Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 59

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү

Улсын яллагч Б.Алтанцэцэг

Шүүгдэгч М.Доржсүрэн    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

  Эрүүгийн хэргийн дугаар 201601070166

          Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Доржсүрэнд холбогдох 201601070166 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Боржигон овогт Мөнхбатын Доржсүрэн /НЧ 93053110/, 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 8 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэний үнэмлэхний хаягтай, одоо Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 6 дугаар гудамжны 8 тоот хашаанд оршин суух, малчин, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, гэр бүлийн байдал 8, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.  

Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч М.Доржсүрэн нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 16 дугаар гудамжны 09 тоот хашааны гадна тоглож байсан 4 нас 1 сар 13 хоногтой Эрхэмбаяр овогтой Нандин-Эрдэнийг өөрийн унаж явсан 05-04 БРЗ улсын дугаартай супер BENYI маркийн цэнхэр өнгийн мотоциклоор мөргөж, гурван дугуйтай хүүхдийн унадаг дугуйг эвдэлж 60.000 төгрөгийн хохирол учруулан осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Доржсүрэн мэдүүлэхдээ:

             2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Авгууш” дэлгүүр орохоор явж байхдаа Сүхээ гэж найзтайгаа таарсан. Манай найз уг дэлгүүрээс идэж, уух юм аваад надаар гэртээ хүргүүлсэн. Тэднийд очиж цай уучихаад буцаж очоод “Авгууш” дэлгүүрийн ард байрлах “Цагаан худаг” дээр юм ярьж сууж байгаад тэндээсээ нэг пиво аваад Сүхээгийнд очсон. Ганц хоёр аяга пиво уучихаад Сүхээ надаар эгчийндээ хүргүүлэхээр гарцгаасан. Байдлагийн 16 дугаар гудамжны цаад талаас гараад иртэл 2 дугуйтай хүүхэд тоглож байсан, амжаад гарчих юм байна гээд явтал гэв гэнэт мотоциклийн урдуур дугуйтай хүүхэд ороод ирсэн. Тормосоо гишгэсэн боловч зогсож амжаагүй мөргөсөн. Хүүхдийн аав нь гарч ирээд мотоциклийн түлхүүр аваад, ээж нь цагдаа дуудсан. Хохирол төлбөрт 60.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Золзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            “...2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Кикс гэх нэртэй засварын газар нөхөр Эрхэмбаярын хамт ажлаа хийгээд байж байсан чинь манай аав Энхбаатар ирээд охин Нандин-Эрдэнийг мотоциколтой хүн дайраад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэхээр нь нөхөр бид хоёр Байдлагын 16 дугаар гудамжны 09 тоотод байх аавын гэр рүү явсан. Ингэж явах хугацаандаа цагдаад дуудлага өгсөн. Тэгээд аавын гэрт очиход манай хүүхэд айсан байдалтай, ил харагдах гэмтэл шарх байхгүй толгойны дагз хэсэгт хагарсан байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл харагдахгүй байсан. Манай охин 4 настай хүүхэд байгаа юм. Надад нэхэмжлэх зүйл гэвэл манай хүүхдийн унадаг дугуй эвдэрчихсэн байсан. Одоо хохирол 60.000 төгрөгийг хүлээн авсан тул хохирол болон нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27, 62 дугаар хуудас/

            Насанд хүрээгүй гэрч Г.Сүхбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            “...Би 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ идэж уух юм байхгүй болчихоод Авгууш дэлгүүр орж хүнсний зүйл авах гээд 14 цагийн үед гэрээсээ гараад явж байсан. Тэгээд дэлгүүрийн гадна очоод Доржсүрэнтэй таараад дэлгүүр орж хүнсний зүйл аваад гэр рүүгээ Доржсүрэнгээр хүргүүлсэн. ...би пиво уудаггүй болохоор Доржсүрэнд пиво хийж өгсөн. Доржсүрэн пивоноос шаазан аягаар гурав хийж уугаад тэгээд үлдэгдэл пивыг нь би хашаа давуулаад шидсэн. Би Доржсүрэнд чи мотоциклтой явж байгаа юм чинь пиво ууж болохгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цаг хартал 23 цаг өнгөрч байсан. Тэгээд Доржсүрэн гэртээ харьж хононо гэхээр нь бид хоёр цуг манай гэрээс гараад явж байсан. Тэгээд Байдлагийн 16 дугаар гудамж руу ортол мотоциклны гэрэлд дугуйтай хүүхэд ороод ирсэн. Тэгээд тормозоо гишгээд зогсож чадалгүй нөгөө хүүхдийн хойд талын дугуйг мөргөсөн. Тэгтэл ээж аав нь гарч ирээд Доржсүрэнг хүүхэд алчихлаа гээд нүүр рүү нь алгадаад байсан. Та жаахан хүүхэд харанхуй шөнө гудамжинд тоглуулж байгаа нь таны буруу гэж хэлсэн чинь өөдөөс нь загнаад байсан. Тэгснээ нөгөө эгч цагдаа дуудна гээд байхаар Доржсүрэн би явлаа гээд мотоциклоо асаагаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/  

            Гэрч Ц.Энхбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            “...2016 оны 07 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед манай хүүхдүүд болох Нандин-Эрдэнэ, Анар нар гудамжинд хашааны хаалганы гадна тоглож байсан. Тэгсэн гудмаар мотоциклтой сундлаатай хоёр хүн явж өнгөрөхдөө манай Нандин-Эрдэнэ гээд хүүхдийг дайрсан. Тэгэхээр нь би гараад очоод мотоциклынх нь түлхүүрийг булааж авсан. Тэгээд яагаад хүүхэд дайрч байгаа юм гэтэл танай хүүхэд чинь өвчтэй юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи согтуу байгаа юм уу гэж хэлсэн чинь мотоциклоо асаагаад давхиад яваад өгсөн. Манай хүүхэд мөргүүлчихээд толгой гээд уйлаад гэр рүүгээ гүйгээд орчихсон. Манай хүүхдийн ар дагзны хавьцаа толгой нь хагарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

            Гэрч С.Энхдулам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            “...2016 оны 07 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед манай хүүхдүүд болох Нандин-Эрдэнэ, Анар нар гудамжинд хашааны хаалганы гадаа тоглож байсан. Би гэртээ байж байтал хашааны гадаа хүүхэд орилсон. Тэгэхээр нь би хүүхэд дайрчихлаа гээд гарч ирэхэд сундлаатай мотоциклтой хоёр залуу байж байсан. Тэгэхээр нь түлхүүрийг нь булаагаад авсан чинь мотоциклныхоо хоёр утсыг холбож асаагаад яваад өгсөн. Тухайн мотоциклны жолооч согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/     

Унадаг дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл “... дугуйны хойд талын нэг дугуй нь салж унасан, урд талын дугуй нь маажийсан байдалтай унадаг дугуй байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 43 дугаар хуудас/

Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад М.Лхагвадоржийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 6-7 дугаар хуудас/

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн №549 дугаартай дүгнэлт “М.Доржсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; мөн дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Эрхэмбаярын Нандин-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 60-61 дүгээр хуудас/

Хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 62 дугаар хуудас/

            Ял шийтгэлийн талаар: М.Доржсүрэн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар “урьд ял шийтгэлгүй” гэсэн шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

          Шүүгдэгч М.Доржсүрэн нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед 05-04 БРЗ улсын дугаартай супер BENYI маркийн цэнхэр өнгийн мотоцикл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; мөн дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж  Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 16 дугаар гудамжны 09 тоот хашааны гадна тоглож байсан 4 нас 1 сар 13 хоногтой Эрхэмбаяр овогтой Нандин-Эрдэнийг мөргөж, гурван дугуйтай хүүхдийн унадаг дугуйг эвдэлж 60.000 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ идэж уух юм байхгүй болчихоод Авгууш дэлгүүр орж хүнсний зүйл авах гээд 14 цагийн үед гэрээсээ гараад явж байсан. Тэгээд дэлгүүрийн гадна очоод Доржсүрэнтэй таараад дэлгүүр орж хүнсний зүйл аваад гэр рүүгээ Доржсүрэнгээр хүргүүлсэн. ...би пиво уудаггүй болохоор Доржсүрэнд пиво хийж өгсөн. Доржсүрэн пивоноос шаазан аягаар гурав хийж уугаад тэгээд үлдэгдэл пивыг нь би хашаа давуулаад шидсэн. Би Доржсүрэнд чи мотоциклтой явж байгаа юм чинь пиво ууж болохгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цаг хартал 23 цаг өнгөрч байсан. Тэгээд Доржсүрэн гэртээ харьж хононо гэхээр нь бид хоёр цуг манай гэрээс гараад явж байсан. Тэгээд Байдлагийн 16 дугаар гудамж руу ортол мотоциклны гэрэлд дугуйтай хүүхэд ороод ирсэн. Тэгээд тормозоо гишгээд зогсож чадалгүй нөгөө хүүхдийн хойд талын дугуйг мөргөсөн. Тэгтэл ээж аав нь гарч ирээд Доржсүрэнг хүүхэд алчихлаа гээд нүүр рүү нь алгадаад байсан. Та жаахан хүүхэд харанхуй шөнө гудамжинд тоглуулж байгаа нь таны буруу гэж хэлсэн чинь өөдөөс нь загнаад байсан. Тэгснээ нөгөө эгч цагдаа дуудна гээд байхаар Доржсүрэн би явлаа гээд мотоциклоо асаагаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Энхбаатар, С.Энхдулам нарын мэдүүлэг, Унадаг дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад М.Лхагвадоржийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн №549 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч М.Доржсүрэн нь зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан байх тул гэм буруутайд тооцож, М.Доржсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар баривчлах ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлсийн үнэлгээ зэргийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй, хэрэгт цугларсан баримтууд нь тухайн хэргийн үйлдлийг хангалттай нотолж байна.

Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэж байна.

          Гэм хорын хохирол болон ял шийтгэлийн байдлын талаар:

М.Доржсүрэн нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй. Байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй болно. М.Доржсүрэн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар “урьд ял шийтгэлгүй” байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг,  294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Боржигон овогт Мөнхбатын Доржсүрэнг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Мөнхбатын Доржсүрэнг 3 /гурван/ сар, 01 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
  3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Золзаяа нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
  5. М.Доржсүрэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, М.Доржсүрэнг цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Доржсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНТУЯА