Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар  2023/ШЦТ/149

 

                           

2023.06.28                                        2023/ШЦТ/149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0138

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгч Х.Ч -ын өмгөөлөгч Б.Болортунгалаг /онлайнаар/,

Шүүгдэгч Х.Ч , Ю.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ч , Ю.Р нарт холбогдох эрүүгийн 2139001710198 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч:

Шүүгдэгч

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ч , Ю.Р нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Ч  нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн ....................................................гэх газарт байрлах Жоншны уурхай дээр ажиллаж байх хугацаандаа АПА менежмент ХХК-ийн зэвсгийн нярав Ж.Энхцэцэг гэх хүнд захиалга өгч АПА менежмент ХХК-д ажилладаг тэсэлгээчин Ю.Р-гаас уул уурхайн зориулалтаар ашигладаг тэсрэх бодисыг авчруулан, уурхай дээр дээрх тэсэлгээний хэрэгслийг орхин, зориулалтын бус зохих харуул хамгаалалтгүй орон байранд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хадгалахад тавигдах шаардлага, тогтоосон журмыг зөрчсөн,

Шүүгдэгч Ю.Р нь 2021 оны 05 дугаар сарын 24, 30-ны өдрүүдэд АПА менежмент ХХК-д ажиллаж байх хугацаандаа Хэнтий аймгийн .........................................гэх газарт байрлах Жоншны уурхайд ажиллаж байсан тэсэлгээчний нэгдсэн үнэмлэхийн хугацаа дууссан, тэсэлгээчин хийх эрхгүй Х.Ч д уул уурхайн зориулалтаар ашигладаг тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар шилжүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Х.Ч  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ю.Р-гаас нураалт хийх зорилгоор тэсэлгээний материал захиалж авсан. Тэгээд би өрөмдлөг хийх ёстой байсан боловч миний өрөмдөгч эвдрээд өрөмдлөгөө хийж чадаагүй байсан учраас тэсэлгээ хийх боломжгүй байсан. Тэгсэн чинь Р өрөмдлөг хийгээгүй юм уу гэхээр нь би оройноос наашгүй гэж хэлсэн чинь Ю.Р надад чи тэсэлгээ хийж чадах юм чинь чи тэсэлгээний бодисын үлдэгдэл нь үлдчихсэн байсан чинь 2023 оны 06 дугаар сарын  01- ний өдөр Цагдаагийн байгууллагаас болон мэргэжлийн хяналтын байгууллагаас ирж тэсэлчихгүй юу даа гээд надад тэсэлгээний бодисоо үлдээсэн. Тэгээд нөгөөдөр нь буюу 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бас тэсэлгээний материал захиалсан боловч өрөмдлөгийн багаж мөн адил эвдэрсэн байсан учраас  Р ах дахин тэсрэх бодисоо үлдээгээд явсан. Ингээд би 2 удаа тухайн газарт тэсэлгээ хийсэн. Харин 2 дахь тэсэлгээний бодисын үлдэгдэл нь үлдчихсэн байсан чинь  2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн байгууллагаас болон мэргэжлийн хяналтын байгууллагаас ирж  бид нарыг тэсэлгээний материал зориулалтын бус газарт хадгалсан байна гэж хэлсэн. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж гэм хүлээн зөвшөөрч байна... Би тэсэлгээг 2 удаа хийсэн бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр анхны удаа, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2 дахь удаагаа тэсэлгээ хийсэн. Харин тэсэлгээ хийгээд үлдэгдэл материал үлдсэн байсныг нь 2021 оны 06 дугаар  сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллага ирээд шалгасан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ю.Р мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ...........................................гэх газар байрлах Хишигт ногоон тал нөхөрлөлийн уурхайд тэсэлгээ хийхээр очсон боловч өрөмдлөг хийдэг Ч гэх залуу өрөмдөгч эвдэрсэн гээд өрөмдлөгөө хийгээгүй байхаар нь би Чадраабалд тэсэлгээнийхээ бодисыг үлдээгээд явсан. Харин дараа нь буюу 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бас тэсэлгээний материал аваад тэсэлгээ хийхээр очсон боловч өрөмдлөгийн багаж мөн адил эвдэрсэн гээд Ч өрөмдлөг хийгээгүй байхаар нь би бодисоо үлдээгээд явсан. Ингээд би 2 удаа тухайн газарт тэсэлгээний бодисоо үлдээгээд явсан. Харин сүүлд Цагдаагийн байгууллагаас болон мэргэжлийн хяналтаас ирж тэсэлгээний бодисыг зориулалтын бус газарт хадгалсан байна гээд дуудсан. Би хийсэн зүйлдээ гэмшиж ухаарч, ойлгож байгаа ...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 16-24-р хуудас),

Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэрээний хугацаа дууссан байсан учраас 2 олборлолтын ажил явагдахгүй гээд хувийн ажлаа хөөцөлдөж уурхай дээрээ байгаагүй болохоор энэ талаар мэдээгүй. АПА менежментээс тэсрэх материал захиалж, тэсэлгээ хийсэн талаар мэдээгүй. Мөн тэр Ч гэх хүнийг тэсэлгээ хийдэг, тэсэлгээний эрх нь дууссан гэдгийг бол мэдээгүй, манай нөхөрлөлд өрөмдөгчөөр ажилд орохоор ирсэн. Ямар учраас тэр олборлолт, тэсэлгээ хийгдсэн гэдгийг нь мэдээгүй. Хэрвээ гэрээний хугацаа дуусаагүй, олборлолт уулын ажил явагдаж байсан бол манай нөхөрлөлийн хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтэн Д. Балдангомбо, уулын инженер. Д. Мөнхзоригт миний бие бүгд тэнд байх ёстой байсан. Харин гэрээний хугацаа дуусаж олборлолт уулын ажил явагдахгүй учир манай уулын инженер, хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтэн нар байгаагүй. Ямар учраас тэнд олборлолт, тэсэлгээний ажил явагдсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-р хуудас),

Гэрч А.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Чадраа ах ганцаараа ганц 2 удаа л тэсэлгээ хийсэн байх. Би тэсэлгээний талаар сайн мэдэхгүй байна, хамгийн сүүлд 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чадраа, Р ах тэсэлгээ  хийнэ гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-р хуудас),

 

Гэрч А.Өлзий-Оршихын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Чадраа ах, Р ах 2 л хамт орж тэсэлгээ хийсэн Чадраа ах өрөмдлөг хийж, 2 удаа Тэсэлгээ хийсэн гэж өөрөө ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-р хуудас),

Гэрч Ж.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оноос нөхөр бид хоёр АПА менежмент ХХК-д  менежмент ХХК-тай "Зэвт дуулга" ХХК, Хишигт ногоон тал" нөхөрлөл тэсэлгээний гэрээтэй ажилладаг. Манай нөхөр Р энэ хоёр уурхайд тэсэлгээ хийж би материалыг нь  агуулахаас гаргаж өгдөг, Манай нөхөр Р материал хүргэж өгч тэсэлгээ хийдэг. Материал авч яваад тэсэлгээ хийгээд 2 цаг орчим болоод буцаад ирдэг...” гэх мэдүүлэг (хх-ийн 60-р хуудас),

Шүүхийн Шинжилгэний  үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Хосбаярын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн  2615 дугаартай.:

1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь тэсрэх бодис /аммонит/ байна. Энэ тэсрэх бодис нь доргилт, үрэлт, нар салхины нөлөөгөөр тэсэрч дэлбэрдэггүй, уул уурхайн зориулалтаар ашигладаг тэсрэх бодис бөгөөд химийн үндсэн нэгдэл нь NH4NO3 байдаг.

3. Шинжилгээнд цахилгаан гүйдэл дамжуулах утастай, /детонатор/ цахилгаан тэслүүр, цохилтын долгион дамжуулах утастай, /детонатор/ нонелийн тэслүүр ирүүлсэн байна. Эдгээр нь тэсэлгээний хэрэгсэл байна. Бялт тэслүүр нь тэсрэх бодисийг тэслэх үүрэгтэй ба цохилт, доргилтын улмаас тэсрэх аюултай...” гэх дүгнэлт (хх-ийн 97-98-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр  зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Ч , Ю.Р нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Ч , Ю.Р нарын хүлээн зөвшөөрсөн 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Ч , Ю.Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар  5400  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шүүгдэгчид нарт оногдуулах торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Ч , Ю.Р нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2139001710198 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 даь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Ч , Ю.Р  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хадгалсан, шилжүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч, Ю.Р нарыг тус бүр 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч , Ю.Р нарт  оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Ч , Ю.Р нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2139001710198 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хууран авсан 5 метрийн урттай нонель 4 ширхэг, 3 метрийн урттай нонель 20 ширхэг, цахилгаан бялт 4 ширхэг, 27,9 кг эмульс зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Цагдаагийн газарт зохих журмын дагуу хүргүүлж, Цагдаагийн байгууллагаас энэхүү эд мөрийн баримтуудыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран устгахыг даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ч , Ю.Р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР