Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0180

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0180

Улаанбаатар хот

 

    

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П-ийн Б

Хариуцагч: Монгол Улсын Ш сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А

Маргааны төрөл: Монгол Улсын Ш сайдын эс үйлдэхүйн улмаас П.Б-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, иргэдийн төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч П.Б-с Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан П.Б-д тэтгэвэр тогтоох мэдэгдэл өгөхгүй байгаа эс үйлэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2017 оны 9 дүгээр сараас хойш 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг ажилласан жилээр тасалдалгүй бөглөж, тэтгэвэр нөхөн тогтоох шийдвэр гаргахыг Онцгой байдлын ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 478 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Ш сайдад холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлага, хүний нөөц, санхүү хангалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан П.Б-г цэргийн алба хаасан тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Монгол Улсын Ш сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 9 дүгээр 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн гаргах тушаал гаргахыг Монгол Улсын Ш сайдад даалгах гэж, П.Б-г төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах эсвэл цэргийн алба хаасан тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийн аль нэгийг гаргалгүй орхигдуулсан тул 2017 оны 9 дүгээр 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, цалинг дээрх хугацаагаар тооцон нөхөн гаргах шийдвэр гаргахыг Монгол Улсын Ш сайдад даалгах гэж тус тус нэмэгдүүлж, өөрчилсөн байна.

Улмаар нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан П.Б-г төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах эсвэл цэргийн алба хаасан тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийн аль нэгийг гаргалгүй орхигдуулснаас учирсан хохирол болох 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг  Монгол Улсын Ш сайдаас гаргуулж, энэ хугацаанд хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулж бичилт хийх чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргад өгөхийг Монгол Улсын ш сайдад даалгах гэж тодорхойлсноор хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

2.            Нэхэмжлэгч П.Б сарын 28-ны өдрийн Б/321 дүгээр тушаалаар Онцгой байдлын сургуулийн захирлаар томилогдож, Хууль сахиулах их сургуулийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотойгоор мөн оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн захирлаар, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/750 дугаар тушаалаар тус сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгчээр, мөн оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/986 дугаар тушаалаар Онцгой байдлын сургуулийн захирлаар тус тус томилогдож, тус сургуулийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотойгоор 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/285 дугаар, мөн оны 7 дугаар сарын 06-ны өрийн Б/397 дугаар тушаалаар тус тус Онцгой байдлын сургуулийн захирлаар эгүүлэн томилогдож ажиллаж байжээ.

Хууль сахиулахын их сургуулийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/174 дүгээр тушаалаар П.Б-г Онцгой байдлын сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол Улсын Ш сайдын ажлын албаны мэдэлд шилжүүлсний дагуу Ш сайдын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дүгээр тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дүгээр тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа удирдлага, санхүү хангалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан дэд даргаар тус тус томилжээ.

Монгол Улсын Ш сайдын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалаар П.Б-г цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлснийг эс зөвшөөрч Монгол Улсын Ш сайдад холбогдуулан Монгол Улсын Ш сайдын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 956 дугаар шийдвэрээр Монгол Улсын Ш сайдын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 550872 төгрөгийг хариуцагчаас гаргуулж П.Б-д олгон, нэхэмжлэлийн шаардлагын урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улмаар Дотоод хэргийн их сургуулийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/741 дүгээр тушаалаар тус сургуулийн Удирдлагын академийн Хилийн албаны удирдлага, стратегийн профессорын багт ахлах багшаар томилж, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/250 дугаар тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 8 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөгджээ.

3.            Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Ш сайдад тус тус Үндэсний батлан хамгаалах их сургуульд Сургалт эрхэлсэн дэд захирлаар ажиллуулах талаар өргөдөл гаргаж байсан боловч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд П.Б-г төрийн албанд ажиллуулах, эсхүл тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх тушаалыг гаргаагүй байна.

Улмаар дээрх эс үйлдэхүйг эс зөвшөөрч тус шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоон, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4.     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: 

1/ П.Б-г Онцгой Байдлын Ерөнхий Газрын захиргаа, удирдлага, хүний нөөц, ауюлгүй байдлын асуудал хариуцсан дэд даргын албанаас чөлөөлж, тэтгэвэрт гаргасан Монгол Улсын Ш сайдын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0956 дугаар шийдвэрээр хүчингүй болгомогц миний бие төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа тухай хүсэлтээ Ш сайдад бичгээр гаргасан боловч төрийн албанаас чөлөөлөх эсхүл үргэлжлүүлэн ажиллуулах аль нэг шийдвэрийг гаргах ёстой атал гаргаагүй орхигдуулснаас миний хууль ёсны эрх ашиг хохирч, тэтгэвэр ч үгүй, цалин хөлс ч үгүй хохирсон. 

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг Ш сайд зөрчсөн.

2/ Монгол Улсын Ш сайдын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дүгээр тушаалаар П.Б намайг Онцгой Байдлын Ерөнхий Газрын захиргаа, удирдлага, хүний нөөц, ауюлгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаар томилсон тушаал хүчинтэй хэвээр байгаа тул ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулах үндэслэлтэй юм.

Иймд Онцгой байдлын ерөнхий газрын захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаад ажиллаж байсан П.Б-г төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах эсвэл цэргийн алба хаасан тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийн аль нэгийг гаргалгүй орхигдуулснаас учирсан хохирол болох 2017 оны 9 дүгээр 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг Монгол Улсын Ш сайдаас гаргуулж, энэ хугацаанд хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулж бичилт хийх чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргад өгөхийг Монгол Улсын ш сайдад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Томилох тушаалыг гаргахгүй байсан бол надаас өргөдөл авсан аваагүйгээр миний хуулийн нас хэтэрчихсэн байсан учраас Онцгой байдлын ерөнхий газрын хүний нөөцөөс надад мэдэгдэл өгч тэтгэвэрт гарах тушаалыг гаргах эрх нь байсан. Захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүй учраас 2 жил 3 сар цалингүй, тэтгэвэргүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтгүйгээр Монгол Улсад харьяалалгүй, Монгол Улсын иргэн биш юм шиг хохирсон гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг анх гаргахдаа энэ хугацааны тэтгэврийг нөхөн гаргах гэж тодорхойлж байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Б нь Дотоод хэргийн их сургуульд багшаар ажилд орсон байсан ч 08 дугаар сарын 24-ний өдөр Б/250 дугаар тушаал гарч, тэтгэвэрт гаргах шийдвэрийг гаргасан байдаг. Тэтгэвэрт гаргах тушаал 2 гарч болохгүй бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаар тушаал хэвээрээ байгаа. Ямар нэг хууль тогтоомжоор хүчингүй болгоогүй. Тэтгэвэрт гаргасан тушаалыг үндэслэлгүй байна гэж үзэж хүчингүй болгочихсон. Иймд П.Б нь энэ хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргын албан тушаалаас чөлөөлөөгүй энэ тушаал нь хүчинтэй байх үр дагавар үүссэн. Энэ хугацаанд хоёр жил, гурван сарын цалингаар хохирсон учраас цалинг нөхөн гаргуулах шийдвэр гаргахыг, мөн энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалд нөхөн хамруулж, бичилт хийх чиглэлийг өгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй. Шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасан байдаг. Иймд Онцгой байдлын ерөнхий газарт нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана, уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, төрийн албанаас чөлөөлөх эсвэл үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргана гэх заалтыг Шадар сайд зөрчсөн. Энэ нь нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл юм.

74 дүгээр тушаалыг хүчингүй болгосны дараа ажилд нь эгүүлэн томилоогүй. Энэ тохиолдолд тэтгэвэрт гаргах байсан ч тэтгэвэрт гаргах тушаал гаргаагүй. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах хуульд хэрэв өргөдөл гомдлыг бичгээр гаргасан бол бичгээр хариу өгөх, бичгээр хариу өгөх боломжгүй, амаар хариу өгсөн бол протокол хийх зэрэг ажиллагааг хуульд заасны дагуу явуулах ёстой байсан. Албан ёсоор хариу өгсөн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан тоот, өргөдөл гомдол шийдвэрлэсэн бичиг баримтаар нотлогдохгүй байна. Гэхдээ энэ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Учир нь нэхэмжлэгчид өргөдөл гомдлын хариуг өгөөгүй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хугацаандаа нэхэмжлэл гаргасан. Захиргааны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлоо нэхэмжилж байгаа тухайн үед нэхэмжлэл гаргаагүй, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй гэх хууль зүйн үр дагавар гарах ёсгүй гэв.

5.            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ 128/ШШ2017/0956 шийдвэртэй захиргааны хэргийг анхан шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсний дараагаар нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын Ш сайдын "Журам батлах тухай 105 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Онцгой байдлын байгууллагад алба хаах журам-ын 7 дугаар зүйлийн 7.2, 7.4, 14.3-д тус тус заасныг зөрчснөөр энэхүү маргаан болох үндэслэл бүрдсэн байна.

Нэхэмжлэгчээс өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.2-т заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна. 

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан аль шийдвэрийг гаргуулах гэж байгаа нь тодорхой бус, ажилгүй байсан хугацааны цалин болох хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна

2/ П.Б нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 956 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ш сайдад холбогдуулан гаргах хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь ш сайд цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөөгүй гэж маргасан атлаа сүүлд Дотоод хэргийн их сургуульд ахлах багшаар ажиллаж Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн П.Б-г томилох тухай" Б/741 дүгээр тушаалын дагуу төрийн жинхэнэ алба хашиж, төрийн тусгай алба хаагчаар ажиллаж, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 30 хувиар, хурандаа цолны нэмэгдлийг 36 хувиар, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10 хувиар, доктор (Ph.D)-ын зэргийн нэмэгдлийг 15 хувиар, профессор цолны нэмэгдлийг 10 хувиар тус тус авч байгаад мөн захирлын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/250 дугаар тушаалын дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон байна.

128/ШШ2017/0956 шийдвэртэй захиргааны хэргийг анхан шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх маргаан бүхий асуудлаар аливаа хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй. Харин тэтгэвэрт гарах хүсэл, зориг байгаагүй гэдэг нь Монгол Улсын Ерөнхий сайдад 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, Монгол Улсын Ш сайдад 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тус тус өргөдөл гаргахдаа ...Цэргийн сургууль ... насны хязгаар хүртэл хугацаанд ажиллах хүсэлттэй байна гэх түүний өргөдлөөс харагддаг.

Хэрэв нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байсан бол энэ талаараа хүсэлт, өргөдөл гаргах эрх нь нээлттэй байсан. Харин тэрхүү хүсэлт өргөдлийг төрийн захиргааны байгууллагад хүлээн авчихаад шийдвэрлэхгүй, эсхүл шийдвэрлэхдээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан бол шүүхийн журмаар хохирол гаргуулах тухай агуулгаар маргах нь зүйд нийцэхээр байна.

Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.Б-г 2017 оны 12 сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс аваагүй, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлөөгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. 

3/ Нөгөө талаас Монгол Улсын Ш сайд нэхэмжлэгч П.Б-ыг цэргийн алба хаагчийн тэтгэвэрт тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гараагүй байхад Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/741 дүгээр тушаал гарсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг Онцгой байдлын ерөнхий газраас чөлөөлсөн тушаал гараагүй байхад Дотоод хэргийн их сургууль ажилд томилох тухай тушаал гаргасан нь нэг төрийн жинхэнэ алба хаагч хоёр байгууллагын дансанд бүртгэлтэй, хоёр байгууллагаас цалин авч байгаа мэтээр харагдахын сацуу Авлигатай тэмцэх газрын 2019 оны 05/11083 дугаар албан бичиг хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Монгол Улсын Ш сайд нь төрийн жинхэнэ албанд одоог хүртэл ажиллаж байгаа, төрөөс цалин хөлс, бусад нэмэгдлийг авч байгаа Дотоод хэргийн их сургуулийн ахлах багш буюу төрийн жинхэнэ алба хаагчид нөхөн тушаал гаргаж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацаагаар нөхөн тэтгэвэр олгох тухай тушаал гаргах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Монгол Улсын Ерөнхий сайдад нэг удаа Монгол Улсын Ш сайдад хоёр удаа цаашид тэтгэвэрт гарах хүсэлгүй байгаагаа илэрхийлж гурван удаа өргөдөл гаргасан байдаг. Тус өргөдлүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар буцаж ажиллах, сургуульд багшлах талаар дурдсан байдаг. Үүнтэй холбоотойгоор 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан. Үүний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр П.Б-с өргөдөл ирүүлсэн байх хуульд заасан тэтгэврийн нас хэтэрсэн учраас албан тушаалд томилох боломжгүй байна гэдэг хариуг өгсөн байдаг. Монгол Улсын Ш сайдад гаргасан өргөдлийн дагуу тухайн үед биечлэн уулзсан эсхүл зөвлөхөөр нь дамжуулж, утсаар холбогдсон гэж нэхэмжлэлд дурдсан байдаг. Үүний дагуу боломжгүй хариунуудыг өгч байсан. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэр гарснаас хойш эрх зүйн байдлыг нэхэмжлэгч П.Б мэдэж байсан. Мөн 2012 онд тэтгэвэрт гарах эрх нь үүссэн, түүнээс хойш ямар эрх зүйн үр дагавар үүсэхийг ухамсарлаж байсан.

Учирсан хохирол буюу 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжилдэг. Цалин хөлсийг төрийн албан хаагч ажилласныхаа төлөө төрөөс авдаг. Шүүхийн шийдвэрээр 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилласныг тогтоож, түүнээс хойш ажиллуулах боломжгүй, насны хязгаар хэтэрснийг тогтоочихсон учраас үүнээс хойш цалин хөлс мөн ажилласан гэх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй гэж үзэж байна.

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 950 дугаар шийдвэр гарснаас хойш хагас жил орчим буюу 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ерөнхий сайдад, 2018 оны 7 дугаар сард Монгол Улсын Шадар сайдад өргөдөл гаргаж байсан. Энэ хугацаанд ямар нэг үйлдэл хийгээгүй эсхүл Монгол Улсын Ш сайдыг эс үйлдэхүй гаргасан гэж байгаа боловч тухайн эс үйлдэхүйг гаргах нөхцөл байдлыг нэхэмжлэгч П.Б өөрөө бий болгосон нөхцөл байдал харагддаг. Учир нь шүүхийн шийдвэр гарсан. Түүний дараа нэхэмжлэгч тэтгэвэрт гарахгүй, цаашдаа ажиллана гэдэг хүсэлт гаргасан буюу үүнээс болж үүсэн гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш Онцгой байдлын байгууллагат ажиллаагүй учраас цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй. Сүүлд 2021 оны 8 дугаар сард Дотоод Хэргийн Их Сургуулиас цэргийн тэтгэвэр тогтоолгосон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

6.            Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: "Миний хувьд нэхэмжлэгчийн талаас гаргасан ажилгүй байх хугацааны 3 жилийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тухайн хугацаан дахь цалинг нөхөн олгох гэсэн хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь тухайн үед болсон шүүх хуралдааны шийдвэрийг давж заалдаагүй, 3 жилийн дараа шүүхэд хандаж байгаа нь нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээж авах нөхцөл үүсэхгүй байх гэж бодож байна" гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгч дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1.    Нэхэмжлэгч нь хариуцагчийн 

         Төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулаагүй;

         Цэргийн алба хаасан тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг гаргалгүй орхигдуулсан

гэх хоёр эс үйлдэхүйг хууль гэж тодорхойлж, тус хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэх 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулж, энэ хугацаанд хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулж бичилт хийх чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргад өгөхийг Монгол Улсын ш сайдад даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Тодорхойлох хэсэгт дурдсанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 956 дугаар шийдвэрт П.Б-г Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан ахлах офицерийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул ажилд эгүүлэн тогтоох боломжгүй талаар дүгнэж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

Нэгэнт нэхэмжлэгчийг ажил эргүүлэн тогтоох боломжгүй болохыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон тул Онцгой байдлын ерөнхий газрын захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан П.Б-г төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гаргаагүй гэх хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно. гэж зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг  гаргуулах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн Онцгой байдлын ерөнхий газрын захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан П.Б-г төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргалгүй орхигдуулснаас учирсан хохирол гэх 2017 оны 9 дүгээр  сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг  Монгол Улсын Ш сайдаас гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

2.            Харин дээр дурдсан шүүхийн шийдвэрээр ...нэхэмжлэгчийг 57 нас хүрээгүй байхад 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс тэтгэвэрт гаргасан нь Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасанд нийцээгүй, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл гаргасан боловч танилцуулаагүй байхдаа буюу 8 дугаар сарын 17-ны өдөр тушаал гарган чөлөөлсөн нь нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх хуудас өгөх, мэдэгдэх хуудасны хугацаанд тухайн албан хаагч тэтгэвэрт гарахад шаардагдах баримт бичиг, материалыг бүрдүүлэх журмын зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэн Монгол Улсын Ш сайдын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 550872 төгрөгийг хариуцагчаас гаргуулж П.Б-д олгож шийдвэрлэсэн шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд нэхэмжлэгчийг цэргийн албан хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн албанаас чөлөөлж, тэтгэвэрт гаргахдаа хууль зөрчсөн болохыг тогтоож, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана: 27.1.1.төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах; , Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:... 46.2.2.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана: 61.1.1.албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах; гэж заажээ.

Дээрх хуулийн заалт болон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс үзвэл нэхэмжлэгчийг алба хаах нас дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогоогүй ч түүнийг албанаас чөлөөлсөн тушаал гаргахдаа хууль зөрчсөн болохыг шүүх тогтоож, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосон тул хариуцагч тушаалаа хуульд нийцүүлэн дахин гаргаж төрийн албан хаагч болох П.Б-г тэтгэвэр авах баталгаагаар хангах байжээ.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийг цэргийн алба хаах нас дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, тэтгэвэрт гаргаагүй нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг нь зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гэж үзлээ. 

Хариуцагчийн тушаал гаргаагүй хууль бус эс үйлдэхүйгээс нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох авах эрх 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрхийг хангаж, цэргийн алба хаасан тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргаагүйг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулж бичилт хийх чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргад өгөхийг Монгол Улсын ш сайдад даалгаж шийдвэрлэв. 

Хариуцагч нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулах цалингийн хэмжээг П.Б-н сүүлд ажиллаж байсан Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргын цалингаар тооцох нь зүйтэй.

3.         Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан  ...нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, 3 жилийн дараа шүүхэд хандаж байгаа нь нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээж авах нөхцөл үүсэхгүй тул нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тухайн хугацаан дахь цалинг нөхөн олгох үндэслэлгүй гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. 

Учир нь тодорхойлох хэсэгт дурдсанчлан анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Ш сайдад тус тус Үндэсний батлан хамгаалах их сургуульд Сургалт эрхэлсэн дэд захирлаар ажиллуулах талаар өргөдөл гаргаж байсан боловч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд П.Б-г төрийн албанд ажиллуулах, эсхүл тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх тушаалыг гаргаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

Энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 1, 2-т нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт өгсөн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн дагуу дахин дүгнэх шаардлагагүй байна.

4.            Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн тогтоолд гомдол гаргахдаа дахин тэмдэгтийн хураамж төлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэл болон шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр зохицуулсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг; гэж зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн тогтоолд гомдол гаргахад төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно. зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.4, 106.3.7, 106.3.13 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-с гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Монгол Улсын Ш сайдын П.Б-г цэргийн алба хаасан тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулж бичилт хийх чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргад өгөхийг Монгол Улсын ш сайдад даалгаж;

Онцгой байдлын ерөнхий газрын захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаад ажиллаж байсан П.Б-г төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гаргаагүйгээс орхигдуулснаас учирсан хохирол болох 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг Монгол Улсын Ш сайдаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг 100200700941 тоот данснаас, хариуцагчаас 35100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

                       ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ