Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 133/ШШ2019/00386

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ГАА ЕБС-ын “Ө-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ГАА ЗТДГ-ын СТСХ, ГАА ГХБХБГ-т холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ГААОНӨГ/201801005 багц-5 дугаартай гэрээний үлдэгдэл 23.667.245 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч Ч.Ж, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ө-А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Ө-А” ХХК нь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын захиалгаар 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ГААОНӨГ/201801005 багц-5 дугаартай гэрээг байгуулан Говь-Алтай аймгийн Жаргалан сумд жишиг гудамж байгуулах /380 метр бетон замыг, хоёр талын явган хүний зам, гэрэлтүүлэг, авто зогсоол гэх мэт/ 83.667.245 төгрөгний санхүүжилт бүхий ажлыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. 2018 оны 09 дүгээр сард урьдчилгаа 30.000.000 төгрөгийг, 2019 оны 06 дугаар сард 30.000.000 төгрөгийг тус тус авсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн КА-019/2019 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр хүлээлгэн өгсөн болно. Гэвч гэрээний үлдэгдэл 23.667.245 төгрөгийн санхүүжилтийг өгөхгүй гэрээний 6.1-т заасан үүргээ захиалагч талаас хэрэгжүүлэхгүй байгаа учир нэхэмжлэл гаргаж байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ГААОНӨГ/201801005 багц-5 дугаартай гэрээний үлдэгдэл 23.667.245 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд “Ө-А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. “Ө-А” ХХК нь Жаргалан сумын жишиг гудамж барьж гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Энэ нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн багц 5 дугаартай гэрээгээр 83.667.245 төгрөгийн ажлыг хийхээр гэрээг байгуулсан байгаа. Ингээд 60.000.000 төгрөгийн санхүүжилтийг авч ажлаа хүлээлгэж өгсөн. Үүнээс санхүүжилтийн үлдэгдэл буюу 23.667.245 төгрөгийг санхүүжилт олгогдоогүй. Гэрээнд зааснаар ажлыг хүлээн авмагц олгохоор заасан боловч энэ үүргээ гүйцэтгээгүй учраас нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотой асуудал байна. Үүнээс өөр олон хэрэг байгаа. Өнөөдөр Жаргалан сумын асуудал хэлэлцэж байна. Яагаад үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй байна гэхээр 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Аудитын газрын 02/137 гэсэн акт гарсан. Энэ актанд юу гэж заасан гэхээр гэрээний хугацаа дууссан байхад Жаргалан сумын жишиг гудамж бий болгох 26,83 сая төгрөгийн алданги тооцож төлөвлөөгүй байна гэж байна. Сумын төвд жишиг гудамж тохижуулах ажлын багц-5 Жаргалан сум, ГААОНӨГ/2018010005 багц 5 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.14 дээр гэрээт ажлын батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх ба гэрээт хугацаанд ашиглалтад оруулаагүй бол гэрээний үнийн дүнгээс хоног тутам 0,3 хувиар алданги тооцно. Алданги төлснөөр ажил гүйцэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүйг, мөн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтын дагуу гэрээнд оролцогч талууд дангаараа гэрээний хугацааг сунгахгүй бөгөөд гэрээнд оролцогч захиалагч гүйцэтгэгч нар харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ гэснийг мөн 5.2 дахь заалт буюу гэрээнд оролцогч захиалагч гүйцэтгэгч нараас шалтгаалахгүйгээр нөхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд гэрээний хугацааг сунгах үндэслэл болно гэснийг зөрчсөн байна гэж үзэж гэрээт хугацаандаа ажил хийгээгүй гэх шалтгаанаар сумын төвийн жишиг гудамтай холбоотой нийт 8 төсөл арга хэмжээнд нийт 155,4 сая төгрөгийн акт тогтоогоод үүнийг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны дотор төвлөрүүлэхийг үүрэг болгосон. Энэхүү актыг биелэлтийг хангуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, ерөнхий нягтлан бодогч Б.Энхцэцэг, хөрөнгө оруулалт хөгжлийн хэлтсийн дарга С.Байгальмаа, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн н.Пагамдулам нарт хариуцуулсан. Жаргалан сумд олгох энэ ажилд үлдэгдэл санхүүжилтийг актын төлбөрт суутган тооцох зорилгоор олгохгүй байсан байна гэж тогтоогдож байна. Миний хувьд ямар эрх үүрэг, хариуцлагатай вэ? гэхээр би гэрээн дээр гарын үсэг зурдаг. Санхүүжилтийн эх үүсвэрийн хүлээн зөвшөөрч санхүүжих боломжтой, хууль эрх зүйн хувьд болно гэж баталгаажуулах зорилгоор гэрээнд гарын үсэг зурдаг. Сангийн сайдын 2015 оны 415 дугаар тушаалын дагуу аймгийн Засаг даргын захирамж гараад аливаа хөрөнгө оруулалтын гүйлгээг санхүүжүүлэх чиг үүрэг бүхий албан тушаалтнуудыг томилж өгсөн. Миний нэр дурдсан албан тушаалтнууд хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх санхүүжилтийн мэдэгдэл гэдэг дээр гарын үсэг зурж гүйлгээ хийдэг. Саатсан шалтгаан нь Аудитын актыг биелүүлэх гэдэг зорилгоор энэ хүмүүст хариуцуулсан учраас энэ хүмүүс төлбөрөөс суутгаж актыг төлүүлье гэдэг байдлаар авч үлдсэн байгаа юм байна. Үүнээс өөр шалтгаанаар, ажлын доголдолтой холбоотой юм уу тийм байдлаар саатуулаагүй гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Жаргалан сумын жишиг гудамжны ажлыг багц-5 ажил дээр захиалагчийн хяналтыг гүйцэтгэсэн. Манай зүгээс эднийд ажил гүйцэтгэх үед Жаргалан сумын төвлөрсөн халалтын шугамын ажил хийгдэж байсан учраас тухайн үед хийгдэх нөхцөл байдал хангагдаагүй байсан. Үүнийг сумын Засаг даргатай ярилцаад шугам сүлжээний ажил хийсний дараа энэ ажлуудыг эхлүүлье гэж тохироод гэрээг сунгасан. Жаргалан сумын халаалтын шугамын ажил 2018 оны 12 сарын эхээр дуусаад комисст хүлээлгэж өгсөн. Эдний гэрээг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/539 дугаар захирамжаар сунгасан. Үүнийг Жаргалан сумын ажлыг 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэмэлтээр сунгаж Засаг даргын захирамж гарч энэ гэрээг сунгаснаас хойш “Ө-А” ХХК Аудит орох үед гэрээний хугацааг сунгаж баталгаажилт хийгээгүй байсан учраас энэ хугацаа дээр гэрээний хугацаа дууссан гэж үзэж акт тавьсан. Энэ компани гэрээг сунгасан ажлаа 06 дугаар сарын 19-ний өдөр сунгаад ашиглалтыг 09 дүгээр сарын 04-ний өдөр комисс хүлээж авсан. Комисс томилсон захирамж нь 08 дугаар сарын 31-ний өдрөөр гараад комисс ажиллахдаа хойшлоод 09 дүгээр сарын 04-нд хүлээж авсан байгаа. Комиссыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/413 тоот захирамжаар комисс томилогдсон. Манайх захиалагчийн хяналт хэрэгжүүлж байгаа байгууллагын зүгээс төлбөртэй холбоотой ямар нэгэн татгалзсан зүйл байхгүй. Аудитын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02/137 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү? гэсэн хүсэлттэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаадГАА ЗТДГ-ын СТСХ, ГАА ГХБХБГ-т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ГААОНӨГ/201801005 багц-5 дугаартай гэрээний үлдэгдэл 23.667.245 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ө-А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ө-А ХХК ньГАА ЗТДГ-ын СТСХ, ГАА ГХБХБГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ГААОНӨГ/201801005 багц-5 дугаартай гэрээний үлдэгдэл 23.667.245 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч “Ө-А” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ГААОНӨГ/201801005 багц-5 дугаартай сумын төвд жишиг гудамж бий болгож, тохижуулах ажлын  багц-5 Жаргалан сум гэх гэрээ байгуулж, Жаргалан сумд жишиг гудамж бий болгох, тохижуулах, тохижилтын ажлыг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эхэлж, 2018 оны 11 сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар 83.667.246 /наян гурван сая зургаан зуун жаран долоон мянга хоёр зуун дөчин зургаан/ төгрөгийн санхүүжилт бүхий ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Уг гэрээг захиалагч тал ГАА ГХБХБГ, гүйцэтгэгч ГАА ЗДТГ-ын СТСХ, гүйцэтгэгч “Ө-А” ХХК нарын хооронд байгуулсан гэрээг ГАА ЗД баталсан байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх ба ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч “Ө-А” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний зүйлийг захиалагчид шилжүүлсэн болох нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн КА-019/2019 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн, ажлын хөлснөөс нэхэмжлэгчийн шаардаж буй 23.667.245 төгрөгийг захиалагч тал төлөөгүй байна.

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн КА-019/2019 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд “...энэхүү барилга байгууламжийн ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжийг заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв...” гэжээ.

Эндээс үзэхэд ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлаа гэрээнд заасан хугацаанд бүрэн бүтэн, доголдолгүй гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байх тул гэрээгээр тохиролцсон хөлсөө шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Ө-А ХХК нь уг хариуцагчаар ГАА ЗТДГ-ын СТСХ, ГАА ГХБХБГ-ыгтатжээ. Тус газар нь тухайн гэрээний зүйл болох ажлын гүйцэтгэл дутуу, доголдолтой зэрэг талаар ямар нэг акт, дүгнэлт гаргаагүйн бөгөөд ажлын хөлсийг шийдвэрлэх, төлбөр гүйцэтгэх чиг үүрэггүй юм.

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл санхүүжилтийг ГАА ЗДТГ-ын СТСХ-ээс гаргуулах үндэслэлтэй байх тул ГАА ГХБХБГ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь дээрх гэрээг ГАА ЗД баталсан байх бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “аймгийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “аймгийн засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна” гэж тус тус заасан тул ГАА ЗДТГ-ын СТСХ-ээс гаргуулах үндэслэлтэй. Нөгөө талаар засаг дарга нь гэрээг баталсан захиалагч буюу гэрээний нэг тал мөн боловч ажлын хөлсийг төлөхгүй төлөөр ямар нэг эс үйлдэл, маргаангүй байна. Харин холбогдох хуулиар төрийн сангаар гүйлгээ хийгдэх ба санхүү төрийн сангийн хэлтэс тодорхой шалтгаанаар уг төлбөрийн гүйлгээг хийхээс татгалзсан байна.

  Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө-А” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 23.667.245 /хорин гурван сая зургаан зуун жаран долоон мянга хоёр зуун дөчин таван/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргуулж  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГАА ЗДТГ-ын СТСХ-ээс 276.286 /хоёр зуун далан зургаан мянга хоёр зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулж, “Ө-А” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 23.667.245 /хорин гурван сая зургаан зуун жаран долоон мянга хоёр зуун дөчин таван/ төгрөгийг хариуцагч ГАА ЗДТГ-ын СТСХ-ээс гаргуулан “Ө-А” ХХК-д олгож, хариуцагч ГАА ГХБХБГ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГАА ЗДТГ-ын СТСХ-ээс 276.286 /хоёр зуун далан зургаан мянга хоёр зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулж, “Ө-А” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН