| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2019/00361/и |
| Дугаар | 133/ШШ2019/00423 |
| Огноо | 2019-12-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 133/ШШ2019/00423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ГАА ЕС-д оршин суух, Й овогт Т.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-д холбогдох
ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/130 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч Ч.С, гэрч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Г нь ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийн ахлах тогоочоор 2019 оны 04 дүгээр сарын 08-нд ажилд орсон. Энэ ажилллаж байсан хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад албан ёсоор хурал хийгээгүй, сануулалгүй, миний гарын үсэгтэй баримтгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. 2019 оны 09 дүгээр сарын 30-нд намайг явуулга гүтэглэгт оруулан ажлаас чөлөөлсөн иймд ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрийн нөхөн бичилт хийлгэж өгнө үү? мөн сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Саяны ярьсан зүйлүүд бүгд худлаа байна. Надад сануулсан зүйл байхгүй, хоолонд хор хийнэ гэсэн нь З гэж 09 дүгээр сард ажилд орсон тэр хэлсэн юм уу? би сайн мэдэхгүй байна. Нягтлан амаараа бол чамайг туслах тагаач болгоно, жинхэлнэ гээд гал тогоонд нэг хүн дагуулж орж ирсэн, тушаал уншиж танилцуулаагүй. Ажилдаа эргэж ормоор байна, ажилгүй 3 сар болсон тэр цалингаа мөн гаргуулж авахыг хүсэж байна, нийгмийн даатгалаа нөхөн төлүүлмээр байна.
Нэхэмжлэгч Т.Г-т нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа: Миний Т.Г би ***-р сургуулийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/130 дугаартай тушаалыг 2019 оны 11 дүгээр сарын 09-нд шүүх дээр хэрийн материалтай танилцахдаа анх удаа мэдсэн тул уг тушаалыг хянан хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ч.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Т.Г нь сургуулийн ахлах тогоочоор ажиллаж байхдаа хүүхдийн үдийн цайг чанаргүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хийж байсан учир эцэг, эх, багш, ажилтчид сурагчдаас удаа дараа гомдол санал ирж байсан ба хамт ажиллаж байсан багтайгаа таарч тохирохгүй, хэл амаар доромжилж, хийсэн ажлыг нь үгүйсгэх зэрэг зөрчил дутагдал гаргаж байсан учир ахлах тогоочоос туслах тогооч хүртэл сахилгын шийтгэл ногдуулж үзсэн. Мөн Т.Г нь хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ба уг хөдөлмөрийн гэрээг сунгаж ажиллуулах боломжгүй нөхцөл байдлыг өөрөө бий болгосон учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Г нь 2019 оны 04 дүгээр сарын 08-нд *** дүгээр сургуульд ахлах тогоочийн ажлаар 2 сарын гэрээгээр орж ажилласан. 09 дүгээр сард эцэг эх асран хамгаалагч, багш нараас гаргасан өргөдөл гомдолын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан байдаг, ажлаас чөлөөлөгдсөн тухайг захирал өөрөө танилцуулдаг, харин сахилгын шийтгэл ногдуулсаныг нягтлан танилцуулдаг. Анх ажилд орохдоо ахлах тогоочоор ажиллаж байгаад ажлаас халагдахдаа бол туслах тогоочоор ажиллаж байгаад хүүхдийн хоолонд хор хийнэ гэсэн байхаар нь яаралтай ажлаас чөлөөлсөн. Өргөдөл гомдолын дагуу энэ асуудлыг шийдвэрлэсэн. Эцэг эхчүүд болон сурагчдын үдийн хоолыг Г тогооч хийдэг. Г юм уу? Г юм уу? би бас нэр дээр нь эргэлзээд байна. Анх ажилд орохдоо Г гэдэг нэрээр ажилд орсон, сахилгийн шийтгэл дээр мөн Г гэдэг нэрээр явж байгаад ажлаас чөлөөлөгдөх тушаал дээр ч Г гэж явсан байна. Би энэ хүний албан бичиг баримттай бол танилцаж байгаагүй. Манай сургуулийн 938 хүүхэд бас багш ажилчид 85 орчим хүн сургууль дээр үдийн цай, үдийн хоол иддэг. Тэгэхэд идэж байсан хоолноос нь ялаа гарч ирдэг, мөн хурууны боолт гарч ирсэн гэсэн гомдол амаар гардаг байсан. Хурууны боолт бол гоймонтой хоолноос гарч ирсэн мөн хоолноос цаас, хог зэрэг гарч ирж байсан гэдэг гомдлууд удаа дараа гарч байсан. Хурууны боолт гарч ирсэн гэдэг нь бол баримттай, өргөдөл дээрээ байж байгаа. Нэг ангиас гараад байна гээд Гийн нөхөр нь манай сургуулийн дуу хөгжийн багш руу утсаар ярьж заналхийлсэн байсан. Энэ хүнээс бол өргөдөл гараагүй гэдгийг хэрмээр байна. Гийн ажилд анх ороход хоёр сарын гэрээт ажилчнаар аваад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг тогтоосугай гэсэн тушаал байна. Дараа нь сахилгийн шийтгэл оногдуулаад, дараа нь ажлаас чөлөөлөсөн гэсэн гурван төрлийн тушаал байгаа. Г тогооч хүүхдийн хоолонд хор хийнэ гэж ярьсан байсан хэрвээ хүүхдүүдийн хоолонд хор хийгээд ямар нэгэн асуудал гарсан бол ганц хоёр хүний ажлын байраар зогсохгүй маш том асуудал гарах байсан. Надад бол Гтэй хамт ажиллахад болохгүй зүйл байгаагүй. Би хугацааг нь сунгаад ч ажиллуулах боломжтой байсан. Хамгийн гол нь хүнсний аюулгүй байдал гэдэг бол маш хариуцлагатай зүйл. Хэрвээ энэ хүн үнэхээр тэр олон хүүхдийн хоолонд хор хийсэн бол яах вэ? Гал тогоонд ажиллаж байгаа хүмүүсийнхээ сэтгэцийг үзүүлнэ гэж бодож байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Т.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Т.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/130 дугаартай ахлах тогоочоос туслах тогооч болгож сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, мөн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Т.Г нь ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийнзахирлын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/63 дугаартай тушаалаар ахлах тогоочийн ажилд томилогдсон болох нь ажилд томилсон тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Т.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/130 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/131 дугаартай туслах тогооочийн ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, тус тус хуулийн хугацаандаа гаргасан байна.
Т.Г-т сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/130 дугаартай тушаалын тухайд:
Нэхэмжлэгч Т.Г-т 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/130 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэг, Өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, сургуулийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.17 заалт, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, үдийн цайны талаар ирсэн өргөдөл гомдлыг тус тус үндэслэн Т.Гийг сургуулийн ахлах тогоочоос туслах тогооч болгон сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Ингэхдээ зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.
Хэрэгт авагдсан баримтаар Т.Г нь Б/130 дугаар тушаалыг гаргахдаа өргөдөл гомдолд дурдсан зөрчлийг шалгаж тогтоогоогүй /шалгасан талаарх баримт хэрэгт байхгүй/, тушаалын үндэслэл болсон сахилгын ямар зөрчил гаргасан болох нь эрх бүхий этгээдүүд оролцсон хамтын хурлаар хэлэлцэж дүгнээгүй байхад Т.Гт сахилгын шийтгэл ногдуулан ахлах тогоочоос туслах тогооч болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Т.Г-ийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/131 дугаартай тушаалын тухайд
Нэхэмжлэлийн шаардлагын талаархи үйл баримт буюу ажилтанг ажлаас халсан үйл явц, ажлаас халах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч ажилтанг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/131 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцлан дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.
Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн харилцааг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулийг баримталсан байх ёстой бөгөөд Б/131 дугаартай тушаалын удирдлага болгох хэсэгт Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, сургуулийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.17, 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг тус тус баримтлан бичиж ажлаас чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол...” ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.
Хариуцагч тал татгалзлаа Т.Г нь сургуулийн ахлах тогоочоор ажиллаж байхдаа хүүхдийн үдийн цайг чанаргүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хийж байсан учир эцэг, эх, багш, ажилчид, сурагчдаас удаа дараа гомдол санал ирж байсан ба хамт ажиллаж байсан багтайгаа таарч тохирохгүй, хэл амаар доромжилж хийсэн ажлыг нь үгүйсгэх зэрэг зөрчил дутагдал гаргаж байсан учраас ажлаас чөлөөлсөн .....гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Т.Г-т ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/130 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ахлах тогоочоос туслах тогооч болгон сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дүгнэхэд ажил олгогч, ажилтан Т.Г нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй /байнгын ажлын байранд тодорхой нөхцлийг тохиролцоогүй бол хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулахгүй/, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд заасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх үндэслэлүүд буюу сахилгын зөрчил тус бүрийг хамт олны хурлаар хэлэлцэж зөрчлийг тогтоосон эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхад Т.Г-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, туслах тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч талаас татгалзлаа нотлох зорилгоор шүүх хуралдаанд гэрч оруулсан боловч зөрчил тогтоогдсон байх гэдэг нь тушаал гарсны дараа буюу шүүхийн ажиллагааны шатанд бус ажилтны хөдөлмөрлөх эрхэд халдахаас өмнө буюу тушаал гаргахаас өмнө тогтоогдсон байх ойлголт юм.
ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/63 дугаартай ***ийн Гийг ажилд томилох тухай тушаал, ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийнзахирлын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/131 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийнзахирлын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/130 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал зэрэгт ***ийн Г гэж бичигдсэн нь ***ийн Г биш гэж зохигчид маргахгүй буюу тушаалуудад дурдсан Т.Г нь Т.Г мөн болох нь тогтоогдож байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Й овогт Т.Г-ийг урьд эрхэлж байсан ажил болох ГАА ЕС-ын ЕБ-ын **-р С-ийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх үндэслэлтэй байна.
Ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс сүүлийн 3 сарын буюу 2019 оны 7, 8, 9 дүгээр саруудад ажиллаж авсан цалингаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 320.000 төгрөг байх бөгөөд үүнээс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 54 өдрийн цалинг тооцоход 803.682 төгрөг байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 803.682 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн үндсэн цалингаас тооцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Г-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ддаалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хариуцагч ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-иас сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 803.682 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 23.838 төгрөг, нийт 164.238 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/130 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/131 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, Й овогт Т.Г-ийг урьд эрхэлж байсан ажил буюу ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-ийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Г-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 803.682 төгрөгийг хариуцагч Хариуцагч ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-иас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Т.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-д даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хариуцагч ГАА ЕС-ын ЕБ-ын ***-р С-иас сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 803.682 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 23.838 төгрөг, нийт 164.238 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН