| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 114/2025/0027/3 |
| Дугаар | 221/МА2025/0538 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0538
Д.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М
Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Д.О-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, түүний өндөр насны тэтгэврийг тогтоох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 114/2025/0027/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.О-ээс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд тус тус холбогдуулан “Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Д.О-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, түүний өндөр насны тэтгэврийг тогтоох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.8, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.4, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан Д.О-ийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар, мөн газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Иргэн Д.О нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх “Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл”-д 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу хянан үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон.Тус газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл нь Засгийн газрын 2023 оны 362 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрэм” болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг баримтлан ажилладаг.
Иргэн Д.О нь С м ХХК-ийн Дархан салбарт 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний хооронд шатахууны нярав. Т п ХХК-ийн Дархан салбарт 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл нефть хангамжийн операторчин-оор ажилласан байсан. “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д хамаарахгүй байсан тул уг асуудлаар тодруулга авахаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газарт хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/660 дугаар албан бичгээр хариуг ирүүлснийг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн.
Мөн Маргаан хянах, салбар зөвлөлийн гишүүдээс ажлын хэсэг байгуулагдан Т п ХХК-ийн Дархан салбарт ажилласан ба тухайн байгууллагын “нефть хангамжийн операторчин” ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээн дээр хөдөлмөрийн нөхцөлийг тусгаагүй, нөхцөлийн үнэлгээ хийлгэсэн баримт бичиг байхгүй байсан болно.
Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллан шимтгэл төлсөн хугацааг хангасан даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 сарын 28-ны өдрийн А/221 дугаар Жагсаалт журам батлах тухай тушаалаар “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг баримталж ажилладаг.
Уг жагсаалтын 2 дугаар бүлэг 19 дэх хэсгийн “...нефть хангамжийн операторчин” заалтад хамаарах ажил мэргэжил нь Нефть боловсруулах үйлдвэр болон бөөний том агуулахад хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага буюу шатахуун түгээх газрын “түгээгч” болон “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил уг жагсаалтад тусгагдаагүй болно.
Иймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2 дугаар бүлэг 19 дэх хэсгийн "...нефть хангамжийн операторчин" заалтад хамаарахгүй тул хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэж шийдвэрлэн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх "Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл"-ийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг гардуулан өгсөн.
Мөн уг шийдвэрийг эс зөвшөөрч төв зөвлөлд гомдол гаргаж хандахад, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 32/33 дугаар албан бичгээр Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай хариуг албан бичгээр хүргүүлсэн.
Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрүүдийг хүчингүй болон өндөр насны тэтгэврийг хортой нөхцөлөөр Тогтоохыг нийгмийн даатгалын газарт даалган шийдвэрлэсэн нь "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль", Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалаар баталсан "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт" болон холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.
Иймээс Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газар болон Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөл нь Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 114/ШШ2025/0029 дүгээр шүүхийн шийдвэр нь холбогдох хууль тогтоомжоос илүү бодит нөхцөл байдлыг үндэслэн шийдвэрлэсэн үзэж байгаа тул уг шүүхийн шийдвэрийг хуулийн үндэслэл бүхий шийдвэр гараагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Д.О-ээс “Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Д.О-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг тогтоох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байна.
2.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дэх заалтаар Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг нэгдүгээр, тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталжээ.
Уг тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 2 дугаар бүлгийн 2.19-ийн 8-д “Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн, код 8131-13, нефть хангамжийн операторчин", 15-д "Нярав, хангамжийн, код 4321-17, нярав" гэж заасан байна.
Мөн тус тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 2.6-д “Жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан даатгуулагчийн урьд ажиллаж байсан ажил, мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар баталж мөрдөж байсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд хамаарагдаж, зохих болзол хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно” гэж заасан.
Харин Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой,халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл хэсгийн 14-д “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан байна.
2.3. Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэр дээр дурдагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/660 дугаар “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичигт “...Хөдөлмөрийн хортой нөхцөл" хэсгийн 2.19-д заасан "Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн" дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалтын "8131-13 Нефть хангамжийн операторчин" ажил мэргэжил нефть боловсруулах үйлдвэрт хамаарна. Харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага буюу шатахуун түгээх газрын "түгээгч" болон "нефть хангамжийн операторчин" ажил мэргэжил хөдөлмөрийн хортой нөхцөлийн жагсаалтад заагдаагүй. Иймд нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг шатахуун түгээх газрын "Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн" ажил мэргэжил хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахгүй болохыг эцэслэн мэдэгдэж байна.” гэжээ.
2.4. Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр одоогоор байхгүй, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаал болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалуудын хавсралтаар баталсан жагсаалтад заасан хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн ажил мэргэжилд хамаарна гэж үзэх нь явцууруулсан ойлголт бөгөөд аливаа хууль, журам нь бодит байдалтай нийцсэн, хэрэгжих боломжтой, зорилгодоо нийцэж байх ёстой.
Иймд Монгол Улсад нефтийн төрлийн бодистой харьцдаг хамгийн түгээмэл ажил мэргэжил болох нефт жижиглэнгээр борлуулдаг шатахуун түгээх газрын “нярав” болон “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжлүүд нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахаар байна.
2.5. Тодруулбал, хариуцагч байгууллагаас нефть хангамжийн операторчин, нярав гэх ажил мэргэжил нь хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд хамаарахгүй бөгөөд зөвхөн нефть боловсруулах үйлдвэрт хамаарна гэж шийдвэрлэсэн нь дээрх хууль, тушаалын зорилгод нийцээгүй, хууль бус шийдвэр байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн зохицуулалтыг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн” мэтээр алдаатай бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН