоо барьж янзлаж гадаа гарч эр, гэрт орж эм болж олон жилийн турш гэр орныхоо гадаад дотоод асуудлыг зохицуулдаг байсан. 2018 оны 9 сард Ентүм ХХК-д тогоочоор ажилд орсон. Ажилд орсон цагаас хойш манай ажлын газрын залуутай байнга хардаж хэл амаар доромжилж эгч нар нь хүртэл олон нийтийн сүлжээнд миний нэр төрийг доромжлох үйлдэл удаа дараа хийдэг байсан. Охин Э-ийг хүртэл хойд аав дээрээ оч гэж хөөдөг байсан. Эгч нар нь бид хоёрын амьдралд байнга оролцож тэдний хэлсэн заавраар явдаг байсан. Ж.Р-ын хардах нь хэрээс хэтэрч 2-3 удаа барьж авч зодсон. Машинаар хүртэл хөөж ална гэдэг байсан. Шөнө орой гэртээ архи уугаад гэр орны эд хогшлыг эвдэж биднийг зайл гэдэг байсан. Иймд охин бид хоёр хамт амьдрах аргагүй улмаас 2018 оны 03 сард Улаанбаатар хот руу аав, ээж рүүгээ явсан. Одоо бид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Өөрийнхөө хувийн зүйлийг л авна. Өөр эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ж.Р-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Р нь Н.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Ж.Р, хариуцагч Н.Б нар нь 2005 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2005 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 08 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Тэдний дундаас 2005 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, охин Раднаабазарын Эрмүүн төрсөн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 498/000008 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй, уг хугацаа дуусахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг зохигчид гаргасан байна.

Гэрлэгчдэд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явуулсан байх боловч амжилтгүй болсон, гэрлэгчид 2019 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч байх  бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Охин Р.Э нь гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн эхийн асрамжид байгаа, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байгаа болон ахуй нөхцөл, анхаарал халамж зэргийг харгалзан Р.Э-ийг эх Н.Б-гийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй, талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Р-т олгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Р-аас нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад 52.928 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5,  Гэр  бүлийн   тухай   хуулийн   14   дүгээр   зүйлийн   14.1   дэх   хэсэгт   зааснаар  Ц овогт Ж.Р, Э овогт Н.Б нарын Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2005 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08-рт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, охин Р.Э-ийг эх Э овогт Н.Б.ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2005 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, охин Р.Э-ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ц овогт Ж.Р-аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй, талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Б-д даалгасугай.

6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Ж.Р нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч Ж.Р-ыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Р-т олгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Р-аас нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад 52.928 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Халиунаад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь  хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ц.ҮЙТҮМЭН