| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0140/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/151 |
| Огноо | 2023-06-29 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Б.Ө |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/151
2023.06.29 2023/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0140/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Өнөбат,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2339001240236 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус эмнэлгийн гэмтлийн тасагт “баруун гарын богтосны зөрүүтэй хугарал” гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан Ү.А-ээс хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 500.000 төгрөгийг шунахайн сэдэлттэйгээр албан тушаалын байдлаа ашиглан “хагалгаанд хэрэглэгдэх хэрэгслийн” төлбөр гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,
2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан Б.М-оос хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 600.000 төгрөгийг шунахайн сэдэлттэйгээр албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж “хагалгаанд хэрэглэгдэх хэрэгслийн” төлбөр гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,
2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус эмнэлгийн гэмтлийн тасагт хөлийн савхан ясны хугарал” оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан Б.Э-ээс хагалгаанд хэрэглэгдэх шүрүүпний төлбөрт 500.000 төгрөгийг шунахайн сэдэлттэйгээр албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж “хагалгаанд хэрэглэгдэх хэрэгслийн” төлбөр гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,
2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус эмнэлгийн гэмтлийн тасагт шууны яс хугарсан оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан н.Уын ээж болох Б.О-аас хагалгаанд хэрэглэгдэх хадаас ялтасны төлбөрт 700,000 төгрөгийг шунахайн сэдэлттэйгээр албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж "хагалгаанд хэрэглэгдэх хэрэгслийн" төлбөр гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,
2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус эмнэлгийн гэмтлийн тасагт “Баруун хөл хугарсан” оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан Г.О-гаас хагалгаанд хэрэглэгдэх төмрийн төлбөрт 700,000 төгрөгийг шунахайн сэдэлттэйгээр албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж “Хагалгаанд хэрэглэгдэх хэрэгслийн” төлбөр гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,
2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус эмнэлгийн гэмтлийн тасагт “баруун хөлийн дунд чөмгөний хугарал” гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан Г ын эмээ болох Г.М-аас хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 500.000 төгрөгийг шунахайн сэдэлттэйгээр албан тушаалын байдлаа ашиглан “хагалгаанд хэрэглэгдэх хэрэгслийн” төлбөр гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,
2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус эмнэлгийн гэмтлийн тасагт “дэлүү бяцарсан” гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан П.Ч-ын малыг малладаг байсан малчин Б-гийн хагалгаанд хэрэглэгдэх цус тогтоогч наалтын төлбөрт төлбөрт 300.000 төгрөгийг шунахайн сэдэлттэйгээр албан тушаалын байдлаа ашиглан “хагалгаанд хэрэглэгдэх хэрэгслийн” төлбөр гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,
2020 оны 06 дугаар сард тус эмнэлгийн гэмтлийн тасагт “гавал тархины гэмтэл” гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан А-ийн эгч болох Р.К-аас хагалгаанд хэрэглэгдэх цус тогтоогч наалтын төлбөрт 900.000 төгрөгийг бодит байдлыг нуун дарагдуулж, бусдыг хууран мэхэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,
2021 оны 09 дүгээр сард тус эмнэлгийн гэмтлийн тасагт “зүүн хөлийн шилбэний яс хугарсан” гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан О.Э-ын эхнэр болох Ц.Э-аас хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 600.000 төгрөгийг шунахайн сэдэлттэйгээр албан тушаалын байдлаа ашиглан “хагалгаанд хэрэглэгдэх хэрэгслийн” төлбөр гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус эмнэлгийн гэмтлийн тасагт “хөлийн шилбэ ясны хугарал” гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан Д-ийн танил болох Э.Х-ээс хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 700.000 төгрөгийг бодит байдлыг нуун дарагдуулж, улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,
2022 оны 04 дүгээр сарын сүүлээр тус эмнэлгийн гэмтлийн тасагт “зүүн гарын бугалга хугарсан” гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан Т-ын эгч болох З.Ж-аас хагалгаанд хэрэглэгдсэн хадаасны төлбөрт 600.000 төгрөгийг бодит байдлыг нуун дарагдуулж, төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,
2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус эмнэлгийн гэмтлийн тасагт “гавал тархины гэмтэл” гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан Ж.Х-ын дүү болох Ж.Б-ээс хагалгаанд хэрэглэгдсэн гуурс, өвчин намдаах дусал, наалт зэргийн төлбөрт 800.000 төгрөгийг бодит байдлыг нуун дарагдуулж, төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,
2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр тус эмнэлгийн гэмтлийн тасагт “хөлийн бүдүүн гуя хугарсан” гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан Г.Х-ын эгч болох П.А-ээс хагалгаанд хэрэглэгдсэн хадаасны төлбөрт 500.000 төгрөгийг бодит байдлыг нуун дарагдуулж, төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус эмнэлгийн гэмтлийн тасагт “хөлийн бүдүүн гуя хугарсан” гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан Г.Э-ий ажил олгогч болох С.Х-гаас хагалгаанд хэрэглэгдсэн хадаасны төлбөрт 450.000 төгрөгийг бодит байдлыг нуун дарагдуулж, төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Миний бие Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт гэмтлийн их эмч ажилтай. Энэ хэрэгтэй холбоотойгоор би хохирогч нараас өөрийн хувийн дансандаа мөнгө авч залилсан нь үнэн. Би энэ үйлдлүүд дээрээ гэм буруугаа хүлээж байгаа....” мэдүүлэг,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 49-80-р хуудас),
Хохирогч Ү.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын эхээр гэж санаж байна Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд өөрийн нөхөртөө зодуулж гараа хугалуулсан юм. Тэгээд тухайн үедээ манай сумтай ойрхон эмчилгээ сайн газар нь Хэнтий аймаг байсан болохоор шууд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан. Тэр өдрөө очиж гэмтлийн тасгийн эмч Б гэх эмчид үзүүлээд эхэндээ гипсдүүлээд сум руугаа явсан юм тэгээд ажлаа хийж байхдаа нөгөө гипсдүүлсэн гараа хөдөлгөөн ясаа зөрүүлээд дахин ирж үзүүлээд яаж хурдан эдгээх талаар эмчээсээ тодруултал хагалгаанд орж хадуулах шаардлагатай гэхдээ манай эмнэлэгт бол бэлэн хадаас байхгүй та Улаанбаатар хотоос авчруулаарай гэж надад тэр Б эмч нь хэлсэн. тэгэхээр нь би Б эмчид хандаж "та хаанаас яаж захиалж авдаг талаараа өөрөө мэдэх юм чинь та авчих би мөнгийг нь таны данс руу хийчихье гэж гуйсаар байгаад" хагалгаанд ашиглагдах хадаасны мөнгийг тухайн эмчийн данс руу хийсэн тэгээд маргааш нь хадаас ирж хагалгаандаа орсон. Мөн хагалгаанд орохын өмнө эмч хадаасны төлбөр ийм болсон гээд нэхэмжлэлийг нь харуулж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 15-р хуудас),
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 49/2525 дугаартай албан бичгийн хавсралт ( 1-р хх-ийн 85-92-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 98-101-р хуудас),
Хохирогч Б .М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн нэр дээр хаан банкны 5954114790 тоот данс эзэмшдэг. Тухайн дансыг 10 гаруй жил ашиглаж байгаа. Би хөлөө хугалсны улмаас 2022 оны 08 дугаар сард 20-ний өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтээд 29-ний өдөр хагалгаанд орсон. Тухайн үед Б гэдэг эмч хагалгаанд орохын өмнө "таны хагалгаанд шаардагдах хадааснууд нь 600,000 төгрөг болно, та энэ хадаасыг хэрэглэх юм бол хөдөлгөөнд тань нөлөөлөхгүй, тулгуур сайн авдаг. Энэ хадаасыг яаралтай авч хагалгаанд орно гэж хэлсэн тэгэхээр нь би өөрөө явж хөөцөлдөж чадахгүй байсан учраас Б эмчийн данс руу хадаасны үнэ болох 600,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд гүйлгээний утга дээр нь өөрийнхөө утасны дугаарыг тавьсан. Маргааш нь хадаас ирчихсэн гээд намайг хагалгаанд оруулсан...Би эрүүл мэндийн даатгал байнга төлдөг. Хагалгаанд орох үедээ ч бүрэн төлсөн байсан...." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 123-124-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 127-р хуудас),
Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сард хөлийн савхан ясны хугарал оноштойгоор Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд мэс засалд орсон. Тэр үед миний хагалгаанд шаардлагатай шүрүүп, ялтсан төмөр зэрэг эд зүйлсийг Улаанбаатар хотоос захихаар болж би эхнэрийнхээ данснаас Б гэдэг эмчийн данс руу 500,000 төгрөг шилжүүлж хагалгааны материалыг аваад мэс засалдаа орсон. Одоо хөл эдгэрсэн. Тэр үед миний хагалгаанд Б эмч ороогүй. Б эмч хотод ажилтай явж байсан учраас захисан нь тэр юм. Би эрүүл мэндийн даатгал байнга төлдөг. Хагалгаанд орох үедээ ч бүрэн төлсөн байсан, ямар ч байсан 6 ширхэг шүрүүп орсон. Нэг эмч нь 500,000 төгрөг болох юм байна гэж хэлсэн учраас би Б эмчийн данс руу шууд шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 146-147-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 150-р хуудас),
Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай охин У нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт шууны яс хугарсан гэх оноштойгоор хагалгаанд орох заалттай ирсэн, тэгээд Б гэх эмчид үзүүлээд хагалгаанд ороход хадаас ялтас хэрэгтэй болно авчраарай гэхээр нь би тэр зүйлүүдийг нь ямар хэмжээтэй хаанаас авахаа мэдэхгүй байсан учраас би эмчийг гуйсаар байгаад эмчийн дансыг аваад 700000 мянган төгрөгийг нь хийчихсэн юм. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдөр л гэж санаж байна миний охин хагалгаанд орсон...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 71-72-р хуудас),
Хохирогч Б.О-ын хаан банк дахь дансны хуулга (1-р хх-ийн 174-р хуудас),
Хохирогч Г.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэж санаж байна би Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт баруун хөл хугарсан оноштойгоор ирж хагалгаанд орохоор болсон. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б эмч нь надад хандаж "Хөлд чинь төмөр хийнэ тэр төмрөө өөрөө авах шаардлагатай гэж хэлсэн" тэгээд эмч Улаанбаатар хот яваад ирэхдээ төмрийг чинь аваад ирье чи мөнгөө энэ данс руу хийгээрэй гэж хэлээд нэг дансны дугаар өгсөн. Тэгээд би тэр өдрөө өөрийнхөө 5720595093 тоот данснаас Б эмчийн өөрийнх нь хувийн данс руу 700,000, мянган төгрөгийг "98909145 otgontuya" гэсэн утгатайгаар хийсэн. Түүний дараа 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хагалгаандаа орсон..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 194-195-р хуудас),
хохирогч Г.О-гийнхаан банкин дахь дансны хуулга (хх-ийн 197-р хуудас),
Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр миний зээ хүү Г нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт баруун хөлийн дунд чөмгөний хугарал оноштойгоор хагалгаанд орохоор болсон. Тэгээд Б гэх эмч нь хөлийн хагалгаанд орно хадаасны мөнгө гэж 500000 мянган төгрөгийг энэ данс руу хийгээрэй гэж хэлээд нэг данс өгсөн. Тэгээд би өөрийн 5956019622 тоот данснаас Б гэх хүний хувийн данс руу мөнгийг нь "Г " гэсэн утгатайгаар хийсэн. Ер нь бол би тухайн үед данс өгөөд мөнгө хийгээрэй гэж хэлэхээр нь албаны байгууллагын данс байна байх гэж бодсон боловч Б гээд хувь хүний данс байхаар нь тухайн үедээ гайхаад нэг хэлэх гэснээ дараа нь хүүгийнхээ эмчилгээ зэрэгт санаа зовоод тэр үедээ дуугай өнгөрсөн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 218-219-р хуудас),
Хохирогч Г.М-ын 5956019622 дугаартай хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 220-р хуудас),
Хохирогч П.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сард 19-ны өдөр манай малчин байсан Б гэдэг хүн малдаа явж байгаад мориноос унаж дэлүү бяцарсан оноштойгоор Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд яаралтайгаар хагалгаанд орсон. Тухайн үед Хэнтий аймгаас ойролцоогоор 3-4 эмч ирж хагалгаа хийсэн. Тэгээд хагалгаа дууссаны дараа Б гэдэг эмч надтай уулзаад "цус алдаад цусыг нь тогтоох шаардлагатай болоод цус тогтоогч наалт наасан" гэж хэлээд энэ данс руу 300000 мянган төгрөг хийгээрэй гэж хэлээд 5405337495 дугаарын дансыг өгсөн. Тэгээд тухайн өдрийнхөө орой нь би Б эмчийн өгсөн данс руу "Жаргалтхаан 99988997" гэсэн утгатайгаар мөнгөө шилжүүлсэн...Тэр цус тогтоогч наалт нь яг хэдэн төгрөгийн үнэтэй байдгийг бол би мэдэхгүй гэхдээ тийм үнэтэй байна гэж байхгүй байх, мөн тэр эмч өөрийнхөө хувийн Дансанд мөнгө авсан асуудалд нь эргэлзэж байна, тийм учраас би дээрх мөнгөө эргүүлж авахыг хүсэж байна, тэрнээс айхтар гомдол санал байхгүй ээ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 241-242-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 244-246-р хуудас),
Хохирогч Р.К-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн ...................................................гэр бүлийн хамт амьдардаг юм. 2020 оны 06 дугаар сард манай нөхрийн дүү Амангел нь тархины гэмтэл авч Бэрх тосгоноос Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн "Мэс заслын тасагт" яаралтай хүргэгдэн, хэвтэн эмчлүүлж тархины цус хуралт авах хагалгаанд орохын өмнө Н.Б гэх эмч бид нартай уулзаад тархины хагалгаанд ороход 3 ширхэг тор тавина 1 ширхэг нь 300,000 төгрөг гэдэг юм та нар яаралтай 900,000 төгрөг хийгээрэй гээд данс өгч байсан тухайн үед хэн гэдэг хүний данс байсныг санахгүй байна. Би ямар ч байсан 900,000 төгрөгийг гүйлгээний утга хэсэгт нь "А-ийн хагалгаанд камаш" гэж бичээд шилжүүлж байсан.....” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 15-16-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 19-р хуудас),
Хохирогч Ц.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн ..........................................нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2021 оны 09 дүгээр сард манай нөхөр О.Эрхэмбаяр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт зүүн хөлийн шилбэний яс хугарсан гэх оноштой хагалгаанд орж хэвтэн эмчлүүлсэн байх хугацаанд Н.Б гэх эмч хагалгаанд орсны дараа хамгийн үнэтэй сайн хадаас хадсан, хадаасны мөнгө 600,000 төгрөг болсон 5405337495 дугаарын данс руу хийгээрэй гээд манай нөхрийг эмнэлэгт байх хугацаанд хэлсэн тэгээд би өөрийнхөө Хаан банкны 5936100585 дугаарын данснаас 5405337495 дугаарын данс руу интернэт банкаар "Эрхэмбаяр баярлалаа" гэсэн утга бичээд 600,000 төгрөг шилжүүлсэн юм....” гэх мэдүүлэг ( 2-р хх-ийн 38-39-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга ( 2-р хх-ийн 41-42 хуудас),
Хохирогч Э.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тиймээ би 700.000 төгрөгийг дээрх дансанд шилжүүлсэн. Би хөл хугарсан хүний мөнгө шилжүүлсэн...Хадаас захиалах мөнгө гэж хэлээд энэ дансанд хийгээрэй гээд 5405337495 тоот дансны дугаар өгсөн. Мөнгө шилжүүлэхэд Н.Б гэх нэр гарч ирсэн ба би нөхрийнхөө 5039567898 тоот данснаас шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 63-64-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 67-р хуудас),
Хохирогч З.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 04 дугаар сарын сүүлээр гэж санаж байна манайд морь унадаг байсан Түмэнбаяр гээд 11 настай хүүхэд нь мориноос унаад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт зүүн гарын бугалга хугарсан гэх оноштойгоор хагалгаанд орох заалттай ирсэн. тэгээд Б гэх эмчид үзүүлээд хагалгаанд ороход 5 ширхэг хадаас хэрэгтэй болно гэж хэлээд нэг данс өгөхөөр нь би өөрийн 251200080846 дугаартай төрийн банкны данснаасаа 600000 мянган төгрөгийг шилжүүлсэн. Тэр үед би мөнгөгүй байсан учраас хэд хоног хүлээж байж шилжүүлсэн. Тэгтэл тэр эмч нь байн байн ирээд мөнгөө шилжүүл гээд байсан. Тэгээд би тухайн үедээ яагаад хувь хүний данс руу мөнгө шилжүүлж байгаа талаараа ойлгоогүй. Гэхдээ юм хэлээгүй өнгөрсөн. Би тухайн мөнгийг заавал төлөх ёстой гэж бодож байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 88-89-р хуудас),
Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний ах Ж.Х нь 2020 оны 05 дугаар сард мотоциклоос унаж тархины бэртэл авсан учраас аймгийн Нэгдсэн эмнэлэгт 05 дугаар сарын 12-ны өдөр мэс засалд орсон. Тухайн үед мэс засалд орсон эмч Б нь мэс засалд шаардагдсан гуурс, өвчин намдаах дусал, наалт зэргийн үнэ 800,000 төгрөг болно гээд өөрийнхөө дансыг өгсөн. Тиймээс би ах дүү нараасаа мөнгө цуглуулж байгаад ахынхаа данснаас Б эмчийн данс руу нь 800,000 төгрөгийг хагалгаанд орсон үеэс нь хэд хоногийн дараа шилжүүлсэн. Би ахыгаа өөрөө гардан сахиж байсан хүн нь байгаа юм...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 110-111-р хуудас),
Гэрч Ж.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархины гэмтэл гэсэн оноштойгоор хагалгаанд орохоор ирээд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б эмчийн удирдлага дор хагалгаанд орсон. Тэр үед миний хагалгааг маш хүнд хагалгаа гэж хэлж байсан. Тэгээд яг хэзээ мөнгө өгсөн талаар нь би сайн мэдэхгүй байна гэхдээ манай төрсөн дүү Б нь эмчийн өгсөн данс руу хагалгаанд ашигласан гэх цус тогтоогч наалт болон гуурс зэргийн мөнгө гэж 800000 мянган төгрөгийг хийсэн гэж сүүлд сонссон. Энэ мөнгийг манай дүү Б хийсэн байх. Гэхдээ би энэ хэрэгтэй холбоотой гомдол санал байхгүй гэж бодож байна би одоо эрүүл саруул болчихсон байгаа...” гэх мэдүүлэг, (2-р хх-ийн 114-115-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 117-118-р хуудас),
Хохирогч П.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сард манай төрсөн дүү Г-ын хүүхэд Хонгор нь хөдөө мориноос унаж баруун хөлийн бүдүүн гуя нь хугарсан тул Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орсон. Тэр үед эмч нь Б байсан юм. Тэгээд Б эмч мэс засалд орсон хадаасны мөнгө 500,000 төгрөг болж байна гэхээр нь би өөрийн хүү Э.Э-аар эмчийнх нь данс руу тухайн үед нь шилжүүлж байсан. Эмчилгээнийх нь төлбөрийг би төлсөн юм. Одоо дүүгийн маань хөл нь эдгэрсэн байгаа...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 138-139-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 141-142-р хуудас),
Хохирогч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Бүгд найрамдах Хятад ард улсын Юнан мужийн их сургуульд суралцдаг юм. 2022 оны 12 дугаар сарын эхээр өөрөө хятад улсаас Уул уурхайд ашиглагдах зориулалттай тоног төхөөрөмжүүдийг борлуулах зорилгоор би Хэнтий аймгийн ................................гэх газарт Жонш олборлох үйл ажиллагаа явуулдаг Маль флюорит ХХК-д 2 ширхэг пад троктер. 1 авто ачигч зэргийг борлуулахаар үйл ажиллагааг нь тухайн газарт танилцуулж техникийн туршилт хийж байсан юм. Тэр үед надад туслалцаа үзүүлж техникийн жолоодож байсан Г.Э гэдэг залуу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр осолд орж зүүн хөлийн бүдүүн гуяа хугалсан. Тэгээд тэр өдөр нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт Г.Э-г авч ирээд хэвтүүлсэн. Эмчлэгч эмч нь Б гэдэг хүн байсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа мэс засалд ороод орсныхоо дараа 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эмнэлгээс гарах гэж байхад Н.Б эмч надад хандаж "мэс засалд шаардагдсан хадаасны мөнгө болох 450,000 төгрөгийг надад бэлнээр авч ирээд өг" гэхээр нь би картаар бэлэн мөнгө гаргаж авах зорилгоор өөрийн Голомт банкны 4325115589 тоот данснаас өөрийн Хаан банкны 5001699090 тоот данс руу "хадаас эмнэлэг" гэсэн утгаар шилжүүлж АТМ-с бэлнээр 500,000 төгрөг гаргаж аваад Н.Б эмчийн өрөөнд нь 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр оруулж өгсөн юм. Тухайн үедээ Б эмч өрөөнд аваад ирээрэй гэж байсан юм.Энэ үеэс хойш Г.Э-ий хөл эдгэрэхгүй байсаар 2023 оны 02дугаар сард үеэр Улаанбаатар хотын Гэмтэл согог үйлчилгээний төв рүү дахин шинжилгээ өгөхөд түүний хөлд ямар нэгэн хадаас суулгаагүй байсан нь намайг залилсан үйлдэл байх тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан....” гэх мэдүүлэг ( 2-р хх-ийн 161-162-р хуудас),
Гэрч Б.Баярцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Манай компани Улаанбаатар хотын харьяат С.Х-гаас үйл ажиллагаанд шаардагдах техник худалдан авахаар 2022 оны 12 дугаар сард техникийн туршилт хийсэн юм. Тэр үед С.Х-тай хамт ирсэн жолооч Г.Э нь осолд орж зүүн хөлийн дунд чөмгөө хугалсан. Тэгээд С.Х нь Г.Э-г Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Тэгээд сүүлд нь С.Х надад Г.Э-ий хадаасны мөнгө 450,000 төгрөгийг эмчид нь өгөхөөр болсон гэж надад хамтран ажил гүйцэтгэж байсны үүднээс хэлж байсан юм. Тэр үед нь би мөнгийг нь гялс өгөөд, сайхан эмчлүүл гэж түүнд хэлж байсан. Маргааш нь С.Х над руу залгаад мөнгийг нь эмчид бэлнээр өгчихлөө гэж байсан. Би хамт яваагүй учраас өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 165-166-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 39, 40, 41, 42-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Ү.А-т 500.000 төгрөгийн, Б.М-д 600.000 төгрөгийн, Б.Э-д 500.000 төгрөгийн, Б.О-аас 700.000 төгрөгийн, Г.О-д 700.000 төгрөгийн, Г.М-д 500.000 төгрөгийн, н.Б-д 300.000 төгрөгийн, Р.К-д 900.000 төгрөгийн, Ц.Э-д 600.000 төгрөгийн, Э.Х-д 700.000 төгрөгийн, З.Ж-т 600.000 төгрөгийн, Ж.Б-д 800.000 төгрөгийн, П.А-д 500.000 төгрөгийн, С.Х-д 450.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан ба хохирогч нарын санал гомдолгүй гэх хүсэлт (хх-ийн 194-205-р хуудас) тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.Б нь хүлээн зөвшөөрсөн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 2 жил 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жил 10 сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339001240236 дугаартай битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Bonewax 2.5g ясны цус тогтоогч 11 ширхэг, Surgigel тархины хагалгааны цус тогтоогч 10 ширхэг, JINHUAN medical prodnet гэсэн бичигтэй 1 ширхэг хайрцагтай эд зүйл, POLYPROPQLENE гэсэн бичигтэй 45 см 3 ширхэг лацтай утас мэт зүйл, Тосон сетка 1 хайрцаг, 2 ширхэг гуурс, 1 тор ууттай шарх угаадаг хэрэгсэл, Cutouplast гэсэн бичигтэй 5 ширхэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Б д буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б г 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б д оногдуулсан 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жил, 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 2339001240236 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Bonewax 2.5g ясны цус тогтоогч 11 ширхэг, Surgigel тархины хагалгааны цус тогтоогч 10 ширхэг, JINHUAN medical prodnet гэсэн бичигтэй 1 ширхэг хайрцагтай эд зүйл, POLYPROPQLENE гэсэн бичигтэй 45 см 3 ширхэг лацтай утас мэт зүйл, Тосон сетка 1 хайрцаг, 2 ширхэг гуурс, 1 тор ууттай шарх угаадаг хэрэгсэл, Cutouplast гэсэн бичигтэй 5 ширхэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Б д буцаан олгохыг шүүгчийн туслах М.Мөнхцэцэгт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР