Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар   2023/ШЦТ/148

 

2023.06.28                                                2023/ШЦТ/148

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0137

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Шүүгдэгч Б.Ц, Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц, Д.М нарт холбогдох эрүүгийн 2339001540262 дугаартай хэргийг 2023 оны 06 дүгээр сарын 22-ны  өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч:

Шүүгдэгч,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц, Д.М  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ц, Д.М нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий ..................................тоотод байрлах Д.Мын гэрт хохирогч Я.Ө"пийшин рүү архи шидлээ" гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нуруу хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, баруун нүд рүү гараараа цохин зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай сумын цасны баяр сумын төвөөс зайдуухан болоод сумын хүмүүс албан байгууллагууд ороод дууссаны дараа Г, М бид гурав Мын гэрт ....................................тоот дахь гэрт нь очоод архи уугаад сууж байтал яг хэдэн цагт гэдгийг нь би сайн мэдэхгүй байна орой л болсон байсан гаднаас Ө  халамцуухан орж ирээд бид нартай цуг сууж байснаа гэнэт агсраад Мыг хэл амаар доромжлоод ширээн дээр байсан архийг аваад М руу шидэхэд М энэ согтчихсон юм шиг байна гялс гэрт нь хүргэж өгье гээд бид хоёр Ө ыг аваад М ын гэрээс гарахад тэр хоёр гэнэт бие биеэ үсдэлцээд тэр хоёр хоорондоо ноцолдож эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур ороод салгатал М шүүр аваад Ө ыг цохихоор нь би шүүрийг нь булааж аваад Мыг аваад гэр рүү нь орсон. тэгээд Ө  гадаа үлдсэн... Тэр үед би санаатайгаар бол цохьё, зодъё гэж зодож цохисон асуудал байхгүй гэхдээ тэр хоёрыг салгах гэж зууралдаж байгаад санамсаргүйгээр нүүр хэсэг рүү нь нэг удаа хүрсэн байж магадгүй л гэж бодож байна... Би хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай Баян-Адарга сумын цасны баяр болсон. Тэгээд би тэнд хуучин ажилладаг байсан цэцэрлэгийн хамт олон дээрээ очиж нийлээд ганц хоёр шил архи ууцгаагаад цааш нь үргэлжлүүлээд Ц , Г бид гурав манай гэр рүү буюу Хэнтий аймгийн .................................тоотод очоод үргэлжлүүлэн уугаад байж байтал орой ойролцоогоор 19-20 цагийн орчимд манайд Ө  нэмэгдэж ирээд бид нар нийлээд үлдсэн архиа уугаад сууж байтал Ө  тоглоод байгаа нь мэдэгдэхгүй намайг хүнтэй холбож гүтгээд тэр асуудлаас нь болж бид хоёр маргалдахад Ө  гэнэт ширээн дээр байсан шилтэй архийг над руу шидэхээр нь би Ө  согтчихсон юм шиг байна гэж бодоод Ц г хамтдаа Ө ыг хүргэж өгье гэж хэлээд гэрээс аваад гарсан. Тэгсэн чинь Ө  гэнэт гэрийн гадаа хашаан дотор намайг үсдээд гар луу цохиод байхаар нь би гарыг нь тавиулах гээд зөрүүлээд ноцолдож байтал Ц  боль гэж хэлээд дундуур орж ирээд бид хоёрыг салгасан, тэгэхээр нь би гэрийнхээ үүдний хогийг шүүрддэг модон шүүрийг аваад Ө ыг 2-3 удаа шүүрийн  ишээр цохиход Ц  боль оо битгий юмаар цохиод бай гэж шүүрийг маань булааж аваад "боль та хоёр битгий зодолдоод бай" гэж хэлэхээр нь би гэр рүүгээ Ц тай хамт орсон. Тэгээд Ө  араас орж ирээгүй... Тухайн үед шөнө харанхуй байсан учраас би цохисон эсэхийг нь хараагүй, ямар ч байсан бид хоёрыг салгах гэж дундуур орж ирсэн. Тэгэхэд юу болсныг би мэдэхгүй байна...Би хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан хохирогч Ө  нь Ц  бид хоёрт ямар нэг гомдол санал байхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байгаа...” гэх мэдүүлэг,

Хохирогч Я.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байхад 17 цагийн үед...Ц  миний баруун нүд гараараа 1 удаа, нуруу болон хөл рүү тус тус 1 удаа өшиглөсөн, М намайг эхлээд үсдээд, түүний дараа модоор толгойн баруун хэсэг рүү 1 удаа, баруун далны доод талд 1 удаа, баруун өгзөг хэсэг болон шилбэ хэсэгт хэд хэдэн удаа цохисон....” гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),

   Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай:

1.2. Я.Ө ын биед тархи доргилт, толгойн хуйх, хүзүүнд зулгаралт, баруун нудний доод зовхи, гуяны ар хажуу хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Ц, Д.М нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.Ц, Д.М нар нь хохирогч Я.Ө ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч Я.Ө ын “....Д.М, Б.Ц нар...эдгээр хүмүүст гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 112-р хуудас) байх тул шүүгдэгч Б.Ц, Д.М нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Ц, Д.М нарын хүлээн зөвшөөрсөн  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Ц, Д.М нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулах торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2339001540262 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 даь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ц , Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц , Д.М нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц, Д.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ц, Д.М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2339001540262 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР