Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар  2023/ШЦТ/144

 

    2023      06        26                                        2023/ШЦТ/144

                                

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                       

             

Хэргийн индекс:180/2023/0134/Э  

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа, 

Улсын яллагч З.Наранчимэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Энхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанчивсүрэнгийн Одончимэгт холбогдох эрүүгийн 2339000000206 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.О нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн ............................................6 настай насанд хүрээгүй хохирогч А.Х-г "Хоолны шавхруу хүүхдийн аяганд хийлээ" гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт 2 удаа, нуруун тус газарт нь 1 удаа цохиж, улмаар А.Х-н биед тархи доргилт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Ж.О-гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000206 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч А.Х-гийн (хх-ийн 14-р хуудас), гэрч П.Алтантуяагийн (хх-ийн 17-19-р хуудас), гэрч Д.Оюунгэрэлийн (хх-ийн 24-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

CD-д үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 4-5-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 103-105-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 227 дугаартай дүгнэлт (хх-ийн 35-39-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 85, 86, 94-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000206 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.О нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын .............................................6 настай насанд хүрээгүй хохирогч А.Х-г "Хоолны шавхруу хүүхдийн аяганд хийлээ" гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт 2 удаа, нуруун тус газарт нь 1 удаа цохиж, улмаар А.Х-н биед тархи доргилт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.О-гийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч гэм буруугийн хувьд маргаангүй, маш их харамсаж гэмшиж байгаа...эмчилгээний зардалд 500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна...” гэв.

Шүүгдэгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...миний буруу...гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Ж.О нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн ...................................6 настай насанд хүрээгүй хохирогч А.Х-г "Хоолны шавхруу хүүхдийн аяганд хийлээ" гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт 2 удаа, нуруун тус газарт нь 1 удаа цохиж, улмаар А.Х-н биед тархи доргилт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

CD-д үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 4-5-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 103-105-р хуудас),

Шүүгдэгч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өглөө би ажилдаа очоод ангийн багш болох Алтантуяа нь үнэлгээний шалгалтад хүүхдүүдийг нэг нэгээр нь авч яваад оруулж байх зуур би ангидаа ангийнхаа хүүхдүүдтэй хамт үлдсэн. Тэгээд ойролцоогоор 12 цагийн үед хүүхдүүдээ ширээн дээр нь суулгаад хоол цайг нь өгч байтал, Хишигдалай гээд охин хажуудаа суудаг хүүхдийн аягатай хоол руу махаа ялгаад хоолныхоо шавхрууг хийгээд байхаар нь би загнаад нуруу хэсэг рүү нь 1 удаа алгаараа цохиж, баруун болон зүүн хацар луу нь нэг нэг удаа дахин алгадсан. Тэр үед гэнэт миний ур хүрээд л тийм зүйл хийчихсэн байсан, би одоо хийсэн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа хүлээж байгаа...Миний буруу 500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлнө...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Манай охин А.Х нь................................ Миний охин Хэнтий аймгийн .....................................................байсан ба тухайн хэрэг болдог өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өглөө 09 цагт цэцэрлэгтээ яваад орой би өөрөө очиж аваад гэртээ ирэхэд манай охин надад хандаж "Алтантуяа багш, Одноо багш хоёр намайг зодсон алгадсан" гэж хэлсэн. Тэгээд 21-22-ныг шилжих шөнө үүрээр охин маань унтаж байгаад уйлагнаад байхаар нь унтуулсан. Тэгээд өглөө нь хувцсыг нь амсуулж байтал миний охин нүд нь тогтоод бөөлжөөд байхаар нь би шууд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг дээр авчирч яаралтай тусламж дээр үзүүлэхэд нэг эмч үзээд толгой нь хөдөлсөн байна гэж хэлээд бөөлжисний эсрэг тариа хийж өгөөд толгойг нь бариул, халуураад байвал эм өгөөрэй, хорсол өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би охиноо авч гараад Хэнтий аймгийн Бэрх тосгон руу явж Жав бариачид бариулахад "толгойг нь бариад ханиадтай байна, зүүн талын тархи нь хөдөлчихсөн байна" гэж хэлсэн. Тэгээд түүний дараа халуураад зүгээр болохгүй байхаар нь би дахиад эмнэлэг дээр очиж үзүүлэхэд "эмч зүгээр байна толгой нь хөдөлсөн учраас ингээд байгаа юм" гэхээр нь оочир авч үзүүлэх гэтэл тэр оройдоо бүүр халуураад таталт өгөөд эмнэлэг дээр ирээд улам хүчтэй таталт өгөөд эрчимтэд хэвтүүлээд толгойны зураг авхуулж шинжилгээ өгөөд толгой нь хавантай ханиадтай байна гэж хариу гараад эмчилгээгээ хийж эхэлсэн. Тэгээд манай нөхөр намайг эмнэлгээр явж байх хооронд цэцэрлэг дээр нь очиж хяналтын камер шүүхэд Одноо багш нь миний охиныг нуур рүү нь 2 удаа нуруу хэсэг рүү нь 1 удаа алгадаж цохисон байсан. Улаанбаатар хот руу явж эх нялхаст очиж үзүүлээд 6 хоног хэвтэн эмчлүүлсэн. Мөн хүзүүнийх нь ар талд бондгор юм үүсчихсэн байсан...миний охиныг 00-д бас зодсон байсан...Би гомдолтой байна. Эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардал 1,472,635 төгрөгийг нэхэмжилнэ...”  гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч А.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 9 дүгээр цэцэрлэгт явдаг. Манай ангийн багшийг Одноо, Алтантуяа гэдэг. Намайг хичээл дээр маань байхад Одноо багш 3 удаа хацар руу алгадсан загнасан. Би юу гэж загнасныг нь санахгүй байна. Одоо цэцэрлэгтээ явмааргүй байна өөр ярих юм мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас),

Гэрч П.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр манай үйл ажиллагаа хэвийн журмын дагуу эхэлж ангид 25 хүүхэд ирсэн. Тэгээд хүүхдүүдээ хүлээж аваад миний бие эрхлэгчийн тушаалаар улсын хэмжээнд явагддаг үнэлгээний шалгалт ирчихсэн байсан учраас би шууд хөгжмийн өрөөнд хүүхдүүдээ нэг нэгээр нь шалгалт өгүүлээд байж байх хооронд ангид туслах багш О нь хүүхдүүдэд цай өгч байсан байна лээ. Яг тэр хэрэг болох үед нь би ангидаа байгаагүй, хүүхдүүдээ нэг нэгээр нь авч яваад шалгалтыг нь өгүүлж байсан гэсэн үг юм. Тэгээд шалгалт өгч дууссаны дараа хэвийн хүүхдүүд тарч явсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас),       

Гэрч Д.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Яг энэ асуудал нь бол 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр болсон байсан. тэгээд амралтын өдрүүдийг өнгөрөөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өглөө хохирогч охины аав Барсаа гэх залуу орж ирээд "манай охины хүзүүнд юм гарсан юм уу ойчсон юм уу энийг тодруулах гэсэн юм камер шүүе" гэсний дагуу би хохирогч охины ангийн камерыг шүүлгүүлэхээр явуулахад "хяналтын камерт энэ асуудал болсон нь бичигдсэн байсан." тэгээд 25-ны өглөө 08 цагт би ажил дээрээ ирчихсэн байхад ангийн багш Алтантуяа над дээр ирээд хүүхэд маань өвдсөн гэнэ, эмнэлэг дээр байгаа гэж хэлсэн. тэгтэл тэр хүүхдийг зодсон О багш над руу залгаад "би хүүхдээ хараад очиж чадахгүй байна" гэж чөлөө авсан байсан, тэр өдрийнхөө 13 цагийн орчимд арга зүйч болон ангийн багш нарыг дагуулаад миний бие эмнэлэг дээр А.Х гэх хүүхдийн ар гэрийнхэнтэй уулзахад "өглөө таталт өгөөд ирсэн халуураад ирсэн" гэж хэлж байсан. Тэгээд ар гэрийнхэнд нь эм тарианы мөнгө өгч туслаад хоол унд аваачиж өгөөд хэд хоног уулзаж эргээд байж байтал 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хоол хүргэж өгөхөөр очиход эмнэлгээс гарчихсан байхаар нь залгаад утсаа авахгүй, мессеж бичихэд хариу өгөхгүй байж байгаад Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан байсан...” (хх-ийн 23-24-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 227 дугаартай дүгнэлтэд:

  1.       А.Х-н биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.       Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.       Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.....гэх дүгнэлт (хх-ийн 35-39-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.О-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдлаа.

Шүүгдэгч Ж.О-ийн насанд хүрээгүй хохирогч А.Х-н нүүрэн хэсэгт 2 удаа, нуруун тус газарт нь 1 удаа цохисон гэмт үйлдлийн улмаас А.Х-н биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, уур бухимдлаа барьж чадахгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг биеэ хамгаалж чадахгүй бага насны  хүүхдийн эсрэг  шүүгдэгч Ж.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг биеэ бага насны  хүүхдийн эсрэг  үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Ж.О нь насанд хүрээгүй хохирогч А.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Энхжаргалд 500,000 төгрөгийг нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлж байх тул шүүгдэгч Ж.О-ээс 500,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч А.Х , насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Энхжаргалд  нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Энхжаргал нь эмчилгээтэй холбоотой гарсан зардал 1,472,635 төгрөгийг нэхэмжилж байх ба уг хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны деплзит дансны дэлгэрэнгүй хуулгаар гарсан зарлагуудыг эмчилгээнд зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд насанд хүрээгүй хохирогч А.Х , насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Энхжаргал нар эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ж.О-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.О-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны  хүүхэд гэдгийг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 Иймд шүүгдэгч Ж.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон насанд хүрээгүй хохирогч А.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 85-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлднийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 4 зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD нэг ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслахад даалгалаа.

Эрүүгийн 2339000000206 дугаартай битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-тоногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ж.О-ээс 500,000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч А.Х , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ш.Энхжаргал нарт  олгосугай.

 

6. Эрүүгийн 2339000000206 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD нэг ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үдээхийг шүүгчийн туслах М.Мөнхцэцэгт даалгасугай.

 

7.  Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч А.Х , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Энхжаргал нар нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ж.О-ээс жич нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-турьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.УУГАНБАЯР