Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/145

 

2023.06.26                              2023/ШЦТ/145

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:/180/2023/0135/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох эрүүгийн 2339000000242 дугаартай хэргийг 2023 оны 06 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Хэнтий аймгийн .............................................................газарт 63-69 унб улсын дугаартай автобусны гадна хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 30-ний шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Э-тай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар Ш.Э-ын толгойн орой хэсэгт чулуугаар 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд толгойн орой хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  мэдүүлэг,

Хохирогч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2023 оны 05 дугаар сарын 29-ний орой.... чандаганы талд бие засах гээд автобусаа зогсоосон тэгээд автобуснаас буугаад бие засаад зогсож байгаад хамт ж байсан жолооч Б-тай муудсан. Тэгээд бид хоёр нэг нэгнээ барьж тэвэрч аваад ноцолдсон тэгээд байж байтал Б миний толгой руу чулуугаар нэг удаа цохисон...Мөн миний толгой хэсгээс цус гарсан тэрийг тогтоох гэж маарал наалт наасан байсан. Удаагүй цагдаа ирээд сумын эмнэлэг дээр ирээд миний биеийг эмнэлэгт үзүүлсэн. Ингээд миний толгойн зүүн талын дагз хэсэг 3 оёдол тавьсан..... Б нь буцаагаад миний толгой хэсэг рүү том чулуугаар нэг удаа цохисон... надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 6-7-р хуудас),

Гэрч А.Баянсангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хэдэн хүмүүс хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгэхлээр нь би сэрээд автобусны арын суудал хэсэгт юу болж байгаа юм бол гээд очсон чинь Бахын хувцсыг Энхжаргал ах татаад урж байсан. Тэгээд л автобус зогссон. Ингээд автобуснаас буусан чинь Энхжаргал ах газраас чулуу аваад Бах руу чулуудсан чинь Бахын нүүрэн хэсэг нь оносон тэгсэн чинь Бах уурлаад над руу чулуу шидлээ гээд газраас нөгөө  чулууг нь аваад очсон. Тэр үер нь бид хэд тэр хоёрыг салгасан чинь Энхжаргал ах газар ойчсон тэгсэн чинь Бах Энхжаргал ах руу очоод шууд толгой хэсэг рүү нь чулуугаар нэг удаа цохисон. Тэгээд л тэр хоёрыг салгасан. Тэгсэн чинь Энхжаргал ахын толгойноос маш их цус гарсан. Харин Бах цүнхнээсээ шархны боолт гаргаж ирээд Энхжаргал ахын толгой хэсэгт наасан. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан... Толгойгоо хагалуулдаг хүнийг нь Энхжаргал гэсэн...Толгойг нь хагалдаг хүнийг Бгэдэг...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11-р хуудас),

Гэрч Б.Чулуун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэнтий аймгийн Мөрөн сум ороход 20-30 км дутуу байхад толгойгоо хагалуулсан ах тэнд унтаж байсан хүнийг татаж босгож ирээд өмсөж явж байсан хувцсыг нь урсан. Тэгэхлээр нь би очоод тэр ахыг боль гэж хэлсэн чинь болихгүй хүн хүн рүү агсраад байсан. Ингээд аргаа бараад автобусыг зогсоосон. Тухайн үед цаг ойролцоогоор шөнийн 01 цаг болж байсан. Тэгээд л тэнд байсан архи уусан хүмүүс бүгд автобуснаас буусан. Тэгээд толгойгоо хагалуулдаг нөхөр машинаас буугаад хамт байсан хүмүүс рүүгээ агсраад л байсан. Тэгж байгаад толгойгоо хагалуулсан хүн газраас чулуу аваад толгойг нь хагалсан хүн руу чулуудсан. Тэр үер тэнд байсан хүмүүс тэр хоёрыг хоёр тийш нь салгасан чинь толгойгоо хагалуулдаг нөхөр газар ойчоод өгсөн. Тэгсэн чинь толгойг нь хагалдаг нөхөр газраас чулуу аваад нөгөө хэвтэж байсан нөхөр дээр очоод толгой хэсэг рүү нь чулуугаар цохисон чинь толгой хэсгээс нь их хэмжээгээр цус гарсан. Тэрийгээ тэр нөхөр мэдэхгүй толгой хэсгээ дараад суугаад байсан. Тэгэхлээр нь би гэрэл тусгаад харсан чинь толгойгоо хагалуулсан ахын нүүр шанаа хэсэг нь тэр чигтэй цус болсон байсан. Тэгээд тэнд байсан хүмүүст юу болсон талаар нь хэлсэн. Тэгээд чулуугаар толгойг нь хагалдаг нөхөр цүнхнээсээ шархны наалт гаргаж ирээд нөгөө ах хүүгийн хагалсан хэсэгт наасан. Тэгээд л цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Толгойгоо хагалуулдаг хүнийг нь Энхжаргал гэсэн...Толгойг нь хагалдаг хүнийг Бгэдэг...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн  2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаартай дүгнэлт (хх-ийн 23-24-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Д.Б хохирогч Ш.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч Ш.Э “... гомдол, саналгүй байна...” гэх хүсэлт (хх-ийн 76-р хуудас) байх тул шүүгдэгч Д.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Б нь хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339000000242 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2339000000242 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР