Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/1499/Э |
Дугаар | 2023/ШЦТ/672 |
Огноо | 2023-05-30 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/672
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Б.Энэрэл,
хохирогч *******, өмгөөлөгч С.Мягмарсүрэн,
хохирогч *******, өмгөөлөгч Д.Бурмаа,
шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208014821630 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Баганарангийн ********* тоот хашаа, байшин, газрын гэрчилгээг хохирогч *******худалдсан боловч 2022 оны 4 дүгээр сард “Үнэгүй.мн” сайтад зар байршуулан бусдада худалдан борлуулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 21,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг хохирогч *******д бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч худалдан 17,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний буруу, шүүхэд мэдүүлэг өгөхгүй. *******д 17 саяар зараад тал мөнгийг нь өгье гэхэд ******* “талыг авахгүй, бүтэн авна” гээд байсан. *******, ******* нарт зарсан 21 сая төгрөгийг би тээврийн хэрэгсэл жолоодож яваад хохироосон хохиролдоо өгсөн. *******т шилжүүлж өгье гэтэл мөнгөө авъя гээд байсан. Тэгээд *******д зарсан. Хохирлыг бага багаар нь хувааж төлнө” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хамар хашаа болох 17 дугаар гудамж, 2б тоотыг 21 сая төгрөгөөр худалдан авахаар *******тай тохирсон. *******ын банк бус санхүүгийн байгууллагад байсан 5,147,000 төгрөг өгч, хааж чөлөөлж өгсөн. Энэ өдрөө *******ын данс руу 3,783,000 төгрөг, 2021 оны 05 сарын 31-нд 50,000 төгрөг, 20,000 төгрөг тус тус шилжүүлсэн. 06 сарын 08-ны өдөр 1 сая төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгө 11 сая төгрөгөө банк бусаас зээл авч шилжүүлсэн. Нийт 21 сая төгрөгийг *******луу шилжүүлсэн. Хохирлоос гадна 4,1 сая төгрөгийн хүү төлж дуусгасан. Би 04 сарын 08-нд мөнгө төгрөг авъя, хашаа байшин авахгүй гэсэн гэрээ хэлцэл болоогүй, намайг гүтгэж байна. Энэ хашаа байшин манай аавынх байсан. Аавынх гэж бодоод авах гэж байсан. Олон жил айл саахалт явсан болохоор өрөвдөж авсан. Намайг байнга гуйдаг байсан” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 11 жил гэр бүлээрээ айлын хашаа түрээсэлж байсан. 2022 оны 4 сард “үнэгүй.мн” цахим хуудаснаас хашаа байшин 25 сая төгрөг гэж байхад нь ярьсан. Тэгээд 10 сая төгрөгийг өгөөд үлдэгдэлийг зээлээр өгч болох уу гэж ярихад эхнэрээсээ асууя гэсэн. Дараагийн өдөр нь 17 сая төгрөг болсон байсан. Би 7 хоног хашаа байшин хайсан байсан. Очоод үзэхэд төв зам, цэцэрлэг, сургууль, бүх юмтайгаа ойрхон байсан учраас таалагдсан. Хашаа орох боломж байгаагүй. Би *******луу залгаад байшинг үзмээр байна гэхэд байшинг үзэх аргагүй, дээвэр тэр чигтээ засвар орно гэсэн. Тэгээд уулзаж гэрээ хийгээд маргааш нь улсын бүртгэлд бүртгүүлсэн. Шалгахад *******ын нэр дээр байсан. Би цахилгаанаа тавиулах гээд уулзахад *******ын эхнэр нь “чи залилуулсан байна” гээд байсан. 3 хоногийн дараа миний бичиг баримт гарсан. Намайг хохирогч болгоод миний эд хөрөнгийг битүүмжлэх гээд байгаад гомдолтой байна. Би *******т залилуулаагүй, гомдол гараагүй, үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2208014821630 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч *******ын: “Би хамар хашаа буюу Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, **** дугаар гудамж, **** тоот хашаа байшин, газрыг 21 сая төгрөгөөр худалдаж авахаар *******ын *******гэдэг эмэгтэйтэй 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ярилцаж тохирсон. Тэгээд өөрийн ...данснаас уг хашаа байшин өрөнд байсан болохоор 5,147,000 төгрөгийн зээл хааж чөлөөлсөн. Банк бус санхүүгийн байгууллагын ...тоот данс руу мөнгө шилжүүлсэн. Мөн өдрөө Б.*******ын данс руу 3,783,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр *******ын данс руу 50,000, 20,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би зээл хөөцөлдөж байгаад үлдэгдэл 11,000,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр *******ын данс руу шилжүүлсэн. Нийт 21,000,000 төгрөгийг бүрдүүлэх гэж өөрийнхөө Тоёота приус 41 маркийн автомашиныг зарсан, банк бус санхүүгийн байгууллагаас хашаа байшингаа барьцаанд тавиад зээл авсан. Тухайн үед *******аас гэрчилгээгээ шилжүүлж авах гэхэд ээж нь 2020 оны 9 сард нас барсан байсан тул *******дээр шилжих хүсэлт нь хүлээгдэж байсан. Би гэрчилгээг нь харахад Байгал, *******гэсэн хоёр хүний нэр дээр байсан. Тэгээд *******ын нэр дээр шилжиж байгаад авна гэж ярьж тохирсон. 2021 оны 9 сард нэр шилжүүлж авахаар болсон. Тэгээд 9 сард *******тай холбоо барихад дандаа худлаа ярьж явсаар одоог хүрч байна. Би уг хашааг худалдаж авсан гээд дундуур нь байсан хашааг нураачихсан байсан. *******2022 оны 04 сарын 08-ны өдөр ирээд хашаа байшингаа зарахаа болилоо гээд маргалдаад явсан байсан. Тэрнээс хойш хоёр хоногийн дараа эрэгтэй, эмэгтэй хоёр ирээд *******аас энэ хашаа байшинг 17 сая төгрөгөөр худалдаж авсан, бичиг баримтаа дүүрэгт нэр шилжүүлэх гээд өгчихсөн байгаа гэж эхнэрт хэлсэн байсан. Би *******т мөнгө өгсөн гэсэн баталгаа болгож нотариатаар орсон, гомдолтой байна. Хашаа байшин худадан авч байгаа хүмүүс их сэжигтэй санагдаж байна, гаднаас нь хараад худалдаж авна гэхээр гайхаад байна, шалгаж байгаад, хүнтэй уулзаж худалдаж авахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
Хохирогч П.*******гийн: “...Нөхөр бид хоёр хажуу хашаагаа Байгалын *******гэдэг эмэгтэйтэй 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ярилцан худалдан авахаар болсон. Нөхөр өөрийнхөө данснаас уг хашаа байшинг барьцаалсан банк бус санхүүгийн байгууллагын данс руу 5.147.000 төгрөгийн зээлийг хааж чөлөөлсөн. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд *******т нийт 21 сая төгрөг шилжүүлсэн. *******аас хашаа байшин шилжүүлэн авах гэсэн ч талийгаач ээжийнх нь нэр байсан учир шилжүүлж аваагүй байсан. 2022 оны 4 сард 21 сая төгрөгөөр худалдан авсан хашаа байшинг *******нь өөр хүнд зарсан учир цагдаагийн байгууллагад хандсан. ...*******тай гэрээ хийгээгүй, аман байдлаар хэлцэл хийгээд тохиролцоод салсан. *******уулзахгүй зугтааж, маш ихээр хохироож байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч, хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125 дахь тал),
Хохирогч *******ын гэрч, хохирогчоор өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ****дугаар хороо, Баганаран ***** тоот хашааг 25 сая төгрөгөөр худалдана гэсэн зарын дагуу залгаж нэг эрэгтэй хүнтэй ярихад “Надад бэлэн 10 сая төгрөг байна, хэдэд өгөх үү гэхэд 21 сая төгрөгт өгнө гэхээр нь би үлдэгдлийг өмчилж авчихаад банк бус санхүүгийн байгууллагад тавиад өгье гэхэд эхнэртэйгээ ярилцаад хэлье гэсэн. Маргааш өдөр нь нөгөө 25 сая гэсэн зар 18 сая төгрөг болсон байхаар нь дахиад залгахад нэг эмэгтэй хүн аваад 17 саяд өгнө гэсэн. “Яагаад ийм хямдхан өгч байгаа юм, байшингийн зураг байгаа юу” гэхэд “Сүүлийн 4 жил хүн амьдраагүй, хараад байх юм байхгүй, би хадмындаа амьдардаг юм” гэхээр нь очиж үзэхээр болсон. Тэр эмэгтэй “Би очиж чадахгүй боллоо, та үзээд авна гэвэл эргээд холбогдоорой” гэсэн. Уг хашаанд орох гэтэл хаалга үүд нь цоожтой, голын хамар хашаа нь байхгүй байхаар нь урд айлын хаалгыг нүдэхэд хүн гарч ирээгүй. Дахиад нөгөө эмэгтэй рүү залгаад урд айлын чинь утас байна уу, ороод харчихаад явъя гэхэд наад айлын чинь хүн хөдөө явчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр авахаар болоод тэр өдрөө Байгалын *******гэдэг эмэгтэйтэй нотариатын газар уулзаад худалдах, худалдан авах гэрээ хийгээд 17 сая төгрөгөө шилжүүлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэр шилжүүлэх хүсэлтээ өгсөн. 7 хоногийн дараа бичиг баримтаа хүлээн авсан. Гэтэл ******* гэдэг хүн энэ байшинг худалдаж авсан гээд оруулахгүй байна. ...Миний бие 17 сая төгрөгөөр газар худалдаж авсан, хуулийн дагуу эзэмшиж байгаа. Миний хувьд гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 27-28 дахь тал),
Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн: “...Миний бие ээжээс өвлөж ирсэн Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, Баганаран ******* хашаа байшинг 2 хүнд давхардуулж зарж борлуулсандаа харамсаж байна. Миний бие хохирлыг одоогоор төлөөгүй байгаа, хамтран амьдрагчтайгаа ярилцаж байгаад цалингийн зээл авахуулж өгнө гэж ярьсан байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хөнгөнөөр шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-5), хохирогч *******ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-6), хохирогч Я.*******аас шүүгдэгч Б.*******т мөнгө шилжүүлсэн баримтууд (хх-7-13), мөрдөгчийн “Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” тогтоол (хх-14-15, 25-26), хохирогч *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-23-24), мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын “Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай” тогтоол (хх-51), баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-52-53), *******, *******нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний хуулбар (хх-54-57), хохирогч *******ын мөнгө шилжүүлсэн баримт (хх-58), “Үнэгүй.мн” сайтад зар байршуулсан гэх баримт (хх-59), үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд (хх-62-64, 67-69), Б.*******аас 2021.06.10-ны өдөр гаргасан “Баталгаа гаргах нь” гэх нотариатаар гэрчлүүлсэн бичвэр (хх-70), мессенжэр чатны хуулбар (хх-71), Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн гарган өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийн хуулбар (хх-92-95), хохирогч П.*******гаас цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт (хх-118), мөрдөгчийн “П.*******г иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоох тухай” тогтоол (хх-120-121), зээлийн гэрээний хуулбар (хх-150-153),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-89), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-87), АСАП сангийн лавлагаа (хх-113-115) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
хохирогчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэнгээс шүүхэд гаргаж өгсөн 2021.06.11-ний өдрийн дотоод шилжүүлгийн маягт, ****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн, ********* дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн эх хувь гэх баримтууд, “Иргэн *******баталгаа гаргах нь” гэх гар бичвэр зэрэг нийт 4 хуудас баримтыг,
хохирогчийн өмгөөлөгч Д.Бурмаагаас шүүхэд гаргаж өгсөн хохирогч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрэл зураг бүхий 2 хуудас, дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, *******аас цагдаагийн байгууллагад гаргаж байсан гэх өргөдөл зэрэг нийт 11 хуудас баримтыг уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, Баганарангийн **** дугаар гудамж, **** тоот хашаа, байшин, газрын гэрчилгээг хохирогч *******худалдаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2022 оны 4 дүгээр сард “Үнэгүй.мн” сайтад зар байршуулан *******д худалдан борлуулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж 21,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр *******худалдсан Сонгинохайрхан дүүргийн *****дугаар хороо, Баганарангийн **** дугаар гудамж, *** тоот хашаа, байшин, газрын гэрчилгээг хохирогч *******д бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч 17,000,000 төгрөгөөр худалдан борлуулж залилсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдох байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зүйлийг хохирол төлөхөд зарцуулах ёстой. Гэмт хэрэг үйлдэж өөрийн хөрөнгөө бусдад худалдсан. Хохирогч нар адил тэгш эрхтэй. Нэг нь 21 сая, нөгөө нь 17 саяар хохирсон. Хохирогч *******д үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснийг хүчингүй болгоод үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулаад хохирол төлөх ёстой. Энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иргэний хэрэг биш, шүүгдэгчээс 38 сая төгрөг гаргуулж, хохирогч *******д 17 сая, хохирогч *******т 21 сая төгрөг тус тус олгуулах саналтай. Бусдад худалдсан хашаа байшингаа *******д дахин зарсан нь тогтоогдсон тул ******* бол хохирогч мөн. Зах зээлийн ханшаас хамаагүй багаар худалдан авсан байгаа...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн ****-р хороо, ****** тоот хашаагаа заръя гэж *******аас 21 сая төгрөг авч, өв нээгдэх гэрчилгээ гарахаар шилжүүлж өгнө гэж баталгаа гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинж болох *******т шилжүүлэх үүргээ хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж өгсөн. Үүнийг мэдсээр байж шилжүүлж өгөөгүй хохирогч *******д зарсан нь хууль бус. Шилжүүлж өгөх боломж байсаар байтал санаатайгаар *******д 17 сая төгрөгөөр зараад байгаа үйлдэл нь шунахайн сэдэлтээр, бодит байдлыг нуух замаар үйлдэгдсэн байна. Прокурор зөв тогтоож шалгасан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******, түүний өмгөөлөгч нар Иргэний хуульд зааснаар бид нар шударга өмчлөгч гэж ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирсон гэж мэдүүлэг өгч, эрх үүрэгтэй танилцаж оролцож байгаа учраас иргэний хэрэгт хамааралгүй. *******ын үйлдсэн хэрэг нь хашаа байшинг гэмт хэргийн хэрэгсэл болгож ашигласан. Бодит байдлыг нуун дарагдуулсан болох нь харагдаж байна. ******* *******т 21 сая төгрөгийн бодитойгоор өгсөн, тухайн хашаа байшинг авахын тулд машинаа зарж хор уршиг учруулсан. Нийт 24,490,968 төгрөгийн хохирол учирсан тул хашаа байшинг шилжүүлж өгөх нь зүйтэй. Хэрэгт мөнгөө авъя гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хэлсэн. Одоо хохирогч мөнгөө авах, хашаа байшинг авах эсэхээ сонгох эрхтэй учраас өнөөдрийн хурал дээр хашаа байшингаа авна гэж хэлсэн...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч Д.Бурмаа “Прокурорын яллах дүгнэлтэд *******д хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* *******т залилуулсан, хохирлоо гэж ямар ч гомдол мэдээлэл гаргаагүй. Харин миний эзэмшлийн хашаа байшинд ******* оруулахгүй байна гэж гомдол гаргасан. Энэ хэрэгт хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй. Энэ хүн хашаа байшиндаа ороод хашаа байшингаа шинэчлээд ороход юу ч хэлээгүй. 09 сарын 28-ны өдөр мөрдөгч дуудаад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод гомдол санал байна уу гэж асуусан. Хашаа байшиндаа орсон учраас юу ч бодоогүй, энэ хүн хуулийн мэдлэггүй учраас яагаад намайг хохирогчоор тогтоосон бэ гэдгийг асууж лавлаагүй. Гэтэл шүүх хурал болж байна гэж хэлсэн. Хуралд оролцуулаагүй. Өвлөх эрх 2021 оны 9 сард нээгдээд энэ хүний хөрөнгө болсон. Энэ 2 хүний хооронд ямар нэг асуудал гарахгүй 4 сар өнгөрсний дараа зар тавьсан. *******ыг залилна гэж бодоогүй. Хямдруулаад өгье гэж бодсон байна. Шударга эзэмшигч гэж *******ыг үзэж байна, энэ хэргийн хохирогч гэж үзэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд хохирогч гэж хэн бэ гэдгийг тодорхой заасан байгаа. Тиймээс хашаа байшинд халдах ямар ч эрх байхгүй. *******ыг залилсан болох нь тогтоогдсон. Хохирлын хувьд мөнгөө авна гэдэг яриа байсан. Шударга эзэмшигч ******* учраас хашаа байшинг үлдээж, 21 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч *******нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Баганарангийн ******* дугаар гудамж, ****** тоотод байрлах хашаа, байшин, газрыг өв нээгдсэний дараа шилжүүлнэ гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч *******худалдаж 21,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч *******худалдсан хашаа, байшин, газрыг хохирогч *******д бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан худалдаж 17,000,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч *******ын “...хашаа байшин, газрыг 21 сая төгрөгөөр худалдаж авахаар ********ын *******гэдэг эмэгтэйтэй 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ярилцаж тохирсон. Тэгээд нийт 21,000,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-17-18), хохирогч П.*******гийн “2021 оны 5 дугаар сарын 31-ээс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд *******т нийт 21,000,000 төгрөг шилжүүлсэн. *******аас хашаа байшингийн гэрчилгээг шилжүүлэн авах гэсэн ч талийгаач ээжийнх нь нэр байсан учир шилжүүлж аваагүй байсан. 2022 оны 4 сард хашаа байшинг *******нь өөр хүнд зарсан учир цагдаагийн байгууллагад хандахаар болсон...” гэх мэдүүлэг (хх-124-125), хохирогч *******ын “...Миний бие 17 сая төгрөгөөр газар худалдаж авч, хуулийн дагуу эзэмшиж байгаа...” гэх мэдүүлэг (хх-28), шүүгдэгч Б.*******ын “...Миний бие ээжээс өвлөж ирсэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран 17-2 хашаа байшинг 2 хүнд давхардуулж зарж борлуулсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг (хх-84), шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Тухайлбал хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч *******нь хохирогч *******т хашаа байшингаа зарахаар тохиролцож, “өв нээгдэхээр нэрээ шилжүүлж өгнө” гэж 21 сая төгрөгийг шилжүүлж (банк бус санхүүгийн байгууллага дахь зээлээ төлүүлсэн, бэлэн бусаар) авсан атлаа өв нээгдсэний дараа шилжүүлж өгөлгүй, “Үнэгүй.мн” сайтад “хашаа байшингаа зарах” зар байршуулж, хохирогч *******д 17 сая төгрөгөөр зарж, тэднийг тус тус залилсан болох нь тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт “...Өв нээгдсэний дараа хашаа байшингаа *******т шилжүүлж өгөх гэсэн боловч авахгүй, мөнгөө авъя гэж нэхсэн учраас зар тавьж хашаа байшингаа зараад мөнгийг нь өгье гэж зарсан...” гэж мэдүүлсэн боловч хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 04 сарын 08-нд мөнгө төгрөг авъя, хашаа байшин авахгүй гэсэн гэрээ хэлцэл болоогүй, намайг гүтгэж байна...” гэх мэдүүлэг, хохирогч П.*******гийн “...2022 оны 4 сард 21 сая төгрөгөөр худалдан авсан хашаа байшинг *******нь өөр хүнд зарсан учир цагдаагийн байгууллагад хандахаар болсон. ... Манай гэр бүл *******тай хэлцэл хийж, тохиролцсон...” гэх мэдүүлэг (хх-124-125), хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 4 сард “Үнэгүй.мн” сайтаас хашаа байшин хараад 25 сая төгрөг гэж байхад нь ярьсан. Тэгээд 10 сая төгрөгийг өгөөд үлдэгдэл зээлээр өгч болох уу гэж ярихад эхнэрээсээ асууя гэсэн. Дараа өдөр нь 17 сая төгрөг болсон байсан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч *******тухайн хашаа байшинг хохирогч *******т хохирлын мөнгийг төлөхөөр зарсан гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй буюу шүүгдэгчийн мэдүүлэг бусад эх сурвалжаар нотлогдохгүй байна.
Хохирогчийн өмгөөлөгч П.Бурмаагийн “******* энэ хэргийн хохирогч биш, хохироогүй, хашаа байшинг шударгаар худалдаж авсан тул шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Хохирогч ******* тухайн хашаа байшинг зарах зарын дагуу шүүгдэгч Б.*******тай холбогдож худалдах, худалдан авах гэрээ хийн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн авсан байх боловч шүүгдэгч *******дээрх хашаа байшинг хохирогч *******, П.******* нарт 21 сая төгрөгөөр худалдаж, *******нь *******аас 21 сая төгрөг авсан, 2021.09.29-нөөс *******т нэр шилжүүлэн өгөхийг баталсан гар бичмэл үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаа болгон үлдээж, өв залгамжлалаар Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Баганарангийн ****дугаар гудамж, **** тоотод байрлах хашаа байшингийн өмчлөгч *******болсон ч хохирогч *******т хашаа байшинг шилжүүлж өгөлгүйгээр зарын сайтад “хашаа байшин зарах” зар байршуулан хохирогч *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хашаа байшинг шилжүүлэн өгч *******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн байна.
Хохирогч *******, шүүгдэгч Б.*******тай хэлцэл хийж, 21 сая төгрөгөөр хашаа байшинг авахаар тохиролцож, үнийг бүрэн төлж, эд хөрөнгө эзэмших эрхийг олж авсан тул хохирогч *******ыг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.
Залилах гэмт хэрэг нь хуурах, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар үйлдэгддэг болно. Залилах гэмт хэргийн хохирогч нь гэмт хэрэгтэнтэй бодит байдлаар харилцаж байгаа оюун ухамсар бүхий хувь хүн байх бөгөөд гэмт хэрэгтний зүгээс ашиглаж буй хууран мэхлэх арга хэрэгсэл, үйлдэлд өөрийн зүгээс дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл гаргаж байдаг, түүнчлэн энэхүү бодит харилцаанд орох явцдаа төөрөлдөх нь залилах гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болдог.
Иргэний эрх зүйн харилцаанд эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа буюу эд хөрөнгө худалдаж байгаа этгээд тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй байдаг. Харин эд хөрөнгийн доголдлын талаар гэрээ, хэлцэлд тусгахгүйгээр бодит байдлыг нуун далдалж, худалдан авагчийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, итгэл эвдсэн санаатай үйл ажиллагаа хийсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал шүүгдэгч *******өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хохирогч *******худалдсан, өмчлөх эрхийг шилжүүлэх ёстой талаараа дараагийн худалдан авагч хохирогч *******д мэдэгдээгүй буюу эрхийн доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн, бусдад худалдсан үйлдлээ нуун далдалж, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.*******ын өөрийн өмчлөлийн “Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баганарангийн *** дугаар гудамж, *** тоотод байрлах хашаа, байшин, газрыг хохирогч ******** худалдахаар тохирч, 21,000,000 төгрөг шилжүүлэн авсан атлаа шилжүүлээгүй, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зарна хэмээн зарын сайтад зар байршуулж хохирогч *******д худалдаж 17,000,000 төгрөг шилжүүлэн авсан санаатай үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******т бодитоор 21,000,000 төгрөгийн, хор уршиг буюу зээлийн хүүнд өгсөн 4,490,968 төгрөг, нийт 25,490,968 төгрөгийн, хохирогч *******д 17,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна.
Иргэний хуульд зааснаар хохирогч Ч.******* хэлцлийн үндсэн дээр үнийг бүрэн төлж, хүсэл зоригийн дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсоор мэдэлдээ авсан нь тогтоогдож байна. Харин улсын бүртгэлд бүртгүүлэх, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэх зэрэг хуульд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *******хохирогч *******д хашаа байшин худалдах, худалдан авах гэрээ хийхдээ хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулж, гэмт санаа, зорилготой хийгдсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.*******, хохирогч ******* нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, 340 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, *********нэгж талбарийн дугаартай, ********* улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, газрын өмчлөх эрхийн ******** дугаартай гэрчилгээ, 41 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ********* дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, хохирогч *******т шилжүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, шүүгдэгч *******хохирогч *******т төлөх төлбөргүй гэж,
хохирогч *******ын нэр дээрх хашаа байшинг *******т шилжүүлсэнтэй холбоотойгоор шүүгдэгч Б.*******аас 17,000,000 төгрөг гаргуулж, хохирогч ******* (**********)-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан бусад хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирол төлөх талаар ямар нэг санаачлага гараагүй. Шүүгдэгч *******ын хувьд бага насны 4 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгох ял оногдуулах боломжгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ялын санал гаргасан. Хохирол яаж төлөхөө мэдэхгүй гэсэн. Нийтэд тустай ажил хийлгэх ялын хувьд бага насны хүүхэдтэй учраас боломжгүй, зорчих эрхийг хязгаарлах нь таны хувьд оршин суух тодорхой хаяггүй, хадмындаа байгаа гээд боловч албан ёсны хаяг нь зарсан гээд байгаа хашаа байшин дээр байгаа. Иймд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн “Хохирлын талаар *******т хашаа байшинг өгсөн учраас бид нар хохиролгүй, шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж удаа дараа хэлсэн учраас хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хохирлоо авсан, бага насны хүүхэдтэй учраас ял хойшлуулах саналтай байна...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч Д.Бурмаа “Хувийн байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан хуульд заасан ял оногдуулах саналтай байна...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хөрш айлын хүн болох хохирогч *******т нас барсан эх, өөрийн өмчлөлд байсан хашаа байшин, газрыг “өв нээгдэхээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгнө” гэсэн болзолтойгоор худалдан 21 сая төгрөг авсан атлаа хуульд зааснаар өв нээгдсэнээс хойш өмчлөх эрхийг шилжүүлээгүй, улмаар зарын сайтад хашаа байшин зарах тухай зар байршуулж, хохирогч *******д дээрх байдлыг хэлэлгүйгээр төөрөгдөлд оруулж Ч.*******ын мөнгийг өгөх гэж зарсан гэх атлаа өгөх мөнгөнөөс бага буюу 17 сая төгрөгөөр худалдан хуурч бусдын эд хөрөнгийн эрхэд үргэлжилсэн үйлдлээр халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч *******т 21,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 4,490,968 төгрөгийн хор уршиг, нийт 25,490,968 төгрөгийн, хохирогч *******д 17,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан, хохирогч нарт учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, хохирол төлөх талаар санал санаачилга гаргахгүй байгаа, хохирогчийн “Гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, ар гэрийн байдал буюу бага насны хүүхдүүдтэй)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******1 (нэг) жил, 3 (гурав) сарын хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт ***********ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******1 (нэг) жил, 3 (гурав) сарын хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч *******ын нэр дээрх ********, ********** дугаартай газар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, хохирогч *******ыг уг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 17,000,000 (арван долоон сая) төгрөг гаргуулж, хохирогч ******* (***********)-д олгож, хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР