Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2019/00356/и |
Дугаар | 133/ШШ2019/00417 |
Огноо | 2019-12-12 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 133/ШШ2019/00417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Х банкны нэхэмжлэлтэй
хариуцагч: ГАА ЕС-д оршин суух, Х овогт Ц.Т, Ш овогт С.С нарт холбогдох
2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ201843633883 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 86.558.270,98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11.538.179,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 320.697,77 төгрөг, нийт зээлийн төлбөрт 98.417.148,69 төгрөг гаргуулах, Зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлэн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч, Ц.Т, С.С нар нь Х банкны Говь-Алтай салбарын Төв тооцооны төвөөс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ЗГ201843633883 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор дараах хөрөнгүүдийг барьцаалуулан авсан. Үүнд: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Төв номын сангийн баруун талд байршилтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000537 дугаарт бүртгэлтэй 120 м.кв 2 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв номын сангийн баруун талд Капитал баарны 2 давхарт байршилтай орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001067 дугаарт бүртгэлтэй 70.29 м.кв гал тогооны хамт 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, ноолуур-/агуулахын үлдэгдэлээр/ 1 тонн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 13.441.729,02 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан нөхцөлийг зөрчин банкнаас зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Зээлдэг Ц.Т, С.С нар нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйгээс хугацаа хэтрүүлж 119 хоног гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хуваарьт зээлээ төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна. Иймд банк шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Зээлдэгч Ц.Т, С.С нартай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ201843633883 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 86.558.179,98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11.538.179,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 320.697,77 төгрөг нийт 98.417.148,69 төгрөг болно. Зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Төв номын сангийн баруун талд байршилтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000537 дугаарт бүртгэлтэй 120 м.кв 2 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв номын сангийн баруун талд Капитал баарны 2 давхарт байршилтай орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001067 дугаарт бүртгэлтэй 70.29 м.кв гал тогооны хамт 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, ноолуур-/агуулахын үлдэгдэлээр/ 1 тонн зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжилсэн. Зээлдэгч маань 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зээлийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн байгаа. Хбанкны зүгээс зээлийн барьцаагаар хангуулах гээд зээлийн барьцаанд байгаа хөрөнгөний лавлагаа авахад барьцаанд байгаа хөрөнгө маань 2019 оны 01 сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн байсан. Иймд хөрөнгөнд манайх халдаж болохгүй учир зээлдэгчдээ мэдэгдсэн, түүнээс хойш зээлдэгчид 05 дугаар сар, 07 дугаар сар, 09 дүгээр саруудад зээл төлөх болон зээл хаах мэдэгдэл өгсөн байгаа. Зээлдэгч маань зээл болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг бол тухайн харилцагчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон бол зээлийн төлбөрийг мөнгөн төлбөрөөр төлж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн үүрэг хүлээсэн. Нотлох баримт дээр зээлдэгчтэй холбоо барьсан болон, уулзалт хийсэн тэмдэглэл гэж байгаа, үүнийг бол манай харилцааны мэргэжилтэн уулзаад хөтлөөд явдаг. Зээлдэгч нь эхлээд өөрийн биеэр ирж уулзаад гарын үсэг зураад явдаг байсан. Хувийн өргөдөл бичиж өгснөөс хойш утсаар холбогдоод, сүүлдээ утсаа авахаа больсон үүнийг тэмдэглэсэн байгаа. Зээл төлөх мэдэгдэл, зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн. Сүүлийн хоёр мэдэгдлийг хариуцагч хүлээн авахаас татгалзсан. Татгалзсан учраас манайх гэрийн хаягаар нь шуудан холбоогоор хүргүүлсэн 07 дугаар сарын 22 болон 09 дүгээр сарын 06-нд хүргүүлсэн. Мөн зээлдэгчийн дансны хуулга байгаа, энд зээлдэгч маань 03 дугаар сарын 07-ноос хойш төлбөр төлөөгүй байгаа нь зээлээ төлөх хүсэл эрмэлзэл байхгүй байгаа нь харагдаж байна. Манайхаас өгсөн зээл төлөх мэдэгдэх хуудсанд бол Т, Сэржмаа нарт гэж тодорхой хаягласан байдаг. Энэ хоёр хүн бол нэг гэрийн хүмүүс буюу эхнэр нөхөр хоёр, нэг зээлдэгч гэж явдаг учраас нэгэнд нь мэдэгдэхэд болно гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х банкны Говь-Алтай аймгийн салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С нэхэмжлэлтэй хэргийг хулээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь уг зээлийн гэрээ нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдаад 2021 оны 05 дугаар сарын 21-нд дуусахаар буюу гурван жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байдаг. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Т Х банканд албан ёсоор гэрээнээс татгалзах тухай саналыг урьдчилан гаргасан байдаг. Х банктай 05 дугаар сарын 30-нд байгуулсан зээлийн гэрээний 06 дугаар зүйл буюу гэрээ дуусгавар болох цуцлах үндэслэлийн 6.1.8-д зааснаар зээлдэгч маань төлбөрийн чадваргүй болсон гэсэн үндэслэлээр, зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгөөч гэж саналаа гаргасан гэвч өнөөдрийг хүртэл Х банкнаас хариу өгөлгүй өнөөдрийг хүргэсэн. 2018 оны уг зээлийн гэрээг үргэлжлүүлэн явсаар байгаад 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Тийм учраас зээлийн хүү болон, үлдэгдэл нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад өмнөх саналд нь хариу өгөөгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бас ойлгомжгүй байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар Х банканд зээлийн гэрээгээ цуцлах талаар урьдчилан хүргүүлсэн, мөн зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар хугацааг бол Хбанк өөрөө тогтоох ёстой, тогтоосны дараа уг албан бичигт хариу өгөх ёстой, гэвч энэ үүргээ биелүүлээгүй байгаа учраас Хбанк өөрөө өмнө нь өгсөн өргөдөлд хариу өгөөгүй учир урьдчилан нэхэмжлэл гаргах, урьдчилан гэрээг цуцлах ямар нэгэн шаардлага хангахгүй гэж үзээд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 онь 01 дүгээр сарын 22-нд хариуцагч Ц.Тийн зээлийн барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгө, мөн хөдлөх хөрөнгө, харилцах банкны данснууд бүгд хаагдсан тухайн үед ийм байдалд ороод төлбөр төлөх боломжгүй болсон байдаг, энэ талаараа хариуцагч Ц.Т нь Х банк дээр очиж зээлийн гэрээнээсээ татгалзах хүсэлт гаргасан. Өнөөдөр бол хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаа явагдаж байгаа, түүхий эд авах ажил нь эхэлсэн учраас энэ зээлийг төлөх боломжтой гэж үзэж байна. Хбанктай хоёр хүн гэрээ байгуулсан, үндсэн зээлдэгч Ц.Т, хамтран зээлдэгч С.С энэ хоёр нэг гэр бүл болохоор нэгэнд нь мэдэгдэж болно гэж тайлбарлаж байна. Ийм зүйл байхгүй хоёр зээлдэгч байхад нэгэнд нь мэдэгдэл өгөхгүй байх нь зээлийн гэрээнд оролцох, иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхийг нь хязгаарлаж байна гэж үзэж байна. 2019 оны 03 сарын 11-нд хариуцагч маань гэрээнээс татгалзах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгэхгүй байна. Өнөөдөр энэ хүсэлтэд яагаад хариу өгөөгүй юм, С.С-д зээл буцаан татах мэдэгдэл өгчхөөд яагаад Ц.Т-т өгөхгүй байгаа юм. Үндсэн зээлдэгч нь амьд байхад энэ хүнд яагаад зээлийн гэрээг чинь цуцаллаа гэдгийг мэдэгдээгүй юм бэ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйл буюу гэрээнээс татгалзах үндсэн журам зөрчигдсөн байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байна тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Х банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ201843633883 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 86.558.270,98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11.538.179,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 320.697,77 төгрөг, нийт зээлийн төлбөрт 98.417.148,69 төгрөг гаргуулах, Зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг Ц.Т, С.С нараар хангуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь хариуцагч Ц.Т 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөх чадваргүй болсон тул гэрээнээс татгалзах хүсэлт гаргасан. Уг саналд хариу өгөлгүй 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Тийм учраас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах саналаа хүргүүлсэн тул нэхэмжлэгч тал гэрээг цуцлах шаардлага гаргах эрхгүй гэж маргажээ.
Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ/201943633883 дугаартай зээлийн гэрээ, БГҮ201843633883 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, БГХ201843633883 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 100.000.000 /зуун сая/ төгрөгийг өгч авалцсан ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу банкны зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Мөн банкны зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулагджээ. Энэхүү гэрээнүүд нь хэлбэр болон агуулгын хувьд хууль зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр гэрээнүүд байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар банк зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч зээлдэгч уг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцлах шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан ба 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба мэдэгдэх хэлбэрийг хуульд заагаагүй байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь хариуцагч Ц.Т-т мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х банкнаас 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэх хуудсыг Монгол шуудангаар хүргүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд эрх зүйн хувьд гэрээний нэг талд хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хувьд хэн нэгэнд нь мэдэгдсэн байхад мэдэгдсэн гэж үздэг тул хариуцагч Ц.Т, С.С нарт мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нар нь зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч байгууллагаас зээлдэгч Ц.Т, С.С нарт мэдэгдсэн мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч тал мөн татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлахдаа “...өмнө нь зээлдэгч гэрээг цуцлах талаар Х банканд хүсэлт гаргаж байсан боловч Х банк хариу өгөлгүй өнгөрүүлсэн тул гэрээнээс татгалзах эрхээ алдсан...” гэж тайлбарлан маргажээ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заажээ. Банкны зээлийн гэрээний хувьд хэдийгээр хоёр талт гэрээ боловч зээлдүүлэгч тал болох банкны хувьд үүрэг нь нэг удаагийн шинжтэй бөгөөд зээлийн гэрээний зүйл болох хөрөнгийг шилжүүлэн өгснөөр үүрэг гүйцэтгэгддэг бөгөөд зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний хугацааны турш үүрэг үргэлжлэн гүйцэтгэгдэж байдаг байна. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгч гэж үзэх боломжтой юм. Тиймээс агуулгын хувьд үүрэг гүйцэтгэгч нь гэрээнээс татгалзах ойлголт байхгүй харин үүрэг гүйцэтгүүлэгч татгалзах боломжтой байх юм. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгчийн хувьд гэрээг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй, боломжгүй гэж үзвэл биелүүлсэн үүргээ тооцоод үлдэх үүргээ биелүүлэх эсхүл барьцааны зүйлийг шилжүүлэн өгөх зэрэг байдлаар гэрээг дуусгавар болгох асуудал байж болох юм.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах тухай шаардлагыг гаргасан ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т ...үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр, 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь... харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж, 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй ...гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, талуудын байгуулсан гэрээний 2.4.2.2-т “...зээл олголт, эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлээ төлүүлнэ...” гэж, 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан байх тул хариуцагч Ц.Т, С.С нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. Зээлийн гэрээг үндэслэн гаргасан эргэн төлөлтийн хуваарьт сар бүр үндсэн зээлийн тодорхой хэсгийн хүүгийн хамт төлөхөөр хуваарилсан байх тул зээлийн гэрээний үндсэн үүрэг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд үндсэн үүрэг зөрчигдсөн хугацааны хүү төлөх үндэслэл бий болсон байна гэж үзсэн болно.
Талууд мөн зээлийн гэрээг үндэслэн барьцааны гэрээ байгуулсан байх тул уг зээлийн гэрээний үүрэг нь барьцаагаар хангагдсан үүрэг байх бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж, барьцааны гэрээний 5.1-д зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн зээл, зээлийн хүүний төлбөрийг зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй... бол барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ гэж заасан байх тул зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Төв номын сангийн баруун талд байршилтай ***, *** улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 120 м.кв 2 өрөө үл хөдлөх хөрөнгө, *** гэрчилгээний, *** нэгж талбарын дугаартай эзмших эрхтэй газрын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Төв номын сангийн **** хоёр давхарт байршилтай*** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай 70.29 м.кв гал тогооны хамт 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, *** гэрчилгээний *** нэгж табалрын дугаартай эзэмших эрхтэй газрын хамт зэргийг барьцаалж, БГҮ201843633883 тоот Барьцааны гэрээ, ноолуур 1 тонныг барьцаалж БГХ201843633883 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх заалтад нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ байхын зэрэгцээ хариуцагч уг гэрээний талаар маргаагүй.
Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ц.Т, С.С нараас үндсэн зээлийн үлдэгдэл 86.558.270,98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11.538.179,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 320.697,77 төгрөг, нийт зээлийн төлбөрт 98.417.148,69 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банканд олгох, энэхүү зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл биелүүлэх боломжгүй тохиолдолд барьцааны гэрээний барьцаалбараар үүргийг хангуулах үндэслэлтэй байна.
Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан журмыг баримтлахыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 790.436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Т, С.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 790.436 төгрөгийг гаргуулан Хбанканд олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ201843633883 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Х овогт Ц.Т, Ш овогт С.С нараас үндсэн зээлийн үлдэгдэл 86.558.270,98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11.538.179,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 320.697,77 төгрөг, нийт зээлийн төлбөрт 98.417.148,69 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банканд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Т, С.С нар нь үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулахад хүрэлцэхгүй тохиолдолд барьцааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, *** баруун талд байршилтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн*** дугаарт бүртгэлтэй 120 м.кв 2 өрөө үл хөдлөх хөрөнгө,*** нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв *** байршилтай орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 70.29 м.кв гал тогооны хамт 4 өрөө үл хөдлөх хөрөнгө,*** нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, ноолуур-/агуулахын үлдэгдэлээр/ 1 тонн зэргийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 790.436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Т, С.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 790.436 төгрөгийг гаргуулан Хбанканд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН