Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2020/ДШМ/96

 

 

 

 

 

  2020           1            21                                     2020/ДШМ/96

                                                       

П.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Майбаяр,

шүүгдэгч П.Б,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 772 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаартай прокурорын эсэргүүцлээр П.Бөд холбогдох 1911024751013 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Д овгийн Пийн Б, 1974 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Донж Хаус” ХХК-д бригадын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 68-1084а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            П.Б нь 2019 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Титан” караоке баарны ариун цэврийн өрөөнд зөрөхдөө мөрлөлөө гэх шалтгаанаар хохирогч Б.Дтой маргалдаж, улмаар маргааныг таслан зогсоох гэсэн хохирогч Б.Дгийн нүүрэнд тохойгоороо цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөг, хамрын нуруу, дээд уруулд цус хуралт бүхий” хөнгөн хохирол, мөн хохирогч Д.Дийн нүүрэнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын баруун, зүүн хажуу хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, уруул орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, хүзүүнд олон тооны цус хуралт бүхий” хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д овгийн Пийн Бийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Бийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч П.Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 772 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Шүүгдэгч П.Б: “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Прокурор Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

П.Б нь 2019 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Титан” караоке бааранд хохирогч Б.Дтой маргалдан нүүрэнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын баруун, зүүн хажуу хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, уруул орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, хүзүүнд олон тооны цус хуралт бүхий” хөнгөн хохирол, тэдний маргааныг таслан зогсоох гэсэн хохирогч Б.Дгийн нүүрэнд нь тохойгоороо цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөг, хамрын нуруу, дээд уруулд цус хуралт бүхий” хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Дгийн “... “Титан” караокед найз Б.Дийн хамт ... орсон. ...Д үл таних ахтай маргалдаад, ... зууралдаад байхаар нь ... салгах гэхэд тэр ах миний хамар орчимд тохойгоороо цохисон. ...Тэр ах ... Б.Дийн нүүр орчимд гараараа нэг удаа цохиод авсан. ...” /хх 11-12/,

хохирогч Б.Дийн “...Үл таних ахтай заамдалцаад зогсож байхад ... Д хүрч ирээд ... намайг заамдсаныг салгах гэхэд үл таних ах гараа хүчтэй савах үед Дгийн нүүр хэсэгт тохойгоороо цохих шиг болсон. ...Тэр ах миний нүүр орчимд нэг удаа гараараа цохисон. ...” /хх 15-16/,

гэрч Х.Алтанчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Б бие засахаар яваад орж ирэхгүй удаад байхаар нь араас нь очтол бие засах өрөөнд нэг өөрөөсөө дүү залуутай заамдалцаад хажууд нь тэр залуутай хамт явж байгаа бололтой нэг эмэгтэй хүн Бийг гараас нь зуурчихсан зогсож байхаар нь салгахын хооронд Б гараа татаж авахдаа нөгөө үл таних эмэгтэйг нүүр хэсэгт нь тохойгоороо санамсаргүй цохиод авсан чинь нөгөө үл таних заамдалцсан залуу уурлаад Бийг цохих гэхэд Б гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиод авсан. ...” /хх-ийн 23-24/,

шүүгдэгч П.Бийн яллагдагчаар өгсөн “...Найз Алтанчимэгийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Титан” караокед орсон. ... Ариун цэврийн өрөөнд ороход ... нэг залуу миний мөрийг хүчтэй шүргэчихээд уучлалт гуйлгүй явах гэхээр нь ... түүнтэй зууралдаад зогсож байхад ... эмэгтэй ирээд ... миний гараас зуураад ... байхаар нь гараа тавиулах гээд огцом савтал тэр эмэгтэйн нүүр орчимд нэг удаа баруун гарын тохой хэсгээрээ санамсаргүй цохичихсон. ...Би тэр залуугийн нүүр орчимд нэг удаа гараараа цохиод авсан. ...” /хх 37-38/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 11290 дугаартай “...Б.Дийн биед хамрын баруун, зүүн хажуу хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, уруул орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, хүзүүнд олон тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 11291 дугаартай “...Б.Дгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөг, хамрын нуруу, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 32/ гэх дүгнэлтүүд, зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч П.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Прокурор Ц.Батбямба “...Шүүхээс шүүгдэгч П.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.

Хавтаст хэргийг шинжлэн судлахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 772 дугаартай шийтгэх тогтоол /хх 86-89/-ын тодорхойлох хэсэгт шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт хийсэн нь шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэл /хх 80-83/-д тусгагдсан байна.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад хэргийн зүйлчлэлийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх боловч уг алдаа нь тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 772 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад гаргасан бичвэрийн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, прокурорын бичсэн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Цаашид энэ мэт техникийн шинжтэй алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зохимжтойг прокурор анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 772 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Ц.Батбямбын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ